Дэлхий дахинд түгээмэл тохиолддог мөнгө угаах хэлбэрүүд

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Дэлхий дахинд түгээмэл тохиолддог мөнгө угаах хэлбэрүүд

Дэлхий дахинд түгээмэл тохиолддог мөнгө угаах хэлбэрүүд

ХХ зууны эхэнд АНУ-ын Сан Франциско хотын нэгэн зочид буудлын эзэн халтар мөнгө үйлчлүүлэгчдийн ганган бээлийг бохирдуулж байгааг анзааран угаасан мөнгөөр үйлчилж эхэлснээр “мөнгө угаах” гэдэг үг хэллэг анх үүссэн байдаг. Харин түүний дараагаар гэмт хэрэгт хууль бус мөнгө дагалдах болсныг “мөнгө угаах” хэмээн нэрлэх болжээ.

Мөнгө угаах гэмт хэрэг далд санхүүжилтийн эх үүсвэрийг зорилгоо болгон ашиглаж, гурван үе шаттайгаар үйлдэгддэг. Нэгдүгээр үе шат байршуулах буюу placement (зорилготойгоор санхүүгийн системд оруулах), хоёрдугаар үе шат тараах буюу layering (зорилготойгоор өөр хэлбэрт шилжүүлэх), гуравдугаар үе шат нэгтгэх буюу integration (хууль бус  замаар  бий болгосон хөрөнгөө хууль ёсны хөрөнгө болгон эдийн засгийн системд нэвтрүүлэх) болно. Өөрөөр хэлбэл, эхлээд ямар нэгэн нэршил, хэлбэрийн дор мөнгө хадгалж, цогц арилжаагаар эсвэл шилжүүлгийн аргаар хууль ёсны болгох юм.

Мөнгө угаах нь маш олон янзаар үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд нэн хүндрэлтэй байдаг. Дэлхийн дахинд харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах 30 хэлбэр байдаг. Үүнд:

Бэлэн мөнгийг хууль бусаар угаах. Өнөөгийн байдлаар бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн тогтолцоо олон улс оронд байдаггүй. Тиймээс гэмт хэргээс олсон мөнгийг дээрх тогтолцоо бүрдээгүй улсад нэвтрүүлж, банк санхүүгийн байгууллагад хадгалснаар мөнгө угаах нөхцөл бүрдэх болжээ. Иймээс улс орнууд хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хэмжээг хязгаарлаж, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг.

Их хэмжээний бэлэн мөнгийг банкинд хуваан байршуулан хадгалах замаар мөнгө угаах. Зарим улс бэлэн мөнгөний гүйлгээг хянах хатуу тогтолцоотой бөгөөд тодорхой босгоноос дээш дүнтэй гүйлгээг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллагад зайлшгүй тайлагнах шаардлагатай байдаг. Иймээс мөнгө угаагч их хэмжээний бэлэн мөнгийг тайлагнах ёстой хэмжээнээс доогуур дүнгээр банкид үе шаттайгаар хуваан байршуулж, хяналтаас зайлсхийж байна.

Бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй салбарыг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн газар, үнэт эдлэлийн дэлгүүр зэргээр  халхавчилж, хуурамч гүйлгээ хийн  хууль бусаар олсон мөнгийг хууль ёсны орлого болгон харагдуулах тохиолдол байна.

Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шууд худалдан авах замаар мөнгө угаах. Барилга байгууламж, тансаг зэрэглэлийн машин, эртний эдлэл, урлагийн бүтээл болон бүх төрлийн хувьцаа зэргийг худалдан авч, дамжуулан борлуулж, олсон орлогыг банкинд хадгалснаар хууль ёсны худалдаа болгон харагдуулдаг.

Хувьцаа болон даатгалын салбарын нэргүй өрийн бичиг, фьючерс гэрээг ашиглан мөнгө угаах. Хувьцааны зах зээлийн гүйлгээ өндөр дүнтэй байдаг бөгөөд санхүүгийн арга хэрэгсэл, гүйлгээний төрөл олон янз байдаг тул ихээхэн ярвигтай. Мөнгө угаагч гэмт этгээдүүд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг овжиноор ашиглаж, олон улсын санхүүгийн системийг гажуудуулах болсон нь харамсалтай. Мөнгө угаах гэмт хэрэг хувьцаа, өрийн бичиг, фьючерс гэрээний гүйлгээ хэлбэрээр явагдах нь элбэг бөгөөд мөн даатгалын зах зээлээс өндөр дүнтэй даатгал худалдан авч дараа нь буцааснаар бохир мөнгийг хууль ёсны мэт болгож харагдуулдаг байна.

Хилийн чанад дахь санхүүгийн төв, банкны нууц хадгаламж зэргийг ашиглан хувь хүний хөрөнгийн нууцыг хамгаалах нэрийдлээр мөнгө угаах. Зарим улс орон, бүс нутагт нэргүй компани болон хувь хүний хөрөнгийг өндөр нууцлалтай хадгалахыг зөвшөөрдөг. Хууль бусаар олсон орлогыг эдгээр улс болон бүс нутагт нэвтрүүлснээр эх сурвалжийг замхруулахад хялбар болдог.

Үйл ажиллагаа нь тогтворгүй экспорт, импортын компаниар мөнгө угаах. Санхүүгийн бололцоогүй, нэр төдий компанийг ашиглан экспорт, импортын худалдаа хийж буй мэт харагдуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг явдал түгээмэл байна.

Авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаалаа хаших явцдаа эрх мэдлээ ашиглан авлига, хээл хахуулиар хөрөнгөжиж, улсын хөгжилд ихээхэн хохирол учруулдаг. Дараа нь олсон мөнгөөрөө бизнес эрхлэх нэрийдлээр компани байгуулж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Энэ төрлийн мөнгө угаах хэлбэр нэг онцлогтой. Ямар ч бизнес эрхэлсэн эсвэл фьючерс гэрээ, хувьцааны арилжаа нь “ашигтай” байх бөгөөд ашиг олсон ч, алдагдал хүлээсэн ч, “ашигтай ажиллаж” байгаа мэт харагдуулж, бохир мөнгөө тайлбарлах арга хэрэгслээ болгон хяналтаас зугтахыг оролддог.

Ураг төрлөө ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаал хаших явцдаа эрх мэдлээ ашиглан хээл хахуул авч, ураг төрлийн холбоотой этгээдийн нэр дээр бизнес эрхэлдэг. Энэ нь харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах арга бөгөөд төрөл садангийн хүнээр зугаа цэнгэлийн газар, ресторан, бизнес эрхлүүлж гэмт хэргээ халхавчилдаг.

Бусдыг ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Бусдын компанид өөрөө давуу эрх мэдэлтэй байх эсвэл компани байгуулан бусдаар удирдуулан ажиллах боловч, бодит эрх мэдэл өөрт нь байна. Ингэснээр эдийн засгийн харилцаанаас олох бохир мөнгийг өөрийн ААН-ийн дансанд оруулж, хууль ёсны дагуу татвар төлөн тодорхой хэмжээний мөнгийг өөрийн болгоно.

Хил дамнан мөнгө угаах. Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагддаг мөнгө угаах хэлбэр бөгөөд бохир мөнгийг хилийн чанадад гаргаж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Нэгдүгээр төрөл: Худалдааны бус аргаар тухайлбал, албан тушаалтан өөрийн хүүхдийг гадаад сургуульд сургах нэрийдлээр сургалтын төлбөр, даатгалын төлбөр, амьжиргааны зардал зэрэг хэлбэрээр гадаад шилжүүлэг хийнэ. Хоёрдугаар төрөл: Худалдааны арга буюу импортын хэмжээг өндөр, экспортын хэмжээг багаар мэдүүлэх хэлбэр. Тухайлбал, мөнгө угаагч этгээд гадны компанитай хамтран импортоор авах тоног төхөөрөмж болон эд материалыг өндөр дүнгээр мэдүүлж, энэ дундаас “унагасан” мөнгөө гадаадад байршуулна. Гуравдугаар төрөл: Гадаадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хэлбэрээр гадагш шилжүүлнэ. Дөрөвдүгээр төрөл: Хууль бусаар гадаад гүйлгээ хийдэг этгээдийг ашиглан гадаад шилжүүлэг хийнэ.

Санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд авлига хээл хахууль өгч, гадаад шилжүүлгээр мөнгө угаах. Хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг тухайлбал, хар тамхи мансууруулах бодис худалддаг гэмт бүлэг санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд хээл хахууль өгч, хяналт шалгалтыг сулруулан бохир мөнгөө гадагш шилжүүлдэг.

Хууль ёсны санхүүгийн системийг ашиглан мөнгө угаах. Банк болон банк бус санхүүгийн байгууллагыг ашиглан бохир мөнгөө угаана. Гэмт этгээд хуурамч баримт бичиг ашиглан банкинд олон данс нээлгээд хууль бусаар олсон орлогоо хадгалах эсхүл бусдад шилжүүлдэг.

Цахим сүлжээгээр мөнгө угаах. Гэмт хэрэгтэн интернэт банкаар дамжуулан шилжүүлэг хийн мөнгө угаадаг. Тухайлбал, цахим сүлжээгээр мөрийтэй тоглож, хар мөнгөө “цагаан” болгодог байна.

Хөрөнгө оруулалтаар дамжуулан мөнгө угаах. Гэмт этгээд хөрөнгө оруулалт нэрийдлээр зочид буудал барих, компани байгуулах, дэлгүүр худалдан авах, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг хэлбэрээр мөнгө угаана. Мөн хилийн чанадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хийн хууль бусаар олсон ашгийг хуулийн дагуу болгож харагдуулна.

Экспорт, импортыг ашиглан мөнгө угаах. Сэжигтэн экспорт, импортын үнийн дүнг худал мэдүүлэх эсвэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хил дамнуулан бохир мөнгийг шилжүүлдэг.

Аяллын чек ашиглан мөнгө угаах. Гаалийн байгууллага хилээр нэвтрэх иргэдэд тодорхой хэмжээнээс дээш бэлэн мөнгийг мэдүүлэх шаардлага тавьдаг бөгөөд мэдүүлээгүй этгээдийн зөвшөөрөгдсөн хязгаараас давсан мөнгийг хураан авдаг. Харин аялалын чект мөнгөн дүнгийн хязгаар тавьдаггүй бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэн хэрэглэх боломжтойгоос гадна банкинд бэлэн мөнгө болгон солиулж болдог байна.

Казиногийн чип шууд бусаар солилцож мөнгө угаах. Казиногоос чип авч, мөнгө угаагчид дамжуулна. Ингэснээр чипийг бэлэн мөнгө болгон солих (дийлэнхдээ 5 хувь орчмын шимтгэлтэй) бөгөөд казиногоос мөнгө хожсон болгон харагдуулна. Ингэснээр мөнгөн тэмдэгт дээрх дугаараар мөнгө угаагч этгээдийг шалган тогтоох  боломжгүй болдог.

Үнэт эдлэлийг “бага үнээр худалдан авч, өндөр үнээр худалдах” зэргээр хуурамчаар наймаалцаж, мөнгө угаах. Эртний болон үнэт эдлэл, үнэ бүхий хадгалсан эд зүйлийг “бага үнээр худалдан авч, өндөр дүнгээр үнэлэн худалдах” хэлбэрээр мөнгийг хууль ёсны дагуу солилцоо болгон дансанд хийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Энэ төрлийн мөнгө угаах арга дийлэнхдээ авлигын шинжтэй байдаг.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: АТГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж