Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост уул, Тосонбумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ, тус сумын Тост багийн малчдын төлөөлөл, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл оролцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлээ.
Тост уул, Тосонбумбын нуруу орчмын газрыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөл өмнө нь орж ирсэн боловч УИХ-ын чуулганаар дэмжигдээгүй. Харин энэ удаад УИХ-ын чуулганаар дэмжүүлэхийн төлөө ажиллана гэж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэлцүүлэгт оролцохдоо хэллээ.
Тэрбээр “Тосонбумбын нурууны хамгаалалтын асуудлаар хэнтэй ч уулзахад бэлэн, энэ асуудлыг шийдтэл хамт явахад бэлэн байна гээд зориод ирж байгаа та нараар бахархаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт хоёр зорилгоор ирсэн. Нэгдүгээрт Би өөрөө ирвэс хамгаалах сангийн хандивлагч. Өөрийн хэмжээнд тааруулаад даруухан хандивлагч хүн. Нөгөө талаар талийгаач манай Хөвсгөл нутгийн хүн. Талийгаачийн дурсгалд зориулаад Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахад өөрийн дуу хоолойг хүргэхээр ирлээ. Намайг Засгийн газрын сайд байхад Тосонбумбын нурууг хамгаалалтад авах асуудал орж ирж байсан. Тэр үед би нэг удаагийн боломжоо алдсан, дэмжих ёстой гэдэг үгнээс өөр үг надад байхгүй байсан. Одоо надад харамсах сэтгэл төрж байна. Сайхан залуу Тосонбумбын нуруугаа хамгаалах гээд явж байгаад амь насаа алдлаа. Хүний амь нас золиос болгох хэмжээний тийм том эрх ашгийн зөрчил хуримтлагдсан байгаад айдас төрж байна. Эрдэмтэн судлаачдын яриаг сонсоход үнэхээр сайхан нутаг юм гэж бодоод хоолой зангирч суулаа. Зарим уул уурхайн лицензтэй хүмүүсийн амнаас хариуцлагагүй үг гардаг. Тэнд баялаг байна. Цөөхөн хэдэн ирвэсийг өөр ууланд нүүлгэж болдоггүй юм уу гэдэг. Гэтэл судлаачдын үгийг сонсоход ирвэс өөрөө нутгаа сонгодог ийм нандин амьтан юм. Бид дэлхийд байхгүй ховор зүйлсээ хамтдаа хамгаална. Эдгээр малчдыг гурван хүнтэй уулзуулах боломжоор хангаж өгөөч гэж УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэд уриалга гаргаж байна. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нартай заавал уулзаж өөрсдийн дуу хоолойгоо ой тойнд нь ортол ойлгуулж, ярилцаж чадвал та бүхний зорилго биелэх болно. Тиймээс заавал уулзаад яваарай би та бүхний асуудлыг үргэлж дэмжиж байх болон гэж хэлмээр байна” гэсэн юм.
Энэ онд багтааж тусгай хамгаалалтад авна
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг
-Тост уул, Тосонбумбын нурууг хэзээ тусгай хамгаалалтад авах боломжтой юу. Хэрэв тийм бол хэзээ авах вэ?
-Энэ онд багтаан тусгай хамгаалалтад авах төлөвлөгөөтэй байна.
-Хэрэв хуулийн төсөл дэмжигдээд, тусгай хамгаалалтад авчихвал тухайн газар нутагт олгосон лицензүүдийг хэрхэн зохицуулах вэ?
-Энэ асуудлыг зохицуулах хоёр хувилбар байна. Нэгдүгээрт адил төстэй талбай санал болгоно. Ингэхдээ Уул уурхайн яамнаас тухайн компаниудтай хэлэлцэж, тохиролцох хэлбэрээр шийдэж болно. Хоёрдугаарт тухайн газар хайгуул, олборлолт хийсэн бол аудит оруулаад, нийт зардлыг тогтооно. Үүний дараа төр буцаан олгох тухай хоёр хуулийн заалтын хүрээнд шийдэгдэх байх.
Гурван тэс сумын 4000 иргэн амьдрахад бэрхшээлтэй байна
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн Б.Мядагмаа
-Бид маш олон жил энэ газар нутгийг тусгай хамгаалалтад оруулахаар зүтгэж байна. Гэвч үр дүнд хүрч чадаагүй. Зөвхөн тусгай хамгаалалтад авахаас гадна хайгуулын лицензийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Одоогоор Хөвд хушуутын баян бүрдэд ашиглалтын хоёр лиценз байна. Энэ лицензийн талбайг тойруулаад хэсэг хэсгээр нь тусгай хамгаалалтад авах тухай ч яригдаж байгаа. Үүнд бид сэтгэл зовж байна.
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэн Л.Шинэхүү
–Гурван тэс сумын хувьд нөхцөл байдал хүнд болсон. Манай сумын хоёр багт уул уурхайн үйл ажиллагаа явуулснаас үүдэж Гурван тэс сумын 4000 иргэн амьдрахад бэрхшээлтэй болсон. Тиймээс бид Тосонбумын нуруугаа бараадаж амьдрахаас өөр арга байхгүй. Энэ нурууг хамгаалах үйлсэд амь биеэ зориулсан талийгаачийн үйл хэргийг манай сумын иргэд хойшид ч үргэлжлүүлэх болно. Тиймээс энэ хэлэлцүүлгийг үр дүнтэй болоосой гэж бодож байна.
Т.ДАВААНЯМ