"Валютын нөөц эдийн засгийн хүндрэлийн том ачааг үүрнэ"

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

"Валютын нөөц эдийн засгийн хүндрэлийн том ачааг үүрнэ"

"Валютын нөөц эдийн засгийн хүндрэлийн том ачааг үүрнэ"

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Covid-19 вирусийн цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт буурах шинжтэй байна. Монголбанкны зүгээс энэ онд эдийн засгийн өсөлтийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголбанк эдийн засгийн суурь төсөөллийг 1.8 хувь гэж харж байна. Энэ бол суурь төсөөлөл тул үүнээс ч доогуур түвшинд хүрэх эрсдэлтэй байна. Төв банк жилд дөрвөн удаа хуралдаж, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг танилцуулдаг. Тэгэхээр ирэх зургадугаар сард дээр төсөөлөл шинэчлэгдэнэ. Covid-19 вирусийн цар тахлаас улбаатай эдийн засгийн сулрал богино хугацааных гэж харахгүй байна, цаашид ч үргэлжилнэ. Гол нь өвчний эсрэг вакцин, эмчилгээнээс нөхцөл байдал маш их шалтгаална. Гэхдээ цар тахал намжсан ч түүхий эдийн үнэ богино хугацаанд сэргэхгүй байх эрсдэл байна. Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтөө 2.4 хувь руу буулгалаа. Ирэх оны эдийн засгийн төсөөлөл нь ч даруухан орж ирж байна. Тэгэхээр экспортын салбарт сэргэлт ажиглагдахгүй байна. Ямартай ч энэ оны төгсгөл хүртэл эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна.

-Төлбөрийн тэнцэл энэ оны эхний улиралд 360 сая төгрөгийн алдагдалтай гарлаа. Экспорт, импортын хувьд нөхцөл байдал ямар түвшинд байна вэ. Газрын тосны үнэ саяхан уналаа. Энэ нь Монголын эдийн засагт хэр нөлөөтэй гэж харж байна вэ?

-Монгол Улсын эдийн засагт хамгийн гол эмзэг зүйл бол гадаад сектор. Энэ оны төлбөрийн тэнцэл 1.5 тэрбумын алдагдалтай байна гэсэн урьдчилсан төсөөлөл байна. Өөрөөр хэлбэл, валютын нөөц буурах эрсдэлтэй. Экспорт энэ оны эхний гурван сарын байдлаар 42 хувиар буурсан, жилийн дүнгээрээ экспорт уналттай гарах нь тодорхой болж эхэлж байна.

Импортын хувьд газрын тос үнэгүйдэж байна гэж ярьж байна. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн импортолдог. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын татвар шингэсэн дүнгээр бид импортолдог гэсэн үг. Хоёрдугаарт, бид түүхий эд биш, газрын тосны бүтээгдэхүүн авдаг тул эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй зардал нэмэгдэнэ. Газрын тосны импорт жилд нэг тэрбум байдаг байсан бол одоогоор 600 сая ам.доллар руу буухаар байна гэсэн төсөөлөл байна. Цаашид үнэ буурвал 400 сая ам.доллар руу орох боломжтой.

Мөн гарах урсгалын хувьд ХХБ-ны 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ. Мөн оны төгсгөлд хувийн аж ахуй нэгжийн гадаад өртэй холбоотой 300-400 сая ам.долларын асуудал байна. Эдгээр нь төлбөрийн тэнцэл 1.5 тэрбумын алдагдалтай байхад хамгийн гол нөлөөлж буй хүчин зүйлс болно. Энэ үүднээс өнөөдөр төвлөрсөн валютын нөөц эдийн засгийн хүндрэлийн нэлээд том ачааг өөр дээрээ аваад гарна гэсэн үг юм.

-Азийн хөгжлийн банкны тайланд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын төлөвийг саяхан танилцуулсан. Энэ үеэр Монголын эдийн засаг 4 гаруй их наяд төгрөг илүүдэлтэй байна. Үүнийгээ эдийн засагтаа эргэлдүүлэх нь өнөө цаг үед авах ёстой арга хэмжээ гэж хэлж байсан. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Банкуудын эзэмшиж буй төв банкны үнэт цаас гэж бий. Тэр нь өнөөдөр 4.5 их наяд төгрөг байна. Үүний тал орчим хувь нь банкинд заавал хөрвөх чадвартай актив гэж байх ёстой бол нөгөө талаасаа зээл гаргахад бэлэн эх үүсвэр байна. Монголын эдийн засагт үүссэн нөхцөл байдал гэвэл зээл авах гэж буй тэр хэсэг нь өөрөө эрсдэлтэй гэж харагдаад байна. Үүнээс гадна өмнө нь зээл авчихсан иргэд чанаргүй эсвэл хугацаа хэтрүүлсэн зээлийг бий болгож байгаа тул банкууд зээл гаргах нь эрсдэлтэй гэж хараад байна. Үүнийг шийдэхийн тулд төсвийн дэмжлэгээр зээлдэгч талуудын санхүүгийн байдлыг сайжруулах итгэлийг арилжааны банкинд өгөх нь чухал. Хүчээр банкуудыг зээл өг гэж хэлж болохгүй, тэгэх юм бол чанаргүй эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өснө. Иймээс эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах төсвийн дэмжлэг чухал. Тэрхүү төсвийн дэмжлэг эдийн засагтаа ямар үр нөлөө үзүүлж байна вэ гэдгийг ажиглаж байна.

Нөгөө талаас бодлогын хүү бууж байна гэдэг бол банкийг зээл гаргах гарцаагүй байдалд оруулж байна гэсэн үг. Яагаад гэвэл банкууд 11 хувиар татсан эх үүсвэрээрээ 9 хувийн хүүтэй төв банкны үнэт цаас авахгүй. Эсрэгээрээ тэрхүү эх үүсвэрээ зах зээлд зээл болгон гаргана. Гэтэл зээлдэгч маань эрсдэлтэй гэж харагдаад байна. Иймээс төсвийн дэмжлэгээр иргэдийн, аж ахуй нэгжийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулж, банкуудад тэдгээр зээлдэгчдийг эрсдэлгүй гэдэг итгэлийг өгөх ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж