Ким Жон Ун нас барвал Хойд Солонгосыг хэн удирдах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун нас барвал Хойд Солонгосыг хэн удирдах вэ?

Ким Жон Ун нас барвал Хойд Солонгосыг хэн удирдах вэ?

БНАСАУ-д чухам юу болоод буйг мэдэхэд хэцүү. Хэрэвзээ, энэ долоо хоногт цацагдсан мэдээ үнэн бол Ким Жон Ун зүрхний хагалгаанд орж, бие нь сайнгүй байгаа гэх. Гэвч, зарим талууд үүнийг үгүйсгэсэн. Гэхдээ аль нь байлаа гэсэн “Хэрвээ Ким Жон Ун өнгөрвөл түүнийг хэн залгамжилж, 25 сая хүн амтай цөмийн зэвсэгтэй орныг удирдах бол” гэх асуулт тавигдах болжээ.

Сөүлд төвтэй, Умард Солонгосын өдөр тутмын мэдээ гэх сайтад энэ долоо хоногийн эхээр Умард Солонгосын удирдагч зүрхний хагалгаанд орсноор биеийн байдал таагүй байна гэсэн мэдээ нийтлэгдсэн билээ. Түүний дараа CNN агентлаг нэрийг нь нууцалсан АНУ-ын тагнуулын албаны эх сурвалжийн хэлснээр БНАСАУ-ын удирдагч зүрхний хагалгаанд орсны дараа үхлийн ирмэг дээр байгааг мэдээлсэн юм. Эргэлзээг батлах үйл явдал нь Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 15, БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ил Суны төрсөн өдрийг тэмдэглээгүй нь хүмүүсийг улам түгшээв. Түүнээс гадна дотоодын хэвлэлүүд нь түүний зургийг хаана ч явж байсан хачин сайхнаар авч нийтэлдгээ больсон байна.

Гэвч БНСУ, БНХАУ зэрэг зарим улсууд дээрх мэдээг батлах боломжгүй гэв. Тэгвэл, Ким Жон Ун улсаа удирдах боломжгүй бол залгамжлагч нь хэн байх вэ? Далан жилийн турш БНАСАУ-ыг нэг гэр бүл удирдаж байгааг харгалзан үзвэл түүний оронд дахиад өөр нэг Ким суух магадлал өндөр.

БНСУ-ын Сэжүн институтын ажиглагч Чон Сон Чаны хэлснээр Ким Жон Уны дүү охин Ким Ёо Жон удирдагчийн суудалд суух боломж 90-ээс илүү хувьтай аж. Хамгийн гол нь тэр “хааны удам”-ын цустай. Умард Солонгос бол удирдагчыг тодруулах асуудалд хаант улс шиг уламжлалтай орон. Сүүлийн жилүүдэд Ким Ёо Жон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтад оролцохоос гадна дээд зэрэглэлийн олон уулзалтад ахыгаа дагалдаж оролцсон, Умард Солонгосын хоёр дахь өндөрлөг гэгдэх болсон билээ.

Блүүмберг 2017 онд “Эцгийн эрхт ёс давамгайлсан улс орныг Ким Ёо Жон удирдах боломжтой юу” гэх асуулт тавьж олныг талцуулж байжээ. Тэр жил Ким Жон Унтай эцэг нэг, эх өөртэй Ким Жон Нам Макаод амьдарч байгаад Куала Лампурын нисэх онгоцны буудал дээр хорлогдсон билээ. Тэрээр өөрийгөө аюулд байгааг эртнээс мэдэж, өрсөлдөгч гэж үзэх болсон дүүгээсээ амь өршөөхийг гуйсан захиа бичиж байжээ.

Ким Жон Унд өөр нэг ах бас бий. Түүнийг Ким Жон Чол гэнэ. Гэхдээ тэрбээр улс төр, олны анхаарлын төвд байх тун дургүй хүн аж. Тэр ч байтугай түүнийг аав Ким Жон Ил нь "Эрх мэдэл эзэмшихэд хэтэрхий охин шиг" хэмээн зэмлэдэг байжээ. Ким Жон Чол улс төр гэхээс илүү урлагийн авьяастай. Тэрбээр гитарыг маш сайн тоглодог төдийгүй таван жилийн өмнө Эрик Клаптоны тоглолтод оролцож байсан ч удаатай. Олон хүн түүнийг удирдагчийн суудалд суухгүй гэж боддог ч Ким Жон Чол бол удирдагчийн гэр бүлийн  нэг учир үгүй гэх газаргүй аж.

Ким Жон Унд хэд, хэдэн хүүхэд бий. Гэвч, тэд эрх мэдлийн эзэн болоход хэтэрхий балчир юм.

Мөн түүний  авга ах, 65 настай Ким Пён Ил нь  олон жил Европт дипломатч хийж байгаад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эх орондоо буцсан гэдэг. Гэвч тэрбээр БНАСАУ-ын эрх мэдлээс дэндүү удаан, дэндүү хол байсан хүн юм.

Өөр нэг авга ах Жан Сон Тэк нь нэгэн цагт улсын хамгийн эрх мэдэлтэй эрчүүдийн нэг явсан хүн. Гэвч Ким Жон Ун төрийн эрхийг авснаасаа хоёр жилийн дараа 2013 оны арванхоёрдугаар сард түүнийг урвасан хэмээн яллаж цаазаар авчээ.

Удирдагчийн гэр бүлээс өөр хүнийг залгамжлагчаар тодруулъя гэвэл Чой Рёон Хэд боломж бий. Чой Рёон Хэ өнгөрсөн жил ард түмний хурлын тэргүүлэгчдийн ерөнхийлөгчөөр сонгогдсон нь түүнд их эрх мэдэл авчирсан аж. Тэрбээр удирдагчийн гэр бүлд олон жил үнэнчээр зүтгэсэн. Гэвч хамгийн гол нь түүнд удирдагчийн цус байхгүй.

Энэ бүхнээс дахин нэг дүгнэлт хийвэл удирдагчийн гэр бүлийн, үнэнч, дээгүүр албан тушаалтай гээд хүйсийг эс тооцвол бүх шалгуурт хамгийн их нийцэж буй хүн Ким Ёо Жон болж байна. Харин Чой болон бусад нь түүний доор ажиллахад тохиромжтой аж.

Зарим хүмүүс Ким Жон Ун өнгөрвөл эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж, цөмийн зэвсэг үл мэдэх хүний гарт орж, олон мянган хүн Хятад руу дүрвэж, тус улсад тогтворгүй, замбараагүй байдал үүсэх вий хэмээн санаа зовж байна.

Гэхдээ одоохондоо энэ бүхэн Ким Жон Уны биеийн байдлаас хамаарах юм. Тэрбээр өдгөө дөнгөж 30 гаруй настай, идэр залуу хүн. Гэвч түүний бие маш муу байгаа гэх. Хэрвээ түүний бие дээрдвэл 2070 он хүртэл барууны удирдагчдын олон халаа сэлгээг үзэнгээ цөмийн зэвсгээ сайжруулж, хатуу чанга гараар улсаа удирдсаар, эцэст нь үймээн самуунгүйгээр тохирох хүнд нь удирдлагаа өгөх боломжтой гэж бичигдэж байна.

Эх сурвалж: QUARTZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж