Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзах үеэрээ коронавирусийн цар тахалтай тэмцэхэд нь зориулж ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Эрхүү мужид 1.0 сая ам.долларын мах махан бүтээгдэхүүнийг тусламж болгон илгээхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэснийг дуулгалаа.
Үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот, Орхон аймгийн махны үйлдвэрүүдээс авч, хөргөлттэй авто тээврээр нийлүүлэх юм байна.
“Юугаараа баян, түүгээрээ дайл” гэж Монголын ард түмэн хэлэлцдэг. Тиймээс бид эрдэмтэн судлаачид эмийн чанартай гэж үздэг, экологийн хувьд цэвэр, монгол малын органик мах, махан бүтээгдэхүүнийг ах дүү Буриадын ард түмэн, Эрхүү мужийн иргэдэд тусламж болгон илгээх гэж байна. Мөнхийн хөрш, найрамдал нөхөрлөлийн нандин сайхан харилцаатай манай хоёр орон хүнд хэцүү нөхцөлд бие биедээ тусалж, дэмжсээр ирсэн сайхан уламжлалтай. Бидний энэ өчүүхэн тусламж коронавирусийн цар тахлаас сэргийлэх, тэмцэхэд нь бага боловч тус нэмэр болоосой гэж хүсэж байна” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.
Тэрбээр ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцаж байгаа Монголын оюутан залуусыг эх орондоо буцахад нь бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан, мөн коронавирусийг илрүүлэх 500 тест илгээсэнд нь Оросын анд нөхөд, тэр дундаа Бүгд Найрамдах Буриад Улсын удирдлагад талархал илэрхийллээ.
Элчин сайд И.К.Азизов ах дүү Монгол Улсын энэхүү сайн санааны буцалтгүй тусламжид гүнээ талархан, баярлаж байна. Энэ мэдээг бид ОХУ, БН Буриад Улс, Эрхүү мужийн удирдлагад хойшлуулалгүй мэдээлэх болно гэв.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, ҮАБЗ, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлаас иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай авч хэрэгжүүлж, амжилттай ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хэдийгээр хорио, хязгаарлалт тавигдсан байгаа ч Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ОХУ-аас 160 мянган тонн улаан буудай нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно гэж мэдэгдлээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар коронавирусийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярьж, Монгол Улсын парламент цахимаар хуралдаж, цар тахалтай тэмцэх хууль тогтоомж, шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв.
Элчин сайд И.К.Азизов төрсөн өдөрт нь зориулан мэндчилгээ илгээсэнд талархсан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн талархлын цахилгааныг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгөв.
ЭХ СУРВАЛЖ: УИХ
Холбоотой мэдээ