Д.Нямхүү: Халдвар илэрсэн жолооч хүүтэйгээ уулзаагүй, утсаар ярьсан

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Халдвар илэрсэн жолооч хүүтэйгээ уулзаагүй, утсаар ярьсан

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Wednesday, April 22, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Шинэ коронавирус 213 оронд бүртгэгдэж, 2.6 сая хүн халдварлаж, 184 мянган хүн нас барж, 700 мянга гаруй хүн эдгэрч, 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ОХУ-д 24 цагийн дотор 5262 хүн шинээр халдвар авч, нийт тохиолдол  58 мянгад хүрч, 57 хүн нас барсан. Өвчлөлийн тархалт эрчтэй байна. Москва хотод халдвар авсан хүмүүсийн 40 орчим хувь нь бүртгэгдсэн. Ялангуяа манай улстай хил залгаа Эрхүүд 75, Буриадад 153, Алтайн бүгд найрамдах улсад 58, Тувад 13 хүн өвчилсөн байна. Нян таригчаас халдвар их тархаж байна. Ялангуяа ОХУ-ын эрдэмтдийн судалгаагаар хүүхэд балархай хэлбэрээр өвчилж, вирусийг ихээр ялгаруулж байна. Тийм учраас хүүхдүүд том хүнд халдвар тараах эх уурхай болж байна гэж дүгнэжээ.

БНХАУ-ын эрдэмтэд цар тахлыг судалж, 30 омог байна гэж үзсэн. Хамгийн их нас баралтыг үүсгэж буй омог нь Европ, АНУ-ын Нью-Йорк хотод өндөр тархсан. Мөн 19 удаа хувьсан өөрчлөгдсөн учраас эм, вакцин гаргахад хүндрэлтэй байна гэж дүгнэжээ.

Монгол улсын хувьд ажиглалтад 1249 хүн байгаагаас 36 хүн шинээр ажиглалтад орж, есөн хүн тусгаарлалтаас гарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Тусгай үнэ төлбөргүй 119 утсанд 262 дуудлага ирснээс ихэнх хувийг банк, үйлчилгээний газруудад 1-1.5 метр зайнд зогсоохгүй байна гэдэг гомдол саналыг ирүүлсэн байна.

“Герман улс шинэ коронавирусийн эсрэг вакциныг гаргаж авсан”

ЭМЯ-НЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА Б.ЯНЖМАА:

-ДЭМБ-аас өдөр тутам хийдэг хэвлэлийн бага хурлын үеэр өчигдөр /2020.04.22/ мэдээлэхдээ Африк тив, Куба улс, Өмнөд Америкт халдварын тархалт улам нэмэгдэх хандлага ажиглагдаж буй талаар мэдээлсэн. ДЭМБ-ын тооцоолсноор дэлхийн зарим улсуудад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд халдварын тархалт 250-300 хувиар нэмэгдэх болсон. Одоогийн байдлаар Африкийн бүсэд лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлын тоо 16 мянга гаруй байгаагаас Өмнөд Африкын бүгд найрамдах улсад халдварын тархалт хамгийн өндөр байна. Европын бүсэд ОХУ, Беларус, Турк зэрэг улсуудад халдвар нэмэгдсэн хэвээр байна. Турк улсад 24 цагийн дотор халдварын шинэ тохиолдол 3083, нас баралт 117 бүртгэгджээ.

Нийт батлагдсан тохиолдлын тоо 100 мянга руу дөхөж байна. Итали улсын Иргэнийг хамгаалах газрын мэдээлснээр тус улсад 24 цагийн хугацаанд 3300 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 437 нас баралт бүртгэгджээ. Мөн Испани улсад 435 нас баралт шинээр бүртгэгджээ. Эдгээр улсуудад халдварын шинэ тохиолдол, нас баралтын тоо маш удаан буурч байна. АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2751 нас баралт бүртгэгдэж, нийт эндэгдлийн тоо 44 мянга гаруй болоод байна. Тус улсын Нью-Йорк муж улс хөрш зэргэлдээ мужуудтай хамтран батлагдсан тохиолдлын хавьтлуудыг тогтоох ажлыг өргөн хүрээнд эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар энэ ажлыг 700 гаруй ажилтан гүйцэтгэх бөгөөд нийтдээ 35 мянга гаруй оюутнуудыг дайчлан ажиллах боломжтой гэж мэдээлсэн.

ХБНГУ-ын Био технологийн компани шинэ коронавирусийн эсрэг вакциныг гаргаж авсан байна. Хүний бие дээр турших эмнэл зүйн зөвшөөрлөө эрх бүхий байгууллагуудаас авчээ. Эхний ээлжинд 18-55 насны харьцангуй эрүүл 200 хүнийг хамруулах бөгөөд амжилттай болбол хоёр дахь шатанд эрсдэл өндөр бүлгийнхнийг хамруулна гэдгээ мэдэгджээ. Өнөөдөр Ази номхон далайн бүс нутгийн парламентчдын дэлхийн эрүүл мэндийн форум механизмын хүрээнд 30 гаруй улсын парламентчид цахимаар хуралдаж, тархалтын нөхцөл байдал, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцоно.

“АНУ-д гурван хоног тутам тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэх үзүүлэлттэй”

ДЭМБ-ЫН АЖИЛТАН О.АРИУНТУЯА:

-Сүүлийн 24 цагийн хугацаанд хүн амын дунд тархалт өндөр байгаа орнуудад өвчлөл нас баралт багасах хандлага гарч байна. Тодруулбал, АНУ-д гурав, Итали, Герман, Франц улсад нэг, Турк улсад 50 хувиар өвчлөл нэмэгдсэн. Нас баралтын хувьд Франц улс 18 хувьтай байна. АНУ-д гурван хоног тутам тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэх үзүүлэлттэй байгаа бол бусад өндөр хөгжилтэй улсад таван хоног тутам халдварын тоо нэмэгдэж байна. Манай бүсийн 22 улсад халдвар бүртгэгдсэн бөгөөд Япон, Сингапурт тохиолдлын тоо өссөн хэвээр байна. Баруун европын орнуудад халдварын тархалт буурах хандлагатай байгаа ч Африкийн болон Төв Америк, Өмнөд Америк, Зүүн Европын тохиолдлын тоо өсөх хандлагатай байна.

Ихэнх орнууд тархалт өвчлөлийн эхний үе шатандаа, өвчлөл эрт бүртгэгдсэн орнуудад дахин хоёр, гуравдугаар давалгаа явагдаж байна. ДЭМБ-аас шинэ коронавирусийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн зарласан нэгдүгээр сарын 30-наас хойш улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үндэс суурь болсоор байна. Үүнд тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийх, эмчлэх, хавьтлуудыг тодорхойлох, тусгаарлах, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, оролцоог нь хангах гэсэн үндсэн зургаан арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхийг зөвлөмж болгон өгч байна. ДЭМБ-аас шинэ коронавирусын нас баралтыг ангилах, гэрчлэх олон улсын удирдамжийг шинээр гаргалаа.

“Тээврийн жолооч хилээр орж ирснээс хойш бүх бичлэгүүдийг хянасан”

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ: 

2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд ХӨСҮТ болон орон нутгийн хэмжээнд тусгаарлагдсан иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс шинэ коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хянагдаж байна. Манай төвийн лабораторит тандалтын шугамаар орон нутгаас 17 хүний сорьц, шинжилгээг хийж, шинэ коронавирус илрээгүй.

Бид Дархан-Уул аймагт байгуулсан ХӨСҮТ-ийн хэмжээний лабораторио ажиллуулж байна. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа тээврийн жолооч нарыг хянах зорилгоор дээрх лабораторийг ажиллуулж, тэнд ХӨСҮТ-ээс нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Мөн Ховд, Дорнод зэрэг аймгуудад төв лаборатори бэлтгэгдсэн.

Алтанбулаг боомтоос ачаа тээвэрлэсэн жолоочоос Covid-19 илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн. Энэ хүний хүүхэд нь аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй юм байна гэдгийг хяналтын журмаар шүүж тогтоосон. Эргэлзэх хэрэггүй. Ажлаа хийж байгаа хүүхдийн хувьд ч хэцүү байна, зөв ойлгох хэрэгтэй. Бид ойрын хавьтлын 50 орчим хүнийг тогтоож, шинжилгээнд хамруулсан. Дахин давтан шинжилгээ хийх эсэхийг эмч нартайгаа ярилцаж байгаад хийнэ. Бид цагдаа, тагнуулын байгууллагуудтай хамтран замын камер шүүсэн. Мөн тэр хүнээр өөрөөр нь маршрутыг нь хэлүүлнэ. Тэр хүн өөрөө үнэнээ хэлэх ёстой. Тэр хүний үнэн үг эхний маршрутыг тогтооно. Тухайн жолооч дөрөвдүгээр сарын 16-нд орж ирснээс хойш бүх бичлэгүүдийг цэг болгон дээр нь хянасан. Замдаа дугуй нь хагараад зогссоныг хүртэл мэдэж байна.

ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал сайн байна. Эмчилгээний тактик зөв байна. Бид өглөө бүр дотор тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмч нартайгаа онлайнаар мэдээ солилцож, хурал хийдэг. Маш сайн хянаж, сэтгэл зүйн хувьд анхаарч ажиллаж байна. Дархан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 26 хүнээс вирус илрээгүй.

Иргэд маань дархлалын системээ дэмжих хэрэгтэй. Шөнийн 23.00 цагаас өглөө 07.00 цаг хүртэл унтах юм бол залуужуулдаг бодис ялгардаг юм байна. Унтах цагтаа унтвал арьс үс зөөлөрнө, дархлалын систем олноороо үржин хүчтэй болно гэж эрдэмтэд бичсэн байна.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж