Халдварт өвчний сургаар цусаа өгөх хүн “олдохгүй” байна

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Халдварт өвчний сургаар цусаа өгөх хүн “олдохгүй” байна

Халдварт өвчний сургаар цусаа өгөх хүн “олдохгүй” байна

Коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 213 улсад “зөөвөрлөгдөн” улс орнуудыг сандаргаж байна. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас хүмүүс хөл хорионд орж байгаа нь цусны нөөц хомсдоход хүргэжээ. Олон улсад цус, цусан бүтээгдэхүүний нөөц 50 хувиар буурч, доноруудын идэвх ч суларсан байна. Монголд ч бас цус, цусан бүтээгдэхүүний нөөц, эмнэлгүүдийн захиалга нэгдүгээр сараас хойш арван хувиар буурчээ.

Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд нийт 2517 хүнээс явуулын цус цуглуулах байдлаар цус авсан бол суурин буюу цус цуглуулах төвүүдэд 3734 хүн цусаа өгчээ. Тоон баримт сөхвөл, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 6229 хүнээс цус авсан байна. Харин өнгөрсөн оны мөн үед 7002 хүн цусаа өгч, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж байж.

Цусаа өгөх хүний тоо багассан нь халдварт өвчний улмаас их, дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой. Нөгөө талаас үхлийн аюултай хэмээх коронавирусийн халдвараас хүн бүр урьдчилан сэргийлж цусаа өгөх хүний тоо ч багассан байна. Учир нь зүү тариур, цусаар дамжин халдвар авах эрсдэлтэй гэж үзэх хандлагаас үүдэлтэй. Цусаа өгөх хүн олдохгүйд хүрвэл хүний амь нас, цаашлаад үндэсний аюулгүй байдлын асуудал ч үүсэх эрсдэлтэй. Цусны нөөцийн асуудлаар Анагаах ухааны доктор, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяртай цусны нөөцийн асуудлаар ярилцлаа.


-Коронавирусийн халдварын улмаас дэлхий нийтэд цусны хомсдол үүсээд байна. Манай улсад өнөөдрийн байдлаар цусны нөөц хэр байна вэ. Үүнд хэрхэн анхаарч байна?

-Дэлхий дахинд хөл хорио тогтоосноос үүдэн цус цуглуулалтын үзүүлэлт буурсан. Хөл хориог бүтэн тогтооход цус цуглуулахад хүндрэл үүсч байгаа юм. Ялангуяа богино хугацаанд хадгалдаг нөөц үүсгэдэггүй бүтээгдэхүүнүүд маш их эрсдэл бий болгосон тохиолдол олон улсад байна. Ерөнхийдөө цус цуглуулалт коронавирусийн халдварын улмаас дэлхий нийтээр 50 хувиас доош орж буурсан үзүүлэлт байна. Тухайн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс хамаарч зарим улсад 50 хувиас доошгүй буурч, богино хугацаанд арга хэмжээ авч 30 хувиар өсгөсөн гэх мэдээллүүд бий. Монгол Улсын хувьд нэгдүгээр сараас хойш урьдчилан сэргийлэх онцгой арга хэмжээнүүд авсан.

Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хувьд одоогоор хангалттай байгаа. Эмнэлгүүдийн захиалгыг бүрэн олгодог. Гэхдээ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эмнэлгүүд төлөвлөгөөт мэс заслуудаа хойшлуулсан тул тодорхой хэмжээгээр цусны захиалга буурсан.  Ер нь тайван үеийн нөөцөө бид хадгалсан.

-Их, дээд сургуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон төдийгүй халдварт өвчний дэгдэлтийн энэ цаг үед цусаа өгөх хүн олдохгүй байна гэх мэдээлэл байна?

-Олон улсад цусны донорыг идэр залуусаар бүрдүүлэх зөвлөмж өгдөг. Учир нь нийгмийн хамгийн эрүүл хэсэг бол оюутан залуус. Тэд цусны донор өгөх хамгийн боломжтой хүмүүс юм. Энэ үүднээс Монгол Улсад доноруудын өндөр хувийг оюутан залуус эзэлдэг. Статистикаас харахад 150 мянга орчим оюутан байгаа нь өндөр үзүүлэлт. Дэлхий нийтэд коронавирусийн халдвар дэгдэхээс өмнө манай төв явуулын цус цуглуулалт зохион байгуулах ажлыг хоёр сараар төлөвлөсөн ч нэгдүгээр сард хөл хорио тогтоосноор хүчингүй болсон.

Ердийн үетэй харьцуулахад коронавирусийн халдварын талаарх мэдээлэл гарсны дараа цусаа өгөх хүмүүсийн тоо эрс буурсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс ямар нэгэн байдлаар эрсдэл үүсэх вий гэдгээс айж болгоомжилж буй хандлага байгаа.

Гэхдээ бид эмнэлгүүдийн захиалсан бүтээгдэхүүнүүдээ хэвийн өгч байна. Цусны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, эмнэлгүүдийн захиалгыг тасалдуулахгүйн тулд Цусны төвийн багийнхан хэлэлцэж нийгмийн сүлжээ, цахим орчинд доноруудаа идэвхжүүлэх, хувь донорууд руу хандсан мэдээллүүдээ цацаж, уриалга гаргаж ажилласан. Мөн нэг дор олон хүн цуглуулахгүйгээр цус цуглуулалтаа авсан. Өнгөрсөн сарын статистик мэдээллээр 3712 хүн цусаа өгсөн байна. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 6229 хүнээс цус цуглуулжээ. Үүнийг өнгөрсөн гурван жилийн мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар буурсан. Гэхдээ энэ бол бусад улс орнуудтай харьцуулахад сайн үзүүлэлт юм. Ер нь дэлхий нийтэд төдийгүй Монголд ч бас доноруудын идэвх суларч байна.

-Цаашид цусны нөөцийг тогтвортой хадгалахын тулд эрсдэлийн үеийн төлөвлөгөө боловсруулсан уу?

-Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгасан тул цаашид эрсдэлээ тооцож, цусны нөөцийг тогтвортой хадгалахад анхаарч байна. Учир нь жил бүрийн долоо, наймдугаар сард амралтын улирал таарч, донор цөөрдөг. Энэ жилийн хувьд донор цөөрөх эрсдэл байгаа учраас зарим арга хэмжээ авч байна. Тухайлбал, бүлгийн хамааралтай цусны хомсдол үүсэх эрсдэлүүд байгаа учраас хоёрдугаар бүлгийн цусны эрэлт, хэрэгцээг хангахын тулд хоёрдугаар бүлгийн цустай доноруудаа идэвхжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Одоогоор бүтэн хөл хорио тогтоогоогүй учраас ямар нэгэн хүндрэл үүсээгүй. Хэрэв бүтэн хөл хорио тогтоовол цусны нөөц, цуглуулалтад маш том эрсдэл хүндрэл үүснэ. Тиймээс эрсдэлийг даван туулах төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа юм.

-Доноруудын идэвх суларч байгаа нь цусны нөөцийн хомсдол үүсэх эрсдэлтэй. Иймд цус цуглуулах ажлыг хэрхэн зохион байгуулж байна?

-Цусыг өглөө 08:30-13:30 цаг хүртэл цуглуулдаг байсан. Одоо цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 08:30-15:30 цаг хүртэл цус цуглуулах үйл ажиллагааг гурван төвд зохион байгуулж байна. Бид нэг хүний цуснаас улаан эс, сийвэн, ялтаст эсийн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Энэ нь та нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амийг аварч байна гэсэн үг. Ялангуяа сийвэнгийн бүтээгдэхүүнийг өдрийн хоолноос өмнө цуглуулахыг хичээдэг. Манай төв гэхэд нэг дор 20 гаруй донороос цус цуглуулах боломжтой. Сүхбаатар дүүргийн харъяа цус цуглуулах төв, Дүнжингарав нэг цэгийн худалдааны төвд цус цуглуулах ажил зохион байгуулж байна. Мөн аж ахуйн нэгжүүдээс цус цуглуулах явуулын баг ажиллуулж байгаа юм.

Хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоосон байгаа энэ үед тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Бямба гариг бүр цус цуглуулах ажлыг эхлүүлнэ. Ингэснээр долоо, наймдугаар сард үүсч магадгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой.

Цусны нөөцийг тогтвортой байлгах нь чухал учраас бид онцгойлон анхаарч ажиллаж байна. Тэгэхээр одоогоор цусны нөөц хүрэлцэхгүй, хомсдолд орсон гэх асуудал байхгүй.

-Коронавирусийн шинж тэмдэг мутацид орж, сүүлийн үед шинж тэмдэггүй өвчтөнүүд их байна. Тэгэхээр шинж тэмдэггүй өвчтөн цус өгөх, улмаар халдвар тархах эрсдэлтэй юм биш үү?

-Коронавирусийн халдвар нь бүдэг балархай шинж тэмдэгтэй, зарим үед шинж тэмдэггүй өвчлөлүүд байгаа тул бид асуумж судалгаанд илүүтэй анхаарч байна. Мэдээж тухайн донороос цус авахаас өмнө 30 асуулттай асуумж бөглүүлнэ. Дараа нь мэргэжлийн эмчийн нүүр тулсан ярилцлагууд хийдэг. Халдвартай холбоотой нарийвчилсан асуумж авсны дараа цус авч байгаа. Бид бүхэн олон улсын дүрэм журмыг мөрдөж байна. Одоогоор дэлхийд цусны донороос халдвар тархсан тохиолдол бүртгэгдээгүй.

-Гэхдээ нэгдүгээр сард цусны нөөц 50 хувиар буурах эрсдэлтэй байна гэсэн. Ямар учраас ийм мэдээлэл өгч байсан бэ?

-Цусны урт хадгалалтын нөөцөд санаа зовохгүй байж болно. Бидэнд хангалттай нөөц бий. Харин нөөц үүсгэдэггүй 3-5 хоног хадгалдаг, 49 хүртэлх хоног хадгалах боломжтой цусан бүтээгдэхүүн тодорхой хэмжээний нөөцтэй ч хэрэв нөхцөл байдал хүндэрвэл яах вэ гэдгээ илүү тооцож, нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Аливаа нэг асуудлыг хүндрүүлсний дараа нь зарлах бол хамгийн муу хувилбар юм. Энэ ч үүднээс  мэргэжлийн байгууллагын хувьд эрсдэлээ урьдчилан тооцох хэрэгтэй. Тиймээс олон улсын статистик мэдээлэлд үндэслэн эрсдэл байна гэдгийг урьдчилан тооцож, цусны нөөцөө тогтвортой хадгалахын тулд дээрх мэдээллийг өгсөн. Одоогоор тайван үеийн цусны нөөцөө тогтвортой барьж байна. Тиймээс долоо, наймдугаар сард ямар нэгэн хүндрэл үүсэхгүй.

-Гамшгийн тухай хууль болон Донорын тухай хуулиар төрийн болон аж ахуйн нэгжүүд цусаа өгөх үүрэгтэй. Хэрэв нөхцөл байдал хүндэрч, цус өгөх хүн олдохгүй байх нөхцөлд уриалахгүйгээр иргэдээс цус цуглуулах уу?

-Коронавирусийн халдварын цар тахал бол бидний хувьд их шинэ нөхцөл байдал. Дэлхий нийтэд төдийгүй Монгол Улсын хэмжээнд шинэ нөхцөл байдал, орчин бүрдээд байна.

Хэрэв бүтэн хөл хорио тогтоосон нөхцөлд бид одоо байгаа нөөцөд тулгуурлаж өмнө нь цусаа өгч байсан доноруудаа илүүтэй түшиглэсэн байдлаар цус цуглуулна.

Хэрэв ховор бүлгийн цус хэрэгтэй болбол өмнө нь цусаа өгч байсан донортой холбогдож, тухайн хүн зөвшөөрсөн тохиолдолд цусыг нь очиж авах хэлбэр лүү шилжинэ. Мэдээж бид ийм эрсдэл рүү орно гэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхаарч байна. Иймд аливаа эрсдэлээс сэргийлэх нь л хамгийн чухал. Хэрэв цусны нөөцөө хангалттай хэмжээнд барьж чадвал 21 хоногоор зохицуулалт хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, зайлшгүй шаардлагатай хүмүүсийн цусны хэрэгцээг хангаж болно.

-Богино хугацааны нөөцлөх боломжгүй цусны хадгалалт, хүрэлцээ хэр байна вэ?

-Урьдчилсан тооцооллоор удаан хугацаанд хадгалдаг сийвингийн бүтээгдэхүүн хангалттай хэмжээний хүрэлцээтэй байна. Энэ бол урт хугацаанд хадгалж болох нөөц. Мөн улаан эсийн бүтээгдэхүүнийг 42-49 хоног хадгалах боломжтой. Энэ бүтээгдэхүүнийг өмнө нь долоо хоногоор тооцдог байсан бол одоо хугацаа нь харьцангуй уртассан. Энэ хугацаанд ховор бүлгийн цусан бүтээгдэхүүний хадгалалт сулрахыг үгүйсгэхгүй. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд хоёрдугаар бүлгийн цусны улаан эсийн нөөц бусад бүлэгтэй харьцуулахад бага байна. Иймд хоёрдугаар бүлгийн цустай доноруудыг дуудах байдлаар арга хэмжээ авч эхэлсэн.

Харин ялтаст эсийн бүтээгдэхүүнд нөөц үүсгэж болдоггүй учраас өнөөдөр хэн нэгэн цус алдах, эмчилгээнд нь шаардлагатай байгаа хүмүүст эмнэлгүүдийн захиалгын дагуу олгодог онцлог бүтээгдэхүүн. Тус бүтээгдэхүүн нь нөөц үүсгэдэггүй учраас бид өдөр бүр цус цуглуулахгүй л бол ялтаст эсийн бүтээгдэхүүн олоход хүндрэл үүснэ гэсэн үг.

Сүүлийн арван жилийн статистикаас харахад ялтаст эсийн бүтээгдэхүүний хэрэглээ 40 дахин нэмэгдсэн. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна гэж тооцсон. Тэгэхээр хөл хорио тогтооход нөөц үүсгэдэггүй бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэлтэй. Ерөнхийдөө өдөрт дунджаар 30-50 ялтас эсийн цусан бүтээгдэхүүний захиалга ирж байна. Үүнийг бэлдэхийн тулд 50 донороос цус авна л гэсэн үг. Энэ дашрамд дурдахад бид эрүүл хүнээс чанарын баталгаатай, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнээр эмнэлгүүдийг бүрэн хангах зорилгоор ажилладаг тул иргэн та эрүүл бол цусаа хандивлаарай.

-Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл цусны хэрэгцээ шаардлагатай хүмүүст цусны нөөц хангалтай хүрэх үү?

-Одоогоор бидэнд ямар нэгэн байдлаар цусны нөөцийн хүндрэл үүсэхгүй. Дотоодоо буюу хүн амын дунд халдвар тархаагүй, эрсдэлгүй байна. Хэрэв бүтэн хөл хорио тогтоосон үед эрсдэлийн үеийн арга хэмжээ авна. Тухайлбал, Улаанбаатарт хөл хорио тогтоовол орон нутгаас цус цуглуулах, орон нутагт хөл хорио тогтооход нийслэлээс цус цуглуулах байдлаар уян хатан зохицуулалтай арга хэмжээ авна. Харин бүтэн хөл хорионы хувьд үргэлжлэх хугацаанаас л шалтгаална. Хэрэв хоёр сар хорио цээрийн дэглэм үргэлжилбэл маш том хүндрэлүүд үүснэ. Гэхдээ цусан бүтээгдэхүүнийг орлуулах эмчилгээний аргууд байдаг тул ийм арга хэмжээ авах байдлаар ажиллана.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж