Путины хамгийн том сорилт

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Путины хамгийн том сорилт

Путины хамгийн том сорилт

Хэрэв коронавирус гараагүй байсан бол энэ цаг үе ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины хувьд маш чухал цаг үе байх байлаа. Энэ сарын 22-нд тус улсад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга болох байв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Путин Орос улсыг 83 нас хүртлээ буюу 2036 он хүртэл удирдах боломж бүрдэх байсан. Гэтэл өнөөдөр тэр засаглалынхаа хамгийн том хямралтай нүүр тулж, коронавирусийн цар тахлыг хохирол багатай даван туулах арга замыг эрэлхийлж сууна. Цар тахлын хямрал зөвхөн Путин ч гэлтгүй дэлхийн бүхий л улс орны эрх баригчдын чансааг шалгаж, хүн төрөлхтөнийг шалгаралд оруулж байна.

Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 62 мянга даваад буй ОХУ-ын эдийн засгийн амин судас болох газрын тосны үнэ сүүлийн 20 жилд байгаагүй доод түвшинд хүрч, рубль үнэгүйджээ. Газрын тосны үнэ баррель нь 10 ам.доллараас доош унавал дотоодын нийт бүтээгдэхүүн 15%-иар буурч магадгүй гэж Оросын томоохон банк мэдээлэв.

Тус улсын Сангийн сайд асан Алексей Кудрин энэ жил ажилгүй оросуудын тоо гурав дахин буюу дахин найман саяар нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Мөн газрын тос, байгалийн хийн орлого 165 тэрбум доллараар буурч магадгүй ба улс төсвөө санхүүжүүлэхийн тулд олон улсын нөөц рүүгээ гар дүрэхээс өөр аргагүйд хүрнэ гэж "Норде" компанийн ахлах эдийн засагч Татьяна Евдокимова хэлсэн байна.

Москвагийн эдийн засгийн дээд сургуулийн профессор Сергей Медведев хэлэхдээ "Одоо болж буй хямрал нь Путины хувьд 20 жил засгийн эрхэнд байхдаа тулгарсан хамгийн том бэрхшээл байх болно. Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Тогтвортой байдал үгүй болж, Путины хууль ёсны эрх мэдэл багасч, улс төр, бизнесийн элитүүд хоорондоо зөрчилдөж, санал зөрөлдөөн бий болж эхэллээ. Ерөнхийдөө энэ дэглэм орших уу, эс орших уу гэдэг горим дээрээ байна” хэмээн хэлжээ.

Саяхан хийсэн судалгаагаар Путины нэр хүнд 2013 оноос хойшхи хамгийн тааруу үзүүлэлтэд хүрсэн байна. Оросын өмнөд хэсэгт энэ долоо хоногийн эхээр “Хөл хориог цуцлах, эсвэл бизнес эрхлэгчдийг дэмжих”-ийг шаардаж бизнес эрхлэгчид жагсчээ. Тэд Засгийн газар хямралын үед хувийн секторуудаа хангалттай дэмжихгүй байна хэмээн гомдоллов. Кремль уг жагсаалыг хууль бус гэж үзэж байгаа ч тэдний санаа бодлыг сонсох нь чухал гэдгийг онцолжээ. Мөн бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг боловсруулахаа ч амлав.

Оросын ард иргэд эмийн сангаас хамгийн наад захын парацетамол эм хүртэл олдохоо байсан тухай гомдоллож, АНУ-д онгоц онгооор нь тусламж илгээсэн Путиныг мөн л шүүмжилжээ. Тэд "Гадаад улсууд руу тусламж явуулснаар дотоодын хангамж хүрэлцэхгүй байна" гэв.

Цар тахал хяналтад байгаа гэж мэдэгдсэн ч тус улсад өдрөөс өдөрт халдвар авагсдын тоо эрчимтэй нэмэгдэж, хамгийн их халдвар тархсан 10 улсын эгнээнд орж ирлээ. Гэхдээ тэр хүчирхэг хэвээр. Путин өөрийн мэдэлдээ телевиз хэвлэлтэй, цагдаа нар нь аливаа жагсаал цуглааныг зогсооход сайтар бэлтгэгдсэн, шүүх засаглал нь хатуу хууль, тогтоомжоор жагсагчдыг шийтгэхэд бэлэн гэдгээ харуулсаар ирсэн.

Эх сурвалж: NYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж