Монгол ба Хятадын ялгаа Барууныхны нүдээр

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

Монгол ба Хятадын ялгаа Барууныхны нүдээр

Монгол ба Хятадын ялгаа Барууныхны нүдээр

Алдартай “Goats On The Road” аяллын блогийн хос Ник Вартон, Дариес Свифт нар Хятад болон Монгол Улсын хоорондох ялгааг тодорхойлжээ. Сүүлийн 20 жил хамтдаа аялж, ажилласан тэдний мэргэжлийн зөвлөгөө, нийтлэлүүд “Lonely Planet”, “CNN Money”, “Business Insider”,  “WiseBread”, “Forbes” зэрэг агентлагуудад нийтлэгдэж байсан.

Тэд 2013 онд Хятадад хэсэг хугацаанд амьдарч, орон нутгийн иргэдэд англи хэл заахдаа тус улсын соёл, амьдралын хэв маягийн талаар тодорхой ойлголттой болжээ. Үүнийхээ дараа тэд Монгол Улсад ирж аялсан байна. Аяллынхаа төгсгөлд тэд Хятад ба Монгол Улсын иргэд, соёл, уламжлалын талаарх өөрсдийн мэдэрсэн зарим ялгааг ийнхүү бичжээ.

1.ХҮМҮҮС

Монголчууд илүү биерхүү, чацтай. Хоёр орны хоорондох хамгийн том ялгаа нь хүмүүсийн харагдах байдал. Хятадууд илүү яс жижигтэй, намхан харагддаг. Харин монголчууд чийрэг хүмүүс, ялангуяа эрэгтэйчүүд нь булчинлаг, биерхүү бол эмэгтэйчүүд нь галбиртай, сэтгэл татам харагддаг. Мөн монголчууд илүү хөрслөг бараан царайтай байдаг бол хятадууд цайвар арьстай.

2. ХООЛ

Хятадын хоол илүү дээр. Хятадын хоол өнгөлөг, янз бүрийн амт, олон төрөлтэй сонирхол татам байдаг. Харин монголчууд ерөнхийдөө цагаан идээ, махаар дагнан хооллодог. Монголд, ялангуяа хөдөө нутагт хоолыг таашаах гэж биш хэрэгцээ учраас иддэг мэт санагдсан.

3. ТАМХИ

Монголд тамхи татахыг хориглодог. Монголд хаа сайгүй тамхи татахыг хориглосон анхааруулга харагдах бөгөөд иргэд нь дүрмийг сайн дагадаг. Харин Хятадад бараг эрэгтэй хүн болгон тамхи татдаг. Тэд ресторан, дэлгүүр, автобусанд хүртэл тамхи татаж харагддаг.

4. АНГЛИ ХЭЛ

Монголд англи хэлээр илүү өргөн харилцаж, ойлголцдог. Гэтэл Бээжин, Шанхай зэрэг том хотуудыг эс тооцвол Хятадад англи хэлээр ойлгож, харилцах хүн ховор. Хятадад аялахаар бол орон нутгийн иргэдтэй наад захын хэмжээнд ойлголцохын тулд тус улсын хэлийг сурах шаардлагатай. Хүмүүс чиний юу хүсч байгааг төвөггүй ойлгох нь заримдаа үнэхээр сайхан шүү дээ.

5. ХУВЦАСЛАЛТ

Хятад хүмүүст өөрсдийн гэсэн загвар байдаг мэт санагддаг. Хятадуудын хувцаслалт Барууныхнаас эрс ялгаатай, тодорхойгүй, хэт загварлаг хувцас өмсдөг. Харин Монголд, ялангуяа Улаанбаатар хотод хүмүүс харьцангуй тренд дагасан, барууны стилиэр хувцасласан харагддаг. Хөдөө, орон нутагт бол монголчууд өөрсдийн гоёмсог, үндэсний хувцсаа өмсөх нь элбэг.

6. АГААРЫН ЧАНАР

Агаарын чанар Монголд харьцангуй дээр. Хятадад 1.5 тэрбум орчим хүн амьдардаг бол Монголд ердөө гурван сая хүн байдаг учраас агаарын чанар өөр байх нь ойлгомжтой. Монгол даяар аялахдаа цэвэр агаараар амьсгалах боломжтой байсан.

7. ХОТУУД

Хятад илүү олон хоттой. Монголд жинхэнэ хот ганц байдаг нь нийслэл Улаанбаатар. Бусад нь жижиг тосгоны дайтай. Хятадын хотуудтай харьцуулахад Монголд илүү амар тайван, чимээ шуугиан, бохирдол багатай.

8. МОНГОЛЧУУД БОЛ НҮҮДЭЛЧИД.

Дэлхий дээр жинхэнэ нүүдэлчин ард түмэн цөөн байдаг. Хятадууд бол суурин амьдралтай бөгөөд бохирдолтой хотууддаа төвлөрөн амьдардаг. Харин хөдөө нутагт монголчууд гэрээ барин жилд 2-4 удаа нүүдэллэн амьдардаг.

9. МАХ

Хятадууд загас, тахиа, гахайн мах зэрэг хөнгөн уураг идэх дуртай байдаг. Харин монголчууд тийм биш. Тэд улаан маханд дуртай ард түмэн. Монголчууд голдуу хонь, ямаа, үхэр, адууны мах иддэг. Тэсгим өвлийн хүйтэнд биеийн температураа хадгалахын тулд чийрэг монголчууд мах идэх хэрэгтэй байдаг.

10. БАРУУНЫХАНД ХАНДАХ ХАНДЛАГА

Хятад хүмүүс Барууныхныг сонирхож, гайхан бишрэх хандлагатай. Бид Хятадын жуулчлалын бүс нутгуудаар аялж явахдаа орон нутгийн иргэдийн анхаарлын төвд л байдаг байсан. Орон нутгийн хүмүүс олон удаа бидэнтэй хамт зургаа авхуулахыг гуйж, зарим хүмүүс бидний харж яваад автозамын осол хүртэл гаргаж байсан. Харин Монголд биднийг зэрвэс хараад л өнгөрдөг. Тэд биднийг удаан ширтэж, хамт зургаа авхуулахыг гуйдаггүй.

Энэ мэт Хятад ба Монгол Улсын хооронд олон ялгаа байгаа ч Азийн хөрш хоёр оронд төстэй зүйлс ч бий. Тухайлбал, хоёр улсын хэлийг сурах, хэлэхэд үнэхээр хэцүү. Мөн тэд хоёул Бурхны шашин давамгайлсан улсууд бөгөөд гэрбүлсэг соёл уламжлалтай. Монгол ч бай, Хятад ч бай үнэхээр найрсаг, зочломтгой хүмүүс. Бид Монгол руу аялах шийдвэр гаргасан маань хамгийн зөв зүйл болсон. Бид Монголд 30 хоног аялахдаа нүүдэлчин гэр бүлүүдтэй маш сайхан мөчүүдийг өнгөрүүлж, дотно дурсамжуудыг бүтээсэн.

Эх сурвалж: Goats On The Road

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
852
ЗөвЗөв
62
ХахаХаха
42
ХөөрхөнХөөрхөн
41
ТэнэглэлТэнэглэл
32
ГайхмаарГайхмаар
19
ХарамсалтайХарамсалтай
16
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж