“Америк мөрөөдөл” хүн төрөлхтний хувьд жишиг загвар, хэлц үг болчихсон байсан. АНУ-д оччихвол амжилтад хүрч, их мөнгө хурааж, сайхан амьдрах мэт боддог байсан нь саяхан. Одоо ч Өмнөд Солонгосын зарим цувралд АНУ-д очоод амжилтад хүрээд эргэн ирж буй хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Гэхдээ АНУ мөрөөдлийн орон байхаа больжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад оршин суух эрх олгодог “ногоон карт” олголтыг түр хугацаагаар хориглож, цагаач, дүрвэгч, гадаадын ажилчдыг хүлээж авахаа зогсоосон. Түүний шийдвэр АНУ-д сайхан амьдрах мөрөөдөл өвөртлөн ирсэн олон мянган цагаач иргэдэд хүнд цохилт болов. Олон үндэстний визийн хөтөлбөр буюу бидний нэрлэдгээр Ногоон картны сугалаа хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент 1995 оноос хойш жил бүр зохион байгуулдаг. Уг хөтөлбөр нь Америк руу цагаач бага илгээдэг улсын иргэдэд АНУ-д хууль ёсоор байнга оршин суух, суралцах, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог.
“Bloomberg” сайтад мэдээлснээр цагаачдын эсрэг хязгаарлалтаас хүнсний салбар, ханган нийлүүлэлт, газар тариалан, H-1B визтэй технологийн салбарын ажилчид хамгаалагдаж байгаа аж. Гэхдээ коронавирусийн халдварт өвчнөөс үүдсэн эдийн засгийн хүндрэлээс америкчуудыг хамгаалахын тулд Дональд Трамп нэмэлт хязгаарлалт, арга хэмжээг авахаа мэдэгдсэн билээ. Тэрбээр эдийн засгийн нөхцөл байдал ирэх хоёр сард сайжрахгүй бол ногоон картын хоригийг сунгахаа мэдэгдсэн. Трампын баримталж буй цагаачлалын хатуу бодлого нь дунд хугацаандаа Үндэсний ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй түр болон байнга оршин суугч гадаадын ажилчдыг хязгаарлах зорилготой гэнэ. Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлээс харвал цагаачдын урсгалыг багасгах зорилгоор цаашид ч хязгаарлалт, хоригийг үргэлжлүүлж, байнга оршин суух визийг ч танах бололтой.
Цагаан ордноос цагаачлалыг хумих бодлого баримталж буйгаас АНУ дахь компаниуд ч цагаачдыг ажилд авахаас татгалзах, гадаадын ажиллах хүчинд суурилсан төсөл хөтөлбөр боловсруулахаа болих хандлагатай байна. Дональд Трамп “Бид эхлээд америк ажилчдадаа анхаарал тавих ёстой” хэмээн жиргэсэн юм. Тэрбээр Ерөнхийлөгч болсон цагаасаа л АНУ, америкчуудын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой гэсэн бодлогыг баримталж ирсэн. Түүний ингэж хэлсэн нь ч учиртай. Эдийн засгийн инновацийн группийн (Economic Innovation Group) судалгаагаар 2017 онд АНУ-ын зургаан иргэн тутмын нэг нь “Хямралт бүлэг” хэмээх тодорхойлолтод хамаарах болжээ. Хамгийн гол нь АНУ-ын ядуусын тоонд дээд боловсрол эзэмшсэн ажилгүй иргэд нэлээд хувийг эзэлж байгаа нь анхаарал татсан асуудал юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн жилд коронавирусийн халдварын улмаас 42 мянга гаруй хүн нас барж, эрүүл мэнд, эдийн засгийн салбар уналтад ороод байна. Энэ нөхцөлд АНУ-ын гол хоёр намд ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгох сунгаа үргэлжилж байна. Дональд Трамп Бүгд Найрамдах намаас улиран нэр дэвшихээ зарласан. Өмнө нь тэрбээр исламын шашинт орнуудын эсрэг визний хориг тавьсан нь 2018 онд АНУ-ын Дээд шүүхэд маргаан дэгдээсэн билээ. Тухайн үед тэрбээр нэгдсэн улсын иргэдийн аюулгүй байдлын төлөө Чад, Иран, Судан, Сир, Йемен зэрэг найман орныг 90 хоногийн хар жагсаалтад оруулсан юм. Харин түүний энэ зарлиг шүүхийн шийдвэрийн улмаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас л хэрэгжиж эхэлжээ.
Мөн АНУ-д хууль бусаар ирсэн залуусыг хамгаалах хөтөлбөрийг цуцлах санаа гаргасан. Үүний араас тэрбээр нэг их наяд долларын өртөгтэй дэд бүтцийн өргөн хүрээтэй шинэчлэл хийх, Мексиктэй залгаа хил дээр хана барих, цагаачлалын виз авах сугалааг цуцлахаар төлөвлөсөн. АНУ-д дүрвэгчдийг хүлээн авахаа өнгөрсөн гуравдугаар сарын 19-өөс хойш зогсоосон байсан бол өдгөө цагаачлал, түр хугацаагаар ажиллах виз олголтыг зогсоосон байна. НҮБ болон Олон улсын цагаачлалын байгууллагаас коронавирусийн халдвартай холбоотойгоор дүрвэгсдийн аяллыг тавдугаар сарын 15-н хүртэл зогсоох шийдвэр гаргасан аж. Өмнө нь Трамп 2020 оны санхүүгийн жилд хүлээж авах дүрвэгсдийн тоог 18 мянга болгож бууруулжээ. Ерөнхийлөгчийн шийдвэрийн талаар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Цагаан ордны хэвлэлийн алба мэдэгдсэн байна. 2019 оны төсөвт энэ хязгаарлалт 30 мянган хүн байжээ. Харин өмнөх жилүүдэд нэгдсэн улс 110 мянган дүрвэгч хүлээн авч байв.
Холбоотой мэдээ