“АТГ, прокурор дээр хэрэг зохиож, байхгүй хэргээр хүнийг яллаж, тэрхүү хууль бус ажиллагаандаа Монгол Улсын шүүхийг оролцуулан гүйцэлдүүлэх нь Монгол Улсад улс төрийн хоригдолтой болох үүд хаалгыг нээх аюултай байна” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий прокурор Б. Жаргалсайхан нарт хандаж захидал бичсэнээсээ хойш яг гурав хоногийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр цагдан хоригдов.
Улсын яллагч Г.Батбаяр, Б.Батсайхан нараас гаргасан “Олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байсан, шүүхэд нөлөөлж байна” гэсэн саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар хүлээн авчээ.
"Үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэх" гэмт хэрэгт тулгагдан шалгуулж буй М.Энхсайхан олон нийтийн сүлжээнд идэвхтэй байсан нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого огтоос биш, УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2015 онд боловсруулсан Тавантолгойн төслийн талаарх бодит мэдээллийг олон нийтэд таниулж, ойлгуулахыг хүссэн хэрэг.
Түүнийг "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 23-ны Засгийн газрын 1/72 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын нэр дээр “Тавантолгойн” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн үйлдэлд.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорлон сүйтгэх" гэх үндэслэлээр буруутган ял зүйлчилсэнийг "Илэрхий улс төрийн зохиомол хэрэг бөгөөд Монголын төрд залуу насаа зориулсан миний хувьд том доромжлол" гэж М.Энхсайхан үзэж байгаа юм.
Үндсэндээ, өөрийг нь хэлмэгдүүлж болзошгүй улс төрийн нөхцөл байдал үүссэнийг эртнээс мэдэрсэн, прокурор, шүүх дээрээс өгсөн тушаалыг илтэд дагаж байсан учраас Монгол Улсын Үндсэн хуульд олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн нь ҮАБЗ-ийн дарга Х.Баттулгад таалагдсангүй.
М.Энхсайхан шүүх хуралд З.Энхболд, Ч.Сайханбилэг, Х.Баттулга нарыг гэрчээр дуудаж, Гашуунсухайтын төмөр замын хэрэгтэй хамт өөрийнх нь хэргийг давхар шалгах хүсэлт гаргасан билээ. Гэвч, Монголын шүүх түүний хүсэлтийг хүлээж аваагүйгээр барахгүй харин ч иргэний эрхийг нь тавдугаар сарын 5 хүртэл хязгаарлав.
М.Энхсайханыг хорьсныг Ардчилсан нам эсэргүүцэж, өчигдөр мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд “…. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хорьсон нь улс төрийн зорилготой жигшүүрт үйлдэл гэж үзэж байна” гэжээ. МАН-д хандсан энэхүү мэдэгдлээ АН-ынхан ҮАБЗ-д хаяглах ёстой байв. Учир нь, өнөөдрийн улс төрийн болоод эдийн засаг, нийгмийн бүхий л шийдвэрүүд ҮАБЗ-өөс зөвлөмж, чиглэл хэлбэрээр гарах болсоор удаж байгаа билээ. ҮАБЗ-ийн дарга нь Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Х.Баттулга. Жирийн зураачаас Монголын толгой тэрбумтан болсон нь М.Энхсайханы байгуулсан чөлөөт зах зээлийн нийгмийн гавъяа.
Гэвч, Х.Баттулга Монголын ардчилал, Монголын ардчилагчдад хамгийн их харшилтай нэгэн болж хувирчээ. ҮАБЗ-өөс хууль, шүүхийн шийдвэрт ил, цагаан нөлөөлдөг болсны нэг нотолгоо нь Ерөнхийлөгч Х.Баттулга улсын прокуроруудын зөвлөгөөн дээр 178 хуудас бүхий Тавантолгойтой холбоотой баримт бичгийг аваачиж өгсөн явдал.
Хүсэлтийг нь хүлээж аваагүй Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланг Үндсэн хуулийг хувьчлан зөрчин өргөдлийг нь өөрөөр нь өгүүлж, Б.Жаргалсайханаар сольсны дараа ийнхүү М.Энхсайханыг "террорист"-оор тодруулж, Монголын улс төрийн хоригдол болгов.
М.Энхсайхан зөвхөн эхлэл нь байж мэднэ. Араас нь ачигдах хүмүүсийн нэрс аль хэдийнэ жагсаалттайгаа АТГ, прокурор, шүүхэд ирчихсэн. Хэнийг хэзээ ачих, хэрхэн хэрэг тохохыг араас нь ҮАБЗ-өөс заавардаад суудаг болсон байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн 71 хэрэг дотор Э.Бат-Үүл, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Сайханбилэг нарт “зохиож” өгсөн хэргүүдийг багтаажээ. Бүгдийг нь “онц ноцтой” хэрэгтнүүд болгоод, бүгдэд нь яг адилхан "…Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан, Монголыг хорлон сүйтгэсэн" гэж буруутгаж буй. Тэднийг УИХ-ын сонгуулийн өмнө шүүхээр яллаж, АН-ын мэдэгдэлд дурдсанаар Монголын ардчиллыг харлуулах, гутаах улс төр улам эрчимжиж биз.
Хотын дарга Э.Бат-Үүлийг ирэх сарын 13-нд шүүхээр товлосон, түүнийг ч бас М.Энхсайхан шиг ачаад, аваад явахгүй гэх баталгаа алга. Улс төрийн зорилготойгоор өөрийг нь яллаж буйг Э.Бат-Үүл бас баталдаг. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан бөгөөд үндэслэлээ "АТГ, прокурорын зүгээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль зөрчиж, хэт нэг талыг барьсан. Ноцтой нь хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй гэдэг ч өөрсдөө нийгмийн тархийг угааж, биднийг гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулж байна. Намайг харлуулахын тулд гэм зэмгүй арван хүнийг яллагдагчаар татсан. Энэ бол АТГ, прокурорын зүгээс явуулж буй бузар булай үйлдэл" гэж тайлбарлаж байгаа юм.
УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг мөн аваас Зүүнбаянгийн төмөр замын төсөл болон нефтийн үйлдвэрийн "хэрэг" нэгэн цагт шүүхэд очих нь ойлгомжтой. Монголын хувьд эдийн засгийн хувьд үр өгөөжгүй энэ төмөр замыг, түмэн цэргээр бариулж байгаа нь Монголыг хорлон сүйтгэж буй үйлдэл гэсэн үг. Ямар ч тэнэг хүн Тавантолгойн нүүрсийг Зүүнбаян руу зөөж, Зүүнбаянгаас Хятад руу гаргах биш Тавантолгойгоос шууд Гашуунсухайтаар дамжуулан зарах нь ач холбогдолтойг ойлгоно.
Нөгөөтэйгүүр, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан жинхэнэ гэмт хэрэгнүүд бол ЖДҮчид. ЖДҮ, ТЭДС, Мал хамгаалах сан зэрэг татвар төлөгчдийн мөнгөнөөс эхнэр, хүүхэд, ээж, аав, ах дүү нарынхаа компанид хүүгүй, хямдхан зээл авч өгсөн факт бол зохиомол хэрэг огт биш. Баримт, нотолгоотой хэрэг. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараа МАН-ын 49 гишүүн ЖДҮХС-гийн зээлийг тэгш хүртээмжтэй хувааж авсан нь илчлэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын ах дүү, зөвлөхүүд нь татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг ТЭДС болон Мал хамгаалах сангаас хүү багатай, бүр хүүгүй зээл авсан баримт нь дэлгэгдсэн. Энэ бол эрх мэдлээ урвуулан ашигласан эрүүгийн том гэмт хэрэг.
Оюутолгойн гэрээг боловсруулахдаа С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг мөнгө угаасан гэж нийслэлийн прокурорууд дүгнэж, хэргийг нь гуравдугаар сард шүүхэд шилжүүлсэн. Уг нь мөнгө угаана гэдэг ЖДҮХС-гаас гуравхан хувийн хүүтэй зээл авч, 36 хувийн хүүтэй зээл олгосон МАН-ын сайд, дарга нарын үйлдлийг хэлнэ. Гэвч, хэнд хэрэг тохож, хэнийг шийтгэхийг хууль, шүүх биш ҮАБЗ-ийн дарга мэднэ. Үндсэн хуульд биш ҮАБЗ-ийн даргад үйлчилдэг хууль, шүүхтэй улсад хэн ч, хэзээ ч хэлмэгдэж мэдэхээр болсон байна.
Холбоотой мэдээ