Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцууллаа.

Коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран Улсын онцгой комиссын коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан  “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг  байгуулаад  байгаа аж. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 1 хувь юм байна. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү гэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг төслийг соёрхон батлах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.

Сангийн сайдын танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Батзандан нар асуулт асууж хариулт авлаа. Сангийн сайд хариулахдаа, энэхүү 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийн 200-250 орчим сая ам.доллараар төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ. Харин эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн бүрэн хэмжээний бэлтгэлийг хангахад 30 сая ам.долларын зээлийн хүү нь 1 хувь, зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. 20 сая ам.долларыг цар тахлын нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зарцуулахаар төлөвлөжээ. Энэ санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн талаарх яриа хэлцэл COVID-19-ийн халдвар тархаж эхэлсэн үеэс буюу 2020 оны 02 дугаар сараас эхэлсэн гэлээ. Монгол Улсын Засгийн газраас цах тахлын үед шуурхай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны төслүүдэд дахин төлөвлөлт хийсэн байна. Одоогоор амьсгалын 70 гаруй аппарат, нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авч эрүүл мэндийн байгууллагуудаа хангаад байгаа талаар салбарын сайд Д.Сарангэрэл мэдээллээ. Хэлэлцэж буй хөтөлбөрийн хүрээнд амьсгалын 415 аппарат авахаар тусгагдсан, улмаар эрчимт эмчилгээний 500 орыг бий болгох, үйлчилгээг бэхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан учир санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.3 хувь нь дэмжиж, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав

Дараа нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулах шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэхэд тусгайлан бэлтгэсэн эмнэлгийг бүх шатанд бэлтгэх ажлын хүрээнд нийслэлийн 3 эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг болон орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдэд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий “Монгол Улсад COVID19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассиосаци хоорондын 13.1 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын 13.8 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг тус тус 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулжээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг төслийг хэлэлцэж, батлахыг дэмжсэн байна.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийг батлав

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэжиллээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банканд  хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохироод байгаа гэв. Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний  алдагдлыг бууруулах боломж бүрдэх аж. Тус төслийг ойрын хугацаанд хугацаа алдалгүй батлуулан, хэрэгжүүлж эхлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг байгуулаад байгаа талаар Сангийн сайд танилцуулгадаа дурдав. Байнгын хороо уг асуудлыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, соёрхон батлах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

Сангийн сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ш.Раднаасэд, Л.Элдэв-очир нар асуулт асууж, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авлаа. Цэнэг хураагуурын системтэй болсноор сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний оргил ачааллын үед системийн зохицуулалт хийх бололцоог бий болгож буйгаараа чухал ач холбогдолтой гэв. Одоогоор манай улс ОХУ-ын эрчим хүчний системтэй уялдуулан эрчим хүчний оргил ачааллынхаа зохицуулалтыг хийдэг байна.

Ийнхүү гишүүд тодруулга хийсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 47 нь буюу 85.4 хувийн саналаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлав.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан гишүүн танилцууллаа.

Коронавирус нь амьсгалын замын эд, эсийг гэмтээж, уушгины хатгалгаа үүсгэдэг урьд өмнө бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн халдвар. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дэлхийн 220-иод улсад 2.8 сая хүний өвчлөл бүртгэгдэж, нас баралтын тоо 190 мянгыг даваад байгааг төслийн танилцуулгын эхэнд хэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвар (СОVID-19)-ыг “цар тахал” хэмээн зарлаад байгааг дурдсан. Монгол Улсад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш тусгаарлан ажиглах байруудад 1669 хүнийг хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар гадаад улс орноос 35 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байгааг тэмдэглэв. Монгол Улсын хэмжээнд халдварт өвчин тархалт гарсан тохиолдолд хүн амыг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна хэмээн үзсэн байна. Манай улсад аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн баримт бичгийн хяналт, бүртгэл, дотоод болон хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлт, тархалтын хариу арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа юм. Тухайлбал, шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох журам, зааврыг батлах эрх төрийн байгууллагад хуулиар олгогдоогүй байгаа нь коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хүндрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Иймд дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрсэн коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хуулийн тодорхой зохицуулалт хийх шаардлага гарсан юм.

Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд мөрдөгдөх Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл 4 бүлэг 19 зүйлтэй байхаар боловсруулсан болохыг төсөл санаачлагч тэмдэглэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар,  Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр нараас хариулт авав.

Хорио цээрийн дэглэмийн үеэр боловсролын салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг зохион байгуулалтайгаар буруутгах, үүний эсрэг олон нийтийг уриалах асуудлууд гарч байгааг Ё.Баатарбилэг гишүүн дурдаад энэ асуудлыг зохицуулах ямар зохицуулалт төсөлд туссаныг лавлав. Цар тахлын үед олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цахим орчинд түгээх үзэгдэл байгаа тул “төөрөгдүүлэх худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг цагдаагийн төв байгууллага, харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгох”-оор төсөлд тусгаад байгаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаартар хариулт өглөө. Цар тахлын үеэр гадаад улс орнуудад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй байгаа түүнчлэн тухайн улс орондоо үлдэж буй иргэдтэй холбоотой ямар зохицуулалтыг тусгасан болохыг гишүүд тодруулж байсан. Үүнтэй холбоотой асуудлыг Засгийн газар, Улсын онцгой комиссын бүрэн эрх хэмээх бүлэгт тодорхой тусгасан гэдгийг Ж.Энхбаяр гишүүн танилцууллаа. Төсөв, санхүүгийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчийн оронд урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх хэлбэрээр төсвийн онцгой бүрэн эрхийг олгохоор төсөлд тусгасан байна. Түүнчлэн төслийн 15.2-т хандивын асуудлыг тусгаж, хандивын тодорхой хэсгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлж, цар тахалтай холбоотой гадаадын улс орнуудадаас тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтын улмаас эх орондоо буцах боломжгүй болсон, санхүүгийн хүндрэлд орсон иргэдээс тодорхой шалгуурыг хангасан зорилтот бүлэгт тусламж үзүүлэх зохицуулалтыг тусгасан байна.  Гадаад улсад байгаа иргэдийг татан авах асуудлыг Улсын онцгой комисс хариуцан зохион байгуулахаар төсөлд тусгасан бөгөөд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд тухайн улс дахь өвчний тархалт, эрсдэл, холбогдох шинжилгээ хийлгэсэн эсэх, шууд нислэгийн боломж зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан татан авах ажлыг үе шаттай зохион байгуулах аж. Төслийг баталснаар гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд тухайн улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газартаа цахимаар бүртгүүлэх бололцоо бүрдэх юм байна. Ингэснээр тодорхой асуудлыг хөнгөвчлөх ач холбогдолтой гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэллээ. Өнөөдрийн байдлаар гадаад улсад байгаа 9000 гаруй Монгол Улсын иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлт гаргаад байгаа юм байна. Аж ахуй эрхлэгчдийн нөхцөл байдал хүндэрч буйг Ж.Бат-Эрдэнэ гишүүн дурдаад, ажлын байрыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах гэх зэрэг эдийн засгийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой ямар зохицуулалт туссан талаар тэрбээр лавлаж, төсөл санаачлагчдаас хариулт авсан юм.

Иргэдийн сахилга батыг хангах, үүрэгжүүлэх, хэвлэл мэдээллийн үнэн бодит байдлыг хангахад анхаарах шаардлага бий гэдгийг гишүүд хэлж байв. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтын талаар лавлаж, хариулт тайлбар авсан.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн төслийн хамт батлагдах ёстой Улсын Их Хурлын шийдвэрүүдийн төслүүдэд санал өгөх ажлаа түргэвчлэхийг Засгийн газарт анхааруулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын парламентын холбооны цахим хурлын талаарх товч мэдээлэл танилцуулсан юм. Бүс нутагт байдал харьцангуй тогтворжиж байгаа хэдий ч дэлхий даяар халдварын тоо 3 саяд дөхөж байгаа хэдий ч энэ нь оргилдоо хүрээгүй байгааг холбогдох талаас анхааруулж байгааг хэллээ. Цар тахлын халдварын хоёр дахь “давлагаа” Ази, Номхон далайн бүсэд орж ирэх эрсдэл өндөр байгаа хэмээн үзэж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал энэ үед эдийн засгаа хамгаалах, сэргээх, идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлээр шийдвэрийн төсөл боловсруулж, цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцолсон.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн Ө.Энхтүвшин гишүүн зарим мэдээллийг өгөв. Тодруулбал, Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажлыг тогтмол зохион байгуулж байгааг тэрбээр тэмдэглэсэн. Ойрын хугацаанд 282 иргэнээ ОХУ-аас татан авсан, БНХАУ-аас 50 орчим иргэн татан аваад байгаа бол 04 дүгээр сарын 30-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг илгээж тус улсад байгаа болон гуравдагч улсаас дамжин ирж буй иргэдээ татах авах, улмаар Европ руу тусгай үүргийн нислэг зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөөд байгааг дуулгасан юм. Хууль хоорондын уялдааг хангах шаардлага бий гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн хэлж байсан бол иргэдийн хүнсний хүртээмжийг анхаарах, эмзэг бүлгийн иргэдэд анхаарал хандуулах шаардлага бий гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол тэмдэглэж байв. Цар тахлын үед нийгмийн дархлааг өндөр байлгах шаардлага байгаа тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаачлан өвчилсөн хүмүүсийг гадуурхахгүй байхтай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх саналыг Б.Саранчимэг илэрхийлж байлаа. Иргэдийн зарим эрхийг хязгаарлах шаардлагын дагуу үүнийг хуулиар зохицуулах шаардлага үүссэн гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлж байв. Тухайлбал бөөндөө цуглах, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг хязгаарлах, хоорондын зай барих зэрэг хүний эрхийн асуудалтай холбоотой зохицуулалтуудыг хуульчлахын зэрэгцээ Засгийн газар, холбогдох байгууллагуудад тодорхой эрх олгон, Хөдөлмөрийн хуулиар тэтгэвэртээ гарсан эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажиллуулах, тэдний нийгмийн асуудал, цалин хөлстэй холбоотой зохицуулалттай холбоотой олон улсын туршлагад тулгуурлан шийдвэрлэхээр төсөлд тусгаад байгаа гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ

Дараа нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын Н.Энхболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар танилцуулав.

Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд болох төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, байгууллагуудыг татан оролцуулж амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын автозамын төсөл болон “Халх гол" сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километрийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хариуцан ажиллаж байгааг танилцуулгынхаа эхэнд Н.Энхболд сайд онцоллоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дээрх бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа үндсэн үүргээ биелүүлэх, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр цэргийн барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний харьцангуй бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах, орчин үед цахим кибер хандлага хурдтай өсөн нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэх болсонтой холбогдуулан Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг хуулиар бий болгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх, хэрэгцээ, шаардлага бий болжээ.

Монгол Улсын Засгийн 2019 оны 187 дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэд “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийг байгуулсан. Дээрх төрөөс батлан гаргасан бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд батлан хамгаалах салбарын кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий бүтэц, зохион байгуулалтын нэгжийг бий болгох, эрх зүйн зохицуулалтыг хуульчлах шаардлага тулгамдаж байна. Мөн 2019 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон ажиллуулсан бөгөөд ингэснээр цэргийн барилга, инженерийн анги, нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалт эрс дээшилж бодитой үр дүнд хүрч байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх “Кибер аюулгүй байдлыг хангах төв”-ийн чиг үүрэг, хариуцлагын түвшин дээшилж үйл ажиллагаа хуулиар баталгаажна гэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо төслийн хэлэлцэх эсэхийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, дэмжсэн байна.

Батлан хамгаалахын сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүдийн нэрсийг авснаар чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж