Д.Хаянхярваа: Малчдын гол орлого дээр улс төр хийхээ боль

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

LiveД.Хаянхярваа: Малчдын гол орлого дээр улс төр хийхээ боль

Posted by News.mn on Friday, April 24, 2020

16 : 28
2020-4-24

Ч.Улаан: Бид үлдсэн ноолуураа борлуулахад гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас ноолуурын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонсч байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт, тодруулга үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Монгол Улсын 70-80 орчим хувь нь Хятадын зах зээлээс хамааралтай. Бид мөн өөр зах зээлийг судлах, гарц шийдэл гаргах, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Бид 100 мянган төгрөгөөр ноолуур авлаа гэхэд 3000 тонн ноолуурын санхүүжилт гэж тооцоход үлдсэн 70 хувийг яаж борлуулах, үнэ хүргэх вэ гэдэг л асуудал бий. Тэгэхээр аж ахуй нэгжүүдийн хувьд орлогогүй болж байгаа учраас үйлдвэрүүдээ дампууруулахгүй, тогтвортой үйл ажиллагааг явуулах чиглэлээр бид ямар бодлого хэрэгжүүлж байна вэ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Ноолуурын асуудал дээр  бүгдээрээ анхаарал хандуулж, малчдын орлогыг бууруулахгүй байх чиглэлээр ярьж байгааг ойлгож байна. Бид үлдэж байгаа 70 хувиа яаж борлуулах вэ гэдэгт онцгой анхаарч байна. Бид 200 тэрбум төгрөг байвал нийт ноолуурын тал хувийг бодлогын гэрээгээр авах боломжтой болох юм. Ингэхийн тулд үйлдвэрүүд маань чанартай ноолуур нийлүүлэх чиглэлд анхаарч энэ ажлыг анх эхлүүлсэн. Ноолуурын салбараас нийт 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн бөгөөд Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөг, ноолуурын салбар 60 орчим тэрбум төгрөг гаргана гэсэн. Тиймээс үлдсэнийг нь бид олон шаардлага үүссэн. Олон янзын эх үүсвэрийг судалж байна. 5-6 сарын дараа үйлдвэрүүд сэргэх болов уу гэж горьдож хүлээж байна. Намар ноолуурын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сэргэхэд түүхий эд нь бэлэн болно гэсэн үндэслэлтэй юм. Тиймээс бид нэмэлт эх үүсвэрүүдийг маш сайн, анхаарч судалж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хөдөө маш том хүлээлт үүсчихсэн нь үнэн. Зүүн гурван аймагт сайн ноолуур байна гэдэг бол буруу. Хөвсгөл, Баянхонгор маш сайн ноолууртай. Бид буруу замаар яаж будаа тээчихгүй явах гэдэг асуудал тулгарч байна. 300 тэрбум төгрөг гэдэг бол нийт ноолуурын 30 хувь. Гэтэл 2400 тоннын гэрээ байгуулсан гэж та ярьж байна. Бодлогын гэрээ, зээлийн гэрээ гэдэг бол хоёр өөр ойлголт шүү. Сая зүүн аймгуудын ноолуур авсан компаниуд бодлогын гэрээгээр малчдаас ноолуур авсан байна лээ шүү. Мөнгийг нь өгөөгүй бодлогын гэрээгээр ноолуур авсан аж ахуй нэгжүүдийг яах вэ. Хөгжлийн банк, Төрийн банкнаас яг хэдэн төгрөгийн зээл гарсан бэ. Малчид дээр очих бэлэн мөнгө хаана байна вэ. Биднээс шалтгаалахгүй олон асуудал байгаа учраас бид өнөөдөр үнэнээ хэлэх цаг болсон. Одоо бид зовлон тоочихоос илүү бодит гаргалгаа ярих хэрэгтэй байна. Өдөр хоног алдахгүй бололцоо хайх хэрэгтэй.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Ноолуурын 30 хувийг бодлогын гэрээгээр авна гэсэн. Шалгуур даваад банктай гэрээгээ байгуулсан аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж байгаа. 160 тэрбум төгрөгийн зээлтэй аж ахуй нэгжүүд энэ удаагийн зээлд хамрагдахгүй. Одоо ноолуур бэлтгэсэн, авсан хоёр хоорондоо гэрээ байгуулж, малчдын данс руу мөнгө нь орно. Үлдсэн 70 хувийг бид яаж борлуулах вэ гэдгээ маш сайн тооцож, судалж байна. Яаралтай арга хэмжээ авах ёстой гээд ажиллаж байна. Гэхдээ коронавирусийн халдвараас шалтгаалаад нөхцөл байдал хүнд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Ноолуурын асуудалд Ч.Улаан сайд биш Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Дундаж нь 100 мянга, дээд тал нь 150 мянга, доод тал нь 50 мянга л баймаар байгаа юм. 105 мянга гэдэг бол дундаж биш харагдаж байна лээ. Малчдаа та нар хууртахгүй, одоо шаардлагаа тавих хэрэгтэй. Ноолуурынхаа үнийн 50 хувийг урьдчилаад өгөх боломж байна уу.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Ноолуурын үнийг 100 мянгаар авна гэж бүх хүн ойлгосон байсан. Гэтэл одоо гэнэт зүүн, баруун, дундаж үнэ гээд сууж байна. Зүүн аймагт 105 мянгаар авсан гэдэг нь худлаа юм билээ. Авчирсан ноолуурынх нь 50 хувийг хог гээд, ялгаж салгаад багаар авч байна гэсэн.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Ч.Улаан сайдын ярьж, хэлж, зорьж байгаа зүйлийг дэмжиж байна. Цар тахлын үед хөдөөгийн малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа нь энэ. Бүс бүсээрээ үнэ ялгаатай байдаг, ид үе нь өөр байдаг. Монголын төр бэлэн мөнгө гаргаад худалдаж авах чадвар нь 30 хувь. Үлдсэн 70 хувийг гадны худалдаачдад найдаад орхих асуудал яригдаж байна. Худалдаачид ямар үнээр авах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Тэгэхээр 70 хувийг яаж үнэ бууруулахгүй,  малчдыг хохирол багатайгаар, тогтоосон 100 мянган төгрөгтөө ойртуулах чиглэлээр ямар бодлого байна вэ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Үнэхээр санаа зовоож байгаа асуудал бол 70 хувьдаа л байгаа юм. Энэ 70 хувьд зөв гарааны нөхцөл бүрдүүлэх юмсан гэж бодсон учраас л 300 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ жишиг рүү хандуулах чиглэлээр наймаачидтай ойлголцож, тохиролцохыг хичээж байна. Гэрээгээр дэмжлэг үзүүлэх, орж гарах горимд дэмжлэг үзүүлэх, биржийн үйлчилгээ, хураамжийг багасгах, тэглэх, тавих шаардлагаа сулруулах чиглэлээр өөрсдийн хүрээнд хийнэ гэж тооцож байна. Яг хэд байхыг одоо хэлэхэд эрт байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Дэлхий ноолуурыг сонирхохгүй байгаа гэдэг бол ташаа мэдээлэл шүү. Олон улсын зах зээл дээрх үнийг харж байхад 2016 онтой харьцуулахад огт буураагүй байна. Төр засаг зохион байгуулалтаа зөв хийж, үнийн өрсөлдөөн явуулж ноолуурыг үнэтэй болгоно. Өнөөдөр Хятадаас худалдан авагч орж ирлээ гэхэд 21 хоног хорио цээрийн дэглэмд байна гэж тооцвол цаг хугацаа алдах эрсдэл үүсч байна. Тэгэхээр энэ хүмүүсээ эртхэн оруулж ирж, шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол болохгүй. Бүр болохгүй бол үнийн алдагдал дээр татаас өгөх асуудлыг Үндсэн чиглэлд тусгах шаардлагатай байна. Ноолуурын үнэ бол сонгууль дөхөж байна гэж улс төр хийх асуудал бол биш хамгийн бодит дэмжлэг болох байсан. Бид арьс, шир, ноос, ноолуурын салбарт томоохон реформ хийхгүй бол бидний явж, барьж байгаа арга хэлбэр, хандлага, бодлого байхгүй болсон байна. Малчдын асуудлыг цаг тухайд нь гал унтраадаг арга чиглэл рүү явсан байна. Бодлого, экспорт гаргах, үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр онцгой анхаарах хэрэгтэй гэдэг нь өнөөдөр харагдаж байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан хянаж шалгах УИХ-аас ажлын хэсэг байгууллаа. Үүгээр УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

15 : 19
2020-4-24

Д.Хаянхярваа: Малчдын гол орлого дээр улс төр хийхээ боль

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсч байна. 

Энэ талаарх мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сай Ч.Улаан өгч байна. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Засгийн газрын 2018 оны тогтоолоор ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ноолуурын үйлдвэрлэлийн хүчин чадал 2017 онтой харьцуулахад төрөл, шат бүрт  1600 гаруй ажлын байр нэмэгдсэн нь ноолуурын хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний хоёр жилийн дүн юм. Ноос, ноолуурын салбарын экспорт 2019 онд 434,7 сая ам.долларт хүрч 2017 онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна. Ноолуур хөтөлбөрт тусгагдсаны дагуу ноолуурын үйлдвэрийг гурван жилд тутам шинэчлэх зорилгоор аж ахуй нэгжүүдэд 2019 оны дөрөвдүгээр улиралд 140 гаруй аж ахуй нэгжийг адистачилсан. Ноолуурыг олон улсын чанартай бүтээгдэхүүн нэмэгдүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн яамны эзэмшиж буй чанарыг гэрчлэх тэмдэгийг үйлдвэрлэгчид олгох чиглэлээр гэрээ байгуулан хамтарч байна. 350 гаруй төлөөлөгч, 17 улсын төлөөлөгч оролцсон ноолуурын олон улсын форумыг Монголд зохион байгуулсан. Ноолуурын түүхий эдийг бүрдүүлэх чиглэлээр малчдын хоршоодод түшиглэн загвар хоршоодыг бий болгох чиглэлээр ажиллаж байна. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2018, 2019 онд 38 аж ахуй нэгжид 296,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. 2016 оноос хойш төлөгдөөгүй үлдэгдэл 160 гаруй тэрбум төгрөг, 2019 оны үлдэгдэл 52 тэрбум төгрөг байгаа нь боловсруулах үйлдвэр хүнд байдалд орсныг харуулж байна. Засгийн газраас гуравдугаар сард тогтоол гаргаж, шинэ төрлийн коронавирусийн халдварын энэ үед малчид, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилготой юм. Малчдын орлогыг тогтвортой байлгах, аж ахуй нэгжээ дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг олгож байна. Өнөөдрийн байдлаар яамтай бодлогын гэрээ байгуулсан 10 гаруй аж ахуй нэгж ноолуураа бэлтгэж эхэлсэн. Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудаас эхэлсэн бөгөөд нийт аймгуудаас 2240 тонн ноолуур авах гэрээ байгуулсан. Ойрын үед 3000 тоннд хүрч гэрээ байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил хангагдсан. Дотоодын бэлтгэн нийлүүлэгчдэд дэмжлэг үзүүлэхээс гадна блокчэйн технологийг хэвшүүлэх, хураамжийг бууруулах, экспортыг саадгүй явуулах чиглэлээр ажиллаж байна.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Засгийн газар дээр хэд хэдэн удаа нухацтай ярилцсан асуудал. 3000 тонн ноолуураа бэлтгэсэн гэдэг зүйл яриад байна. Өнөөдөр 3000 тонн бэлтгэсэн гэдэг асуудал зүүн аймгуудтай холбоотой. Түрүүлж гарснаар, эх үүсвэр бий болгосон 300 тэрбум төгрөгөө дуусгасан гэсэн ойлголт өгөөд байна. Гэтэл улсын хэмжээнд авч байгаа ноолуурын хэмжээнд хувь тэнцүүлж хуваарилж болоогүй юм уу. Яагаад эхний аймгуудынхыг нь аваад мөнгө дууссан гэдэг асуудал яригдаж байна. Одоо төвийн болон баруун аймгуудын ноолуурыг яах вэ. Мөн 100 мянган төгрөгөөр 10 гаруй аж ахуй нэгжүүд бэлтгэнэ гэж байна. Энэ аж ахуй нэгжүүд 100 мянган төгрөгөөр аваад алдагдал хүлээгээд зээлээ төлөхгүй байх, зээлээ эргэн төлөхгүй нөхцөл үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ.Бодитоор байхгүй байгаа доод үнийн түвшин тогтоосон гэж яриад байдаг, одоо ингэж болох юм уу.

ХХААХҮ-ийн Ч.Улаан:

-300 тэрбум төгрөгийн зээлийг аймаг бүрт хувь тэнцүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ зарчмыг харгалзан үзсэн. Бид эрсдэлээ хүлээж, дэлхийн зах зээлийг тооцож үзэж буй аж ахуй нэгж тогтооно. Гэхдээ өнөөдөр зүүн гурван аймгаар хязгаарлахгүй. Гэрээ хийсэн аж ахуй нэгжүүдийг харж байхад Архангай, Сүхбаатар, Хэнтий аймагт тус бүр гурав, Завхан, Булган гурав, бусад аймагт хоёр, нэг гээд гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа компани байна. Цаана нь 20 аж ахуй нэгж саналаа ирүүлснийг банк хянаж байна. Тиймээс аль болох бүх аймгийг хамруулах чиглэлээр бид ажиллаж байна. Ноолуур бэлтгэж чадахгүй бол зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсэхгүй гэж бодож байна.

Ажлын хэсэг:

-Бид өдөр тутамд ноолуурын зах зээлийг мэдээлдэг сайтуудаас авч байгаа мэдээллээр Монголын самнасан ноолуур 1 кг нь 92,8 ам.доллартай байна. Зүүн аймгуудад 212 тонн ноолуурыг нэг кг нь 105 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Зүүн аймаг дуусаад төвийн бүс рүү ноолуур худалдах авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-2020 онд 10,2 мянган тонн ноолуур бэлтгэх бөгөөд 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь экспортлохоор тооцож байгаа юм байна. Малчдын санхүүгийн хамгийн гол эх үүсвэр нь ноолуур. Эдийн засгийн эргэлтэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг салбар нь ноолуур. Тэгэхээр бид бүгдийг нь эх орондоо үйлдвэрлэх боломжгүй. Энэ оны хувьд хүндрэлтэй байдал үүссэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ өссөн, коронавирус хүчтэй дэгдсэнээс үүдэж үйлдвэрүүд хаасан энэ цаг үед ноолуурын үнийг хэт өндөр тогтоосон байна гэж шүүмжлэлд өртөж байна. 100 мянган төгрөгийн ханшид хүргэнэ гэдэг хэцүү. Өвөрхангай аймагт гэхэд бодит байдал дээр 40-45 мянган төгрөг байна. Энэ тогтоосон ханшаа барьж чадах уу. Засгийн газар түүхий ноолуур гаргахгүй байх тогтоолоо эргэж харах уу.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Дундаж үнэ тогтоосон, доод үнэ хоёрын хооронд зөрүү байгаа. Тэгтлээ өндөр тогтоогдсон гэж би бодохгүй байна. Хятадын дундаж үнээр бодоход бохир ноолуур 140 мянга орчим байна. Дундаж үнийг тогтоохдоо өнгөрсөн жилүүдийн үнийг бас харгалзан үзсэн. Түүхий ноолуурыг хориглосон хатуу шийдвэр Засгийн газар дээр байхгүй. Гэхдээ бид боловсронгуй болгох чиглэлээр ажиллана. Ямар нэг саад гаргахгүй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Ч.Улаан сайд аа та одоо болно. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд ноос, ноолуурын хэмжээг өсгөхөөс илүү яаж ард иргэдээ хоолтой байлгах вэ гэдэгт дэлхийн нийт анхаарлаа хандуулж байна. Гэтэл та ноолуурын үнийг нэмнэ гэдэг асуудал чинь бүтэхгүй. Ерөнхий сайдад та буруу мэдээлэл өгч байна. Та ноолуур бэлтгэдэг 30 хувь нь 300 тэрбум төгрөг гаргаж, цөөн хэдэн аймгаас 105 мянга хүрч байна гэдэг үлгэр ярьж байгаа тань та ард түмнийг хуурч байна. Одоо та хуучин цагийн төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн үеийн бодлогоосоо сал та. Ноолуур монголчуудын хувьд чухал ч гэсэн малчдын гол орлого олдог зүйл дээр нь улс төр хийж, тоглож хүний амьдрал ахуйг сүйрүүлж болохгүй. Зах зээлийн зарчмыг нь барьж ажиллах ёстой шүү та. Тиймээс малчид хамгийн үнэтэй байгаа зах зээлээ барьж, зах зээлийн зарчмаа барьж ажиллахгүй бол 30 хувь нь мөнгө гаргачихаад үлдсэн 70 хувийг нь хоосон хоцроох гэж байна. Та өөрийнхөө яриад байгаа зүйлдээ итгэл үнэмшүүлэх гэж хичээхээ болино уу.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Ер нь бол асуудалд бодитой хандах ёстой. Дэлхийн зах зээлийн үнэ, Хятадын зах зээлийн үнэ бидний хэлсэн үнэнээс өндөр байна. Бид нэмэгдүүлж тогтоосон үнэ биш, өнгөрсөн жилийн үнээс 30 хувиар бууруулж тооцсон. Нэгэнт бид төрийн зохицуулалтаар зах зээлээ хэрэгжүүлнэ гээд заачихсан. Зэс, ноолуур хоёр стратегийн бүтээгдэхүүн учраас доод үнийг нь тогтоож өгсөн. Би буруу гэж бодохгүй байна. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-200 мянган малчин, 800 мянган хүний орлогын асуудал, малчдын орлогын 40 хувь нь ноолуураас гарч байгаа юм. Аймаг бүр дээр чанар, хугацаанаас хамаарч 100 мянган төгрөгөөр доод үнэ тогтоосон гэж бүх малчид хүлээж байна. Банкууд дээр хэдэн аж ахуй нэгж, нийт хичнээн аж ахуй нэгж байгаа вэ. Үндэсний үйлдвэрлэлээ, малчдаа дэмжинэ гэж тайлбарлаж байна. Бодлогын гэрээ хийсэн хэдэн компани байгаа, дахиад хэд байгаа вэ. Үнийн өрсөлдөөнийг бий болгох, аж ахуй нэгжүүддээ жигд хуваарилахын тулд зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх боломж байна уу.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Ноолуур бэлтгэхэд оролцож байгаа болон саналаа ирүүлсэн 20 компани байна. Гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн 10 орчим, хүлээгдэж байгаа 10 орчим байна. ойрын үед банкуудтай гэрээ байгуулаад зээл авах бололцоог ирэх долоо хоногт бүрэн хангана гэж бодож байна. Энэ компаниуд Монголын бүх л газар нутгаас худалдаж авна. Хамгийн чухал нь аж ахуй нэгжүүдийн өөрсдийнх нь саналыг харгалзан үзэж байна.

Ажлын хэсэг:

-Хөгжлийн банкинд дээр нийт 300 тэрбум төгрөг бөгөөд 5300 тонн ноолуурыг худалдаж авахаар төлөвлөж байгаа. Бид ирүүлсэн хүсэлтийг харгалзаж, олон талын судалгаа хийж доод үнийг тогтоосон. Хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөгжлийн банк болон бусад банкуудтай хамтран бусад хөнгөлөлттэй зээл гаргуулах чиглэлээр бодлого хэрэгжүүлж байна. Бусад эх үүсвэр, бонд, түүхий эдийг барьцаалах эх үүсвэр нь 300 тэрбум төгрөг дээр нэмэгдэнэ гэсэн үг. 

13 : 55
2020-4-24

Чуулган: Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Мөн Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хороонд шилжүүллээ. 

Үүний дараа чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. ҮХЦ-ийн дүгнэлтэд 1992 оны 12 дугаар сард гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтнуудад холбогдох заалтыг хянан шийдвэрлэнэ гэсэн байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Чоно борооноор гэдэг шиг зүйл боллоо. "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал явж байгаа. Цэцийг ийм шийдвэр гаргана гэж бодоогүй. Өнөөдөр онцгой дэглэм тогтооосн 1991 оны хуулийг хүчингүй болгоод асуудал оруулж ирж байна. Тэнд ямар луйвар хийдэг байсныг илрүүлсэн. Төрд тангараг өргөсөн суббъектүүд хувийн компанид үйлчилдгээ болимоор юм. М.Батсуурь тэргүүтэй Захиргааны хэргийн шүүх "Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгосныг цуцлах уулзалт хийж байна. Улсад нэг их наяд татварыг Эрдэнэт төлсөн. УИХ-ын гишүүд энэ дүгнэлтийг хүлээж авч болохгүй. ҮХЦ-ийн гишүүд турж үхэх гээд байна уу, хувийн компаниуд турж үхэх гээд байна уу. Намайг дарамталсан. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

-ҮХЦ-ийн дүгнэлтэд 1992 оны 12 дугаар сард гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтнуудад холбогдох заалтыг хянан шийдвэрлэнэ гэсэн байна. Ажил эхэллээ. ҮХЦ-ийн хуралдаанд оролцсон Цэрэнбадам гэж хүн юун этгээд вэ? Ийм хүнийг оролцуулсан чинь зөв юм уу? Цэцэд захиалгаар шийдвэр гаргасан байна. Нанзаддорж гэдэг этгээд зорилготой тавигдсан хүн шүү. ТӨХ-нд ажиллаж байсан. ҮХЦ-д захиалгаар томилогдсон. Хуульзүйн байнгын хороо яагаад хүлээж авна гэсэн санал өгсөн. МАН-ын гишүүд ээ, "Эрдэнэт" үйлдвэрийн талаар гаргасан шийдвэрээ мартаагүй биз. Найраанд орсон байна гэж үзэх үү, үүлэн чөлөөний нарыг ашиглах гэж байна гэж үзэх үү.

Ийнхүү гишүүд санал хэлсний дараагаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсангүй. 

Үүгээр өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. 

11 : 28
2020-4-24

Чуулган: Чех улсад амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Төрийн санхүү мөнгө, өмчийн асуудалд хяналт тавих ажлыг ард түмний өмнөөс Аудитын газар хийх ёстой. Төрийн санхүүгийн хоточ гэсэн үг. Аудитын байгууллагын хариуцлага, ажлын чанараас энэ бүхэн шалтгаална. Өнөөдөр төрд хулгай нүүрлэлээ, төрийн өмч шамшигдаж байна гэж их ярьж байгаа. Төрийн аудит чанаргүй байгаа. Хяналт шалгалтыг сайжруулах,  хариуцлагыг нэмэгдүүлэх, төрөөс  хөрөнгө мөнгө шамшигдуулсан үйл ажиллагааг илрүүлсэн бол тухайн албан тушаалтанд ямар хариуцлага тооцох вэ. Шалгаж байгаа байгууллагын эрх үүргийг хэр их чангалж өгсөн юм бэ.  Хариуцлага дээр байгаа гүйцэтгэлд ямар хяналт тавих юм. Буруу шалгавал аудиторт ямар хариуцлага тооцох юм бэ. Зөрчлийн хариуцлага тооцох юм уу. Зохицуулалт харагдахгүй байна. Хариуцлагыг сайжруулахгүй бол  төрийн санхүүгийн хариуцлагыг ярих шаардлагагүй. Аль зүйл заалтыг чангалсан бэ гэдэгт хариулт өгөөч.

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:

-Монгол Улс парламентын засаглалтай улс. Парламентын засаглалын гол хяналт нь төрийн аудитдаа байх ёстой. Энэ ч үүднээсээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтдөө төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх гэдэг заалтын хүрээнд оруулж ирсэн. Төрийн аудитын  байгууллагын ажил үйлчилгээний чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд энэхүү эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа. Эрх үүргийг нь нэмэгдүүлснээр аудитын байгууллага хараат бусаар ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ. Гол агуулга маань бие даасан хараат бус байдлыг сайжруулах, төрийн захиргааны байгууллагаас нөлөөлөх нөлөөллийг багасах асуудал хуульд тусгагдсан. Сөргөөр нөлөөлөх эрсдэл хуулийн хүрээнд байхгүй болно.  Гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн шинж чанартай зөрчлүүд үүссэн бол буруутай тэр этгээдэд ямар хариуцлага тооцох юм бэ гэж асууж байна. Албан тушаалтны  төрд учирсан хохирлыг төлүүлэх, хэрэгжилтийг хангуулах заалтыг нарийвчлан тусгасан.

Тухайн хуулийн 35 дугаар зүйл дээр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах гэдэг асуудал байгаа. Хэрэв аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд Ерөнхий аудитор Улсын ерөнхий прокурорын байгууллагад мэдэгдэж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар холбогдох баримт бичгийг шилжүүлэх гэдэг заалт хуульд байдаг.  Эргээд тухайн байгууллага шийдвэрээ ерөнхий аудиторт мэдэгдэхээр тусгасан байдаг.

Үүргийн биелэлтийг Үндэсний аудитын газар цахим хуудсаараа эргэж мэдээлдэг зэрэг заалт орсон. Хууль зүйн баталгаа гэхээсээ илүүтэй аудитын байгууллагын эдийн засгийн баталгаа, тухайн албан хаагчдын  нийгмийн баталгааг хангах, үйл ажиллагааны хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр бүлэг заалт оруулж өгсөн.  Аливаа төсөв мөнгө зарцуулалтыг  үр ашигтайгаар зарцуулах эрх нь нээгдсэн гэж үзэж болно.

Одоо чуулганы хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр нийгмийн хамгааллын тогтолцоонд хамрагдах боломжийг бий болгох чиглэлээр Чех улстай хэлэлцээр байгуулах юм байна. Чех улсад 8800 орчим иргэд ажиллаж, сурч байгаагаас 65 орчим хувь нь 5-25 жил ажиллаж, амьдарч оршин суух эрх авсан байна. Хэлэлцээр соёрхон баталснаар Чех улсад ажиллаж, нийгмийн даатгал төлж, ирээдүйд тэтгэвэр авахад бага тэтгэвэр олгох, тэтгэмжийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан учраас олон улсын гэрээний дагуу УИХ соёрхон батлах тухай хуулийн төсөл юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Засгийн газраас гадаад улс оронд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэлэлцээр байгуулж байгаа бөгөөд БНСУ, Турк, Унгар, Польш бөгөөд тав дах нь Чех болж байна. Цаашид бид ОХУ, Казакстан зэрэг улсуудтай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Нэгдмэл улс орнуудтай Засгийн газрын түвшинд хэлэлцээр байгуулж болох ч холбооны улс орнуудтай хэлэлцээр хийхэд хүндрэлтэй байна. Тухайлбал, Герман, АНУ зэрэг улс байна.Нийгмийн хамгааллын салбарт хэлэлцээр байгуулж байгаагийн гол агуулга нь тухайн улсдаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тухайн улсаас авах, Монголдоо төлсөн бол оногдох тэтгэвэр, тэтгэмжээ авах эрх үүсч байгаа юм” гэлээ.

Ингээд чуулганы хуралдаанаар хэд хэдэх төслийг соёрхон баталлаа. Тодруулбал, 

-Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл буюу Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон баталлаа. Үүний дараа “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл. 

-“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
6.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. 

Чуулганы хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

10 : 16
2020-4-24

Чуулган: Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

 
https://www.facebook.com/254812894984727/videos/156190739157719/
 
УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.04.24/-ийн хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 
1.Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
2.Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
3.Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
4.“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
5.“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
6.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
7.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан/;
8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
9.Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
10.Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 01 дүгээр дүгнэлт;
Үдээс хойших хуралдаан:
11.Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
 
Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж