Яагаад Канад лугаа хөгжих ёстой гэж …

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

Яагаад Канад лугаа хөгжих ёстой гэж …

 

Гонгорын Дамдинням

/ Уул уурхайн засаглал, бодлого судлаач /

Уул уурхайн засаглал, бодлого судлалын талаар бусадтай санал хуваалцахдаа голдуу Канад орныг Монгол улсын хөгжлийн жишиг орон байж болох тухай ярьдаг. Монгол орон маань Канад шиг, Канад лугаа хөгжих ёстой гэж бодож явдаг нэгэн билээ. Одоогоос бараг 100 орчим жилийн өмнө 1921 оны хувьсгалын удирдагчийн нэг, Ардын засгийн газрын анхны Сангийн сайд С. Данзан “Монгол улс Швейцар лугаа хөгжих ёстой” хэлсэн нь түүх болон үлджээ. Ийнхүү ХХ зууны эхэн үеэс Монголчууд өөрсдийн хөгжлийн загвар болох орныг хайж, эрэлхийлж байв. Эдүгээ ч бас энэ эрэл үргэлжилсээр байна. Тиймээс Канад гэж улсын талаар цуврал нийтлэлүүд хүргэхээр шийдсэн болно.


Монголчууд бид Канад гэж улсын талаар мэдэх болоод удаагүй. Оюутолгойн уурхайн хөрөнгө оруулагч Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниудаар л энэ оронтой танилцсан. Миний хувьд ч ялгаагүй уул уурхай, тэр дундаа уул уурхайн засаглал, бодлого судлалын чиглэлээр суралцахаар энэ улсыг сонирхож, сурч төгссөн. Сурч байх үеэс л манай улсын загвар орон бол Канад юм байна гэх бодол байнга толгойд эргэлдэх болсон билээ. Монгол Канад хоёр улсад ч их ижил төстэй хүчин зүйлүүд бас бий. Юуны өмнө цаг агаар яг манайх шиг жилийн дөрвөн улиралтай,  Монгол улстай нэг газар зүйн байрлалд оршдог. Онгон дагшин сүрлэг уулс, цэвэр тунгалаг гол мөрөн гээд байгалийн тогтолцоо тун ойролцоо. Дээр нь газар нутгийн хэмжээ, энэ үзүүлэлтээр Канад улс нь дэлхийд хоёрт, Монгол улс арван долоо дугаарт ордог. Нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ бараг бид нартай ижил, Америк тивдээ хүн амын тоогоор цөөхөнд орох ба 40 орчим сая хүн амтай. Мөн манай улс Орос, Хятад гэсэн дэлхийн хамгийн том хоёр улстай хил залгадаг бол Канад нь ердөө АНУ гэдэг ганц том аварга хөрштэй. Эдийн засгийн хувьд хоёр орон хоёулаа дэлхийн тэргүүлэх зах зээлтэй ойр байна гэсэн үг. Дээр нь уул уурхайн туулсан зам нь бидэнтэй их төстэй. Одоо бидэнд тулгарч буй бэрхшээл саад, асуудлуудыг аль 100 орчим жилийн өмнө туулаад үзсэн туршлага, шийдэл Канадуудад бий. Бас тэдэнд дэлхийн хамгийн шилдэг технологи,  шинжлэх ухааны мэдлэг чадвар нь байна. Хоёр орон хоёулаа байгалийн асар их баялагтай уул уурхайн орнууд. Эдийн засаг дахь уул уурхайн оролцоо 8 орчим хувьтай байвал тэр улсыг уул уурхайн оронд тооцдог. Энэ үзүүлэлтийг Канад, Монгол улс хоёул хангадаг. Жишээ нь манайд ид яригдаж байгаа төмөр замын бодлого, хэт том хөршөө үзэн ядах, айх гээд олон ижил асуудлыг Канад улс тойрч биш шийдэж өнөөг хүрсэн байдаг. Америкчууд Аляскийн хойгийг Оросоос худалдаж авснаар Канад улс их сонирхолтой хилтэй болсон урд талдаа Америктай, хойд талдаа мөн Америктай. Харин баруун, зүүн хоёр талаараа Атлантын далай,Номхон далайгаар хүрээлэгдсэн. Америкчууд өөрийнхөө худалдаж авсан газар нутаг дээр очихоор Канадын хоёр эргээр усан онгоцоор явдаг, уг нь Канадын дундуур төмөр зам тавих гэж эхлээд оролдсон байдаг юм. Гэтэл Канадын дотоодод улс төрийн хурцадмал асуудал үүссэн. Яг хэдхэн жилийн өмнө манайд гарсан төмөр замаар хятадын танк орж ирнэ, шуудайтай элс цоолох мэт манай баялаг гадагшаа гарна гэдэгтэй ижил эсэргүүцэл тулгарсан. Энэ хийрхэл, улс төрийн ашиг хонжоо харсан, нөгөөгөө буруутгах сэдэв болгох гэсэн оролдлогын эсрэг Канад улс ард иргэд, компани, төр гэсэн гурван талын ойлголцолыг ашиглаж даван туулсан байдаг. Өнөөдөр АНУ, Канад хоёр хойд, урд талаараа  170 орчим хилийн боомтуудаар ачаа тээвэр, иргэд нэвтрүүлж байна. Хоёр улс дундаа нэгдсэн хил, гаальтай. Та Канадаас шууд АНУ-ын хил, АНУ-аас шууд Канадын хилийг нэвтэрч болно.

Канад улс: Манай хоёр орны харилцаа, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Канад улс тэртээ 1964 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч,  орон 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоожээ. Монгол Улс ЭСЯ-аа 2001 онд нийслэл Оттава хотноо нээсэн бол Канад Улс 2008 онд ЭСЯ-аа Улаанбаатар хотноо нээсэн байдаг.

Юуны өмнө Канад улс газар зүйн маш онцгой байрлалтай. Хойд Америкийг эзлэн оршдог тус улс нь зүүн талаасаа Атлантын далай, баруун талаараа Номхон далай, хойд талаараа Умард мөсөн далайнуудаар хүрээлэгддэг. Нийт 9.985 сая км² газар нутагтай бөгөөд хэмжээгээрээ Орос орны дараа хоёр дугаарт ордог. АНУ гэдэг ердөө ганцхан хөрштэй бөгөөд баруун хойд ба өмнөд талаараа хил залгах ба 9000 км урттай энэ нь хил хуурай газрын хамгийн урт хилд тооцогддог. Тус улс нь байгалийнхаа онгон дагшин байдлыг маш сайн хадгалсан орон гэдгээрээ дэлхийд алдартай.

Канадын газрын зураг[1]

Албан ёсны хэл нь Англи, Франц. Төрийн тэргүүн нь Английн хатан хаан II Элизабет, парламентын засаглалтай. Харин төрийн хэлбэрийн хувьд парламентын хаант засаглалтай гэсэн үг. Канад нь 10 муж, гурван бүсээс бүрдэх холбооны улс ба 40 сая гаруй хүн амтай, дэлхийн хамгийн хүйтэн цаг агаартай орны нэг.

1867 оны 7 сарын 1-нд Холбооны үндсэн хуулийн актаар Канадын доминион нэрээр Онтарио, Кэбэк, Нова Скотиа, Нью Брансвик хэмээх дөрвөн муж бүхий холбооны улсын үндэс суурийг тавьжээ. Ингээд 1867-1975 он хүртэл үргэлжилсэн олон янзын гэрээгээр Их Британий эзэнт гүрнээс ямар нэгэн байдлаар холбоотойгоор оршин тогтож байв. Гэвч 1919 онд Британиас тусдаа Үндэстнүүдийн Лигт (НҮБ-ын эхний хувилбар) элссэн бөгөөд 1945 онд Дэлхийн II дайн төгсөх үеэр НҮБ байгуулагдахад Канад нь элсэн орж анхны гишүүдийн нэг болж байлаа.

Эдүгээ “Их долоо”, “Их хорь”-ийн гишүүн Канад нь дэлхийн олон улсын амьдралд жинтэй байр суурь эзэлдэг , нөлөөтэй тэргүүлэгч орнуудын нэг билээ. Гадаад бодлого нь олон талт хамтын ажиллагааны хүрээнд голчлон явагдах энэ улс хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёс, сайн засаглал зэрэг үнэт зүйлсийг ихэд эрхэмлэдэг орон. Мөн Британийн хамтын нөхөрлөл, Франкофон, ПЕКК, Хойд туйлын зөвлөл, НАТО болон АПЕК-ийн идэвхтэй гишүүн улс билээ.

Улс төр, үзэл баримтлал: Канадын улс төрийн тогтолцоо, засаглал нэлээд сонирхолтой. Үндсэн хуульт хаант засагтай бөгөөд төрийн тэргүүн нь Английн хатан хаан II Элизабет, харин засгийн газрыг Ерөнхий сайд тэргүүлдэг. Хоёр танхимтай парламенттай, холбооны тогтолцоотой орон. Хатан хаан өөрийн томилсон Амбан захирагчаар дамжуулан ёслол, бэлгэдэл голлох улс төрийн эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Аливаа хууль хоёр танхимаар хэлэлцсэний дараа батлагдана. Парламентын дээд танхим нь Сенат, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийг хүчингүй болгох, хуулийн төслийг дахин хэлэлцүүлэхээр доод танхимдаа буцаах бүрэн эрхтэй. Сонирхолтой нь 105 сенатын гишүүнийг Амбан захирагч 75 нас хүртэл нь томилдог. Парламентын доод танхим буюу Нийтийн танхим нь хууль тогтоох гол байгууллага нь юм. Нийт 301 гишүүдийг бүх нийтийн сонгуулиар тойргуудаас энгийн олонхийн саналаар 5 жилийн хугацаатай сонгодог . Энд олонхийн суудал авсан нам, эвсэл өөрийн Засгийн газрыг байгуулдаг.

Одоо Канадын эвслийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдаар залуу улс төрч Жастин Трюдо ажиллаж байна. Түүний хувьд өмнөх сонгуулиар ялсан ялалтаа бүрэн хэмжээнд баталгаажуулж чадаагүй ч хамтарсан засгийн газар байгуулаад тэргүүн байх, боломжоо авч үлдээд байна. Тэрээр удам дамжсан улс төрч бөгөөд түүний аав Пьер Трюдо Канадын түүхэнд хамгийн олон жил ерөнхий сайд хийсэн хүн юм .

Лидергүй болсон гэж шүүмжлүүлж байсан Канадын Либерал нам даргаараа залуухан эрч хүчтэй Жастин Трюдог сонгож 2015 оны сонгуульд ялалт байгуулсан. Ялалт байгуулсан намын дарга нь 15 эрэгтэй, 15 эмэгтэй сайдтай, олон үндэстнээс бүрэлдсэн Засгийн газар байгуулан тэр дороо дэлхийд танигдсан. Ерөнхий сайд Жастин Трюдо цагаач нарын асуудалд илүү нээлттэй, нааштай хандаж, шинээр ажлын байр бий болгох, нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгох дээр гол анхаарал хандуулсан. Тэрээр дундаж давхаргынхны татварыг бууруулж 1 хувьд хүргэсэн, 10 гэр бүл тутмын 9-д нь үр хүүхдээ өсгөхөд нь зориулах мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн,  орон гэргүй 40 мянга гаруй Сирийн дүрвэгсдийг халуунаар угтан авсан гээд дуулиан шуугиан дагуулсан олон ажлаараа дэлхийн удирдагч нарын дунд хэдийнээ байр сууриа олсон.

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо[2]

Түүнийг дэлхийн Generation X үеийн улс төрчдийн гол лидер, “Умардын Обама” гэх зэргээр судлаачид нэрлэх нь бий. Түүний явуулдаг гол бодлого бол тогтвортой хөгжил,  дэлхийн дулаарлын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа мөн хүйсийн тэгш харилцааны бодлого юм. Жастин Трюдогийн оролцоогүй хүйсийн тэгш эрхтэй холбоотой хурал зөвлөгөөн бараг байхгүй болсон. Канад орон өөрөө их онцлог их нээлттэй орон. Бүгдийг хамруулаад бүгдийн сайн сайхны төлөө явуулж чаддаг. Хүйсийн тэгш эрхийн тухай буюу гуравдагч хүйсийг хүртэл ярьдаг. Нэг сонин жишээ: Канадын үндэсний агаарын тээвэрлэгч “Айр Канада” компанийн онгоцонд гуравдагч хүйсийн эрхийг хамгаалж Ноёд, хатагтай нараа гэж зарладаг явдлыг зогсоож, Эрхэм зочид оо хэмээн дууддаг болсон. Ингэж л хүйсийн тэгш бус байдлын зөрүүг арилгах бодлогыг хэрэгжүүлдэг. Эндээс нийгмийн асар их тэгш бус байдлыг арилгах боломжтой гэж үздэг. Хүн өөрийнхөө уугуул соёл, зан заншлаа тээгээд хэнд ч саад болохгүй амьдарч болох орон бол Канад юм. Тэд ийм л онцлогтой. Ерөнхий сайд Жастин Трюдо ингэж хэлсэн байдаг Канадын хүч чадал, ирээдүйн чиглэл diversification буюу олон ургалч үзэл, олон төрөлжсөн байдал, бид бүгдийг сонсдог, бүгдэд хэрэгтэйг хийдэг.

Манай зарим хүмүүс Америк, Канад хоёр улсыг адилтгах гээд байдаг. Яг дотор нь ороод амьдраад үзвэл Канадууд Америкчуудаас тэс өөр, өөр үзэл бодолтой, өөр чиг баримжаатай, өөр үнэт зүйлтэй . Канадын улс төрд барууны нам, баруун чиглэлийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин, эсвэл байхгүй. Канадын улс төрчдийн улс төр бол тэр чигтэй л зүүн, зүүн төвийн, хэн нь илүү зүүн гэдгээрээ л ялгаатай.

Учир нь сонгогчид, Канадын нийгэмд чинээлэг дундчууд олонх болдог. Нийт хүн амын тун бага хэсэг нь хэт их баян, мөн их бага хэсэг ядуу гэсэн ангилалд орно. Тийм учраас Канадын улс төрд популизм, популист улс төрч байдаггүй . Хүмүүс нь өөрөө өөрийнхөө амьдралыг аятайхан аваад явдаг, нийгмийн халамжийн тогтолцоогоороо нийгмийн баялгаас бүгдээрээ орлогынхоо хэмжээнээс хамаараад шударга хүртээд явдаг системтэй. Төрөл бүрийн популист амлалт гаргаж ирсэн улс төрчид их амархан унадаг, амжилт олдоггүй . Жастин Трюдогийн саяхан болж өнгөрсөн сонгуульд бага санал авсан нь гол шалтгаануудын нэг нь бол популизм байсан гэж үзэх судлаачид бий. Тэрээр нийгмийн халамжийг хэтэрхий тэлэх бодлого баримталж эхэлснээс болж дэмжигчдийн тоо нь буурсан гэж үзсэн.

Үргэлжлэл бий …


[1] https://images.app.goo.gl/NsYc6qVUmRRV6EcA7

[2] https://www.vox.com/2016/3/10/11193958/justin-trudeau-canada

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж