Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас "COVID-19" цар тахал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралд дарамт болж байгаа талаар өнөөдөр /2020.04.24/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Туяажаргал төрийн гурван өндөрлөгүүдэд дараах мэдэгдлийг хүргүүлж байгаагаа уншиж танилцуулсан юм. Тэрбээр
“Өнөөдөр Монгол Улсад 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 90 хувь нь амьдралын нэн ядуу түвшинд, туйлын хүнд нөхцөлд амьдарч байна. Сүүлийн үед Монгол Улсад нүүрлээд буй цар тахлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал нөхцөл байдал улам хүндэрч байна. Гэтэл Монгол Улсын төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үл хайхарч, тэр байтугай хөгжлийн бэрхшээлтэй иргэн Монгол Улсад байдаг гэдгийг мартсан гэж ойлгогдохоор нөхцөл байдал үүсээд байна. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын зүгээс дараах ажлуудад онцгой анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна.
- Улс орон даяар хэрэгжүүлж байгаа хорио цээрийн дэглэмээс үүдэн гадаад улсаас импортоор авдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэн шаардлагатай уналт, таталтын эсрэг эмийн хангамж тасраад байна.
Сургууль боловсролын байгууллагуудын танхимын хичээл хаагдаж танхимаар хичээллэх болсонтой холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын онцлогт нийцсэн мэдээллийн хүртээмжтэй технологи байхгүйн улмаас хүүхдүүдийн хичээл хоцрогдож байна. Үндсэндээ сургууль завсардахад хүрээд байна.
- Халамжийн тэтгэврээс өөр орлогогүй, амьдралын нэн ядуу нөхцөлд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн халдвар хамгаалалтын бодис, хэрэгсэл авах нь байтугай хоол хүнсээ ч авч чадахгүйд хүрч, хагас өлсгөлөнгийн байдалд ороод байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхэлж буй багахан хэсэг, тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн орлого эрс буурч, ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч байгаа нь тэдний амьдралын түвшнийг нэн ядуурал руу оруулж байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний гэр бүлийг хамгаалах цогц арга хэмжээ авах, УИХ-аар хэлэлцэж батлах гэж байгаа "Цар тахлын эсрэг арга хэмжээний тухай хууль"-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дэмжлэг туслалцааны талаар тодорхой тусгахыг шаардаж байна” гэжээ.
ПАРА-ОЛИМПИЙН ХОРООНООС МАНАЙД МЭДЭГДЭЛ ИРҮҮЛСЭН
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав “Саяхан Пара-Олимпийн хорооноос манайд мэдэгдэл ирүүлсэн. Тус мэдэгдэлд иргэдээ эх орондоо аврах тусгай үүргийн онгоцонд Японд бэлтгэл хийж байсан манай улсын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид бүртгүүлсэн ч онгоцонд багтахгүй үлдсэн талаараа бичсэн байна. Уг нь Ерөнхий сайд хэлэхдээ “Гадаадад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэд багачуудыг нэн тэргүүнд авна” гэж байсан. Гэтэл өнөөдөр манай хэдэн тамирчид хүний нутагт хаягдчихаад хэцүү байна. Тиймээс төрийн удирдлагуудыг энэ асуудалд анхаарал тавиач ээ гэж хүсч байна” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ