Олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон баталлаа | News.MN

Олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон баталлаа

Олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон баталлаа

Олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон баталлаа

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлнэ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.24) нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн “Эзэн Чингис хаан” танхимаас танилцуулсан юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны  энэ сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн  Г.Тэмүүлэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, О.Батнасан, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Д.Тогтохсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Ажлын хэсэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж, зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллууд гаргасныг Төсвийн байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж байр сууриа илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нарын асуултад Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн, хууль санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан нар хариулт, нэмэлт тайлбар өгсөн юм.

Ингээд ажлын хэсэг болон гишүүдээс Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 22 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг “Гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын гүйцэтгэх ажилд зориулсан улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын санал болгосноор Улсын Их Хурлын даргаас итгэмжилсэн аудитор аудит хийнэ. Уг аудитыг гүйцэтгэх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална." гэж өөрчлөн найруулахаар тогтов. Мөн төслийн 15 дугаар зүйлд "Энэ хуулийн 13.2-т заасан системийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагын цахим систем болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас аудитад шаардлагатай мэдээллийг гаргуулах” гэсэн агуулгатай 15.1.6 дахь хэсэг, төслийн 17 дугаар зүйлд “Шинжээчийг ажиллуулах зардал нь төрийн аудитын байгууллагын тухайн жилийн төсвийн урсгал зардлын 20 хувиас хэтрэхгүй байна." гэсэн агуулгатай 17.7 дахь хэсгийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн төслийн 33 дугаар зүйлд "33.5.Монгол Улсын Ерөнхий аудитор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын өрийн тайлан, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлнэ”, төслийн 33 дугаар зүйлд “ЗЗ.6.Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 11,12 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэн аудитын тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ”, төслийн 42 дугаар зүйлд “42.5.Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль топгоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэн агуулгатай хэсгийг тус тус нэмэхээр болов.

Харин ажлын хэсгийн саналаар төслийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсгийг нэгтгэн "Монгол Улсын Ерөнхий аудиторыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад хорин дөрвөн цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд түүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэсэн агуулгатай 38.3 дахь хэсэг болгон өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор хянагдсан төрийн аудитын байгууллагын төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ” гэж өөрчлөн найруулах, 42 дугаар зүйлд “Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэн агуулгатай 42.5 дахь хэсгийг нэмэхээр болов.

Уг хуулийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажлын хэсгийн санал дэмжигдлээ. Түүнчлэн төслийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор төслийн эшлэл, дугаарлалт, нэр томьёог жигдэлж, хууль зүйн техникийн шинжтэй өөрчлөлтийг тусгахаар тогтов. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар төрийн санхүү, төвсийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжихийн зэрэгцээ шалгагдагч этгээд болон төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Улсын Их Хурлаас 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн аудтын тухай хуулийг анх баталснаас хойших хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдаанаар олон улсын олон талт болон хоёр талт хэд хэдэн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, хуулийн төслүүдийг соёрхон батлав.

Эхлээд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж батлав. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Прага хотноо “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж энэхүү хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулжээ.

Хилийн чанад дахь монгол иргэдийн судалгаагаар 2019 оны эцсийн байдлаар Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн амьдарч ажиллаж, суралцдаг бөгөөд  тэдний 65 орчим хувь нь 5-25 жил амьдарч, оршин суух эрхээ авчээ.

Монгол Улсын иргэн тус улсад оршин суух хугацаандаа богино хугацааны нийгмийн даатгалд хамрагдаж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг авах эрхтэй байдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдаж, нутаг буцах үедээ төлсөн шимтгэлээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн үедээ төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох, Бүгд Найрамдах Чех Улсад ажилласан хугацаагаа даатгуулсан хугацаанд тооцуулах зэрэг эрх зүйн зохицуулалт байдаггүй аж. Иймд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар иргэдийн нийгмийн баталгаа сайжирч, тус улсад ажилласан хугацааг нэгтгэн тооцож, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсаас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм байна.

Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа “Их засаг” танхимаас танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг салбарын сайдаас асуулт асууж хариулт авлаа. Монгол Улсын Засгийн газраас гадаадад оршин сууж байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор Монгол Улсын иргэд олноор оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлдэг улсуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа. Одоогоор БНСУ, Польш, Турк улстай нийгмийн хамгааллын хэлэлцээ байгуулсан бол удахгүй ОХУ, Казакстан улстай хамтран ажиллах хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг салбарын сайд хэллээ.

Ингээд хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжив.

Дараа нь “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн зорилтыг 2019 онд шинэчилж, нийт хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь бууруулахаар тодорхойлсон. Уур амьсгалын ногоон сан нь жил бүр 100 тэрбум ам. долларыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөснөөс нийт 10.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг  бүрдүүлсэн байна. Монгол Улсын хувьд 2020 оны эхний улирлын байдлаар тус сангаар нийт 7 хөрөнгө оруулалтын төсөл батлуулсны дотор ногоон зээлийн сан байгуулах төсөл зэрэг багтсан төдийгүй түүнчлэн бэлэн байдлын хөтөлбөрийн хүрээнд 6 төсөл хэрэгжиж, 2 төслийн санал батлуулахаар хүргүүлээд байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр"-ийг батлах тухай асуудлыг Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын 2019 оны 135 дугаар захирамжаар олгогдсон эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат  2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг соёрхон баталлаа.

Үргэлжлүүлэн  “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг сонсов. Уг хэлэлцээрийг байгуулах ажил 2016 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үзэглэсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-т 2019 оны 06 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр" нь 21 зүйлтэй юм. Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар Макаод манай улсын 12 иргэн ял эдэлж байгаа бол Монгол Улсад ял эдэлж буй Макаогийн иргэн байхгүй аж. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа “Их засаг” танхимаас танилцуулав. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг соёрхон баталлаа.

Үргэлжлүүлэн “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулав.

“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г байгуулахаар 2017 оноос ажиллаж, дотоодын холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн улмаар Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцжээ. Үүний дүнд талууд гэрээний төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-нд үзэглэж, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Вьетнам Улсын 1 иргэн ял эдэлж байгаа бол Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй, мөн Вьетнам Улсад Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг аж.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.9 хувийн саналаар гэрээг Засгийн газрын дэмжсэнээр соёрхон батлав.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар “Их засаг” танхимаас танилцуулав. Ажлын хэсэг төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг дэмжив, мөн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувийн саналаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Үргэлжлүүлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу дээрх хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Байнгын хорооноос эдгээр хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжжээ. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж дэмжлээ.

Дараа нь Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Эзэн Чингис хаан” танхимаас танилцуулав. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг дэмжлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Нэгдсэн хуралдаанаар Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Тус Байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Ш.Цогтоо нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ. Уг хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар оролцжээ.

Үндсэн хуулийн цэц маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Харин Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад “хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.”, Далдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна.

Цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг тавих бүрэн эрхийг хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзсэн байна.

Цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж