Коронавирусээр үүсгэгдсэн "Сovid-19" өвчнийг эдгээх хамгийн өндөр магадлалтай хэмээн дэлхий нийтээрээ найдвар тавьж байсан ремдесивир эмийн туршилт амжилтгүй болж, энэхүү эм коронавирусийн эсрэг ямар ч үр дүн үзүүлээгүй байна.
Нийт 237 өвчтөнд уг эмийг туршсан ч үр дүн өгөөгүйн дээр зарим өвчтөнүүдийн биед сөрөг нөлөө үзүүлж байсан тул туршилтыг дундаас нь зосгоожээ. Судалгаа, туршилт нэг сар үргэлжилсэн ба 158 өвчтөнийг санамсаргүй түүврээр сонгон, ремдесивир эмийг өгч, огт эм хэрэглээгүй 79 өвчтөнтэй харьцуулсан байна.
Туршилтын хугацаанд эхний ангиллын 158 өвчтөний 14 хувь нь нас барсан бол хэрэглээгүй хүмүүсээс 13 хувь нь нас барсан буюу ямар ч ялгаа гараагүй байна. Мөн эдгэрэлтийн явцад ч ямар нэгэн өөрчлөлт гараагүй аж.
АНУ-ын “Gilead Sciences” эмийн компанид үйлдвэрлэсэн уг эм нь вирусийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд туршилт үр дүнгүй болсон талаар ДЭМБ-ын цахим хуудсанд мэдээлсэн ч удалгүй мэдээллээ устгажээ. Эм үйлдвэрлэгч компани болон ДЭМБ-ийн зүгээс судалгааг бүрэн гүйцэд нягталж дуусаагүй байсан тул санамсаргүй нийтлэгдсэн мэдээллээ устгасан гэх тайлбар хийсэн байна. Уг мэдээ цацагдсаны дараа “Gilead Sciences” компанийн хувьцаа Америкийн гол гурван бирж дээр нэг хувиар унажээ.
Эх сурвалж: BBC