Т.Бат-Оргил: Үндсэн хуулийг тооцоо, судалгаанд тулгуурлаж өөрчилдөг

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Т.Бат-Оргил: Үндсэн хуулийг тооцоо, судалгаанд тулгуурлаж өөрчилдөг

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл тойрсон асуудлаар Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга, эрх зүйч Т.Бат-Оргилтой ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй та танилцсан байх. Зарим заалт нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна л даа.

-Аливаа юм хөгжиж, дэвшиж байх нь зүйн хэрэг. Гэвч өөрчлөлт болгон сайн болдоггүй. Үндсэн хууль бол үндэсний хэмжээний асар том, тулгуур бичиг баримт. Тиймээс хэрхэн сайжруулах вэ гэдгээ бодох ёстой. Онолын үндэс, практик судалгаа, тоо баримттай, мэргэжлийн хүмүүсийн маш өргөн оролцоотой хэлэлцүүлэг хийж, үндэсний хэмжээнд зөвшилцөж байж л Үндсэн хуулийг өөрчлөх учиртай. Гэвч УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг оруулсангүй. Эрх мэдлээ өргөтгөх хуулийг УИХ өөрөө санаачилсан нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байна. Журмын тухай хуулийг зөрчиж өөрчлөлт хийвэл төрийн эсрэг гэмт хэрэг болно. Ийм чухал ажлын хэсгийг яагаад олон нийтэд нэр хүнд муутай Н.Батбаяр гишүүнээр ахлуулсныг ойлгоогүй. Тооцоо, судалгаанд суурилж өөрчилдгөөс биш, хэн нэг бөөгийн төсөөллөөр үүнийг хийхгүй.

Үндсэн хуулиа сайжруулахын тулд эрх мэдлийн хуваарилалт хаана, яаж гажуудсаныг тогтоох ёстой. 25 жилийн туршлага байгаа учраас бид судалж, баримтаар нотолж байж өөрчлөх саналаа үндэслэлтэй дэвшүүлэх нь зөв. Эрүүл мэндийн салбарыг яаж өөрчлөх вэ гэдгийг энгийн иргэдээс асуувал тоймтой зүйл ярихгүй. Тогтолцоо ингэж гажуудсан учраас ингэж өөрчилбөл арилна гэдгийг зөвхөн мэргэжлийн, тэр дотроо захиргааны шинжлэх ухаан, системээ мэддэг хүмүүс л ярьж чадна.

Монгол Улс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурван хэлбэрийн засаглалтай. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг үгүйсгэсэн. Парламент 99 гишүүнтэй байна гэдэг тоог ямар судалгаа, тооцоонд үндэслэж гаргасан нь тодорхойгүй. Олон улсын жишигт бол хүн амын гуравдугаар зэргийн язгуураар тооцож энэ тоог гаргадаг.

-Энэ томъёоллоор бол манай парламент хэдэн гишүүнтэй байх вэ. Ер нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?

-143 гэсэн тоо гарч байгаа. Олон нийт бол УИХ-ын гишүүний тоо нэмэхийг эсэргүүцэж буй. Гэвч нэмэх үндэслэл бий. Цөөхөн учраас нөлөөнд автах нь амархан байна. Мөн улс төрийн намууд төлөвших нөхцөл бүрдүүлж чаддаггүй. Хувь улстөрчийн нөлөө их. Зарчмын асуудал ярихгүй, тохиролцоо л яваад байна. Цөөхөн гишүүний эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад эдийн засагт үзүүлэх ёс бус нөлөө авч буй цалингаас нь хэд дахин их. Бас нэг гишүүн 2-3 Байнгын хороонд зэрэг харьяалагддаг. Тэр хэрээр ажлын оролцоо буурна. Ирцэд ч сөргөөр нөлөөлнө. 76 хүнийг лообийдох, 143 хүнийг худалдаж авах магадлал хэр байх вэ. Зөв хүмүүсээ сонговол олуулаа болсноор дээрх бүх дутагдлыг өөрчилнө. Зарчим ярина, асуудал аяндаа зөвөөр шийдэгдэнэ. Тиймээс хуульч хүний үүднээс би парламентын гишүүдийн тоог нэмэх нь зөв гэсэн байр суурьтай байдаг.

-Л.Цог гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хоёр жил гаруйн турш ажиллаад “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна” гээд тогтоочихсон. Цаг хугацаа, хөрөнгө зараад нэгэнт тодорхой болгочихсон асуудлаар дахиад иргэдээс асуух нь хэлбэр, шоу гэж л харагдаад байна…

-Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юү гэсэн асуулга нь “Та охиноо нөхөрт гаргах уу” гэсэнтэй адил. Ямар ч аав, ээж “Тэгье” гэнэ. Тухайн нөхөр болох хүн халамжтай юу, архичин уу гэдгийг энд огт ярихгүй байгаа юм. Ийм асуулга явуулах нь Журмын тухай хуулийг бас зөрчиж байна. Луйврын ийм аргаар Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Уг хуулиар бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлээд парламентаар хэлэлцээд, дараа нь “Ийм өөрчлөлт оруулах гэж байна, дэмжих үү” гэж асуух учиртай. Нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гэж ярьж буй ч зарчим, суурийг нь өөрчилсөн байна лээ. Зарчмыг нь өөрчилж, тэс өөр хууль болгох гэж байж энэ асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй.

-Үндэсний зөвшилцөл хэрэгтэй гэлээ. Олон нийт тодорхой мэдлэг, мэдээлэлгүй үед асуулга явуулах хэрэг байна уу?

-Шат дараалалтай байх ёстой. Юуны өмнө Үндсэн хуулийг өөрчлөхөд хангалттай цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд эхний шатанд мэргэжлийн хүмүүс оношилгоо хийнэ. Ийм асуудал байгаа учраас ингэж өөрчлөх ёстой гэсэн дүгнэлт гаргана. Захиргаа, хөтөлбөр, хувийн секторын гэх мэт олон талаас нь хуульчид, эдийн засагчид, хүний эрхийг хамгаалагчид ярилцана. Ингэж байж тал бүрээс нь өөр өөрийн аргументыг гаргаж, үүн дээр суурилсан өргөн хүрээтэй мэтгэлцээн өрнөдөг. Ард түмэн тэдний мэтгэлцээн дундаас хэрэгтэй мэдээллээ олж авна. Мэргэжлийнхний гаргасан дүгнэлтийг олон нийтээр хэлэлцүүлдэг. Энэ бол жинхэнэ хэлэлцүүлэг. Түүнээс хэдэн хуулийн заалт асуулаа ч энгийн иргэн цаад үр дагаврыг нь шууд олж харж чаддаггүй.

-Парламентад суудалгүй зарим нам энэ УИХ-ыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёс зүйгүй гэж үзээд байгаа. Таны хувийн байр суурь юу вэ?

-Би твиттерт “Та энэ УИХ-д итгэж байна уу” гэсэн бичил санал асуулга явуулж үзсэн. Оролцогчдын 80 хувь нь “Үгүй” гэж хариулсан. Тэд мэдээж ард түмнийг төлөөлөхгүй. Гэвч ийм төрлийн судалгаа, асуулга явуулах ёстой юм байна гэдгийг харуулсан. Нэр хүнд нь ийм болчихсон УИХ бидний тулгуур хуулийг өөрчлөх ёс суртахууны эрх байна уу.

-Өөрчлөлт бүр сайн байдаггүй гэж та хэлсэн. 2000 онд оруулсан долоон өөрчлөлт маргаан дагуулсаар байна…

-“Дордуулсан долоон заалт” гэдэг бол үнэхээр оновчтой тодорхойлолт. УИХ-ын ирцийг тэр үед сайжруулсан мэтээр ярьдаг. Үнэндээ 39 гишүүнтэй байхад хуралдаан хийж, шийдвэр гаргадаг болгосноор хуйвалдааны үндсийг тавьсан. Гишүүд ажилдаа ирэхгүй байсны төлөө ирц бүрдүүлэх босгыг буулгасан. Аливаа хуулийн төслийг хамгийн нухацтай хэлэлцдэг газар болох Байнгын хорооны хуралдаан дээр 5-6 хүний саналаар асуудлыг дэмжиж байна. Нэгдсэн чуулганаар Байнгын хорооны дүгнэлтийг ногоон гэрлээр явуулдаг. Үүний гайгаар аливаа баярын өмнөх өдөр улс орны эрх ашигт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хуулийг хэдхэн гишүүн нууцаар, хулгайгаар батлах боломж бүрдүүлсэн. Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолыг ч наадмын өмнө баталсан. Хулгайгаар хууль баталж буй нь том асуудал. Энэ бүхэн Үндсэн хуулийн зохицуулалттай уялдаж байна.

-УИХ-д өргөн барьсан төсөлд эрх мэдлийн хуваарилалтыг хамгийн их алдагдуулсан гэдэг заалтыг зөөлрүүлж тусгасан. Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэг нь УИХ дотроос байж болно гэж буй.

-Улстөрчид гоё тайлбар хэлдэг. Английн 600 гишүүнтэй, хоёр танхимтай парламенттай өөрсдийгөө жишдэг. Тэдэнтэй 76 хүнийг харьцуулах нь ухаангүй явдал. Гуравны нэгийн хязгаар бол нүглийн нүдийг гурилаар хуурсан хэрэг. Тоглоом өрнөөд, онолын үндэстэй ажил явахгүй байна.

-60 орны Үндсэн хуулиас сайн заалтыг нь хуулж байж анхны ардчилсан хуулийг босгосон гэж ярьдаг. Энэ хууль хөрсөн дээр хэр буусан юм бэ?

-Ардчилсан зарчмыг тунхагласан анхны хууль байсан учраас бусдын туршлагаас суралцахаас өөр арга байгаагүй. Одоо үүнийг сайжруулах цаг болсон. Ардчилсан Үндсэн хуулийг баталж байхад нэг хүний дарангуйллаас болгоомжилж, эрх мэдлийг олон тийш тараасан байх. Үүнийг судалж байж, болгоомжтой өөрчлөхгүй бол нөгөө тийш хэлбийж, нэг хүнд эрх мэдэл өгчихнө. Ерөнхий сайдын гарт эрх мэдэл төвлөрүүлэх аюул одоо харагдаж байна. Мөн намуудыг төлөвшүүлэхийн оронд үндэсний хэмжээний хагарал авчрах “орон нутагт намын оролцоог байхгүй болгоно” гэсэн заалт оруулсан. Монголын нөхцөлд бол энэ заалт одоо хүчтэй байгаа жалга дов, нутгархаг үзлийг улам дэвэргэнэ. Монгол Улсыг хагалж бутаргах том аюул үүний ард бий. Санаачлагчид нь ингэж шууд бодоогүй, намчирхлыг зогсооё гэсэн байх. Гэвч нам төлөвшөөгүй нь тэр хүмүүсийн буруу. Асуудлыг салгаж биш, Үндсэн хууль, Сонгуулийн хуультай нь томоор харах ёстой. Нам дамнасан бүлэглэл бий болсон нь гажуудлын шалтгаан. Тэд үндсийн үндэс болсон хуульд өөрсдийн эрх ашигт нийцсэн өөрчлөлт оруулах гээд байна.

С.ТУУЛ

ЭХ СУРВАЛЖ “ӨНӨӨДӨР” СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж