Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна

Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.


НИЙСЛЭЛД ШИНЭЭР 122 ГА ТАЛБАЙД НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж шинээр байгуулах, сул шороо хөрс ихтэй газруудыг зүлэгжүүлж ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг эрчимжүүлэх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд сул шороо ихтэй зүлэгжүүлэлт, иж бүрэн ногоон байгууламж, ойн төгөл хийх шаардлагатай 157 байршлыг тогтоож ногоон байгууламж хийж буй.

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд одоогийн байдлаар Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын Элчин сайдын яам болон  БНЭУ-ын Элчин сайдын яамны урд талбай, Монгол Улсын Консерватори /Хөгжим бүжгийн коллеж/-ийн урд, зүүн талбай дагуу нийт 66ш том оврын нарс мод, 113ш гацуур мод тарьж 1200ш боролзгоноор 376урт метрийн   ургамалан хашлага үүсгэж түүнийгээ троссон хашлагаар хамгаалж хийж гүйцэтгэсэн байна. Мөн дээрх байршлуудад тэхийн шээг, голт бор, монос, нохойн хошуу зэрэг 105ш гоёлын мод бутыг тарьж 900м.кв талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөжээ.

С.АМАРСАЙХАН: ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ БОЛОМЖ БОЛОЛЦООГООР НЬ ШИЙДНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт ажиллалаа. Хотын Захирагчид АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрхэмбилэг нар эмнэлгийн үйл ажиллагаа болон тасгуудын тоног төхөөрөмж, ажилчдын бүрэлдэхүүнээ танилцуулав.

Хотын Захирагчийг тус эмнэлэгт ажиллах үеэр эмнэлгийн удирдлагуудын зүгээс зарим шинжилгээ, оношилгоог хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодис авахад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдэж өгөхийг хүслээ. АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Үндсэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд бүгд байгаа боловч зарим нэг дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутуугаас болоод шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа тохиолдол байна. Тийм учраас эдгээрийг авахад шаардагдах хөрөнгө мөнгийг холбогдох газруудтай зөвшилцөж боломж, бололцооныхоо хүрээнд шийдэж өгөхийг таниас хүсч байна” гэлээ.

Хотын Захирагчийн зүгээс “Улсын онцгой комисст танилцуулья. Мөн Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдтай зөвлөлдье. Та бүхний үйл ажиллагааг доголдуулахгүй явуулахад шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж авахад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдэх ямар боломж, бололцоо байгааг судалж, нийслэлээс шийдэж болох боломжоор нь асуудлыг шийдэж өгнө. Та бүхэн шаардагдах зүйлийнхээ жагсаалтыг гаргаж өгөх нь зүйтэй. Би холбогдох хүмүүст танилцуулья. Та бүхний үйл ажиллагааг хэвийн явуулахад нийслэлээс бүх талаар дэмжиж, хамтарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.

 БАРЬЖ ДУУСААГҮЙ БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЧ, ИРГЭДИЙГ ХОХИРООДОГ БАЙДЛЫГ ЦЭГЦЭЛНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Улаанбаатар хотын хувьд 40 гаруй хоттой хамтын ажиллагаатай байдаг. Эдгээр хотууд коронавирусаас хэрхэн урьдчилан сэргийлж байгаа болон тархалтыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийнхээ эхэнд дурьдлаа.

Тухайлбал, Москва хотын иргэд гэрээсээ гарахдаа mos.ru сайтад бүртгүүлж, тусгай үнэмлэх авна. Ингэхдээ зөвхөн дэлгүүр орох, эмнэлэг, эмийн сан явахад 1 хүнд 7 хоногт 2 удаагийн зөвшөөрөл олгож байгаа юм. Хотын гудамж, эмийн сан, хүнсний дэлгүүрт хүн хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулж, тэмдэг тэмдэглэгээ хийж ажиллаж байна.

Харин Нью-Йорк хотын тухайд бүх иргэн амны хаалт зүүхийг үүрэг болгосон шийдвэрийг гаргасан бол Япон улс онц байдлаа тавдугаар сарын 6 хүртэл зарлажээ.

Дэлхийн хотууд коронавирусын тархалтын эсрэг хөл хорионы хатуу чанга дэглэмийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй бол Улаанбаатар хотын зүгээс хатуу хөл хорио тогтоохоос илүүтэй тухайн иргэн өөрсдийн болон өрөөлийн эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлэхийн тулд анхаарч ажиллаж байгаа юм. Энэ сарын сүүлчээр Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах сургалтыг ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлаа хангахаар төлөвлөж байна.

“УРТ ЦАГААН” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ УРАЛДААНД ИРҮҮЛСЭН БҮТЭЭЛҮҮДЭД ИРГЭДЭЭС ЦАХИМААР САНАЛ АВНА

“Урт цагаан” үйлчилгээний төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарсан. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Уралдааны концепц, загвар зураг төсөл боловсруулах хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна. Бүтээлийг тавдугаар сарын 11-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна” гэв.

ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ДАГУУ ХСҮТ-ИЙН ОРЦ, ГАРЦЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц,  гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд 2017 оноос хойш эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар үе үеийн хотын удирдлагуудад хандаж иржээ.

Эмнэлгийн гаднах орц, гарцыг нэмэгдүүлэх асуудлаар тус эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүсэлт тавьсны дагуу энэ сарын 08-ны өдөр хотын Захирагч газар дээр нь очиж ажилласан юм. Хотын Захирагч эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгсөн билээ. Уг шийдвэрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун хойд талд таван автомашины гражийг буулгаж, газрыг чөлөөллөө. Газар чөлөөлсний дараагаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тухайн хэсэгт 3 метрийн өргөнтэй явган хүний гарц, 7 метрийн өргөнтэй хоёр урсгалтай авто зам тавих юм байна. Хавдар судлалын үндэсний төвд нийт 5 байршилд орц, гарц нээх бөгөөд эмнэлгийн баруун урд талд газар чөлөөлөлт хийж, зөвхөн Яаралтай түргэн тусламжийн автомашин нэвтрэх замыг нээлээ. Ингэснээр тус эмнэлэг одоогийн байдлаар 3 талаас нэвтрэх боломжтой болоод байна.

СОЁЛЫН ӨВ БҮХИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

Улаанбаатар хотод байрлах соёлын өв бүхий барилга байгууламж болох дараах газрууд дээр нь ажиллалаа.

Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/, Монголорын хоёр давхар барилга /”Монг-Эм” ХХК-ийн барилга/, “Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар барилга /Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин/, "Дамбадаржаалин" хийдийн цогцолбор газар. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 41 байршилд соёлын өв бүхий барилга байгууламж байгаа бөгөөд Баянгол дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 1 барилга, байгууламж тус тус байршиж байна. Эдгээр барилга байгууламжийг сэргээн засварлах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах, соёлын өвийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд дээр төвлөрөн ажиллаж байгаа билээ. Сүүлийн үед түүх соёлын дурсгалт газрууд, соёлын өв болсон барилга байгууламжуудыг иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хувийн эзэмшил болгоод ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр нураадаг байдал гарч байгаа.

АВТО ЗОГСООЛУУДЫН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоолуудыг нэгдсэн зохион байгуулалтай болгож, шинээр судлагдсан боломжит байршлуудад авто зогсоолыг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран байгуулах, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал, төрийн байгууллагын нягтаршил болон бусад онцлог байдлаас хамааран авто зогсоолын төлбөрийн хэмжээ, тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах боломжит цагийг харилцан адилгүй байдлаар зохион байгуулах нь зүйтэй юм. Мөн зогсоолын үйлчилгээний төлбөрийг зогсоолын төлбөрийн бүсээс хамааран харилцан адилгүй байхаар төлөвлөсөн бөгөөд үйлчилгээ эрхлэгч байгууллага нь төлбөртэй зогсоолоос олох орлогын 40 хувийг Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан. Учир нь зогсоолын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж нь хэрэгжүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан холбогдох стандарт, нормын дагуу өөрийн хөрөнгөөр тухайн зогсоолын талбайд тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагааг явуулна” гэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох албаныханд тогтоолын төсөлтэй холбоотой ажлыг илүү эрчимжүүлэх чиглэлийг тэмдэглэлээр үүрэг болголоо.

ҮНДЭСНИЙ ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД ИРГЭД ДААТГАЛААР ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаа болон “COVID-19” халдварын бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалгаж ажиллалаа. Шинэ төрлийн коронавирусын халдварын үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй эмнэлгийн нэг бол Улсын хоёрдугаар төв эмнэлэг юм. Тус эмнэлэг нь өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллах хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлэх 280 ор гаргах нөөц бололцоотой аж. Коронавирусын халдварын энэ үед 100 орыг бэлэн байдалд байлгаж байгаа юм.

С.АРИГУУН: ЭНЭ ЖИЛИЙН БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХИЙНЭ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ хийгдэх талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, “Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж нар хүргэв. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил болгон бүх нийтийн цэвэрлэгээний 90 минут ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд хийнэ. Харин аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэхийг уриалж байна” гэлээ.

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДЭД “КОВИД-19” ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

“Халиун толгой”, “Мөнгөн гүүр” эмнэлэгт зохион байгуулагдсан тус үзүүлэх сургалтанд хувийн хэвшлийн амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй 40 эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм. Энэ хүрээнд коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагаанд мөрдөх тушаал, шийдвэр, заавар, түр зөвлөмжүүдийг танилцуулж, авч хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн энэхүү сургалтыг цаашид өртөөчилсөн дадлага, сургалт байдлаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагууд туршлага солилцох боломжтой бөгөөд халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг видео хичээл болгон эмнэлгүүдэд тараах юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж