Монголын шүүх Э.Оюунболдын хэргийг хэрхэн шийдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Монголын шүүх Э.Оюунболдын хэргийг хэрхэн шийдэх вэ?

Монголын шүүх Э.Оюунболдын хэргийг хэрхэн шийдэх вэ?

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сенсаци дарагдаж, допингийн хэрэг явдлын зангилаа тайлагдаж чадахгүй байсаар дараагийн наадамтай золгох нь. Ойрын өдрүүдэд Үндэсний бөхийн түүхэн дэх хамгийн ил тод, эзэн холбогдогч нь тодорхой допингийн хэрэг эргэн сэргэж байна.


Уг хэргийн гол эзэн болоод буй Э.Оюунболд өөрийнхөө нэр төрийг сэргээлгэж, ДНК-ийн шинжилгээ хийлгэх, лабораторид байгаа шинжилгээг дахин шинжлүүлэх хүсэлт гаргасан. Тэрбээр тухайн үед “Б” сорьцын шинжилгээ өгөхөөс татгалзаж байсан бол одоо шинжилгээ дахин өгөх хүсэлтээ өгчээ. Угтаа бол бөхчүүд, тамирчид “А” сорьцын шинжилгээ гарснаас хойш 10 хоногийн дотор “Б” сорьцын шинжилгээгээ өгөх ёстой. Харин Үндэсний бөхийн салбар хорооноос Э.Оюунболдоос авсан шээсний шинжилгээнд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан.

Станазол төрлийн 5-10 мг бодис 10 хоног, мелдониум төрлийн 500-1000 мг бодис 4-6 долоо хоног, гидрохлортиазид төрлийн бодис 3.5 өдөр тус тус хүний биед хуримтлагдаж байж бүрэн ангижирдаг тухай drugs.com мэдээлжээ. Үүнээс харахад Э.Оюунболд тэр даруй шинжилгээ өгөөгүй нь учиртай.

Харин түүнтэй хамт допингийн хэрэгт холбогдсон улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох “А” сорьцын шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөхгүй “Б” сорьцын шинжилгээ өгсөн ч БНСУ-д шинжилсэн шинжилгээний хариу нь “А” сорьцтойгоо таарсан юм. Нөгөө талаараа Э.Оюунболдын зүгээс зохион байгуулалттайгаар түүний шээсний шинжилгээг сольсон, эсвэл дээрх бодисуудыг хольсон хэмээн гомдол гаргаад намар, өвөл, хаврыг үзээд байна.

Авлигатай тэмцэх газарт гаргасан түүний гомдлын мөрөөр хууль хүчний байгууллага явсан ч тусыг эс олсон. Энэ долоо хоногийн эхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс мэдэгдэл хийж "Баяр наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас Э.Оюунболдод унасан найман бөхийн (Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д.Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах, мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч” гэсэн хүсэлт ирүүлсэн. Эдгээр хүсэлтийг нь шүүх байгууллага хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах хорооны тогтоолтой холбоотойгоор гаргасан маргааныг түр хойшлуулжээ.

Мөн сүүлийн өдрүүдэд Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадам цуцлагдах талаар хүчтэй яригдаж эхлээд байна. Хэрвээ наадам хуваарийн дагуу зохион байгуулагдвал Э.Оюунболдын хэрэг бас нэгэн асуудал болно биз. Наадмаас өмнө энэхүү асуудлыг нэг тийш нь шийдвэрлэхгүй бол Э.Оюунболдыг барилдах эрхтэй гэж үзэх болно.

Та бүхэн санаж байгаа бол цагаан сарын барилдаанд Э.Оюунболдыг зодогловол олон бөхчүүд барилдахгүй гэдгээ зарлаж байсан. Гэвч цагаан сарын барилдаан covid-19 цар тахлын уршгаар зохион байгуулагдаагүй. Тэгтэл одоо наадам. Энэ янзаараа шүүх шийдвэрээ гаргаж чадахгүй, үүний улмаас ерөнхийлөгч Х.Баттулга ч Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасч, аварга цол болон түрүү бөхийн бай шагналыг нь хураах шийдвэр гаргаж чадахгүй наадамтай золгох нь.

Бөхчүүд ч бүтэн нэг жилийн хугацааг нэг наадамд зориулж бэлтгэлээ хийдэг тухай С.Мөнхбат аварга ярьсан. Нэг жилийн турш урсгасан хөлс, хүч, хөдөлмөрөө допингийн эсрэг зориулж “бойкот” зарлах нь хайран. Тиймээс Э.Оюунболд барилдвал дагаад барилдахаас өөр аргагүй байдалд хүрэхийг үгүйсгэхгүй.

Харин наадам цуцлагдвал түүнд нэр төрөө сэргээлгэж, цолоо бардам хүртэх, өөрийгөө допинг хэрэглээгүйг батлах дахиад хугацаа гарч ирнэ. Хамгийн муугаар бодоход л Э.Оюунболд наадам зохион байгуулагдвал нутгийнхаа бөхчүүдтэй л барилдана.

Үнэхээр тэрбээр улс төр, бохир спортын золиос болж хэрэгт гүтгэгдсэн үү, эсвэл түүнд допингийн шинжилгээг "аргална" гэж хэн нэгэн итгүүлж хэрэглүүлсэн үү. Хэнтий нутгийн хүү уг нь 2015 онд Дархан Аварга Б.Бат-Эрдэнээс хойш нутгийнхаа 16 жил тасраад байсан наадмын түрүүг 2019 онд 20 жил тасраад байсан аварга цолыг авчирсан юмсан.

Ямартай ч хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрийг бөхийн хорхойтнууд төдийгүй наадамладаг бүхий л монголчууд тэсэн ядан хүлээсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж