Улсын Их Хурлын дарга Я.Санжмятав өнөөдөр (2020.04.23) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнрүйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Дэд дарга хуучны андтайгаа дахин уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд “Монголд олон жил ажилласан, монголыг сайн мэддэг, туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ирсэнд талархаж байна” гэв.
Элчин сайд Цай Вэнрүй уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга, Монгол Хятадын парламентын бүлгэмийн даргатай уулзах болсонд хариу талархал илэрхийлээд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин Монгол Улсад 2014 онд айлчилж, хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, шинэ шатанд гаргасан. Хоёр орны олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлгэмийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн” гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, БНХАУ, Монгол Улсын найрсаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх төр засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр УИХ-ын Дэд дарга, өнгөрсөн хугацаанд Си Зиньпин дарга тэргүүтэй БНХАУ-ын төр засгийн удирдлага коронавирусын өвчний тархалтын үед шуурхай арга хэмжээ авч, хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүнд нийгэм, эдийн засгийн амьдрал аажмаар сэргэж, хэвийн болж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийж, COVID-19 өвчинтэй тэмцэхэд хоёр улсын ард түмэн эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлснийг онцлон тэмдэглэлээ.
БНХАУ COVID-19-ийн халдвар тархалтыг амжилттай тогтоон барьж чадсан төдийгүй, бусад улс орнуудад тусламж дэмжлэг үзүүлж, хүчирхэг гүрэн гэдгээ харуулж чадсаныг УИХ-ын Дэд дарга онцлоод тус улсын Засгийн газраас COVID-19-ийн халдвартай тэмцэхэд Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлсэн.
Элчин сайд Цай Вэнрүй хэлсэн үгэндээ, коронавирусын тархалт нэмэгдэж байсан тэрхүү цаг үед Монгол Улсын төр засаг, Улсын Их Хурлын гишүүд, монголын ард түмэн хятадын ард түмнийг ойлгож, харамгүй дэмжлэг, туслалцаа үзүүлснийг хятадын ард түмэн мартаагүй, мартахгүй гэдгийг тэмдэглээд Монгол Улс дотооддоо коронавирусын халдвар тархаагүй байгаа нь төр засгийн зүгээс зөв бодлого явуулж, хариуцлагатай, шуурхай арга хэмжээ авч байгаа нь дэлхийд том амжилт, туршлага болж байгааг онцолсон.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Дэд дарга Я.Санжмятав Элчин сайдын цаашдын ажилд амжилт хүсээд, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг учир парламент хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахыг захилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.