Ким Жон Ун нас барвал дайн дэгдэх аюултай

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун нас барвал дайн дэгдэх аюултай

Ким Жон Ун нас барвал дайн дэгдэх аюултай

Ким Жон Ун нас барвал АНУ, БНСУ хоёр улсын цэргүүд Афганистан, Ирак хоёр шиг байдалд орж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тэдний үзэж буйгаар удирдагчийн асар их эрх мэдэл ийнхүү хоосон хоцрох нь аймшигтай иргэний дайн өдөөж магадгүй аж. Мөн ажиглагчдын мэдээлснээр Кимийн үхлээс болж үүссэн эмх замбараагүй байдалд БНСУ болон хүчирхэг холбоотон АНУ хөндлөнгөөс оролцох нь гарцаагүй гэнэ.

Энэ долоо хоногийн эхээр Ким Жон Ун зүрхний мэс засалд орж, бие нь сайнгүй байгаа гэснээс хойш түүний тухай сураг дуулдсангүй. Харин Цагаан ордны нэгэн ахлах ажилтан түүний оронд хэн удирдагч болох бол гэдгийг эртнээс судалж байснаа ярьжээ.

Гэсэн хэдий ч БНСУ, БНХАУ-ын зүгээс Ким Жон Уны бие муу байгаа гэх мэдээлэл худлаа хэмээн няцааж буй билээ. Мөн Пентагоны өндөр албан тушаалтнуудын нэг Ким Жон Ун цэрэг, армиа бүрэн удирдсан хэвээрээ байгаа хэмээсэн юм.

Хамтарсан штабын орлогч дарга генерал Жон Хитен “Тагнуулын мэдээллээр эдгээр мэдээллүүдийг нотлох болон няцаах арга алга. Тиймээс бид Ким Жон Уныг одоо ч цөмийн зэвсэг, цэрэг армийнхаа эзэн хэвээр байгаа гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ.

Тэтгэвэрт гарсан тусгай хүчний хурандаа, Ардчилсан орнуудын батлан хамгаалах сангийн ахлах ажилтан Дэвид Максвелл байдал маш богино хугацаанд, аймшигтайгаар эргэж болохыг тайлбарлажээ.

Тэрбээр “БНАСАУ-ын ардын арми байр сууриа хадгалж үлдэхийн төлөө тэмцэх нь тодорхой. Ингэснээр дотоод зөрчилдөөн үүсч, улмаар маш том иргэний дайн болон хувирч болзошгүй. Цаашлаад цөмийн зэвсэгтэй улсад асгарсан цус БНСУ, АНУ хоёрыг тулаанд уруу татах аюултай. БНАСАУ, АНУ хоёрын хамтын ажиллагаа хомроглон хөнөөх, цөмийн, химийн, биологийн зэвсэг, нөөц, үйлдвэр, байгууламж, хүний нөөцийн асуудалд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бүхэн яг л Афганистан, Иракийн хооронд болсон шиг, гэхдээ илүү том үйл явдал” хэмээн ярьсан байна.

Мөн сагсан бөмбөгийн домогт тамирчин Деннис Родман сүүлийн үед Кимийг хурдан эдгээсэй хэмээн залбирч байгаа гэв. Тэрбээр “Маршал Ким Жон Ун өвдсөн гэдэг нь худал цуурхал байгаасай. Удахгүй шинэ мэдээлэл цацагдана гэж найдъя. АНУ, БНАСАУ хоёрын дунд хийх маш олон ажил байсаар байгаа шүү дээ. Хэрвээ өвдсөн нь үнэн бол аль болох хурдан эдгээсэй. Тэгвэл миний хүндэт найзууд (Ерөнхийлөгч Трамп, Маршал Ким) энх тайвныг цогцлоох ажлаа үргэлжлүүлж чадна шүү дээ” хэмээн ярьжээ.

Чикаго Бүллс багийн домог асан Деннис Умард Солонгосын удирдагчтай дотно харилцаатай. 2013 онд Деннис Умард Солонгост сагсан бөмбөгийн хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж, Ким Жон Унтай биечлэн уулзсан анхны америк хүн болсон билээ. Түүнтэй тогтоосон харилцаагаа Деннис Британийн өглөөний сонинд “Бид хоёр цагийг маш сонирхолтой өнгөрөөсөн. Бид үргэлж инээлдэж, хамт караокедож, усанд сэлж, морь унаж, олон догь зүйл хийцгээсэн” хэмээн тайлбарласан удаатай.

Өдгөө 36 настай Ким Жон Ун БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өөрийн өвөөгийн төрсөн өдөр, улсын хамгийн том баяруудын нэг (04.15)-д энэ жил оролцоогүй, дөрөвдүгээр сарын 11-нээс хойш дуранд өртөөгүй нь түүний бие сайнгүй байгаа гэх эргэлзээг төрүүлсэн байна. Зарим эх сурвалжууд харин Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 12-нд болсон зүрхний хагалгааныхаа дараа Хянсан тосгонд амар жимэр сууж, биеэ тэнхрүүлэн сувилуулж буй гэцгээж байна. Түүний эрүүл мэнд сүүлийн хэдэн сард тамхи, таргалалт, ажлын хэт ачааллаас болж их дордсон аж.

Энэ бүхнээс гадна өчигдөр /2020.04.23/ БНАСАУ-ын хэвлэл мэдээллийн мэдээллүүд эргэлзээг бүр илүү нэмсэн билээ. Тэд мэдээлэхдээ “Ким Жон Ун БНАСАУ-ын ард түмний зүрхэнд үргэлж амьдаараа байдаг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ким Ил Суны төрсөн өдрийн халуун дотно мэнд дэвшүүлсэн Арабын бүгд найрамдах Сири улсын Ерөнхийлөгч Башар Аль Ассадад гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ” гэсэн байна. Гэсэн хэдий ч эл мэдээлэл Ким Жон Уны биеийн байдал хэр байгааг илтгэсэнгүй, нууц хэвээр үлдээв.

Эх сурвалж: THE SUN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж