“Аав минь намайг кино урлагт хөтөлсөн”

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

“Аав минь намайг кино урлагт хөтөлсөн”

“Аав минь намайг кино урлагт хөтөлсөн”

“Бага наснаасаа кино механикч аавыгаа дагаж өссөн би ухаан орсон цагаасаа л кино урлагт шимтэн дурласан” хэмээн өгүүлэх энэ эрхэм бол найруулагч Ж.Өнөржаргал. Тэрбээр долоо дахь жилдээ Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд найруулагч багшаар ажиллаж байгаа аж.

Найруулагч мэргэжилтэй түүнийг дэлгэцийн уран бүтээлд тоглосон туслах дүрээр нь үзэгчид эчнээ таних биз. Сүүлийн жилүүдэд тэрбээр Монголын театрын болон кино урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа эзэлсэн нэрт уран бүтээлчдийг алдаршуулах “Кино миний амьдрал цуврал хөрөг нэвтрүүлэг дээр төвлөрч ажиллаж байна. 


-Тантай утсаар холбогдоход сүүлийн үед нэлээд завгүй яваагаа дуулгасан. Их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?

-Би долоо дахь жилдээ Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд найруулагч багшаар ажиллаж байна. Өнгөрсөн 2015 онд Монгол киноны түүхт 80 жилийн ой тохиосон. Монгол Улсад кино урлаг үүсч, хөгжсөн түүхт 80 жилийн хугацаанд кино урлаг маань ямар чухал үүрэг рольтой байсан юм бэ. Өнөөдрийн энэ сайхан нийгмийг цогцлооход алтан үеийн уран бүтээлчдийн үүрэг оролцоо ямар их байсан юм бэ гэдгийг эргээд санахад их сайхан байна. Монгол кино урлагийг бүтээсэн агуу уран бүтээлчдээ бидний бахархал гэж үздэг. Түүхт 80 жилийн ойдоо зориулан ахмад уран бүтээлчдийнхээ тухай 80 цуврал хөрөг нэвтрүүлэг хийх санаачлагыг анх Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонго гаргаж, миний бие оюутнуудтайгаа хамтран гүйцэтгэж байгаа юм.

Ард түмэн маань ахмад үеийн нэртэй сайхан жүжигчдийг мэддэг ч арын албанд ажиллаж байсан зохиолч, найруулагч, зураглаач, нүүр хувиргагч, хөгжмийн зохиолч, дууны инженер, зураачдын талаар тэр бүр мэддэггүй шүү дээ. Ер нь хүний амьдрал нэгэн жарнаас жаахан илүү юм. Энэ богино хугацаанд ахмад уран бүтээлчид маань ямар их зүйлийг хийж бүтээсэн юм бэ гэдгийг нь хойч үедээ таниулах гүүр нь болъё гэж бодсон.  1998 онд төрсөн хүүхдүүд өнөөдөр их сургуулийнхаа дөрөвдүгээр курсыг төгсч байна. Тэд бидний өмнөх үеийг яаж мэдэх юм бэ. Урлагийн хүн болох гэж байгаа бол эхлээд урлагаа судлах хэрэгтэй шүү дээ. Анх 80 цуврал хөрөг нэвтрүүлэг хийх төлөвлөгөөтэй байсан ч өчигдөрхөн 143 дахь хөрөг нэвтрүүлгээ үзэгчдийн хүртээл болгоод байна. Сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бужгар найруулагчийн хөрөг нэвтрүүлгийг бэлэн болголоо. Миний хувьд шавь нараа удирдан чиглүүлж өгдөг. Өнөөдөр нэг хөрөг нэвтрүүлэг хийхдээ оюутнууд маань судалгаа хийх, ярилцлага авах, зураг, дүрс авах, гэрэл, өнгөө тавина, монтажлана гээд давхар суралцаад явдаг.

Сүүлд нэг сарын хугацаанд таван хөрөг нэвтрүүлэг олны хүртээл болгосон. Жишээлбэл, 95 настай Жамц баяны гэргийд тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн, Равсал панзын дүрээр ард түмнийхээ сэтгэлд хоногшсон Б.Магсаржав, “Ацаг шүдний зөрүү” киноны Намжилд тоглосон Д.Сүхбаатар, дууны найруулагч Ц.Норжмаа гуайн тухай хөрөг нэвтрүүлэг дээр ажилласан. Энэ жил Монгол киноны 85 жилийн ой тохиож байгаа. Энэ хөрөг нэвтрүүлгээ 160 цуврал нэвтрүүлэг хүргээд ар гэр, үр хүүхдүүдэд нь дурсгаж үлдээнэ. Дараагийнхаа мөнгөн үеийн уран бүтээлчдийн хөрөг нэвтрүүлэг рүүгээ орно доо. “Кино миний амьдрал” хөрөг нэвтрүүлэг бол хойч үедээ үлдээж буй үнэт өв юм.

-Сүүлд ахмад уран бүтээлчдийг гадаад орон руу “Мөрөөдлийн аялал”-аар аялуулаад ирсэн гэв үү?

-Ахмад уран бүтээлчид маань жил ирэх тусам цөөрч байна даа. Хөрөг нэвтрүүлэг хийсэн уран бүтээлчдээс гэхэд одоо 16 хүн тэнгэрийн орноо заларчихаад байна. Бид Монголын урлагийн ажилтны холбооны тэргүүн, Гавьяат жүжигчин Б.Тунгалагтай хамтын ажиллагаатай байдаг юм. Ноднингоос эхлэн Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд анхны “Мөрөөдлийн аялал”-ыг зохион байгуулсан.

Уг аяллаар Бүх хятадын кино үйлдвэртэй танилцахаас гадна “Домог”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зэрэг орчин үед хийсэн алдартай киног бүтээсэн хотуудаар аялсан. Анхны аялалд маань Ардын жүжигчин долоо, 11 гавьяат жүжигчин нийтдээ 40 орчим ахмад уран бүтээлч аялаад ирсэн. Сүүлд 2019 оны аравдугаар сард Япон улс руу 29 хүний бүрэлдэхүүнтэй аялсан. Өнгөрөгч хоёрдугаар сарын 1-нд Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд аялах төлөвлөгөөтэй байсан ч цар тахалтай холбоотойгоор визээ авчихсан, түр хугацаагаар хойшлоод байна.

-Таныг кино урлагт хөтлөн оруулсан хүн бол аав тань гэж сонссон. Аавынхаа тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Миний аав Н.Жигжидсүрэн Архангай аймгийн Хотонт суманд /хуучнаар Өндөрсант/ кино механикчаар насаараа ажилласан хүн. Аав минь Их тэнгэрийн аманд цэрэгт алба хааж байхдаа Монгол Улсад соён гэгээрүүлэх ажилд техникийн ажилтан буюу кино механикчдыг бэлтгэх болж, аавыг сонгон шалгаруулалтаар авсан гэдэг. Тухайн үед ааваар цээж бичиг хийлгэж, зураг зуруулаад, зургийн аппаратаар зураг даруулсан тухай дурсан ярьдаг байсан. Тэгж аав минь техник сэтгэлгээтэй гэдэг болзлыг хангаж, гурван сарын курст суусан гэдэг.

Тэрээр цэргээс халагдаад нутагтаа очихдоо нэг аппарат, гурван сумын дунд явдаг нүүдлийн кино механикчаар очиж байсан. Гэтэл нутгийнхан нь “Намжилын хүү сүүдэрший гаргадаг увидастай хувилгаан болж, хүмүүсийг даавуун дээр гаргадаг болжээ” хэмээн ярилцдаг байсан гэсэн. Өвөө, эмээ маань ч хүүгээрээ их бахархаж байсан юм билээ. Аав маань тэр цагаас хойш кино гаргадаг аппаратны өмнө 42 жил зогсч, кино гаргасан байдаг.

-Танаас гадна үр хүүхдүүдээс нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Манайх найман хүү, дөрвөн охинтой өнөр өтгөн айл л даа. Тэр олон хөвгүүдээс одоо манай хоёр ах кино механикч мэргэжилтэй, би найруулагч, нэг дүү маань оператор мэргэжил эзэмшсэн. Миний хувьд аавтайгаа илүү дотно, киноны талаар ярилцах дуртай хүүхэд байлаа. Би аавыгаа дагаад нэгдүгээр ангиасаа эхлээд аравдугаар ангиа төгсөх хүртлээ кино гаргасан. Тухайн үед хуучны Монгол кино болон орчуулгын шинэ кинонуудыг их гаргадаг байлаа.

Хамгийн их гаргасан кино бол “Тод магнай”, “Гарьд магнай” уран сайхны кино. Хөдөөнийхөн ч их үзнэ. Миний санаж байгаагаар ойролцоогоор 76 удаа гаргасан. Бас “Мандухай сэцэн хатан” 28 бүлэгтэй дөрвөн ангитай киног аавтайгаа хамт 56 удаа ферм, малчид, сангийн аж ахуй, шоронгийн хоригдлуудад хүртэл гаргасан байдаг юм. Тэр үед кино урлаг яаж хүмүүсийг соён гэгээрүүлүүлж байсныг үзэгчдийн нүднээс мэдэрдэг байлаа.

Би хуучны тэр сайхан кинонуудыг үзэж өссөн учраас арван жилийн сургуулиа төгсөөд урлагийн хүн болохоор шийдсэн байсан. Ахмад уран бүтээлчдийн тоглосон уран бүтээл тэгж их сэтгэлд минь тод дурсамж үлдээсэн учраас өнөөдөр би тэднийхээ хөрөг нэвтрүүлгийг хийж байхад их сайхан санагддаг.

Кино миний амьдрал цуврал хөрөг нэвтрүүлэг бэлтгэхдээ ахмад уран бүтээлч, тэдний үр хүүхдүүдтэй уулзаж, ярилцжээ.  Гавьяа шагналаа хүртэж чадаагүй ахмад уран бүтээлчид хэр олон байна вэ?

-Ер нь байдаг шүү. Монголын кино урлагт 1950-иад оны дунд үед кино зохиолч мэргэжлээр хоёр мундаг уран бүтээлч төгсч ирсэн байдаг. Тэдний нэг нь Цэвээний Зандраа агсан. Тэрээр өөрийн зохиолоор 1956 онд есөн жил тасраад байсан киног сэргээж, “Шинэ жил” киногоо хийсэн. Нөгөө мэргэжлийн зохиолч нь Д.Дожоодорж асар олон сайхан кино зохиолуудыг бичсэн байдаг. Тэр хүнд гавьяа шагналыг нь өгөөгүй л явуулчихсан. Сүүлд Д.Дожоодорж агсны хөрөг нэвтрүүлэг хийж байхад хүү нь “Миний аав найман удаа төрийн шагналд тодорхойлсон байдаг юм” гэж хэлж байсан. Түүнийг сонсоод шагналыг нь нөхөж өгч болдоггүй юм байх даа”  гэж бодож суулаа. Мөн Ж.Сэлэнгэсүрэн найруулагч маань гавьяа шагналаа хүртэж чадаагүй. Зарим хүмүүс хамтдаа нэг үеийг бүтээлцэж байсан хүмүүстээ боломж олгохгүйгээр тэмдгээ давхарлах гээд байдгийг ойлгодоггүй юм.

Одоо амьд сэрүүн байгаа уран бүтээлчдээс гэвэл Монгол Улсын гавьяат цол өгчихмөөр уран бүтээлч бол "Монгол кино" үйлдвэрийн инженер П.Төмөртогтох, “Суварган цэнхэр уулс” зэрэг маш олон кинонд зураачаар явсан Б.Болд гээд ахмад зураач нарын цөөнгүй уран бүтээлчид бий.

-Үзэгчид таныг найруулагч гэхээсээ илүүтэй дэлгэцийн бүтээлд тоглосон туслах дүрүүдээр нь таних биз. Анх ажлынхаа гараагаа найруулагчаар эхэлж байв уу. Эсвэл жүжигчнээр үү?

-Би арван жилийн сургуулиа төгсөөд, нэг жил элэгний өвчтэй ээждээ хань болсон. Тэр үедээ нутагтаа кино гаргадаг клубын эрхлэгч байлаа./инээв/ Дараагаар нь аав, ээж маань Дархан хот руу нүүж ирсэн юм. Тэр үед аав маань “Миний хүү чинь киноны л хүн болно гэдэг. Улаанбаатар хотод Кино урлагийн дээд сургууль нээгдэж байгаа юм байна. Миний хүү тэнд очвол аавтайгаа цуг гаргаж байсан киноны хальсных нь үнэр нь хүртэл дотно байна" гээд л их гоё зүйл ярьсан. Тэгээд Дарханаас Улаанбаатар хот руу хөгжмийн зохиолч Б.Магсаржав гэдэг хүнтэй хамт вагоноор ирж, Гавьяат жүжигчин З.Жарантав гуайтай уулзаж, шалгалт өгөөд тэнцэж байсан.

Хичээл эхлээд жүжигчний  ангид 14 хоног суралцаж байтал Х.Энхжаргал гэж мундаг багш маань “Чи багаасаа кино урлагтай ойр өссөн хүүхэд. Найруулагчийн ангид ор. Чи алзахгүй. Сүүлд надад баярлах болно” гэж зөвлөсөн. Тэгээд би ангиа сольж, дөрвөн жил Кино урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Хажуугаар нь МҮОНРТ-ийн “Гэрэлтэй цонх” хөтөлбөр, “Боролдой” студид туслах найруулагчаар ажилладаг байлаа. Монголжуу төрхтэй, гэзэгтэй залуу байсан учраас дээд сургуульд байхдаа ойр зуурын курсийн ажилд их тоглоно.

Тэгж явсаар дээд сургуулиа төгсөхдөө Б.Ринчений “Нууцыг задруулсан захидал” зохиолоор 20 хэдэн минутын богино хэмжээний кино хийж, дипломын ажлаа хамгаалсан. Тэр үед Улаанбаатар-2003 “ олон улсын кино наадмын “Дбьют” найруулагчийн шагналыг авсан. Шүүгчээр ажиллаж байсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням найруулагч “Монгол ахуйтай бас нэг жаахан юм хийх гэж байгаа ирээдүйтэй найруулагч төрж байгаа юм байна” гэж баяр хүргэж, тэр олон уран сайхны киноны өмнө оруулж шагнаж байсан.

Тэгээд дипломоо хамгаалаад байтал шинээр “ТВ-9” телевиз байгуулагдаж байна” гээд Соёлын гавьяат зүтгэлтэн О.Соёлт гуай ирж, дипломын ажлыг маань үзээд “Энэ киног хийсэн найруулагч, зураач хоёрыг шууд найруулагчаар ажилд ав” гээд дуудаж, маргааш нь шууд ажилдаа орж байлаа. Би тэр телевизэд ажиллаж байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагч “Х-ТҮЦ“ хамтлагийнхантай хамтран “Сэргээш-2” мюзикль хийж байсан. Тэр үед би урт гэзэгтэй туранхай хүү байлаа. Тэгсэн намайг “Цахиур төмөрийн дүрд энэ хүү тохирно” гээд гуйгаад зураг авалтад авч явсан. Тэгж анх “Сэргээш-2” мюзикльд анх тоглож байлаа. Өмнө нь “Хааны сүүлчийн хатан” гээд хальсны кинонд туслах найруулагчаар ажиллаж, 300 гаруй оюутан хариуцаж явж, зураг авалтад орж байсан. Тэрнээс хойш 2004 онд Английн “BBC” телевизийнхний хийсэн кинонд Боорчийн дүрд тоглосон. Эргээд харахад 20 орчим киноны туслах дүрүүдэд тоглосон байдаг юм. Надад тухайн үед кинонд тоглох олон санал ирдэг байсан ч найруулагчийн ажилдаа л анхаарч ажилладаг байлаа.

-Монголынхоо ахмад үеийн уран бүтээлчдээс хэнийг нь шүтэж, үлгэр дууриалал авдаг вэ?

-Би олон мундаг найруулагчдыг шүтдэг. Би Д.Жигжид гуайг Монголын кино урлагийн ноён оргил гэж боддог. Нөгөө багана нь Р.Доржпалам, Б.Сумхүү найруулагч нар юм. Тэднийг би тулгын гурван чулуу гэж боддог. Тэр дундаа би Р.Доржпалам гуайг шүтдэг. Одоо би докторын ажлаараа энэ хүний тухай судалж байгаа. Энэ хүн бол Монголын кино урлагийн анхны мэргэжлийн найруулагч. Хоёрдугаарт анх өөрөө зохиолыг нь бичиж, “Бидэнд юу саад болж байна” гэдэг инээдмийн киногоо найруулснаар эхлэлийг нь тавьсан. Мөн тэрээр хүүхдийн анхны “Гурван найз” киног найруулснаас гадна туульсийн киноны эхлэл болох “Тунгалаг тамир” киног хийсэн. Би бол аль болохоор тэр хүн шиг болохыг хүсдэг. Анх Р.Доржпалам найруулагч Н.Нямдаваа гэж хүнийг “Гурван найз” киноныхоо Балбарт тоглуулсан. Дараа нь “Тунгалаг тамир” уран сайхны киноны Хонгорт тоглуулсан. Харин Н.Нямдаваа Р.Доржпалам багшийгаа “Ховор хүмүүс” киноны Сэрээнэн даргад тоглуулсан байдаг. Энэ хүний амьдрал, уран бүтээлийг судлахаар маш сонирхолтой.

-Найруулагч хүнийхээ хувьд ямар бүтээл хийхсэн гэж “хорхойсч” явдаг бол?

-Сэтгэлд хүрч өгөхгүй. Сүүлийн үеийн киноны текстийг сонсохоор дотор муухайрдаг. Хэзээ тийм балай юм ярьж байж хүмүүсийг соён гэгээрүүлэх юм бэ. Ерөөсөө амьдралын тусгал байхгүй. Би Монгол кинонуудын текстийг бүгдийг нь мэддэг. Зарим оюутнууд маань надаас “Тэр киноны тэр хэсэгт юу гэж хэлдэг билээ” гэж асуудаг. Би тийм үг сонссон хүн айгаад байдаг.

Намайг Х.Энхжаргал багш маань “Чи 45 нас хүрч кино хийгээрэй. Өмнө нь битгий балай юм хийгээрэй” гэж захидаг байсан. Би энэ жил 44 настай. Одоо өөрийн бүтээлээ хийх гээд л бэлтгэл ажлаа хийгээд л явж байна. Би 20 жилийн өмнө Б.Ринчений “Нууцыг задруулсан захидал” богино хэмжээний киногоо хийсэн. Энэ хугацаанд 20 удаа зассан. Хамгийн сүүлд Б.Мөнхдорж найруулагчтай дахин нэг зассан. Хоёрдугаарт аавынхаа тухай үхэр тэрэгтэй ард түмэнд соёлыг түгээх гэж кино механикчаар ажиллаж байсан тухай, бас ээжийнхээ тухай кино хийхийг хүсдэг. Мөн өнгөрсөн 2014 оноос Японы уран бүтээлчидтэй хамтран нэг түүхэн кино хийхээр хамтран ажиллаж байгаа. Тэр ажлаа үргэлжлүүлэн хийнэ дээ.

-Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Ханийг минь Б.Сарангэрэл гэдэг. Эхнэр минь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Манайх хоёр охин, нэг хүүтэй. Урлагийн хүний ард мундаг ар тал болж явдаг ханьдаа үргэлж баярлаж явдаг даа.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж