Сүүлийн үед маск зүүхийн ашиг, тусыг олон орон ойлгож, Европ, АНУ хүртэл иргэддээ маск зүүх, маск олдохгүй бол гэртээ гарын дор материал ашиглан хийж зүүхийг зөвлөх болсон билээ. Эмийн сан, дэлгүүрүүдээр үйлдвэрийн маск олдохоо байж, эмч нар хүртэл зүүх маскгүй болсноор эрдэмтэн, мэргэжилтнүүд гэртээ хэрхэн найдвартай маск хийж болох талаар эрчимтэй судалж эхэлсэн байна.
“Маск халдвар авах эрсдэлийг тэглэхгүй ч гэлээ ихээр бууруулж чадна” хэмээн вирус, вакцин, халдварт өвчин судлаач Санвей Лу хэлжээ. Түүний хэлсэнтэй дэд профессор Лоретта Фернандез, эмнэлгийн мэргэжилтэн доктор Грегөри Поланд нар санал нэгдэж, гэртээ хийсэн маск ч халдвар авахаас сэргийлэхэд өндөр үр дүнтэй хэмээгээд гэртээ найдвартай маск хийх дараах таван зөвлөгөөг хуваалцжээ.
Зөв материал сонго
Ихэнх хүмүүс гартаа тааралдсан ямар ч хамаагүй материалаар маск хийж зүүж байна хэмээгээд доктор Поланд “Сүүлийн үед даавууны тухай судалгаа их хийх болж. Үр дүнд нь чанартай, жишээ нь футболканы материал бол алчуур, ороолт зэргийн материалаас илүү үр дүнтэй нь харагдаж байна” гэж зөвлөжээ.
Нүүрэнд сайн таарах хэрэгтэй
Ямар ч материалаар хийсэн бай таны маск нүүрэнд маш сайн таарч байх нь хамгийн чухал. Фернандезийн судалгаанаас үзвэл маск хэр найдвартай байх нь материалаасаа бус нүүрэнд хэр таарч байгаагаас хамаардаг гэнэ.
Нэгээс олон давхарга хийх хэрэгтэй
Маскны материал нь олон давхарга буюу зузаан байх тусмаа вирус нэвтрэхээс хамгаалах боломжтой юм хэмээн Фернандез зөвлөжээ. Түүний олж мэдсэнээр шилэн триконы материалаар маскаа бүрвэл маскны хамгаалалт 50 хувь өсдөг аж.
Маскаа цэвэрхэн байлга
Маскаа юугаар ч хийсэн байлаа гэсэн цэвэрхэн байлгах нь хамгаас чухал. Маскаа тогтмол сольж цэвэрлэж байх нь вирусийн эсрэг том тэмцэл мөн. Эс бол бохирдсон маск халдвар авах эрсдэлийг ихэсгэхээс өөр нөлөөгүй хэмээн Лу, Поланд нар хэлээд “Маскаа цэвэрлэхдээ зүгээр л савандах, эсвэл угаалгын машинд хийхэд болно. Заавал нарийн халдваргүйжүүлэгч бодис гэх мэт шаардлагагүй” гэж зөвлөжээ.
Нэгээс олон масктай бай
Даавуун маскыг угаагаад хатааж хэрэглэнэ. Тиймээс дор хаяж хоёр маск ээлжилж зүүх шаардлагатай. Түүнээс гадна ямар нэгэн байдлаар маск тань санамсаргүй норлоо гэж бодоход түүнийг даруй солих хэрэгтэй. Нойтон маск халдвар татах эрсдэл ихтэй.
Эх сурвалж: AFP.COM
Холбоотой мэдээ