Энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулдаг. Уламжлал ёсоор зохиогдох эл арга хэмжээ өмнөх жилүүдээс онцлог болох юм.
Коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс бүх нийтийн цэвэрлэгээнд мэргэжлийн байгууллагууд түлхүү оролцохоор болжээ. Харин аж ахуйн нэгж байгууллагуудад нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэхийг уриаллаа.
Иргэдийн орлогыг дэмжих, ажилгүйдлийг бууруулах үүднээс 130 хүн хотын ногоон бүсийг цэвэрлэх ажлын байртай болжээ. Тэд Туул, Сэлбэ, Дунд гол орчмын газруудыг долоо хоногийн Баасан, Бямба гариг бүр цэвэрлэж байгаа аж. Үүнээс гадна хот тээврийн газрын зам талбайн үйлчилгээний ажилчид ч бас хотын хур хогийг цэвэрлэж байгаа аж. Цаашид Туул голыг тогтмол цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ