Коронавирус танил тал гэж ялгахгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Коронавирус танил тал гэж ялгахгүй

Коронавирус танил тал гэж ялгахгүй

Дэлхий олон орон коронавирусийн өмнө хүчин мөхөсдөж, олон арван мянган хүнээ цаг бусаар алдаад байгаа билээ.  Улс орнууд цар тахлын өмнө тэвдэж, хилээ хязгаараа хааж, иргэдээ гэрээс нь гарахыг хориглох хүртэл хатуу арга хэмжээ авч байна. Харин "Монгол Улс өнөөдөр дэлхийн диваажин байгаа" гэх Ерөнхий сайдын үг үнэн. Хэдийгээр төр засгаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч бусад улс орнуудтай харьцуулахад хорио цээрийн дэглэм харьцангуй “зөөлөн”, ажил, амьдрал хэвийн үргэлжилж буй.

Иргэд ч Эрүүл мэндийн яам болон төрийн байгууллагуудаас өгч буй “Амны хаалтаа зүү, ариун цэврийг сахь, гараа тогтмол угаа, гадуур битгий гар, хүнтэй битгий уулз” гэх зөвлөмжийг ухамсартайгаар дагаж мөрддөг болжээ. Өнөөдөр гудамжинд амны хаалтгүй  яваа хүн ховорхон болсон.

Ганц нэг зөрчлийг эс тооцвол, тусгаарлагдсан хүмүүс "чихнээс хонх уях"-аа больж, хэл ам татлах нь багассан байна. Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд ийнхүү дор бүрнээ хичээж байгаа нь сайшаалтай. Гэхдээ зөвхөн иргэд хичээх биш дарга, эрх мэдэлтнүүд ч гаргасан дүрэм, журмаа ягштал биелүүлж байж л энэ аюулт тахлыг эрсдэл, хохирол багатай давна.

Эрүүл мэндийн яамны зөвлөмж, сануулгыг эмч, цагдаа, хорооны ажилтан, хурган дарга, сайд хэн ч байсан дагаж мөрдөх учиртай. Энэ бол Монголын иргэн бүрний хүлээсэн үүрэг.

 Цар тахал Монгол Улсыг бүсэлчихсэн энэ нөхцөлд хэн нэгэн эрх мэдлээ хэтрүүлэх, болгоомж алдвал учрах аюул нь асар их. Тиймээс коронавирустэй холбоотойгоор гарч буй төрийн шийдвэрт  танил тал, ар өврийн хаалгаар асуудалд хандаж болохгүй.

Сонор сэрэмж алдах төдийд үндэсний аюулгүй байдал алдагдаж, нийтээрээ хохирч мэдэх эгзэгтэй үед танилын нүүр халуун гэгчээр төрөөс гаргасан шийдвэрийг дураараа зөрчих нь санаатайгаар хүний аминд хүрэхтэй адил гэмт хэрэг юм. Улсын онцгой комиссын шуурхай штабаас зөрчил гаргаж буй иргэдэд сануулга өгсөөр байтал хаана ч байсан “танил тал”-аа ашигладаг, танил талдаа үйлчилдэг өнөөх л  монголчуудын зан засрахгүй байгаа нь харамсалтай.

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учир хариуцлагын асуудлыг чангаруулна. Гаднаас ирсэн зорчигчдын тээшийг 14 хоног ариутгаад хадгална. Танил тал, дарга нараар яриулахаа болиорой” хэмээн анхааруулж байсныг энд тодотгоё. Энэ бол төрийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн ч танилдаа үйлчилдэг “танил тал”-ууд хэлсэн анхааруулга байв.

Хэдхэн хоногийн өмнө “Дрийм-1, 2” зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн 0.75 литрийн согтууруулах ундааг зочид буудлын хашааны завсраар бусдаас авах гэж байгаад баригдсан нь инээдтэй ч юм шиг, эгдүүцмээр ч юм шиг сэтгэгдэл олон хүнд төрүүлсэн нь лавтай. Үйлдэл дээрээ "гардуулсан" тухайн иргэний зөрчил хэнэггүй зантай холбоотой байж мэдэх ч “танилын халуун нүүр”-ээр туслуулсан байх магадлал өндөр. Тэрнээс эмнэлгийн хатуу хяналт дор тусгаарлагдсан хүн аль нэг амралтын газарт байгаа шигээ дураараа гарч орох, дуртай дэлгүүрээсээ архи худалдаж авах боломжгүй. Энд хэн нэгэн л "тусалсан" байж таарна.

Гэтэл архинаас том асуудал гарч болзошгүйн анхааруулга өгөгдөв. Улсын онцгой комиссын шуурхай хуралдаанаар хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 25-ныг хүртэл хязгаарласны цаана коронавирусийн халдварыг монголчууд дотроосоо алдсан байх магадлалтай гэх хардлага ч олон нийтийн дунд төрсөн юм. Ийнхүү хардахад хүрсэн шалтгаан нь  хамгийн сүүлд коронавирусийн халдвар илэрсэн тээврийн жолооч гэр бүлтэй холбоотой хариуцлагын асуудал хөндөгдөв.

Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрснээр Монгол Улсад 34 дэх тохиолдол батлагдсан бол удалгүй хамт явсан эхнэрээс нь гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр “Covid-19” илэрч 35 дахь тохиолдол батлагдсан. Энэ тоо бусад улс орнуудтай харьцуулахад өндөр биш ч аюул ойрхон байгаагийн нэг дохио.

Хэдийгээр тэдний ойрын хавьтал болох 50 хүнийг тогтоож, 29 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан ч давтан шинжилгээгээр эерэг гарахыг үгүйсгэхгүй.

ЦАР ТАХАЛ НҮДГҮЙ ТУЛ ХЭНИЙГ Ч ЯЛГАХГҮЙ, ТАНИЛ ТАЛ Ч ХЭРЭГГҮЙ

Хилийн боомтоор импортын бараа, хүнс болон нүүрсний тээвэрлэлтийг чанга дэглэм, хатуу хяналттай нэвтрүүлж байгаа ч ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирус илэрсэн нь олон асуудал, эргэлзээ дагуулаад буй. Учир нь, ОХУ-аас Алтанбулагийн боомтоор дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хил нэвтэрсэн ачаа тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирус илэрсэнтэй холбоотойгоор олон асуулт тавигдахад хүрсэн.  Хилээр бараа бүтээгдэхүүн, хүнс импортын тээвэрлэлтийг цагдаагийн байгууллагын хамгаалалт дор Улаанбаатар хот руу нэвтрүүлдэг.

Гэтэл ачаа тээврийн жолооч нь эхнэрийн хамтаар нийслэл рүү тээвэрлэлт хүргэх замдаа хүүтэйгээ уулзсан байж болзошгүй нь хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахад хүргэсэн  гэсэн яриа ч  олон нийтийн дунд гараад байгаа юм.

Хамгийн аюултай нь, өнөөдрийг хүртэл халдварыг тогтоон барьсан монголчуудын хичээл зүтгэл талаар болж, дотооддоо хүн амын дунд халдвар тархсан байх магадлалтай гэх хардлага, айдас  нийгэмд одоог хүртэл байгаа нь нууц биш. Учир нь тээврийн жолоочийн гэр бүлийн маршрут тодорхой болж, хавьтагчдын хүрээ "том".

Бидэнд олдсон мэдээллээр тухайн хоёр иргэний хүү нь эргүүлийн цагдаа ба тэд замдаа хоол иджээ. Үүнийгээ ч эмнэлгийн ажиглалтад буй эцэг эх нь хүлээн зөвшөөрч, мэдүүлсэн бол хүү нь хоолыг замд орхичхоод явсан гэж  мэдүүлэг өгч байгаа гэнэ. Мөн хүүгийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан гэх мэдээлэл байгаа юм.

Энэ асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнгөрсөн Мягмар гаригт /2020.04.22/ өгсөн тодруулгадаа “Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч гэр бүлийн хүний хамтаар замдаа хүүтэйгээ уулзсан үгүйг тодруулахаар эмч эмнэлгийн ажилтнууд, цагдаагийн байгууллага хамтран камерын бичлэг хянаж байна. Хүү нь эргүүлийн цагдаа юу, үгүй юу гэдэг нь камерын бичлэгээс тодорхой болно. Ер нь хувь хүн үнэнээ хэлэх ёстой. Тухайн жолооч болон түүний эхнэр хоёр бүх л үнэнээ хэлэх ёстой” хэмээсэн.

Харин Эрүүл мэндийн яамны өчигдрийн /2020.04.23/ мэдээллээр камерын бичлэг тодорхой болсныг зарласан нь иргэдийг бага ч болов тайвшруулсан биз ээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ “Алтанбулаг боомтоос ачаа тээвэрлэсэн жолоочоос Covid-19 илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн. Энэ хүний хүүхэд нь аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй юм байна гэдгийг хяналтын журмаар шүүж тогтоосон. Эргэлзэх хэрэггүй. Ажлаа хийж байгаа хүүхдийн хувьд ч хэцүү байна, зөв ойлгох хэрэгтэй. Бид цагдаа, тагнуулын байгууллагуудтай хамтран замын камер шүүсэн. Мөн тэр хүнээр өөрөөр нь маршрутыг нь хэлүүлнэ. Тэр хүн өөрөө үнэнээ хэлэх ёстой. Тэр хүний үнэн үг эхний маршрутыг тогтооно. Тухайн жолооч дөрөвдүгээр сарын 16-нд орж ирснээс хойш бүх бичлэгийг цэг болгон дээр нь хянасан. Замдаа дугуй нь хагараад зогссоныг хүртэл мэдэж байна” гэх тайлбар өгсөн билээ.

Гэхдээ хяналтын камераар тогтоогдсон нь үнэн бол аль бүсийн хяналтын камераар шүүснийг тодорхой зарлах хэрэгтэй. Учир нь Дарханы зам засвартай энэ үед тухайн бүсэд камергүй гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Улсын онцгой комиссоос Дархан, Сэлэнгэ рүү орж гарах замын хөдөлгөөнийг хязгаарласан нь  учиртай ч байж мэдэх юм.

Үнэхээр камерын бичлэгт тухайн жолооч, түүний гэр бүлийн хүн хүүтэйгээ уулзалгүй утсаар ярьсан бол сайн хэрэг. Хэрэв муугаар бодоход тэд халдвар авснаа мэдэлгүй хүүтэйгээ уулзаж, хүү нь ч бас төрийн нэр барьж, “танил тал”-аараа цагдаагийн хамгаалалтыг зогсоож эцэг эхтэйгээ хоол идсэн бол нэг гэр бүлд хариуцлага тооцсоноор дуусахгүй, нийт монголчуудын амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжигнэх асуудал үүснэ. Тиймээс Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс коронавирусийн халдвар батлагдсан сүүлийн хоёр тохиолдлыг болон хүүг нь мэдүүлгээ үнэнээр нь хэлэх хэрэгтэй гэх сануулга олон хүний эрүүл мэнд, амь насны хамгаалах асуудалтай салшгүй холбоотой учраас тэр.

Өнөөдөр нийгэмд хэн ямар статустай байх нь хамаагүй, үүргээ хүлээх үүрэгтэй. Үнэнээ хэлчихвэл би ажилгүй, амьжиргаагүй болчихно, танил тал маань балрах вий, хүмүүс гадуурхах байх гэсэн аминчхан бодлоос илүүтэй үнэнээ хэлэх нь халдварт өвчин голомтлон тархахгүй байхад тустай бөгөөд цаг хожино. Ямартай ч коронавирусийн халдвар илэрсэн Монгол Улсын 34, 35 дахь тохиолдол бидэнд маш том сануулга боллоо.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж