УИХ-ын чуулганы хуралдаан /2020.04.23/
Posted by News.mn on Thursday, April 23, 2020
Д.Цогтбаатар: Импортын татвараа 30 болговол худалдааны цохилтод орно
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн нарын 10 гишүүн санаачлан боловсруулсан, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг 50 зүйлтэй. Төсөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох тухай, Улсын Их Хурал зөвхөн Ерөнхий сайдыг томилж, огцруулж, харин Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлж, огцруулах эрхийг хассан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн батлах, хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байх болон улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүй талаар заасан байна. Хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоох тухай, Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох тухай, чуулган нэгдэн болон Байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонх хүрэлцсэн ирсэн тохиолдолд хүчинтэйд үзэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар шийдвэрлэх, хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын саналаар батлах тухай зохицуулалтуудыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт гишүүн тодотгосон юм.
Шинэчилсэн найруулгын төсөлд:
УИХ-ын зорилт, чиг үүрэг, УИХ-ын бие даасан байдлыг хангах;
УИХ-ын гишүүний бүрэн эрх болон гишүүний тангаргийг өөрчлөн найруулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах;
УИХ-ын нэгэн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох;
УИХ дахь олонх, цөөнхийн зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах;
УИХ-ын даргыг сонгох, чөлөөлөх;
УИХ-аар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэх;
Хянан шалгах түр хороо хуулиар тусгайлан тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг хянан шалгаж, тайлан гаргах, гаргасан тайлан нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй байх;
УИХ дахь нам, эвслийн бүлгийн зохицуулалтыг нарийвчилж, сонгуулийн дараах эвслийн бүлгийн зохицуулалтыг шинээр тусгах;
УИХ-ын хууль тогтоох бүрэн эрх болон хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зүйл, заалтыг боловсронгуй болгох;
Гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйлсэд шинэ зохицуулалт нэмэх;
Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхойлох; зэрэгтэй холбоотой өөрчлөлтүүд тусгажээ.
Дараа нь Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Уг тогтоолд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах болон хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжих зорилгоор хүнсний ногоо, зарим ургамлын үндэс булцуу, төмс, сонгино, саримс, улаан лооль, өргөст хэмх, байцаа, шар лууван, шар манжин тус бүрийг импортоор оруулахад гаалийн албан татварын хувь, хэмжээ 20 хувь байгааг 30 хувь болгон нэмэгдүүлэх, үр тариа, тосны ургамал, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийн гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгож, чанартай үрийг импортлох зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан тогтоолын төслийг боловсруулжээ. Импортын татварыг нэмэгдүүлж, төрийн бодлогоор үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалснаар гучаад жилийн өмнөх шиг дотоодын хэрэгцээг чанартай хүнсний ногоогоор 100 хувь хангах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж буй.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол улс 164 орныг нэгтгэсэн Дэлхийн худалдааны байгууллага/ДХБ/-ын гишүүн орон. 1997 онд Монгол Улс ДХБ-д нэгдэн орохдоо импортын татвараа дээд тал нь 20 хувь байлгах үүрэг хүлээсэн. Энэ тохирсон дээд хязгаараа барьж явахгүй бол ДХБ-ын маргаан таслах механизмд очно. Учир нь энэ арга хэмжээнээс үүдэж хохирсон улс гомдол гаргах эрхтэй. Нэгэнт гомдол гаргачихвал маргаан таслах механизм автомат шинж чанартай учраас шууд цааш явна. Эхний шатанд харилцан зөвлөлддөг энэ үед нь л маргааныг таслах боломжтой. 164 гишүүн орны өмнө хүлээсэн үүргээ Монгол улс биелүүлээгүйн үр дагавар нь ДХБ-ын маргаан таслах механизмаар хэрэв манайх ялагдвал бусад орнууд хариу арга хэмжээг авах эрхтэй. Үүний үр дагавраар худалдааны цохилт болох эрсдэлтэй. Өмнө нь манай улс маргаан таслах механизмд орох нөхцөл байдал хэд хэд бүрдсэн. Тухайн үед нь Гадаад харилцааны яам урьдчилан сануулж, зөвлөлдөх шатанд нь маргааныг таслан зогсоож байсан юм. Харин одоо энэ тогтоол батлагдвал маргаан гарах амаргүй байдал үүснэ. Тиймээс гарах гарцын тухайд, ДХБ-д иймэрхүү нөхцөл байдалд заасан хамгаалалтын арга хэмжээний тухай эрхзүйн зохицуулалтууд байдаг. Хөдөө аж ахуйн хэлэлцээр дотроо мөн адил хамгаалалтын механизмууд бий. Уг нь Засгийн газрын хамгаалалтын арга хэмжээний хэлэлцээрийн хүрээнд импортын барааны өсөлтөд ноцтой хохирол дотоодын үйлдвэрт учруулж байгаа тохиолдолд сэргийлэх үүднээс журам гаргаж болно. Тус журмыг гаргаснаар дээд хязгаараас давсан тарифыг тавих боломжтой юм” гэсэн юм.
Д.Цогтбаатар сайдын хэлж буй дээрх саналыг дараагийн хэлэлцүүлэгт анхаарах ёстойг гишүүд хэлж байв.
Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд хороонд шилжүүллээ. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.
"Маск зүүгээгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох нь өндөр байна"
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж байна.
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан. Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд болох төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, байгууллагуудыг татан оролцуулж, амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын автозамын төсөл болон “Халх гол" сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хариуцан ажиллаж байгааг Батлан хамгаалахын сайд танилцуулгадаа онцоллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дээрх бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа үндсэн үүргээ биелүүлэх, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний харьцангуй бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах шаардлагатай. Мөн орчин үед цахим кибер хандлага хурдтай нэмэгдэж, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэх болсонтой холбогдуулан Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг хуулиар бий болгох зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэх, хэрэгцээ, шаардлага бий болсон гэж төсөл санаачлагчид үзжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Зүүн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй цэргүүд хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ. Энэ хууль батлагдсанаар сард 2 сая төгрөгийн цалин авч чадах уу. Тухайн цэрэг алба хаагаад буухдаа 40-60 сая төгрөгийн хуримтлалтай буугаасай гэж хүсч байна. Энэ хэмжээний хуримтлал бүрдэх боломж байгаа юу. Мөн бүтээн байгуулалтад оролцох болон цэргийн алба хаах хоёр нь өөр. Бүтээн байгуулалтад оролцож байгаа бол хугацаагаа сунгах боломж бий юу. Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд аль улсын туршлага судалж байна вэ. Хамгийн шалгарсан нь ОХУ.
Батлан хамгаалахын сайд, хууль санаачлагч Н.Энхболд:
Цалингийн хувьд Сангийн яам, Батлан хамгаалахын сайдын хамтарсан тушаал гарсан. Бүтээн байгуулалтад ажиллаж байгаа цэргийн алба хаагч өдөрт 70 хүртэл мянган төгрөгийн цалин авах боломжтой болсон. Мэргэжлийн хүмүүсийг тусгай гэрээ байгуулж, цалинг тусгайлан тохиролцож байна. Хугацаат цэргийн алба хаагчдаас сургалтад хамруулан бүтээн байгуулалтад ажиллуулж, сард 2 сая төгрөгөөс доошгүй цалин авах нөхцөл боломж бүрдсэн. Цэргийн хугацааны хувьд бүтээн байгуулалтад мэргэжлийн ахлагч нар, багахан хувийг, бусдад нь хугацаат цэргийн алба хаагчид эзэлж байна. Цаашид хугацаат цэргийн алба хаагчдын ахлагч болгоод гэрээг сунгаад ажиллах боломжтой. Сүүлийн гурван жил цэрэг татлагад нарийн мэргэжлийн залуусыг авахад чиглэсэн. Хүсвэл манай дээр ирээд гэрээ байгуулаад бүтээн байгуулалтад ажиллах боломжтой.
Энхийг сахиулах ажиллагаанд инженерийн ангиа явуулаач гэсэн хүсэлт НҮБ-иас ирсэн. Энэ хүрээнд инженерийн батальон явуулах бэлтгэлийг хангаж ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төслийг дэмжиж байна. Хуучин бол барилгын цэрэг гэж байсан. Барилгын цэргүүд олон бүтээн байгуулалтын ажлууд хийсэн боловч тухайн үеийнх нь үйлдвэрлэл, материалаас болоод ажлын доголдол зарим талаараа гарч байсан. Энэ тал дээр сайтар анхаараарай. Төмөр замын ажлыг чанарын өндөр түвшинд хийж байгаа гэж хэвлэлийн мэдээллүүдээс харсан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ хэдэн зүйлийг анхаараасай гэж хүсэж байна. Цэрэгт ямар айлын хүүхдүүд явж байна вэ гэхээр ихэвчлэн амьдрал нь тааруу, нөхөн төлбөр төлөөд цэргийн албаас чөлөөлөгдөх боломжгүй нь явж байна. Тэгэхээр одоо цэргийн албанд хүсэж, мөрөөдөж явдаг болмоор байна. Цэргийн албанд явснаар амьдрал нь сайжирдаг гэж хүлээж авдаг баймаар байна. Анх Солонгос явж ажил хийж байхаар Монголдоо цэргийн албанд яваад тийм хэмжээний цалин авдаг болно гэж ярьж байсан. Гэтэл одоо анзаараад байхад тийм биш байна. Цэргийн алба хаагаад бүтээн байгуулалтад оролцоод ядаж орон сууцны зээлийн урьдчилгаатай болчихдог эсвэл боловсролдоо анхаарах санхүүгийн чадамжтай буудаг баймаар байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Хуулийн төслийг дэмжиж байна. Төслийн заалтуудад анхаарах зүйл байна. Тухайлбал төсөлд кибер аюулгүй байдлыг хангах гэж оруулсан. Өнөөдрийн нөхцөлд кибер орон зайд улсын хэмжээний аюулгүй байдлыг нэг байгууллага дангаараа хариуцахад хүндрэлтэй. Олон талын орчинд кибер аюулгүй байдлыг хангах ёстой. Гадаад, дотоод харилцаа, нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи зэрэг дэд бүтцүүдэд кибер аюулгүй байдлыг улсын хэмжээнд хангах шаардлагатай. Нэг байгууллага улсын хэмжээний кибер орон зайг хамгаалах зохицуулалтыг бид баталбал хуулийг хэрэгжүүлэхэд хийдэл гарах вий. Хоёрдугаарт, хууль хооронд зөрчилгүй байх ёстой. Тагнуулын байгууллагын тухай хуульд ТЕГ-ын хариуцах үүргүүдийг маш тодорхой заасан байдаг. Тухайлбал, төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул, заналтай тэмцэх гэсэн үүргүүдийг хуулиар нь оногдуулсан. Тэгэхээр дагалдах хуульдаа энэ зохицуулалтыг огт тусгаагүй байна. Тиймээс энэ чигээр нь хуулийг баталбал хоёр байгууллагын эрх хүрээнд хуулийн давхцал үүсч улмаар ажил эзэнгүйдэх нөхцөл байдал үүснэ. Хуулийн хийдлийг засахад хэлэлцүүлгүүдийн үеэр онцгой анхаараарай. Зэвсэгт хүчин бол батлан хамгаалахын салбарын кибер аюулгүй байдлыг хангах боломжтой гэж үзэж байна.
Үүгээр төслийн талаар гишүүд үг хэлж дууссанаар гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн тул тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хуулийн төслийг дэмжиж байна. Цар тахал гарсан энэ шинэ нөхцөл байдалд Гамшгийн тухай хуульд оруулах тодорхой бус нэр томьёоллуудыг тодорхой болгох шаардлага бий. Хүн амын аюулгүй, эрүүл таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрхзүйн орчныг илүү сайжруулна гэж харж байна. Гамшгийн үед Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яам маш сайн ажиллаж байгаа. Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын Цар тахалд зориулсан тусгай хуулийг энэ хуультай нэлээд уялдуулах шаардлага байна. Сovid-19 тухай хууль нь нэг удаа хэрэгжээд хаагдана. Маск зүүгээгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно гэснийг эргэж харах боломж байна уу. Маск зүүгээгүй бол торгож, хариуцлага оногдуулах хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр орлогогүй болсон иргэдэд 150 мянган төгрөгийн торгууль өндөр. Төрийн албан хаагчийн хагас сарын цалингийн тал хувь нь. Тийм учраас 25-30 мянган төгрөгөөр торгож болохгүй юу. Нөгөө талаас Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд иргэдэд маск, ариутгалын бодис тараах мөн хүнсний хомсдолтой байгаа иргэдэд дархлааг нь дэмжиж витаминжуулах гэсэн дөрвөн арга хэмжээг авмаар байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд, олон хүүхдүүдтэй ээж нар, орлого нь буурсан эмзэг бүлгийнхэн мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд орлогогүй болсон. Энэ хүмүүстээ бид хүмүүнлэгийн тусламж олгох зайлшгүй шаардлага байна. Сургуульд хүүхэд явж байх үедээ үдийн цай, хоол иддэг байлаа. Гэтэл өнөөдөр энэ нь зогсчихсон учраас гэртээ байгаа хүүхэд өдөржингөө идэж, уудаг юм байна. Тиймээс гэр бүлийн зардал маш их нэмэгдэж байна. Энэ тал дээр анхаарч төсөлдөө тусгаасай гэж хүсч байна.
Ж.Энхбаяр: Иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлаж, хорино
Posted by News.mn on Wednesday, April 22, 2020
УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, дэлхий дахинд коронавирусийн халдвараар өнөөдөр 2.5 сая хүн өвчилж, манай улсад өнөөдрийн байдлаар 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд тархсан энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдав.
Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн буюу 4 бүлэг 19 зүйлтэй хуулийн төсөл боловсруулжээ.
Уг хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асуув.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:
Хорио цээрийн үед манай боловсролын яам хүндрэлтэй нөхцөлд ачаалалтай ажиллаж байгаа. Тэргүүлэх зэрэглэлийн багш нар цахим хичээл зааж, сурагчид зайнаас сурч байна. Өмнө нь ийм туршлага байхгүй учир хүндхэн сорилтууд тулгарч байна. Сүүлийн үед сошиал хуудсуудаар хичээл сургуультай холбоотой буруу ташаа мэдээлэл гарах боллоо. Үүнтэй холбоотой ямар зохицуулалтууд хуульд тусгагдсан бэ.
Хууль санаачлагч Х.Нямбаатар:
Хууль гаргах шаардлагын талаар та бүхэнд мэдээлэл өгсөн. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх хууль тогтоомжтой уялдуулах үндсэн шаардлагын хүрээнд Ж.Энхбаяр гишүүнтэй хамтран санаачилсан. Энэ хуулийн төсөл ЕБС-ын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулсан, хязгаарласан тохиолдолд онлайн эсвэл бусад хэлбэрээр зайн сургалтыг чанартай хүртээмжтэй хүргэх, багш болон сурагчдын оролцоо түүнд тавигдах хяналтыг сайжруулах үүргийг боловсролын асуудал хариуцсан төв байгууллагад нь үүрэгжүүлсэн. Цар тахлын үед зайн сургалтыг хэрэгжүүлж байх явцад олон нийтийг төөрөгдүүлсэн худал, ташаа мэдээлэл түгээх явдал гарч байгаа. Үүнийг төсөлд мөн тусгаж тодорхой хязгаарлалтыг өгсөн. Хэрэв төөрөгдүүлэх, худал мэдээлэл тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага, ХХЗХ-тай хамтран журам баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хууль батлагдсанаар Цагдаагийн төв байгууллага, ХХЗХ хамтарсан журмаараа цахим сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж буй үйлдлийг таслан зогсоох, эзэн хаяггүй пэйж хуудсуудыг хаах хүртэлх арга хэмжээг авна.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
Энэ хууль зайлшгүй хэрэгтэй. Төсөлд орхигдуулсан нэг асуудал байна. УОК-оос гаргаж байгаа тоо, шүүлтүүрээр Монголдоо хүлээн авах хүчин чадлын хэмжээнд гадаад улсаас иргэдээ авчирч байна. Хязгаартай байгаа, хязгаарын цаана бүлтийгээд үлдэж байгаа иргэдэд чиглэсэн ямар арга хэмжээнүүд авах боломжууд байгаа вэ. Энэ талаар хуульд тусгасан зохицуулалт байна уу?
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Энхбаяр:
Ний нуугүй хэлэхэд, УОК, ЗГ зарим зохицуулалтыг нарийвчилсан хуулийн зохицуулалтгүйгээр практикт тулгуурлан шийдвэрлэж байна. Энэ нь цаашид хуулийн зөрчил үүсгэх учраас төслийг боловсруулсан. УОК, ЗГ-ын бүрэн эрхийн хүрээнд гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааг тусгасан. Цар тахлын үед төр болон иргэд, ААН, ҮАБЗ, УОК, ЗГ, яам, сайдууд ямар чиг үүрэгтэй ажиллах вэ гэдгийг нэг бүрчлэн тодорхой тусгаж өгсөн. Ингэхдээ дэлхийн улс орнуудын туршлага болон өнгөрсөн хугацаанд хийж ирсэн ажлуудаа дүгнэж боловсруулсан. Иргэдээ гадаадаас татан авах ажлыг зохион байгуулах, шийдвэрлэх онцгой эрхийг Засгийн газар, УОК-т бүрэн олгож байгаа.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Х.Нямбаатар:
Төслийн 15.2-т хандив тусламжийн асуудлыг тусгасан. Хандивын тодорхой хэсгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлж гадаад улсад байгаа, эх орондоо ирж чадахгүй санхүүгийн хүндрэлд орсон иргэдээс тодорхой шалгуур хангасан зорилтот иргэдэд тусламж үзүүлэхээр тусгасан. Маргааш УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан болно. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Монгол Улсын иргэд гадаадад зорчих, цагаачлах тухай шинэчилсэн найруулгын төсөл орж ирнэ. Энэ хуульд манай улсын иргэдэд гадаадад хувийн болон албаны хэргээр зорчсон иргэдийг бүртгэлжүүлэх асуудлыг цахим хэлбэр рүү шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Энэ хуулийг яаралтай хэлэлцүүлэхээр Даргын зөвлөлийн хуралдаанд санал оруулна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Цар тахлын үед хүнсний хэрэгцээний асуудал тулгамдаж байна. Хангамжийн талаар тодорхой томьёолол оруулж өгмөөр байна. Хүний анхдагч хэрэгцээ бол хоол, хүнс. Онцгой нөхцөлд хуульд заагдаагүй зүйлсийг оруулахгүй бол энэ хууль нуршуу, ойлгоход түвэгтэй байгааг анхаараарай.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Энхбаяр:
Өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газар шийдвэртэй арга хэмжээнүүдийг авсны хүчинд цар тахлын халдварыг дотооддоо барьж чадсан. Ингэхдээ зарим зохицуулалт нь хуулийн гадна хийгдсэн. Тайван цагийн ердийн хууль өнөөдөр цар тахлын үед эрхзүйн чадамжаа алдаж байна. Тиймээс тусгай хуулийн зохицуулалтууд хэрэгтэй. Засгийн газарт 23 эрх өгсөн нь өнгөрсөн саруудад практик үйл ажиллагаанаас нь авч тусгасан. Зайлшгүй нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх кейсүүд гарч байна. Дэлхийн олон улсад өвчтэй хүмүүсээ ялгаварлан гадуурхаж байна. Зарим улс иргэдээ гаднаас нь шатаах тохиолдол гарлаа, буудахыг хүсэж байна. Бид ердийн хуулиар энэ бүхнийг зохицуулж болохгүй. Иймд нэг удаагийн тусгай хуулийг боловсруулж байгаа юм. Бид түрүүлж хөдөлснөөр өнөөдөр дотооддоо халдварыг алдаагүй байна. Одоо төрийн байгууллагуудын ажиллах орчин нөхцөлийг нь улам тодорхой болгох шаардлагатай.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Хуурамч мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн халдвартайгаа мэдэж байж явсан маршрутаа нуусан, эсвэл зориуд нуусан иргэнд ямар хариуцлага тооцох вэ. Энэ бол улс орныхоо эсрэг хийж байгаа эрүүгийн хэрэг. Мөн цар тахлын үед эдийн засагтаа анхаарахгүй байна. Зөвхөн өвчиндөө анхаараад байна. Хилийн боомтуудад онцгой анхаарал тавиач ээ.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Энхбаяр:
Хилийн боомтод үүсч байгаа асуудал хууль эрхзүйтэй холбоотой. Ажлын хэсэг орон нутаг, хилийн боомтод очиж ажилласан.Тангараг өргөсөн эмч, төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүн, цагдаагийн алба хаагчид тэргүүн эгнээнд ажиллаж байна. Тиймээс тэдний нийгмийн баталгааг хангахаар хуульд оруулсан. Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хоёр заалт орсон. Хуурамч мэдээлэлтэй холбоотойгоор ЦЕГ, ХХЗХ хамтран хяналт тавина, эзэнтэй болсон. Үүрэн холбоо, интернет үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд мөн хязгаарлалт хийх боломжтой. Дэлхий нийтэд өвчнөө санаатай нууж тараасан асуудал гарсан. Тиймээс энэ асуудалд оногдох хариуцлагыг чангатгахаар төсөлд тусгасан. Цар тахлын үед хэн, хэн юуг хийх талаар маш тодорхой оруулсан.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Х.Нямбаатар:
Эрүүгийн хуулийн 15.6-д халдварт өвчнийг бусдад санаатайгаар халдаасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Мөн үнийн хөөргөдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гамшиг, цар тахлын үед олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээ түгээсэн тохиолдолд 500 нэгжээр торгохоор оруулсан. Борлогдоогүй орон сууцуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төрийн тусгай алба хаагчид, эрүүл мэндийн салбар, онцгойгийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг энэ хуульд тусгасан. Галын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал орсон.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Гадаадад байгаа иргэд маань дотоодын банкуудад хадгаламжтай юм байна. Хадгаламжаа авъя гэхээр мөнгийг нь өгөхгүй байгаа асуудлаар гадаадаас иргэд хандаж байна. Тэнд нөхцөл байдал хүнд хадгаламжийн мөнгөө татаж авах гэхээр гацчихсан ийм асуудлыг яах вэ. Иргэд өнөөдөр өндөр ухамсартай харьцангуй сайн байгаа. Бусад сошил харилцааг нь нээлттэй үлдээсэн нь зөв байх. Цар тахал хяналтаас нь гарсан улс орнуудыг харахад шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хайхрамжгүй, хэнэггүй байсантай холбоотой байна. УОК-оос гаргасан шийдвэрийг иргэд сахиж биелүүлж байгаа ч УИХ-ын гишүүд, эрх мэдэлтэй, дарга сайд нарт хэн хариуцлага тооцох юм бэ. Үүнийг хуульдаа нарийвчлан тусгах шаардлагатай.Хуулийг хүн бүр дагах ёстой.
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Энхбаяр:
Цар тахлын үед Засгийн газарт төсөв санхүүгийн онцгой эрхийг нь олгож байгаа. УИХ-ын гишүүн байна уу, дарга нь байна уу, хамаагүй адилхан иргэн. Хүн бүр ямар үүрэг хариуцлага хүлээх үү гэдгийг маш сайн задалж өгсөн. Хэн ч байсан энэ хуулийг дагаж мөрдөнө. Нэлээд чанга хууль гарна. Иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлана. Төрийн байгууллагуудын шаардлага чангарна. Дотооддоо тархалтыг гаргахгүй барьж чадсан амжилтаа бид хадгалах хэрэгтэй. Хүнд сорилтыг бид зохион байгуулалттайгаар хамтдаа давж гарна.
Үүгээр гишүүд хууль санаачилсан гишүүдээс асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх гишүүдийн нэрсийг авснаар үдээс өмнөх чуулганы хуралдааныг завсарлууллаа.
Д.Сарангэрэл: Дахин 415 амьсгалын аппарат авна
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: НӨАТ-ыг чөлөөлөх тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудалд орж ирсэн. НӨАТ-ыг чөлөөлснөөр падаан бичдэг байгууллагууд бичихгүй болно. НӨАТ-аас чөлөөлөгдсөн ААН-үүдийн өмнөөс байгууллагууд НӨАТ төлдөг. Засгийн газраас энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа бол падааныг нь ААН, иргэдэд өгөх боломжоор хангахгүй юм уу. Энэ талаар би хэдэнтээ асууж байгаа. НӨАТ төлдөггүй байгууллагуудын тоо ч нэмэгдэж байна. нэгэнт л НӨАТ-ыг чөлөөлж байгаа бол жижиг ААН-үүд, иргэдэд очих дарамтаас ч гэсэн ч чөлөөлөх шаардлагатай. Энэ асуудалд анхаарч өгөөч.
Үүгээр хэлэлцэх асуудалдаа орлоо. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
Энэ төслийг шуурхай яаралтай хэлэлцэх нь чухал. Өнөөдөр дэлхийн олон оронд цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Манай улс эрсдэлийн өндөр түвшинд хэвээрээ байгаа. ОХУ-д халдвар эрчимтэй тархаж байна. манайд гаднаас зөөвөрлөгдөж орж ирэх нөхцөл байдал улам үүсч байна. Эмнэлгүүдийг бэлэн байдалд хангаж, тоног төхөөрөмж, амьсгалын аппаратуудыг яаралтай худалдаж авах шаардлагатай. Энэ үүднээс хуулийн төслийг шуурхай шийдвэрлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хоёр ч хэлэлцээрийг байгуулна гэж ойлголоо. Аль аль хэлэлцээр нь коронавирусийн халдварыг даван туулахад бага хүүтэй зээлийг олгох юм байна. Хэдэн амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас худалдан авах вэ, нэг аппарат нь хэдэн төгрөгийн үнэ ханштай талаар мэдээлэл өгөөч.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
АХБ-ний 300 сая ам.долларын зээл. Энэ нь дотроо гурван хэсэгтэй. Эхнийх нь 200-250 сая ам.долларын төсвийн дэмжлэг авч байгаа зээл. Хүү лайбер дээр нэмэх нь 0.5 хувь. Хоёр дахь хэсэг нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай худалдан авахад зориулсан 30 сая ам.доллар. Хүү нь нэг хувийн хүүтэй 40 жилийн хугацаатай. Эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээл. Коронавирус гарч эхэлснээс хойш энэ зээлийн хэлэлцээ эхэлсэн.
Гуравдах ээл нь 100 сая ам.долларынх. Манай улсын эрчим хүчний балансыг хангахад чиглэгдсэн ийм зээл. Цахилгаан хураагуурын энэ зээлийг сүүлийн нэг жилийн хугацаанд яригдсан хэлэлцээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
Нэгдүгээр сарын 03-ны өдрөөс хойш мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг шийдэхэд Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбааатар шуурхай санаачилгатай ажиллаж зохих арга хэмжээнүүдийг авч байгаа. Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 70 гаруй амьсгалын аппарат, бусад тоног төхөөрөмжийг худалдан авсан. Одоо Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хүрээнд дахин 415 амьсгалын аппарат буюу 500 гаруй эрчимт эмчилгээний орыг бэлдэхээр ажиллаж байна.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа.
Холбоотой мэдээ