Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.04.23/ ээлжит мэдээлэл хийлээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн онгоцны нислэгийн тоог нэмж гурав болгосныг Шуурхай штаб өнөөдөр /2020.04.23/ мэдээллээ. Өмнө мэдээлснээр дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл рүү, тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэн монгол иргэдээ авчрахаар шийдсэнээ УОК Мягмар гаригт /2020.04.21/ мэдээлсэн юм. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд маш олон байгааг харгалзан Сөүл рүү дахин нэг үүргийн нислэг хийхээр УОК өчигдөр шийдвэр гаргасан байна. Ингэснээр Сөүл рүү дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 1-ний өдрүүдэд хийх юм. Гэхдээ дөрөвдүгээр сарын 30-ны онгоцоор бусад улс орноос дамжин ирэгчдийг тусгайлан авчирна. БНСУ-д байсан иргэдийг тавдугаар сарын 1-ний онгоцоор авчрахаар зохицуулсан байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Гадаад улс орноос ард иргэдээ татан авахтай холбогдуулаад иргэдээс өргөдөл их ирж байна. Өргөдлийг шуурхай штаб хүлээн авч дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Өргөдөлд Гадаад хэргийн яамны Консулын газар, ЭМЯ-аас томилогдсон ажлын хэсэг хамтарч дүн шинжилгээ хийж ажиллаж байна. Бид өргөдлийг ирсэн он сар өдрөөс нь программд оруулсан. Үүнд давхар цагдаа, тагнуул хяналт тавьж байна.
Өргөдөлтэй холбогдуулаад бид энэ сарын 30-ны өдөр Сөүлээс тусгай үүргийн онгоц нисэх гэж байгаа. Транзит буюу дамжиж ирэх иргэдийн тоо их байна. Энэ шалтгаантай уялдуулаад нислэгт тодорхой өөрчлөлт орсон. 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зөвхөн Сөүлээр дамжиж ирж байгаа буюу транзит нислэгээр ирж буй иргэдийг дангаар нь авна. Яагаад гэвэл ирэх гэж буй иргэдийн тоо олон, Хоёрдугаарт, Сөүлээс татах иргэдтэйгээ холихгүйн тулд бид дангаар нь нислэг үйлдэхээр УОК-оос өчигдөр шийдвэр гарсан.
Тавдугаар сарын 1-ны өдөр Сөүлээс дангаар нь нислэг үйлдэж, иргэдээ татан авчирна. Тавдугаар сарын 2-ны өдөр Германы Франкфурт хот руу тусгай үүргийн онгоц ниснэ. Өмнөх хурлаар хэлсэнчлэн хоёр нислэг дээр нэмээд транзит нислэгийг дангаар нь татаж авахаар болсон.
Алтанбулаг боомтод зарим нэг өөрчлөлт хийсэн. Бид Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулаг суман дээр ирсэн Монгол, гадаад жолоочдоос шинжилгээ авч хийнэ. Шинжилгээний хариу сөрөг гарвал Улаанбаатар хот руу явуулна, эерэг гарвал Сэлэнгэ аймагт тусгаарлана.
Мөн Тээврийн цагдаагийн албатай хамтраад олон улсын ачаа тээвэр хийгдэх явцад түр хугацаанд зогсох ариутгал халдваргүйтэл, жолооч, засвар үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалт руу шилжиж байна. Замын-Үүд боомт дах олон улсын ачаа тээврийн боомттой холбоотой ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Удахгүй Шадар сайдад танилцуулаад дагаж мөрдөх түр журмыг батлуулна. Энэ журмыг тэнд байгаа жолооч нар мөрдөнө. Нэрсийн жагсаалтыг өнөөдөр орой эцсийн байдлаар гаргана.
ТАВДУГААР САРЫН НЭГЭНД ХИЙГДЭХ НИСЛЭГ ЗӨВХӨН БНСУ-Д ТҮР ОРШИН СУУДАГ, ТҮР ХУГАЦААГААР БАЙГАА ИРГЭДИЙГ АВЧИРНА
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Гадаад дах олон иргэн нутаг буцах хүсэлтэй байна. АНУ болон Австрали улсад нутаг буцах хүсэлтэй ЭСЯ-нд иргэдийн тоо 3000 давсан. Сөүлээс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийх зөвхөн транзит зорчигч авах нислэг нь АНУ, Австралиас ирж чадахгүй байгаа иргэдэд илүү боломж олгох зорилгоор УОК-ын даргын шийдвэрээр хийхээр болсон нислэг юм. Шинэ бүртгэл ЭСЯ-нд хийхгүй. Учир нь өнөөдөр 9600 хүнээс өргөдөл ирсэн байна. Эдгээр өргөдөлд нэг бүрчлэн дүгнэлт хийж, нотлох баримтыг авч ЭСЯ яг одоо УОК-оос тавьсан хүндэтгэн үзэх таван шаардлагын дагуу эрэмбэлж байна. Үүний дараа УОК-ын шуурхай штабт ирүүлсний дараа тагнуул, цагдаа, ЭМЯ-аас байгуулагдсан ажлын хэсгээс нэрсийг жагсаалтыг эцэслэнэ.
Дараа нь холбогдох ЭСЯ-нд баталгаажсан нэрсийг хүргүүлнэ. ЭСЯ баталгаажсан нэрсийг авсны дараа тухайн иргэдэд энэ мэдээллийг хүргэж таны суудал баталгаажсан иймээс та МИАТ-тай холбогдоод тийзээ худалдаж авах, тусгаарлах байрны төлбөрөө төлөх асуудалд шилжинэ.
Дахин хэлэхэд ЭСЯ хуримтлагдсан байгаа өргөдлийг таван хүндэтгэх шалтгаанд тулгуурлан нотлох баримтыг шуурхай штабт ирүүлнэ. Дараа нь шуурхай штаб дээрх ажлын хэсэг нэрсийг эцсийн байдлаар баталгаажуулна.
Тавдугаар сарын 1-нд хийгдэх нислэг зөвхөн БНСУ-д түр оршин суудаг, түр хугацаагаар байгаа иргэдэд боломж олгож байна.
Дөрөвдүгээр сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор ирэхээр бүртгүүлсэн ч нислэгт багтаагүй гэсэн хүмүүсийг тэргүүн ээлжинд хамруулна. Одоогоор 160 орчим иргэн байна. Үүнээс гадна визийн хугацаа хэтрүүлж БНСУ-ын түр саатуулах байранд саатуулагдсан байгаа иргэдийг зайлшгүй авахаас өөр аргагүй.
Э.АРИУН