ЭМЯ: Дахин нэг иргэн эдгэж, сувилал руу шилжжээ | News.MN

ЭМЯ: Дахин нэг иргэн эдгэж, сувилал руу шилжжээ

COVID-19

ЭМЯ: Дахин нэг иргэн эдгэж, сувилал руу шилжжээ

НЭМЭЛТ: ЭМЯ өнөөдөр /2020.04.25/ ээлжит мэдээллийнхээ үеэр гадаадад Монгол Улсын дөрвөн иргэн covid-19 халдвар авсан, мөн Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 37 дахь тохиолдол бүртгэгдснийг мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая ирсэн мэдээгээр коронавирусийн халдвараар өвчлөөд байсан нэг иргэн эдгэсэн тухай мэдээллийн ЭМЯ өгч байна. Тус иргэн нь оюутан байсан бөгөөд ийнхүү 14 хоногийн хяналтад сувилал руу шилжиж байгаа ажээ.

Ийнхүү Монгол Улсад covid-19 өвчний халдвар авсан тохиолдол 37 болж, үүнээс 10 хүн нь эдгээд байна.


 

Эрүүл мэндийн яам covid-19 вирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээллээ хийлээ.

ЭМЯ: COVID-19-ИЙН 37 ДАХЬ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ.

Posted by News.mn on Friday, April 24, 2020

 “ШВЕД, АНУ, СОЛОНГОС, ИРЛАНДАД МОНГОЛ УЛСЫН ДӨРВӨН ИРГЭН ХАЛДВАР АВСАН”

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19 вирус 213 улс оронд бүтгэгдэж, 2.8 сая хүн өвчилж, 187 мянган хүн нас барж, 790 гаруй хүн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар 1.8 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар ОХУ-д 5849 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 68 мянга 602 болж, нас баралт 60-аар нэмэгдээд байна. Сovid-19 халдварын оргил үе эхэлснээс хойш хамгийн өндөр нас баралттай өдөр болжээ. Нийт өвчлөгсдийн 43-50 хувь нь хөнгөн балархай буюу шинж тэмдэггүй хэлбэртэй байна. Москва хотод сүүлийн хэд хоног өвчлөл бага зэрэг буурч байсан боловч дахин 3000 тохиолдлоор нэмэгдлээ. Мөн Новосибирск хотод өвчлөл нэмэгдсэн. Ер нь ОХУ-ын хотуудад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Энэ байдлыг тус улсын Эрүүл мэндийн яамнаас дүгнэхдээ нэгдүгээрт, хотод хүн амын бөөгнөрөл их байна. Хоёрдугаарт, гэрийн хатуу хөл хорионы дэглэмийг чанд сахихгүй, гадуур их явж байна. Гуравдугаарт, шинж тэмдэггүй хөнгөн балархай өвчилж байна. Дөрөвдүгээрт халдвараар хүүхдүүд өвчлөх эрсдэл өндөр болж, нян тээгч болж байна.

Тийм учраас тавдугаар сард хатуу гэрийн хөл хориог үргэлжлүүлэх хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг саналыг хүргүүлжээ.

Мөн анагаах ухааны судалгааны байгууллагууд цар тахлын эсрэг эм үйлдвэрлэж, туршилт нь амжилттай болсон тул ирэх долоо хоногт худалдаанд гаргана гэдгийг тус улсын ЭМЯ мэдэгдэв.

БНХАУ-д нийт халдварын 12 тохиолдол бүртгэгдсэний 11 нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Манай орны хувьд улсын хэмжээнд ажиглалтад 744 хүн байна. Шинээр 41 хүн ажиглалтад орж, 270 хүн тусгаарлалтаас гарчээ. Эдгээр хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байна. Тусгай 119 үнэ төлбөргүй дугаарт нийт 221 дуудлага ирж, амралтын газруудад хүмүүсийн бөөгнөрөл их байна гэдэг гомдол саналыг ирүүлсэн.

Швед, АНУ, Солонгос, Ирландаас Монгол Улсын дөрвөн иргэн холбогдож, коронавирусийн шинжилгээ эерэг гарсан ч биеийн байдал хэвийн байгаа учраас гэрийн тусгаарлалтад байна гэдгийг хэлсэн. Үүнээс гадна, амралтын газруудад иргэд олноороо цугларч, бөөгнөрөл үүсгэж байна гэсэн шүүмжлэл ЭМЯ-д иржээ.

“ДОРНОГОВЬ АЙМАГТ ХАЛДВАРЫН НЭГ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН”

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:  Дорноговь аймагт өчигдөр /2020.04.24/ шинэ коронавируст халдварын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа хийж байна. Өчигдөр нийтдээ 58 хүнд шинжилгээ хийж, тандалт судалгааны зорилгоор 16 сорьц цуглуулж, шинжилгээ хийсэн вирус илрээгүй. Улсын гуравдугаар төв эмнэлэг, Налайх, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдээс хамар залгиурын сорьц шинжилгээ авч, тандаж судаллаа.

Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 тээврийн жолоочид шинжилгээ хийсэн, вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүнд давтан шинжилгээ хийхэд 13-т вирус илрээгүй. Харин нэг хүнд коронавирус илэрлээ. Энэ хүн Москва хотод суралцаж байсан. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 37, эдгэрч гарсан ес, одоо ХӨСҮТ-д эмчлүүлж буй 28 хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 156 хүн байна. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Бид тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авах бэлтгэл ажлаа хийж байна.

“МОСКВАГААС ИРСЭН 20 ОЮУТАН ХАЛДВАР АВСАН НЬ ТОГТООГДООД БАЙНА”

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч, түүний гэр бүлийн хүнээс шинжилгээ авахад халдвартай болох нь тогтоогдсон. Тэдгээрийн ойрын хавьтлуудад бид шинжилгээ хийсэн. Улаанбаатар хотод ирж ачаагаа буулгах явцад болон хяналт тавьсан мэргэжлийн хяналтын байцаагч нар, ачаа буулгасан хүмүүс, машин тэргийг нь засах, байрлуулсан хүн гээд нийт 24 хүнийг Улаанбаатар хотод шинжилгээ авч, тусгаарласан.

Сэлэнгэ аймагт ажил мэргэжилтэй холбоотойгоор гэр бүлийнхэнтэйгээ уулзсан байж болзошгүй гэж үзэж 24 хүн гээд нийт 49 хүнээс шинжилгээ авахад вирус илрээгүй. Бүх хавьтлуудыг ажиглалтад авсан, долоо хоногийн дараа дахин шинжилгээ авна.

Шинэ коронавирусийн халдвар авсан 37 дахь тохиолдол бол Москвагаас ирсэн оюутан. ОХУ-ын Москвагаас ирсэн нийт 32 оюутныг бид халдвар авсан байх эрсдэлтэй гэж үзээд тусгаарласан. Тэр оюутнуудаас 20 нь вирусийн халдвар авч, найм нь эдгэсэн, бусад нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өнөөдрийн тохиолдолтой нийлээд Москвагаас ирсэн 20 оюутан халдвар аваад байна.

 “ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГТ ХАЛДВАРТАЙ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВАХ 200 ОРЫГ БЭЛТГЭСЭН”

Улсын төв гуравдугаар эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир:

-Цар тахлын үед Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар, Улсын онцгой комиссоос өгч буй үүрэг чиглэлийн дагуу тохиолдлын удирдлагын тогтолцоонд бүрэн шилжиж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд мэргэжлийн олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Нийтдээ таван чиглэлээр 44 удаагийн сургалтыг зохион байгуулж, 2400 орчим эмч мэргэжилтнүүдийг хамруулж, дадлагажуулсан.

Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсч, тайлах, бэлтгэл сургуулилтыг олон удаагийн давтамжтайгаар 2500 эмч ажилтнуудад өнөөдрийг хүртэл хийж байна. Бэлэн байдлын нэгдсэн дадлага сургуулилтыг эмнэлгийн хэмжээнд таван удаа зохион байгуулж, эмч ажилтнуудаа хамруулаад байна. Эрүүл мэндийн яамнаас манай эмнэлэгт нийтдээ 300 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг өгсөн. Тус эмнэлэгт иргэдийг тусгаарлан эмчлэх 200 орыг бэлтгээд байгаа. Мөн эрчимт эмчилгээний 50 орыг бэлтгээд байна.

 “ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД 2.7 САЯ ХҮН ХАЛДВАР АВЧ, 195 МЯНГАН ХҮН НАС БАРСАН”

Тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

-Цар тахлын улмаас АНУ-д нас баралтын тоо 50 мянга гаруй болсон байна. Нийт халдвар авсан хүний тоо 890 мянга хүрчээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 2.7 сая хүн халдвар авч, тэдгээрээс 195 мянга гаруй хүн нас бараад байна. Мөн эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо дэлхийн хэмжээнд 781 мянга гаруй болсон гэж мэдээлжээ. ДЭМБ-ын Европын бүсэд Итали, Испани, Франц зэрэг улсад халдварын шинэ тохиолдлын тоо болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо бага зэрэг буурч байна. Турк улсад халдвар нэмэгдсэн хэвээр байна. Тухайлбал, өнгөрөгч 24 цагийн хугацаанд Туркт 3122 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 105 мянга гаруй болжээ.

Швейцарь улсад халдвар авсан тохиолдлын тоо 28 мянга 600 гаруй болж, 1309 хүн нас бараад байна. Номхон далайн баруун бүсийн Япон улсад халдварын шинэ тохиолдол 327 бүртгэгдэж, өмнөх өдрүүдэээс бага зэрэг бууралттай байна. Өндөр настнуудын хувьд нас баралт өндөр байна. Насны бүлгээр харвал 50-аас дээш насныханд нас баралт 0.4 хувь, 60 –аас дээш насныхан 1.7 хувь, 70-аас дээш насныханд 5.6 хувь, 80-аас дээш насныханд 11.8 хувьтай байна.

Япон улсад бүртгэгдсэн нийт халдварын 10 орчим хувь нь эмнэлгээс шалтгаалсан буюу эмнэлгээс дамжсан халдвар байж болзошгүй талаар мэдээлсэн. Эмнэлгийн ажилчдаас гадна үйлчлүүлсэн иргэд, ар гэрийнхэн халдвар авсан байж болзошгүй байна. Халдварын тархалт хумигдахгүй байгаа учраас Токио хотын захирагч өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 6-ныг дуустал оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.

Энэ хугацаанд тус улсын тэмдэглэлт баярууд болох учраас хүмүүсийн бөөгнөрөл үүсэх зорчих хөдөлгөөн нэмэгдэхээс сэргийлж уриалга гаргажээ. Халдвар авч эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг цуглуулж, эмчилгээний туршилт хийх холбогдох зөвшөөрлүүдийг авчээ. Сингапур улсад баасан гаригт 987 шинэ тохиолдол нэмэгдэж, 13 иргэн нь тухайн улсын иргэн бөгөөд үлдсэн тохиолдол нь гадаадын цагаач ажилчдын дотуур байранд амьдарч байсан иргэд байжээ. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 12 мянга 75 болж, эндэгдлийн тоо 12 байна. БНСУ-д шинэ коронавирусийн шинэ тохиолдол 10 бүртгэгдсэн. Үүний дөрөв нь гадаад улсаас зөөвөрлөгдсөн бол зургаан нь дотоодын халдвар байсны гурав нь Тэгү хотоос илэрчээ. Тус улсад шинэ нас баралтын тоо бүртгэгдээгүй. Одоогоор 240 хүн нас бараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж