Чехүүд ба монголчууд- 70 жил хамтдаа

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Чехүүд ба монголчууд- 70 жил хамтдаа

 Ийржи Бродский

Энэ 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чехословак болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхийн ачаар чехүүд болон монголчууд газар зүйн байрлалын хувьд хол ч гэсэн маш ойр харилцаатай байдаг бөгөөд бие биеэ сайн мэддэг.

Манай Элчин сайдын яамны машины дугаар 04 гэсэн тоогоор эхэлдэг бөгөөд энэ нь чехүүд Монгол Улсад Орос, Хятад, Хойд Солонгосын дараа дипломат төлөөлөгчийн газраа нээсэн дөрөв дэх улс болохыг гэрчилж байгаа юм. 1970-аад онд ЭСЯ-ны барилга баригдсан бөгөөд түүний эргэн тойронд бусад Элчин сайдын яамны барилга сүндэрлэж, сүүлд энэ гудамжийг Элчин сайдын яамны гудамж гэж нэрлэсэн билээ. Чех, словакууд Нэгдүгээр эмнэлэг, Нийтийн үйлчилгээний Зөвлөлийн барилга, Дархан хотын цементийн үйлдвэр, Баян-Өлгий аймгийн шуудан, харилцаа холбооны барилга гэх мэт олон барилга барьжээ.

Олон зуун чех болон словак мэргэжилтэн Монгол Улсад арьс боловсруулах, гутлын болон хүнсний үйлдвэрийн үндэс суурийг тавьсан бөгөөд ("Боргио" шар айрагны үйлдвэрт чехүүд бүр 1927 оноос ажиллаж байсан), барилгын материалын үйлдвэрлэл болон эрүүл мэндийн салбарт ч хувь нэмрээ оруулжээ. Чехийн геологичид Эрдэнэтийн зэс молибдений хамгийн том ордыг нээж, үндсэндээ Монгол Улсын ашигт малтмалын баялгийн газрын зураглалыг хийхэд хувь нэмрээ оруулсан. Улаанбаатар хотын гудамжаар "Шкода" автобусууд хожим нь "Кароса" брендийн улаан автобусууд, мөн түүнчлэн Прага, Татра, ЛИАЗ машинууд, Ява мотоцикл явдаг байсан. ЧКД үйлдвэрүүд цахилгаан үүсгүүр Монголд нийлүүлдэг байсан. Монгол хүүхдүүд "Сохор номин", "Пат Мат", "Арабела", "Нисдэг Честмир" гэх мэт Чехословакийн телевизийн олон ангит кинонуудыг үзэж өссөн.

Харилцааны хөгжилд мэдээжийн хэрэг хэд хэдэн төрийн өндөр дээд түвшний айлчлал хувь нэмрээ оруулж байдгаас гадна хамгийн том харилцаа холбоо нь  иргэд хоорондын нөхөрлөл, тэр дундаа тухайн үеийн Чехословак улсад олон мянган монгол хүн тэтгэлэгт хөтөлбөрөөр мэргэжлийн болон дээд боловсрол эзэмшсэн бөгөөд тэдний ихэнх нь өнөөг хүртэл чех болон словак хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэд БНЧУ-ыг хоёр дахь эх орноо хэмээн үздэг ба БНЧУ-д эргэн очих дуртай байдаг. Тэнд найз нөхөд, бизнесийн түнштэй, зарим нь гэр бүлтэй. Хоёр ард түмний хооронд материаллаг бус харилцаа оршин тогтнодог нь соёлын талаарх сонирхол бас шогч сэтгэлгээ болно. Бид өнгөрсөн үед адил түүхийг туулсан, бидний дуртай дургүй зүйл (харь улсаас тушаах, ихэрхэн зааварлах) ихэнхдээ тохирдог найз нөхөд юм.

Чехүүдийн нэг үе, монголчуудын хувьд хоёр үеийн даван туулсан, эрх чөлөөг сулруулах хүчтэй хараа хяналттай коммунизмын үе биднийг холбосон бөгөөд бид онцгой харилцан ойлголцож  ирсэн.  Төмөр хөшиг унасны дараа хоёр улсын хувьд дэлхий нээлттэй болж, барууны орнуудтай харилцах хүрээгээ өргөжүүлсэн байна. Цаашилбал, бие биенээ дэмжиж чадсан, Чехословак улс задарсны дараа ч БНЧУ Улаанбаатар хотод элчин сайдын яамаа авч үлдсэн. Дипломат төлөөлөгчийн газар байх нь гадаад бодлогод (БНЧУ Европын холбоо, болон НАТО-гийн гишүүний хувиар болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтрах ажиллах хүрээнд), тухайн улсын талаарх мэдлэг, худалдааны харилцаа, консул, визийн салбарт үндэслэн улс төрийн дүн шинжилгээ хийх чадвар зэрэгт орлуулшгүй үүрэгтэй. Дипломат төлөөлөгчийн газар нь бэлгэ тэмдгийн (бид энд Та бүхэнтэй хамт) болон практик (Бид Чехийн болон Монголын иргэдэд тусалдаг) үүргийг  хямралын үед, тухайлбал, яг одоо шиг коронавирусийн цар тахалтай холбоотой эрсдлийг даван туулж буй үед гүйцэтгэдэг.

Худалдааны харилцааны гол цөм болсон Чехийн бренд болон найдвартай технологийн сайн нэр хэвээр хадгалагдаж байна. Жил бүр бид Монголд ирэх бизнесийн төлөөлөгчдийн тоонд багтаж, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнс, хүнд үйлдвэр, дэд бүтцийн хөгжил, усны аж ахуй, хог хаягдлын үйлдвэр, барилга болон эрүүл мэндийн салбарт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, техникийн иж бүрдэл санал болгодог Чехийн экспортлогч болон чадамжтай хөрөнгө оруулагчийг олноор бүртгэж байна. Монгол улсад оруулж буй Чехийн хөрөнгө оруулалтын томоохон нь орон нутгийн түнштэй хамтран Эрдэнэт хотод Европын стандартын дагуу орчин үеийн орон сууцны барилга барьж буй Финеп компани, мөн түүнчлэн орон нутгийн нөхцлийг сайн мэдэх Хаанза Чехийн компани олон жил үйл ажиллагаа явуулж, улс даяар  (тухайлбал, олон улсын шинэ нисэх буудал, Оюу толгой дахь мембраны цэвэрлэх байгууламж) цэвэрлэх байгууламжийг барьж байгуулсан. Худалдааны хувьд БНЧУ нь хоёр орны нягт харилцаа болон 70 жилийн түүхийн ачаар, мөн Европын орнууд дотроос хамгийн олон монгол хүн оршин сууж буй газар зэргээс үүдэн Европын холбооны нэгдсэн зах зээлд хүрэх боломжит гарц болдог. Чехийн болон Монголын компаниуд Монголын түүхий эд, Чехийн технологи ба ноу-хауг ашиглаж болох ба гуравдагч орны зах зээлд хамтдаа амжилт олох боломжтой.

Монгол улс нь 1996 оноос Чехийн хөгжлийн тусламжийг авдаг чухал улс байсаар ирсэн. Чехийн далбаан дор 50 сая ам. долларын өртөгтэй хоёр талт төслүүдийг Чехийн ойчид, усны аж ахуйн мэргэжилтнүүд (УСУГ-тай хамтран Улаанбаатар хот болон Мөрөн хотыг чанартай ундны усаар хангах), хөрс усны бохирдлыг арилгах, малын бүртгэл, хээлтүүлэг,  монголын цахилгаан станцуудад нүүрс дамжуулах тогтолцоог шинэчлэх, эрүүл мэндийн салбарын шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр мэргэшсэн компаниудын оролцоотойгоор, Charitas болон People in Need зэрэг ашгийн төлөө бус Чехийн байгууллагуудын үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлсэн. Монгол улсын Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран цаг хэмжих, уртыг хэмжих үндэсний анхдагч стандартыг засах, шинэ лаборатори тоноглох зорилгоор хоёр жилийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Жилээс жилд Монголын төрийн захиргааны мэргэжилтнүүдийн сургалт үргэлжилж байна, тухайлбал нийтийн санхүүгийн чиглэлээр сургалт хийсэн.

Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллаж, “Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах” өвөрмөц сайхан төсөл хэрэгжүүлж байна. Прага хотын амьтны хүрээлэн 1959 оноос эхлэн дэлхийн Пржевальскийн адууны удмын бичгийг хөтөлж ирсэн бөгөөд БНЧУ-ын армитай хамтран Говийн их дархан цаазат Б бүс рүү Пржевальскийн адууг 9 удаа тээвэрлэсэн дэлхий дээрх цор ганц амьтны хүрээлэн болсон байна. Мөн түүнчлэн Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамтай Говийн А бүсэд бөхөн, мазаалай баавгай, хавтгай хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсэн. Зэрлэг адууг эргүүлэн нутагшуулах үйл ажиллагаанд Прагийн амьтны хүрээлэнг үзэхээр ирж байгаа зочин бүр тасалбарынхаа тодорхой хувиар хувь нэмрээ оруулж байдаг. Ийнхүү олон чех хүн, ноён захирал Мирослав Бобекийн сайхан зурагнууд, Петр Хоркийгийн баримтат кинонууд, тахийн хашаатай бэлчээрийн дэргэд барьсан монгол гэр байдаг амьтны хүрээлэнг үзсэнээр эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улстай танилцаж байдаг.

Чехийн их, дээд сургуулиудыг монгол оюутнууд сонирхсон хэвээр байна. Прагийн болон бусад хотуудын их, дээд сургуулиудад жилдээ дунджаар 70 орчим монгол оюутан суралцдаг бөгөөд энэ жилийн хувьд "Эрасмус мундус" хөтөлбөрийн хүрээнд Брно хотын Менделийн ойн их сургуульд ирээдүйн ойчид суралцаж байна. Мөн Карлын их сургууль Монгол улсын их сургуулийн хоорондын хамтын ажиллагаа маш сайн байна. Карлын их сургуулийн хувьд монгол хэлний ангиа хадгалан үлдсэн бөгөөд хэд хэдэн чанартай хэл шинжлэлийн мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч болон Монгол улсад ажиллаж байсан Чехийн хоёр Элчин сайд төрөн гарсан юм. Түүнчлэн Монгол улсын их сургуульд чех судлалын сургалт явуулдаг найдвартай мэргэжлийн орчин байгаа бөгөөд сургуулийн ректор болон Европ судлалын тэнхимтэй хамтран дунд сургууль төгсөгчдийн дунд чех хэл  сурах сонирхлыг бий болгох тус ангийг дахин нээх тал дээр хүчин зүтгэж байгаа билээ. Монголын дипломат албанд чех хэлтэй мэргэжилтнүүд эрэлттэй байх боломжтой. Чех болон Монголын геологичдын хамтын ажиллагаа ч үргэлжилж Чехийн тэтгэлгийн агентлагаас 47 сая кроны төсөв бүхий 5 жилийн төслийн дэмжлэгийг авчээ. Монгол улсын Шинжлэх ухааны академи, Улаанбаатар хотын Техникийн их сургууль хоёр талын гэрээний дагуу төсөл хэрэгжүүлж байна. Хоёр талын гэрээ нь хамтарсан судалгаа хийх, харилцан ажилтан солилцох, Монголын докторын түвшний оюутнуудыг БНЧУ-д сургах, юуны өмнө хоёр орны геологийн ололт амжилтуудыг олон улсад таниулах боломж олгох юм. Хоёр улсын шинжлэх ухааны академиудын хувьд чухал ач холбогдолтой хамтын ажиллагааны салбар нь БНЧУ-д амьдарч буй монголчуудад чиглэсэн судалгааны төсөл юм.

Энэхүү төсөлд Чехийн 60 гаруй компанид ажиллаж буй 10 000 гаруй монгол иргэн хамрагдаж байна. БНЧУ нь 2019 онд Монгол улстай Нийгмийн хэлэлцээр байгуулсан Европын холбооны анхны улс болсон. Нийгмийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа БНЧУ болон Монгол улсад 1995 оноос хойш ажилласан хоёр орны иргэд тэтгэвэр авах боломжтой болно. Улаанбаатар хот дахь Коруна чех хэлний сургалтын төвийн ачаар Чехэд очиж ажиллах сонирхолтой монголчууд БНЧУ руу явахаасаа өмнө чех хэлний үндсийг судлах боломжтой. Одоогийн байдлаар Европ дахь коронавирусийн тархалттай холбоотойгоор ажлын картын өргөдөл хүлээн авахыг зогсоосон байгаа боловч нөхцөл байдал сайжирсны дараа монгол ажилчид авах, Чехийн Засгийн газрын тусгай хөтөлбөр мөн виз олголт (Чех улс Монгол улсад Шенгений бусад 5 улсыг төлөөлж байгаа) үргэлжлэх болно. Монгол руу чиглэсэн Чехийн томоохон хөрөнгө оруулалтууд нь ноу-хауг хуваалцах, шинэ технологийн дэвшил авчрахад хувь нэмрээ оруулахаас гадна шинэ чанартай ажлын байр бий болгоно. Монголыг үзэхээр олон чех жуулчин ирэх нь сайн хэрэг бөгөөд жуулчдын тоог нэмэгдүүлэхэд бидний хэлэлцэж буй визгүй зорчих асуудал болон шууд нислэг туслах юм.

Энэ жил бид дипломат харилцаа тогтоосон ойгоо Прага хот дахь Монгол улсын Элчин сайдын яамтай хамтран хэд хэдэн арга хэмжээгээр дурсахыг хүсэж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбай дээр Прага хотын алдартай түүхэн дурсгалт хоёр газрын мөсөн баримлыг босгосноор эхлүүлсэн нь зөв алхам байлаа. Өнөөгийн нөхцөл байдлын улмаас дэлхий дээр нийтийг хамарсан нэлээд олон арга хэмжээ намар хүртэл хойшлогдоод байгаа хэдий ч бид зургийн цахим үзэсгэлэн, телевизийн нэвтрүүлгүүд, ном хэвлүүлэх, цуврал бичмэлүүд болон үүнтэй төстэй өгүүллүүд гэх мэтээр дамжуулан Монголын олон нийт, аль болох өргөн хүрээг хамруулан ойг дурсах боломжит арга замуудыг хайж байна. 10 сард болох төрийн баярын уламжлалт хүлээн авалтын арга хэмжээг хоёр талын харилцаанд хувь нэмрээ оруулсан хүмүүст нь зориулан тэмдэглэх боломжтой болно. Үүгээр би улс төрч, бизнес эрхлэгч, эрдэмтэд, соёл урлагийн салбарын хүмүүст, Чех болон Монголын дипломатууд, Чех, Словакт их дээд сургууль төгсөгч монголчуудад мөн түүнчлэн өнгөрсөн 70 жилийн хугацаанд манай хоёр орныг ойртуулан зүрх сэтгэлдээ тээж ирсэн хүн бүрт талархлаа илэрхийлж байна.

Зохиогч: БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж