Одоогоос яг жилийн өмнө Монголбанкнаас Капитал банкийг албадан татан буулгаж буй талаар мэдээлж байв. Тодруулбал, Төв банкны тухай, Банкны тухай хуулийн дагуу Капитал банкинд зохих арга хэмжээ авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөр шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадаагүй. Мөн банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн тул тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй гэж үзээд, албадан татан буулгах шийдвэр гаргасан талаараа мэдэгдсэн юм.
Уг банкны харилцагч 30 гаруй мянган иргэн 260 тэрбум төгрөгөөр хохирсон бөгөөд хохирогчдын 90 хувь нь 2017 онд хадгаламж нээлгэсэн тэтгэврийн иргэд байв.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 дөрөвдүгээр сарын 9-ний өдөр мэдээлэл хийхдээ, Капитал банкинд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан. Тодруулбал, тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус тус энэ банкинд байршиж байжээ. Мөн тэрбээр Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөгийг Н.Мөнхбат тус банкны захирлаар ажиллаж байх үедээ байршуулсан тухай онцолж байв. Сангийн сайд Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болж, санхүүжилт гаргаж өгөх боломжгүй байсан гэж тайлбарласан.
Банк дампуурсан хэрэгт холбогдуулан Капитал банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я, Зээлийн газрын захирал Д нарыг цагдан хорьсон билээ.
Тэднийг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган шалгаж эхэлсэн байдаг. Тэдэнд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.
Өнгөрсөн Лхагва гариг (2020.04.22)-т Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны эхний улиралд Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танхилцуулсан. Энэхүү мэдээллээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй “Капитал банк”-ны эрх хүлээн авагчдад холбогдох хэрэг анхаарал татсан юм. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Ж.Амаржаргалаас тодрууллаа.
Нэхэмжлэгч тал тус банкнаас төлбөр авагч нарт олгох дарааллыг үндэслэлгүй тогтоосныг өөрчлүүлэх тухай гомдол гаргаж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчдын гаргасан тайлбар, банкны эрх хүлээн авагч, НДЕГ-тай байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4-т заасныг удирдлага болгон Банкны тухай хуулийн 73.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын сангийн “Капитал банк” ХХК-д байршиж байсан мөнгөн хадгаламжийн 104 206 000 000 төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.8-т заасан Засгийн газар төлөх өр төлбөр, албан татвар гэсэн дараалалд оруулсныг хүчингүй болгож, мөн хуулийн 73.1.5-т зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийн дараалалд оруулахыг “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгасан байна.
Сонирхуулахад, Нийгмийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэлийн шаардлагадаа “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны есдүгээр сарын 19-ний А/69 дугаартай тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан дараалалд бүртгэгдсэн НДЕГ-т хамаарах 104 /140 699 902.46/ төгрөгийг хүчингүй болгуулах, мөн банкны эрх хүлээн авагчийн 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний 2050 дугаартай албан бичгээр баталгаажсан, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны 99 дугаартай албан бичгээр баталгаажсан, нийт 104 206 699 902.46 төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.5-д заасан дараалалд хамруулан бүртгэхийг даалгах”-ыг хүсчээ.
Энд Нийгмийн даатгалын сангийн “Капитал банк” ХХК-д байршиж байсан мөнгөн хадгаламжийн 104, 2 тэрбум төгрөгийг Засгийн газрын төлөх өр төлбөр, албан татвар гэсэн дараалалд оруулсан нь асуудал үүсгэж буй юм.
Энэ нь банк, засаг хоёрын хооронд мөнгөний асуудал гарч, тус банкийг эрх мэдэл бүхий хүмүүс “зориуд” дампууруулсан байж болзошгүй гэсэн хардлагыг олон хүнд төрүүлжээ.
Хэрэг ид мандаж байх үед “Капитал” банкны хохирогчдын холбооны хуулийн зөвлөх Ц.Баттуяа “Дампуурах гэж байгаа банканд ийм их хэмжээний мөнгө аваачиж хийгээд санаатайгаар дампууруулсан гэж үзэж болохоор байна. Үүнд Сангийн яам, Монголбанк шууд буруутай. Үүн дээр 1,200 иргэнээс гадна гурван сая монгол хүн хохирчихоод байна” хэмээн мэдэгдэж байсан. Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Би "Капитал" банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Гэхдээ тус банкийг татан буулгах шийдвэр гаргасныг улс төрийн нөхцөл байдал орсон гэж бодож байна хэмээх тайлбар өгч байв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ