Сурвалжлага: Эрчүүд эхнэрээ ойлгоод харьдаг

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Эрчүүд эхнэрээ ойлгоод харьдаг

Сурвалжлага: Эрчүүд эхнэрээ ойлгоод харьдаг

“Эхнэр минь жирэмсэн байх үедээ ямар их хүнд цаг үеийг туулсныг ойлгоогүй явжээ. Энэ газарт ирээд төрөхийн өмнөх өвдөлтийг өөрийн биеэр мэдэрсний дараа эмэгтэй хүнийг жинхэнээсээ ойлголоо” гэж тэнд очсон ихэнх эрчүүд хэлдэг байна.  Эрчүүд өөрийнхөө хайнга занг буруутган, эхнэрээ улам их хайрлаж, ойлгоод явдаг тэр газрыг бид зорьсон юм. Тэр бол аав болсон, болох гэж байгаа залуучуудад төрөхийн өмнөх өвдөлтийг мэдрүүлж, тэдэнд ээжийгээ, ханийгаа, эмэгтэй хүнийг ойлгоход тусладгаараа онцлогтой газар.  Нэр нь "Энх төрөхүй жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв". Хэдий цахилгаан аппарат эрчүүдэд төрөхийн өмнөх өвдөлтийг хангалттай сайн мэдрүүлж чадахгүй ч 10-20 минутын өвдөлт мэпэрсэн эрчүүд эхнэрээ илүү их ойлгоход нь нөлөөлдөг аж. 

Эрчүүд аав болох үйл явцдаа бэлтгэдэггүй, эхнэртээ төдийлөн сайн анхаарал халамж тавьдаггүй. Үүнээс болоод залуу гэр бүлийн дунд үл ойлголцол үүсч, салж сарних нь бий. Тиймээс “Энх төрөхүй жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төв” нь хагас жилийн өмнө энэхүү үйлчилгээг нэвтрүүлжээ. Тус төвөөр хагас жилийн хугацаанд 25-35 насны 200-300 эрэгтэй, эхнэрийн хамт үйлчлүүлсэн байна. Өвдөлт мэдрэх чадвар хүн бүрт өөр өөр байдаг.  

Зарим эрчүүд өвдөлт огт мэдрэхгүй байна гэдэг бол зарим нь орилож, зарим нь бухимддаг гэнэ.  Зарим нь туршилтыг /өвдөлтийг/ давж чадалгүй зогсоохыг гуйдаг гэнэ. 

Дээрх үйлчилгээ нь  тус төвийн “Эмэгтэйчүүдийг ойлгох нь” сургалтын нэгээхэн хэсэг бөгөөд сургалт 30-40 минут үргэлжилдэг байна.

12 кг жинтэй хиймэл гэдэс зүүсэн эрчүүдийг 1-5 давхрын шат руу 4-5 удаа өгсүүлснээр шатаар өгсөж уруудуулна. Энэ нь жирэмсэн эмэгтэй шатаар өгсөж, уруудахад ямар хэцүү болох, ариун цэврийн өрөөнд  ороод суухад нуруун дээр нь хэр зэрэг ачаалал ирдэг болохыг ойлгуулах зорилготой юм айна.

Тухайлбал, хүндийн төв урагшаагаа нэг см-ээр урагшлахад л нуруун дээр арван кг ачаа ирдэг учраас жирэмсэн хүн амархан ядарч нуруу хөл нь өвдөж чилдэг байна.

Шатаар өгссөний дараа сургалтын өрөөг галуун цуваагаар гурван удаа тойруулаад, өрөөний буланд овоолсон гудас авахуулж, ор засуулахад засч чаддаг эрэгтэй хүн нэг ч байдаггүй. Эрчүүд том гэдсээ зүүсэн хэвээрээ дээшээ хараад хэвтчихэж ч чаддаггүй. “Бүтэж үхлээ, амьсгал боогдоод байна” гэлцдэг аж. Харин хамгийн сүүлд төрөхийн өмнөх өвдөлт мэдрүүлэх аппаратыг ашиглахдаа эрчүүдийн хэвлий хэсэгт электрод нааж, удирдлагаар өвдөлтийн түвшинг нэмэхэд хэвлийн булчин нь хүчтэй агшиж, өвдөлт нэмэгддэг аж. 

“ЭНХ ТӨРӨХҮЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СУРГАЛТЫН ТӨВ”-ИЙН ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ Д.ЦЭНДСҮРЭН:

-Монгол эрчүүд хэнэггүй. Эмэгтэй хүнийг ойлгохдоо муу. Хүүхдээ тээж, төрүүлж өсгөх нь эмэгтэй хүний  үүрэг гэж тэд ойлгодог. Тиймээс энэ бол буруу шүү гэдгийг ойлгуулахын тулд энэхүү үйлчилгээг оруулж ирсэн. Туршилтад орохоос өмнө зарим эрчүүд “Хүүхэд тээж төрүүлэх ямар ч асуудалгүй”, “Юухан байсан юм, ганц дүлээд л гаргачихна, “Юун сүртэй юм ганц хүүхэд гаргачхаад” гэсэн өрөөсгөл ойлголттой ирдэг. Харин туршилтын дараа буруу ойлголттой явснаа ухаарч, эхнэрийнхээ хатуужил, тэвчээрийг гайхаж, улам илүү хайрлаж эхэлдэг.  

Энд  ирсэн эрчүүд бүр  “Ингэж их өвддөг юм уу”, “Гэдэс ийм хүнд байдаг юм уу” гэлцдэг. Гэхдээ энэхүү аппарат нь хэзээ ч төрөх гэж байгаа эмэгтэйн өвдөлтийг эрчүүдэд бүрэн  дүүрэн мэдрүүлж чадахгүй. Зөвхөн төрөх өвдөлтийн арван хувийг л мэдрүүлж чадна. 

Ерөнхийдөө энэ нь эрчүүдийг эмэгтэйчүүдийг ойлгуулах зорилготой туршилт юм. Эрчүүд өвдөлтийг мэдрэх чадвар эмэгтэй хүнээс тэс өөр. Эрчүүдэд аппаратын хамгийн хүчтэй цохилтыг эхэнд нь мэдрүүлдэг. Тэр үеэс л эгц байсан нуруу нь бөгтийгөөд л, байн байн ариун цэврийн өрөө ормоор байна гээд зугтаад алга болдог. Энэ үйлчилгээний үр дүнд эмэгтэйчүүдээсээ “Манай нөхөр их өөрчлөгдсөн. Их халамжтай болсон” гэсэн үгийг сонсоод, хүнд хэрэгтэй үнэ цэнэтэй зөвлөгөө өгч байгаа юм байна даа гэж бодон урамшдаг.   

Ер нь жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй болон биед гарч байгаа өөрчлөлтийг нөхөр нь ойлгохгүй болохоор эмэгтэйчүүд гомддог. Энэ их сэтгэлзүйн өөрчлөлтийг туулахад эмэгтэй хүнд заавал дэмжлэг хэрэгтэй. Тэр дундаа нөхрийн халамж, урмын сайхан үгс хамгаас чухал. Харин эрчүүд үүнийг огт ойлгодоггүй. Яагаад эхнэрийнхээ биед гарч байгаа өөрчлөлтийг хажууд нь байгаа нөхөр ойлгохгүй байгаа юм. Энэ бол хамтаараа л туулах асуудал. Эхнэр, нөхөр хоёр бүхий л зовлон, жаргалд хамт, уйлах үедээ уйлаад, инээх үедээ инээгээд хамт туулах ёстой. Ганц эмэгтэй хүнд ачаа үүрүүлж болохгүй.

Амьдралыг улам гоё болгохын тулд жаахан санаачилга гаргахад л хангалттай. Эрэгтэйчүүд нь санаачилга гаргаж, эмэгтэйчүүд нь дэмжиж, эсхүл эмэгтэй нь санаачилга гаргаж, эрэгтэй нь дэмжиж, эсхүл хоёул санаачилга гаргаж, бие биеэ дэмжиж чадвал амьдрал амттай шүү дээ.

Би хосуудад гэр бүлийн үнэ цэнийг хэзээ ч мартаж болохгүй шүү гэж хэлдэг. ”Би хангалттай хэмжээнд мөнгө олж байна”, “Миний ажлын байр бат тогтвортой” гэж бодсон үедээ буюу эдийн засаг болон бүх талаараа баталгаатай болсны дараа л хүүхдийг төрүүлэх ёстой. Түүнээс биш гэр бүл, хамаатан садан, найз нөхөд нь “Нас чинь явж байна. Хүүхэд гарга, оройтлоо” гэж шахаж яарууллаа гээд хүүхэдтэй болчхож болохгүй. Тухайн хүн хувийн амьдралаа сайн зохиохын тулд маш их бодох хэрэгтэй.  Гэтэл одоо үед танилцаад, 2-3 сар болоод хүүхэдтэй болоод хүнтэй суучихдаг явдал нийгэмд түгээмэл байна. Үүнээс болоод гэр бүлийн үнэ цэнэ үнэгүйдэж байна. Гадаадад бол найз залуу/бүсгүйтэй боллоо гэхэд олон жил хамт амьдарч, аялал зугаалга зэрэг бүх зүйлийг хийж байж тухайн хүний мөн чанарыг мэдэж авдаг. Гэтэл монголчууд хосын харилцааны гал ассан үе буюу эхний хоёр жилийн хугацаанд хүүхэдтэй болчихдог. Залуус дэндүү яарч байна, хариуцлага гэдэг зүйлийг мэдэхгүй байна. Би аав болж чадах уу, би ээж болоход бэлэн үү гэдэг үгийг өөрөөсөө асуугаад, бэлэн биш бол хүлээх хэрэгтэй. Дараа нь хүний өмнөөс хүүхэд гаргасан юм шиг хүнд ялархаад байж болохгүй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж