Монголд гадны банк орж ирснээр зээлийн хүү буурч, дотоодын банкуудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ хэмээн үзэх хүн олон. Гэвч гадны банкны салбар орж ирэх нь монголчуудын эдийн засаг, санхүү, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэх нь тодорхой. Учир нь манай үндэсний хэмжээний банкууд том хэмжээнд өрсөлдөх чадваргүй хэвээр. Хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкуудын салбарууд бодлогын шинж чанартай зээл олгодог. Түүнээс гадна улс орны ажилгүйдлийн тоо нэмэгдэж, валютын ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд болгоомжлох хэрэгтэйг эдийн засагчид анхааруулсаар ирсэн билээ.
Монголын төрийн болгоомжлох асуудал олон. Яг арилжааны сонирхлоор ашиг олох зорилготойгоор гадаадын UBS, HSBC зэрэг том банкууд орж ирээд, Монголд бизнес хийгээд явъя гэвэл нээлттэй. Гэтэл Монголд банк байгуулах процессоор гадны банк Монголд орж ирээд дор хаяж хоёр жилийн дотор суурин төлөөлөгчийн газраа байгуулдаг. Тэр үедээ Монголын эдийн засагтай холбоотой тооцоо судалгаа, эдийн засгийн эрсдэлийн үнэлгээг хийгээд, дараа нь Монголд банк байгуулах хүсэлтээ хүргүүлдэг байна.
Өнөөдөр Монголд ийм сонирхолтой орж ирсэн гадны банкны салбарууд буцаад бүгд гараад явжээ. Тухайлбал “Standard chartered” банкны салбар орж ирээд гараад явж. Мөн Японы хоёр ч том банк "Монголд эрсдэлтэй юм байна" гээд салбараа нээхээс татгалзжээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар хоёр жилийн болзлоо хангаж, салбараа байгуулсан хоёр банк бий. Нэг нь дэлхийд тавд орж буй, Хятадын Industrial and Commercial Bank of China (ICBC), нөгөөх нь дэлхийд хоёрт орж буй “Bank of China” юм. Энэ хоёрын хувьд банкны зөвшөөрөл авах хүсэлтээ тавих эрх нь нээлттэй байгаа ажээ. Гэвч стратегийн ач холбогдолтой салбар учраас эхлээд Засгаас зөвшөөрөл гарч байж, түүний дараа Монголбанк процессоо хийх ёстой. Гэвч Засгийн газраас зөвшөөрөл олгох асуудалд яаран хөдлөхийг хүсэхгүй байгаа бололтой.
Гадны банк орж ирэхэд хэд хэдэн эрсдэл тулгардаг байна. Африк юм уу, бусад орны байдлыг харахад тухайн улсын банкны салбарууд өөрийн улсын компаниуд болон иргэдийн бизнесийг тэлдэг ажээ. Өөрийн улс руу хийж буй экспортыг том болгодог, өөрөөр хэлбэл өөрийн нөлөөллийг тухайн орны бүх экспорт, импорт, бизнес сүлжээгээр нь тэлдэг байна. Түүнээс биш энгийн нэг иргэнд зээл өгөхгүй. Хамгийн өөдтэй өнгөтэй дотоодын бизнесүүдийг нь онилдог ажээ. Өөрөөр хэлбэл хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын шинж чанартай зээл олгодог болохоор шууд “сорчлох ажиллагаа” явуулдаг. Энэ нь манай улсын жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ гэхээс илүүтэй тухайн улсын санхүүжилтээр босч үйл ажиллагаа явуулж байгаа том хэмжээтэй аж ахуйн нэгжүүд дээр төвлөрч дэмжихийг чухалчилдаг аж.
Манай орны хувьд том том орд газрын лицензүүдээ шууд барьцаалаад, тэр нь чанаргүй зээл болвол тухайн компанид шилжих том эрсдэл бий. Гурав дахь том эрсдэл нь манайх Хятадын Ардын банкинд нийт 12 тэрбум юань буюу мөнгөн дүнгээр 5 гаруй их наяд төгрөгийн өртэй. Тэр мөнгийг гаргавал инфляц, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид асуудал үүснэ.
Энэ мэтчилэн том зургаар нь авч үзвэл төрийн оролцоотой, нэг улсаас хамаарал өндөртэй манай орны хувьд гадны төрийн банк ороод ирвэл илүү эрсдэлтэйг шинжээчид хэлж байна. Монголбанкнаас гадны банкуудыг оруулж ирэхийн тулд тусгай хууль гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Үнэндээ бидэнд гадны банк оруулаад ирэх бэлтгэл хангалтгүй. Хөрш улсын банкны салбар орж ирэх нь бодлогын чанартай, богино хугацаанд биш гэхэд урт хугацаанд бидэнд тийм таатай биш нөхцөл байдлыг бий болгох боломжтойг анхаарахад илүүдэхгүй биз ээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ