Засгийн газраас нэн ядуу иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр өгөхийг иргэн Г.Хажидмаа шаардсаар байгаа. Түүнээс энэхүү шаардлагынх нь талаар тодрууллаа.
-Та саяхан Засгийн газар нэн ядуу иргэдэд нэг сая төгрөг бэлнээр өгөх ёстой хэмээн шаардсан. Энэхүү шаардлагынхаа хариуг авсан уу?
-Шаардлагын хариуг 72 цагийн хугацаатай өгөөч гэж шаардсан байгаа. Шаардлагын утга бол төрийн бодлого нэн ядуу иргэдэд болон ахмад настнуудад хүрч ажиллахгүй байна гэсэн утгатай. Энэ засгийн газар яагаад нэн ядуу иргэддээ анхаарахгүй, хөрсөн дээрээ буухгүй агаарын ажил хийгээд байгаа юм бэ гэдгийг бол хөндөж тавьсан. Өнөөдөр энэ төр засаг амьдрал нь хүндэрсэн иргэдээ биш дарга нарыг бөөцийлсөн бодлого бариад байна. Түүнээс нэн ядуу иргэд, өрх толгойлсон ээжүүд, өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт нийгмийн эмзэг давхарга руу чиглэсэн төрийн бодлого хэрэгжсэнгүй. Улс даяараа хорио цээрийн дэглэмтэй энэ үед хоногийн хоолоо яая гэж байгаа, дэлгүүрээс талхаа таллаж, есийн тосоо граммлаж авдаг орлогогүй иргэд маань хэрхэн, яаж амь зууж байгаа бол оо. Ерөнхий сайд үнэхээр ард түмнээ бодож байгаа бол иргэдээ ингэж алагчилж болохгүй. Жишээлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгөх гээд байгаа 200 мянган төгрөгийг бодит байдал дээр дахиад л эмзэг бүлгийн иргэд, нэн ядуу иргэд, хувиараа бизнес эрхлэгчид нь бас л хүртэж чадахгүй нь ээ. Тэгэхээр энэ төр засаг ядуу иргэддээ нэг сая төгрөгийг тараах хэрэгтэй гэж үзэж шаардлага хүргүүлээд байна.
-Төрөөс хорио цээрийн энэ үед шат дараалсан арга хэмжээг авч байна шүү дээ. Жишээ нь зээл, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг түр хойшлууллаа. Энэ бүхэн хангалтгүй юу?
-Тийм. Энэ бол хангалтгүй. Энэ бол Хүрэлсүхийн поп концерт байлаа. Төр иргэдээ хэтэрхий алагчилсан зүйл. Айл арван хүүхэдтэй байлаа гэхэд тавд нь хоол өгөөд тавыг нь хоосон хонуулдаггүй л биз дээ. Хэдий ядарсан ч хүртэх хүртэхээрээ хоолоо хуваадаг л байхгүй юу. Гэтэл энэ төр мөнгөтэй мөртлөө. Хойд эцгийн сэтгэлээр хандаж байна. Өнөөдөр Монголд татвар төлөх боломжгүй иргэд нь 400 мянга гаруй. Нэн ядуу иргэд нь нийт хүн амын 30-с дээш хувь. 4 хүн тутмын 1 нь халамж авах зайлшгүй шаардлагатай байна. Бодит байдал ийм л байна. Дээрээс нь одоо хувиараа бизнес эрхлэгчид маань түрээсийн дарамтыг даван туулж чадахгүй дампуурч байна. Ингээд нэн ядуу иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тиймээс иргэн бүрийн гар дээр бэлэн мөнгө тараах хэрэгтэй.
-Иргэдэд бэлэн мөнгө тараах нь хэр зохимжтой арга хэмжээ вэ. Нэн ядуу иргэддээ нэг сая төгрөг тараах боломж манай улсад бий юу?
-Байлгүй яахав. Төр мөнгөгүй гэдэг хуучирсан үг. Өнөөдөр төр мөнгөтэй байна. Мөнгөгүй юм бол төрийн түшээд яагаад төрөөс хулгай хийгээд байгаа юм бэ. Бүр мөнгөгүй юм бол ядаж ЖДҮ-ийн зээлээ гишүүдээсээ аваад иргэддээ тараах хэрэгтэй. Өнөөгийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх ах, дүү нартаа намынхандаа ЖДҮХС-аас тэрбум тэрбумаар нь хуваарилсан шигээ иргэддээ яагаад нэгхэн сая төгрөг өгчхөж чадахгүй гэж. Үүнд л гол учир байгаа юм. Өөрсдөө авч идэх болохоор тэрбумаар нь авна. Гэтэл ядуу Монголчуудынхаа алга дээш харсангүй шүү дээ. Одоо л иргэд нь ийм хүнд нөхцөлд байхад төр нь харж үзэх хэрэгтэй. Энэ хөл хорио тогтоосон үед иргэн бүрд тараасан мөнгө гадагшаа гарахгүй буцаад л эх орондоо үлдэнэ. Ингэж иргэдэд мөнгө тарааснаар нэг талаараа иргэд хоногийн хоолтой болно. Нөгөөтээгүүр худалдаа эрхлэгчдэд дэм болно. Одоо гадуур гараад хар иргэдийн худалдан авалт огцом буурсан байгаа. Эрх баригчид 2016 оны сонгуульд гарч ирэхдээ иргэд талхаа хувааж авч байгааг гайхаад гарч ирээ биз дээ. Тэгвэл одоо тэрнээс чинь дордоод байна. Тэр ч байтугай худгийн усаа зээлээр авч байна. Өнөөдөр гэр хорооллын дэлгүүрт Ерөнхий сайд орж үзэх хэрэгтэй. Тэнд юу зарагдаж байгааг сонирхох хэрэгтэй. Иргэд, хүүхдүүд өмнө нь дэлгүүрээс нэг кг будаа авахдаа хажууд нь нэг жигнэмэг аваад гардаг байсан бол өнөөдөр тэд нэг кг будаагаа ч авч чадахгүй байна. Энэ бүхнээс үүдэж хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, эрүүл мэндээрээ хохирч, архаг өвчин тус ч байна. Тиймээс миний хэлээд буй мөнгийг нэн ядуу, эмзэг бүлгийн иргэдэд заавал олгох ёстой гэж Засгийн газраас шаардсаар байгаа.
-Та энэхүү шаардлагаа өгөхийн хажуугаар төрийн ордон руу сүү өргөсөн байсан. Энэ ямар утгатай зан үйл хийв. Өмнө нь зарим жагсагчид лам аваачиж, сан тавиулж байсан санагдана?
-Сүү өргөсөн. Энэ нь төрөөс хулгайлдаг төрийн түшээдийг дахиж төрд битгий ойртуулаарай гэдэг зүйлийг хүсэж сүү өргөсөн.
-Таны өгсөн шаардлагыг Засгийн газар, Ерөнхий сайд хүлээж авахгүй, хариу өгөхгүй бол яах вэ?
-За яахав. Үнэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэн ядуу иргэдээ, халамжид орох ёстой иргэдээ тоохгүй бол цаг хугацаанд дүнгээ тавиулах байлгүй дээ. Өмнө нь би УИХ-ын гишүүн Б.Ундармаад хариуцлага тооц гэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Гэвч нэг ч хариу өгөөгүй. Цээжээрээ хамгаалаад үлдсэн. Ямар ч байсан миний шаардлагад хариу өгөхгүй бол би дахиад шаардлагаа өгнө. Дахиад хариу өгөхгүй бол дахиад өгнө. Ямарч байсан гурван удаа өгнө. Тэгээд болохгүй бол дараачийн арга хэмжээг авна.
ANEWS.MN
Холбоотой мэдээ