“Долоо хоногийн хугацаанд 900 ширхэг маск оёсон”

Хуучирсан мэдээ: 2020.04.25-нд нийтлэгдсэн

“Долоо хоногийн хугацаанд 900 ширхэг маск оёсон”

“Долоо хоногийн хугацаанд 900 ширхэг маск оёсон”

Дархан-Уул аймгийн нэгдүгээр сургуулийн багш цар тахалтай энэ хүнд үед сурагч бүрийнхээ тоогоор өөрөөсөө материалыг нь гарган 900 ширхэг амны хаалт оёжээ. Түүнийг Х.Долгорсүрэн гэдэг. Тэрбээр аймгийнхаа ууган сургуульд 25 жил тасралтгүй ажиллаж байна. Ингээд түүнтэй цахимаар холбогдож, цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Сургуульдаа хэдэн жил ажиллаж байна вэ?

-Сайн байна уу. Намайг Хаянхярваагийн Долгорсүрэн гэдэг. Дархан-Уул аймгийн нэгдүгээр сургуульдаа 1995 оны есдүгээр сараас одоог хүртэл дизайн технологийн багшаар 25 ажиллаж байна.

Цар тахалтай энэ хүнд үед сурагч бүрийнхээ тоогоор өөрөөсөө материалыг нь гарган, 900 ширхэг амны хаалт оёсон гэж дууллаа. Анх энэ ажлыг хэрхэн эхлүүлэх болсон бэ?

-Анх дөрөвдүгээр сарын 1-нд хичээл эхэлнэ гэж байсан болохоор сургуулийн захирал Ч.Оюун-Эрдэнэтэй ярилцаад хүүхдүүдээ хичээлдээ ирэхэд нь маск оёж өгөхөөр болсон юм. Өдөрт хоёр цаг тутам амны хаалтаа солино. Нэг сурагчид гурваас доошгүй амны хаалт шаардлагатай тул нэг ээлжинд зүүх маск хийж өгье гэж бодоод даавуун амны хаалтны талаар судалж эхэлсэн. Тэгээд сурагч бүрийнхээ тоогоор 900 ширхэг маск оёсон.

-Ирэх намар бүх сурагчиддаа амны хаалтаа үнэгүй тараах юм уу?

-Тэгэлгүй яахав. Хөөрхөн хүүхдүүдээ баярлахыг харах сайхан шүү дээ. Би өөрөө эх хүн, миний үр хүүхэдтэй ялгаа юу байхав гэж боддог. Хэдийгээр хавар хичээл ороогүй ч намар бид амны хаалтаа зүүж цар тахлаас урьдчилан сэргийлнэ.

Амны хаалтаа оёхдоо бага, дунд, ахлах анги, эрэгтэй, эмэгтэй гээд өнгө, хэмжээг нь нарийн гаргаж оёсон байгаа.

-Амны хаалт оёх материалаа хэрхэн сонгож, бэлдсэн бэ. Хэд хоног зарцуулав?

-Хүүхдүүддээ оёж өгөх амны хаалтны материал сонгох хамгийн чухал байсан. Миний нэг найз эрүүл мэндийн газрын хувцас хэрэгсэл оёдог хувийн жижиг үйлдвэртэй тул надад материал сонгоход тусалсан. Амны хаалтаа хийхэд нийт долоо хоног зарцуулсан.

Цар тахалтай энэ үед олноороо цуглах боломжгүй. Тийм учраас зарим багш нар маань ээлж, ээлжээр ирж тусалж байсан. Жишээлбэл, манай сургуулийн захирал, нарийн бичиг, нягтлан, багийн сургалтын менежер хүртэл оёсон. Зарим багш нар маань өдрийн хоол цай авчирч өгсөн. Хамтын хүч гэж үнэхээр гайхалтай юм билээ.

Багш хүнд чадахгүй зүйл байхгүй гэж үнэн шүү. “Олны хүч оломгүй далай “гэгчээр бид богино хугацаанд амны хаалтаа хийж дуусгасан.

-Дахин маск оёх уу?

-Оёно. Ахлах, дунд ангийн сурагчдадаа цахим хичээлээр маск оёх арга зааж өгөх бэлтгэл хийж байна.

-Дархан-Уул аймаг амны хаалт хэдэн төгрөгийн үнэтэй байна. Иргэд маскаа тогтмол зүүж байгаа юу?

-Манай аймагт оёсон амны хаалт 1000-1500 төгрөгийн үнэтэй байна. Дарханчууд маскаа тогтмол зүүдэг. Маскгүй хүн гадуур явж байгаа нь тун ховор доо.

-Анх багш мэргэжлийг сонгох болсон түүхээсээ хуваалцахгүй юу?   

-Би хүүхэд байхаасаа л юм оёх дуртай байсан. Сурагч байхдаа дүрэмт хувцас, цагаан хормогчоо төрөл бүрийн загварт оруулж  oёоод өмсчихдөг охин байлаа. Багш мэргэжилтэй болоход хадам аав маань их нөлөөлсөн. Насаараа энэ сургуулийн хичээлийн эрхлэгч байсан хүн.

-Ийм сайн жишгийг олон сургууль хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Мэргэжил нэгт багш нар сурагчдадаа хандан юу гэж хэлэх вэ?

-Эрүүл хүүхэд бол бидний ирээдүй хойч үе. Багш нар бол тэднийхээ чиглүүлэгч найз нөхөд нь шүү дээ. Маскаа сайн зүүж, гараа тогтмол угааж, гэртээ байж цар тахлаас өөрийгөө, гэр бүлээ хамгаалья гэж уриалъя.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж