Үндсэн хуулийн цэц “амилсан” шалтгаан

Хуучирсан мэдээ: 2020.04.24-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэц “амилсан” шалтгаан

Үндсэн хуулийн цэц “амилсан” шалтгаан

Дэлхий нийтийг хамраад буй коронавирусийн цар тахлын улмаас олон байгууллагын үйл ажиллагаа түр гацаад байсны нэг нь Үндсэн хуулийн Цэц. Цэцэд олон гомдол хүлээгдэж байсан бөгөөд Лхагва гаригт хуралдаж, УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбоотой заалтыг “гэнэт” хэлэлцэж, зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн дунд суудлын хуралдаанаараа шийдэв.

Энэхүү гомдлыг иргэн Р.Гончигдорж тэргүүтэй хүмүүс гаргасан бөгөөд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргаан юм. Энэхүү маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж,  Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт болон Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоон, тус заалтуудыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргасан юм.

УИХ-ын Сонгуулийн тухай хууль:

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх

  • 6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
  • 6.3.Эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцоно гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт юм. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 36 нам бий.

Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр нэгэнт гарсан учраас шийдвэрийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор УИХ хүлээж авах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл Цэцийн их суудал хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргана.

Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг учраас шууд хэрэгжинэ. Харин УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах юм бол 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан УИХ-ын сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна гэсэн үг. Цэц нэгэнт дунд суудлын хуралдааны шийдвэрээ гаргасан учраас Их суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр бол өмнөх шийдвэрээсээ буцна гэсэн ойлголт бараг л байхгүй. Тиймээс УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авсан, эс хүлээж авснаас шалтгаалж 2020 оны УИХ-ын сонгууль зохион байгуулах хуульд гар хүрэхээс өөр аргагүйд хүрнэ гэсэн үг.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл сонгуульд оролцох эсэхээ 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх учиртай. Тэгэхээр Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ хүлээж авах эсэхээс үл хамаараад нам, эвслүүд СЕХ-нд бүртгүүлэх хугацаа энэ долоо хоногтоо дуусгавар болж буй.

Коронавирусийн цар тахлын улмаас Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа зогсч, Цэцээс “Коронавирус /Covid-19/-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд иргэд өөрийн биеэр ирэхийг аль болох хязгаарлаж өргөдөл, мэдээлэл, гомдлоо баталгаат шуудангаар илгээхийг зөвлөж” байсан удаатай. УИХ-ын сонгууль ердөө хоёр сарын дараа болно. Чухам яг ийм цаг үед Цэц УИХ-ын сонгуулийн хуульд “гар хүрэхээс” өөр сонголт үлдээхгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм. Цаг хугацааны хувьд ингэж таарав уу эсвэл цар тахлаас сэргийлж байсан Цэц гэнэт “амилав уу".

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж