
Өнгөрсөн жил манай орны ихэнх нутгаар зуд болж олон сая мал хорогдсон. Малчид байгалийн аюулт үзэгдлийн өмнө хүчин мөхөстсөн хэдий ч нөгөө талаар хадлан тэжээлээ сайн базаагүйгээс их хэмжээний хохирол амссан. Тэгвэл урьд жилүүдийн гашуун сургамжаас суралцаж ирэх өвлийн бэлтгэлийг хангах асуудалд Засгийн газар, салбар хариуцсан яам, орон нутгийн удирдлагууд онцгой анхаарал хандуулж байгаа. Тодруулбал аюулгүйн нөөцийн санд аймаг бүр 800-1350 тонн, сум тус бүр 50-180 тонн өвс бэлтгэхээр болжээ. Мөн малчин өрх бүр өвлийн хохирол багатай давахад анхаарч нөөц боломжоо ашиглан хадлан тэжээлээ нөөцлөх хэрэгтэйг сануулсан юм. Түүнчлэн хадлангийн бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг дэмжиж шаардлагатй техник, багаж хэрэгслээр хангах, тэжээлийн агуулах, хашаа саравч барих зэрэгт хөнгөлөлт үзүүлэх ажил хийгдэж байгаа гэнэ. Тухайлбал Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл,Төв, Булган зэрэг аймгийн газар тариалангийн бүс нутагт 100 гаруй трактор, өвс боох техникийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Энэ жил ихэнх нутгаар хур тунадас сайн унасан тул нийт нутгийн 70 орчим хувь нь зуншлага сайтай байгаа тухай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн хэлсэн. Харин зуншлага тааруу байгаа говийн бүсийн зарм аймгийн өвс тэжээлийн нөөцийг өөр аймгаас нөхөн бэлтгэх, отор нүүдлийн ажлыг эртнээс зохион байгуулах, нүүдлийн замыг тогтоох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
С.Отгон