Д.Сумъяа: Англи хэл сурахад нэг зүйлд төвлөрч сурах арга л үр дүнтэй

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа: Англи хэл сурахад нэг зүйлд төвлөрч сурах арга л үр дүнтэй

Д.Сумъяа: Англи хэл сурахад нэг зүйлд төвлөрч сурах арга л үр дүнтэй

Англи хэлний чадварын тухай ярихад юун түрүүнд бидний төсөөлөлд сонсох, ярих, унших болон бичих чадварууд орж ирдэг. Мэдээж эдгээрээс гадна дуудлага, дүрэм, үгийн сан болон зөв бичгийн дүрмийн чадвар нь англи хэлээ сайжруулахад чухал үүрэгтэй. Хэрэв танд яг одоо дээрх чадварын зөвхөн нэгийг нь түлхүү хөгжүүлэх ёстой юу, эсвэл бүгдийг нь жигд хөгжүүлж авч явах ёстой юу гэдэг асуулт төрж байвал анхаарлаа нааш нь хандуулахыг хүсье. Учир нь бид энэ удаад хэрхэн бүтээлчээр өөрийн англи хэлний унших, сонсох, бичих чадвараа сайжруулах талаар болон тун удахгүй зохион байгуулагдах гэж байгаа англи хэлний “Бүтээлч уншлагын марафон” /Creative Reading Marathon /-ийн талаар Mongolian Extensive Reading Association үүсгэн байгуулагч, англи хэлний багш Д.Сумъяатай ярилцсан ярилцлагаа Та бүхэнд хүргэж байна.

Хэлээ сайжруулахыг хүссэн хүн бүрт зориулан англи хэл дээр ном унших “Reading Marathon” хөтөлбөрийн талаар уншигчид маань хэдийнэ мэддэг болсон бөгөөд энэхүү арга барил нь хөл хорио тогтоосон энэ үед хэл сурах хамгийн тохиромжтой аргаар нэрлэгдээд буй.


-Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөл хорио тогтоосон энэ үед хүн бүр өөрийгөө хөгжүүлэхээр зорьж байна. Дийлэнх залуучууд маань хэлний чадвараа дээшлүүлэхээр судалж байгаа байх. Сүүлийн үеийн подкаст, ярилцлагуудаар бүгд л энэ үеийг ашиглаад хэлээ сайжруулж авах талаар ярьж байна шүү дээ. Хэлний чадвараа дээшлүүлэх хамгийн үр дүнтэй арга барилуудын талаар ярилцлагаа эхлүүлье.

-Баярлалаа. Хамгийн үр дүнтэй арга барил бол өдөр бүр хэлээ давтдаг зуршлыг өөртөө бий болгох гэж хэлмээр байна. Учир нь сошиал орчинд хэл сурсан туршлагаа хуваалцсан маш олон видео бичлэгүүд байдаг. Тэдгээрийг дийлэнхи хүмүүсийн туршлага, мөн миний өөрийн хувийн туршлагаас харахад нэг зүйлд төвлөрч сурах гэсэн арга л хамгийн үр дүнтэй арга байна даа.

Нэг зүйлд төвлөрөх боломж олгодог арга бол дуртай номоо унших. Дуртай номоо англиар уншихын тулд эхлээд уншаад ойлгодог болох хэрэгтэй болно. Тэгэхийн тулд өөрийн одоо байгаа түвшний номоос эхлээд өдөр бүр уншаад байх хэрэгтэй. Нэг мэдэхэд өөрийн сонирхсон сэдвээр унших хэмжээний англи хэлтэй болсон байх болно.

-“Та хэзээ ч суралцаж дуусахгүй бөгөөд мөн хэрхэн суралцах арга барилд ч мөн суралцаж дуусахгүй” гэдэг үг байдаг. Өөрт тохирсон суралцах арга барилыг олох хүртлээ маш олон оролдлого хийж, заримдаа замаасаа буцах үе хүмүүст байдаг шүү дээ. Англи хэл суралцагчдын гаргадаг нийтлэг алдаа юу вэ?

-Зорилгоо хэт өндөр тавиад, тэрэндээ хүрэх хэт бодит бус хугацаа тавих нийтлэг алдаа ажиглагддаг. Энэ долоо хоногт энэ сэдвээр 10 ном уншина гэсэн бол түүнийгээ хийгээд, сэтгэл ханамжтайгаар том зорилгодоо хүрэх замынхаа хоёр хувьд хүрлээ гэж өөрийгөө урамшуулж сурах хэрэгтэй. Надад бас өөрөө сарын дотор 5000 үг цээжилнэ гээд хэт том мөрөөдөлтэй явсан үе бий. Яг үнэндээ A-Z дараалуулсан 5000 үг цээжилсэний оронд тэр үгийн 10 хувь нүдлэгдэхээр 100 ном уншсан нь хамаагүй үр өгөөжтэй шалгалтад бэлдэх арга байсан юм байна лээ. IELTS TOEFL-ийн шалгалтын хувьд ч уншиж бичиж чадаж байна уу гэдгийг шалгахаас хэрэглэж мэдэхгүй баахан үг шалгадаггүй шүү дээ. Тэгэхээр одоо мэдэж байгаа, англиар ойлгох чадвараа хөгжүүлээд, номоо уншаад байсан нь хамаагүй илүү үр өгөөжтэй. Ном хүн бүрийн хувьд хол, мэдэхгүй шинэ зүйл биш учраас зүгээр л өөрийнхөө дуртай номоо англи хэл дээр бүрэн дүүрэн уншдаг болохын төлөө багаас нь эхлээд үзэх хэрэгтэй.

-Англи хэл дээр уншаад ойлгодог мөртлөө өөрийгөө илэрхийлэхэд, бусадтай харилцахад түүнийгээ ашиглаж чадахгүй хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн хувьд арга барил дээрээ юуг өөрчлөх, юуг шинээр туршиж үзэх ёстой вэ?

-Тийм шүү, ойлгоод байгаа хэр нь ярих бүү хэл хариу бичих гэхээр таг гацдаг гэдэг дээ. Үүнд янз бүрийн шалтгаан байгаа байх. Миний бодлоор дөнгөж анхан шатанд байхдаа шууд бичиж эхлээгүйтэй холбоотой. Нэг өгүүлбэр байсан ч тэр чинь эссэ бичих эхлэл шүү дээ. Үүн дээр энд нэг жишээ дурдъя. Өчигдөр Лингорсынхоо ‘Online writing teacher’ үйлчилгээний хүрээнд номын сэтгэгдэл засаад сууж байхад анхан шатны түвшинтэй суралцагч маань уншсан номынхоо сэтгэгдлийг бичихдээ “This book really liked me… “ гэж бичсэн байсан л даа. Тухайн суралцагч маань яг монгол өгүүлбэрийн дарааллаар үгнүүдээ байрлуулсан байгааг дээрх сэтгэгдлээс харж болно. Ингээд түүнийг нь “I really liked this book” гэж зассан. Багшийн зүгээс суралцагчид англи хэлний өгүүлбэрийн бүтэц ба монгол өгүүлбэрийн бүтэц ямар ялгаатай байдаг талаар тайлбарлахаас илүүтэйгээр суралцагчид өөрийнхөө алдааг өөрөө олж харах боломж олгосон. Тайлбарлаад өгчихвөл миний зассан өгүүлбэртэй өөрийн бичсэнээ харьцуулж хараад ойлгодог болох хүртлээ өөрийнхөө гаргасан алдааг бүрэн гүйцэд ойлгохгүй. Тэгэхээр энд юу хэлэх гээд байна гэхээр бид хэт хожуу бичиж ярьж сурдаг учир нь ямар ч алдаагүй төгс ярьж бичиж эхлэх ёстой гээд өөрсдийгөө хэт хянадагт байгаа юм. Алдаа гаргахгүй төгс байх гэсээр байтал таны үзсэн, уншсан хэл мартагдана шүү дээ. Иймд хэл сурч буй хүмүүс маань энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Хэт том зорилго тавиад түүндээ хүрч чадахгүй өөрийгөө хуураад яваад байж болохгүй шүү.

-Англи хэл сурах, заах олон арга барил байдаг. Хэлний төвүүд ч бүгд өөрсдийн онцлогоор сургадаг шүү дээ. Англи хэл дээр өөрийн түвшинд тохирсон номууд унших замаар хэлээ сайжруулдаг “Extensive reading” аргачлалын талаар анх удаа сонсож буй тул товчхон мэдээлэл өгөөч?

-Зарим хүн би сургалтын төвд өчнөөн цаг мөнгөө зарцуулсан, одоо хүртэл англиар ярьж чадахгүй байна гэж уурладаг. Зарим нь нэг сарын дотор яриулдаг болгоод өг гэж сургалтын төвд ирдэг. Хүн хэзээ хамгийн идэвхитэй сурдаг гээч? Хэн ч түүнд туслахгүй би өөрөө бүгдийг хийх хэрэгтэй юм байна гэдгээ ухаарах үедээ зорилго нь тов тодорхой болох үед. Этгээд байж магадгүй, гэхдээ энэ хүнийг өөртөө чадна гэдэгт итгэхэд хамгийн том нөлөөтэй нөхцөл байдал шүү.

Багш таны цаг хугацааг цэгцтэй мэдлэг өгч хэмнэдэг ч багш та хоёр өөр өөрийн сурах арга барилтай учраас багш бол хязгаардагдмал цаг хугацаанд танд тусалж байх хүн гэдгийг ойлгох хэрэгтэй.

Богино хугацааны шалгалтын асуултад хариулах зорилготой эрчимжүүлсэн сурах арга барилыг intensive learning гэдэг. Харин олж авсан мэдлэгээ зэврүүлэхгүйн улам зүлгэж байх арга барилыг extensive learning style гэнэ. Энэ хоёр нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох аргагүй. Extensive гэдэг чинь урт хугацаанд зуршил дээрээ тулгуурлаад байнга суралцаж байхыг хэлнэ. Intensive гэдэг нь богино хугацаанд зорилго тавиад, шалгалтын арга барилд суралцаж оноо авахыг хэлнэ. Тэгэхээр та ганц ч бүтэн ном англиар уншиж үзээгүй хэр нь хэн нэгний бэлэн орчуулсан үгийг хуулж бичээд, төсөөлж цээжлээд IELTS TOEFL-ийн шалгалт өглөө гэхэд гадаадад очсон хойноо хэлнээс гадна соёлыг нь мэдэхгүй олон талт сэтгэлгээ байхгүй тохиолдолд хэл мэддэггүй хэвээр л байна. Тэгэхээр өмнө хэлсэнчлэн зорилгоо тодорхойлоод, арга барилаа зөв олж авах нь чухал.

Хүн болгон бие даан хичээлээсээ гадуур өөрт бүрэн ойлгогдох номыг англиар уншихыг тогтмол болгон сурахыг extensive reading аргачлал гэнэ.

Тэгэхээр хэн нэгэн надад тусална байх гэж хүлээлгүй, эсвэл төгс төгөлдөр ярьж бичиж эхэлнэ гэж хүлээхээ болиод одоо байгаа мэдлэг дээрээ суурилаад, англи хэлээр уншдаг бичдэг цаашаа ярьдаг болъё гэвэл extensive reading аргачлал танд яг тохирно.

-Өмнө нь гурван удаагийн марафон зохион байгуулагдсан. Энэ удаагийн “Creative Reading Marathon”-ны өмнөх марафонуудаас ялгарах гол онцлог юу вэ?

-Энэ удаагийн англиар унших марафоны давуу тал нь дээр дурдсан төгс болох хүртэлээ хойш нь тавиад байдаг бичих чадвар болон тогтмол унших, сонсох дадал үүсгэх дээр илүү их даалгавар гүйцэтгэх марафон болно. Өмнөх марафонууд хэр богино хугацаанд олон үг унших эсэх талаар байсан бол энэ удаагийн марафон маань уншихаас гадна бичих чадварыг хөгжүүлэх зорилготойгоороо илүү бүтээлч болсон байгаа. Тэгэхээр та уншаад чимээгүй өнгөрөх бус, өөрийн бодлоо англиар бичиж үлдээх боложтой болж байгаа юм. Мөн уншаад төрсөн сэтгэгдэлийг англиар бичсэнийг оролцогч тус бүрийн Online writing teacher буюу мэргэжлийн багш систем дээр засаад явах тул та өөрийн бичсэнийг багшийн зассантай харьцуулан харах боломжтой болсон. Уншаад ойлгодог болчихсон бичих чадвараа яаж дээшлүүлэх тал дээр гацсан байгаа уншигчдад маш том боломж болно. Дуртай номоо уншаад сэтгэгдлээ бичээд мэргэжлийн багшаас зөвлөгөө авах боломжтой болчихно. Үүгээр зогсохгүй киндл болон Xreading цахим номын сангийн эрх, хамтран зохион байгууллагын  гэх мэт олон шагналууд оролцогчдыг хүлээж байгаа. Хөл хориотой үеийг ашиглаад үнэхээр өөрийнхөө хэлийг сайжруулахаар шийдсэн хэн бүхэн яг одоо эхлээд эхний алхамаа хийгээд үзээрэй гэж хэлье.

Англи хэлний ямар түвшний мэдлэгтэй хүн оролцож болох вэ?

-Марафонд оролцогчид маань Xreading цахим номын сангаас өөрийн түвшинд тохируулж номоо сонгон унших болохоор анхан шатны англи хэлний мэдлэгтэй хүн ч гэсэн оролцох боломжтой. Одоогоор Xreading цахим номын санд 25 хэвлэлийн компанийн анхан шатнаас эхлээд ахисан хүртэл 15 түвшинд 1100 гаруй англи ном бий. Номын тоо болон хэвлэлийн компани тус цахим номын санд тасралтгүй нэмэгдэж байдаг.

-Таны хувьд Англи хэл дээр уншсан номынхоо сэтгэгдлийг бичсэн хүмүүст давхар зөвлөгөө өгч алдааг засч өгдөг гэж ойлголоо. Өмнөх “Reading Marathon”-уудад оролцож байсан оролцогчдоос онцлох арга барилтай, бусад залуус тэрхүү арга барилыг нь ашиглаад үзвэл үр дүнтэй гэх оролцогчдын туршлагуудаас хуваалцаач? 

-Маш олон сайн оролцсон уншигчийн дунд нэг нийтлэг шинж байдаг нь тэд их завгүй хүмүүс хэр нь хамгийн амжилттай марафонд оролцсон байгаа. Тэгэхээр уншихад цаг гаргах тийм ч хэцүү биш. Хамгийн гол нь англи хэлээ сайжруулах зорилго нь тодорхой, мөн цагийн менежмент сайтай байхад л хангалттай их зүйлийг амжуулж чадна. Хэрэв та ажилладаг бол өглөө эрт 20-30 минут гаргаад өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Зарим шилдэг оролцогчдын туршлагаас харж байхад уншиж байхдаа төвлөрүүлэх хөгжим сонсох арга нь бас их таалагдсан.

Өмнөх оролцогчдын туршлагыг ЭНД-ээс үзнэ үү.

Уншигч та англи хэл дээр өөрийн түвшинд тохирсон номыг хэрхэн уншиж болох талаар болон “Creative Reading Marathon”-ий талаар дэлгэрэнгүй мэдээллийг Lingors (https://www.facebook.com/lingors/) албан ёсны фэсбүүк хуудас мөн Extensive readers in Mongolia фэйсбүүк группээс аваарай.  (https://www.facebook.com/groups/730525186962747/)

Утсаар мэдээлэл авахыг хүсвэл 75059025, 9900-9025 дугаараар холбогдоорой.

Н.АХМАРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж