
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын эхний өдөр сайд Д.Зоригтыг Япон улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ё.Сенгоку хүлээн авч уулзахдаа хөрөнгө оруулалт, техник технологи, боловсон хүчнийг хамарсан цогц хамтын ажиллагааг олон салбарт өрнүүлж, Зүүн Азийн хамтын ажиллагааны хүрээнд хамтдаа хөгжих сонирхолтой байгаагаа Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ярьсан байна. Эл өдөр Д.Зоригт сайд Япон Улсын Гадаад хэргийн сайд ноён К.Окадатай хэлэлцээр хийжээ.
Сайд Д.Зоригт, хоёр орны хамтын ажиллагааг хувийн хэвшлийн түвшинд өргөтгөх, техник технологийн орчин үеийн ололтыг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татаж, боловсон хүчин бэлтгэх гэсэн цогц байдлаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын харилцааг шинэ түвшинд гаргахад шаардлагатай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Японы хувийн хэвшлийн компаниудыг өргөнөөр оролцуулахад дэмжин ажиллахыг хүсээд Гадаад хэргийн сайд К.Окадад зарим тодорхой санал тавьсан юм. Тухайлбал, олон улсын нисэх онгоцны буудал барих асуудлыг түргэвчлэх, Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр барихад хөрөнгө оруулах болон зарим эрдэс баялгийг боловсруулах үйлдвэр байгуулахад хамтарч ажиллахыг хүслээ. Мөн Монгол Улсын Гадаад хэргийн сайдын тааламжтай үедээ айлчлахыг хүссэн урилгыг К.Окада сайдад уламжлав.
Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Окада, хоёр орны харилцааг хувийг хэвшлийн салбарт хөгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, эрчим хүчний салбарт тодорхой төслүүдийг дэс дараатай судалж үзэхээ мэдэгдлээ. Мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хоёрдугаар шатны асуудалд нааштай хариу гарна гэж бодож байгаагаа хэлсэн. Японы Улсаас манайд үзүүлсэн Жижиг дунд үйлдвэрийн зээлийн эхний хэсэг нь нийт 29 сая ам.доллар байсан бол хоёр дахь хэсэгт хөрөнгийн хэмжээг нэмэхээр төлөвлөж байгаа юм байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Япон Улсын Эдийн засаг, худалдаа үйлдвэрийн сайд М.Наошиматай уулзаж, тус яамны харъяа Японы газрын тос, хий металл, эрчим хүчний хэрэгжүүлэгч агентлаг болон Шинэ эрчим хүчний хөгжлийн агентлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна ЭБЭХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Токиогоос мэдээллээ.