Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг хэсэгчлэн эхлүүлжээ. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар өнөөдрөөс /2020.04.25/ эхлэн авто замыг хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зорчуулахаар болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30.5 км авто замын байгууламжийн барилгын ажил дөрөвдүгээр сарын 4-нд эхэлсэн. Ерөнхий гүйцэтгэгчээр “Чайна жоу инженеринг” компани ажиллаж байгаа ч цар тахлаас шалтгаалан инженер техникийн ажилтан, операторууд нь ирж чадаагүй байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын дөрвөн аж ахуй нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа эхлүүлж байгаагаа мэдэгдэж байсан юм.
Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах юм байна. Энэхүү ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлуудыг эхний ээлжид хийх гэнэ. Ингэснээр 2020 оны зургадугаар сард асфальт хучилтын ажлыг эхлэх боломж бүрдэх ажээ.
А.СҮРЭН