Коронавирусийн цар тахал анх бүртгэгдсэн Хятадын Ухань хотын төв эмнэлгийн халдвар авсан хоёр эмчийн арьс харласан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Тэд хоёулаа нэгдүгээр сард халдвар авсан ба коронавирус бүх биеэр нь тархаж, улмаар элгийг нь гэмтээснээр дааврын тэнцвэр алдагдаж, арьс нь харласан байх магадлалтай гэж И Фан, Хү Вэйфэн нарыг эмчилж буй эмч Ли Шүшенг Хятадын төв телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Хятадын төрийн мэдлийн “CCTV” телевизийн мэдээлж буйгаар дээрх хоёр эмч хоёулаа хүнд хэлбэрээр өвдсөн бөгөөд тэднийг ECMO хэмээх амьсгал дэмжих аппаратад олон хоногийн турш байлгажээ. Энэ аппарат нь зүрх, уушгины үйл ажиллагааг цус руу хүчилтөрөгч шахах аргаар дэмждэг байна. Мөн эмчилгээний үеэр хэрэглэж байсан зарим эм бэлдмэлүүд ийм хариу урвал үзүүлсэн ч байж магадгүй гэж эмч нар таамаглажээ.
Тэдний нэг нь ухаан ороод өөрийгөө хараад ихэд цочирдсон бөгөөд сэтгэл зүйн зөвлөгөө авсны эцэст одоо хэвийн байдалдаа орсон байна. Зүрх судасны эмч И Фан ECMO аппаратад 39 хоног орсон бол бөөрний эмч хү Вэйфэн 99 хоног орноосоо босоогүй, мөн юм ярьж чадахгүй байж байгаад саяхнаас ярьдаг болсон аж.
Эмч нар И Фан, Хү Вэйфэн нарт эмчилгээний үеэр ямар эм өгч байсныг дурдаагүй ч цаашид биеийн байдал нь сайжирч, дотор эрхтэнүүд нь хэвийн ажиллаж эхэлбэл арьсны өнгө нь сэргэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: SCIENCE TIMES
Холбоотой мэдээ