“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймгийг онцолж байна.
УИХ-ын сонгууль бүрт “гал авалцсан” тулаан болдог тойргийн нэг нь Орхон. УИХ-аас гурван мандат баталсан нь 90 гаруй мянган хүнд амд нь оноосон хуваарилалт юм.
Монгол Улсын үйлдвэрлэлийн хоёр дахь том хотоор нэрлэгддэг эл тойрогт “Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагаа эрхэлдэг нь улстөрчдийн сонгуулийн бай болж, ялалт байгуулах эсэхийг нь тодорхойлдог гол “зэвсэг” болсоор ирсэн.
Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэн авч гавьяа байгуулсан ч, УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийдвэр гаргасан нь алдаа болж, өнөөдөр ч улстөрчдийн өөртөө оноо авахаар сэвдэг нэг сэдэв нь болж хувирсан. Иймээс 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн ярих чухал сэдэв нь “Эрдэнэт”-ийн хувь эзэмшил болох нь тодорхой болоод байна.
Эрх барьж буй МАН дээрх тойрог руу Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нарыг сойж мэдэх сураг дуулдах болсон. Уг нь энэ тойргийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Б.Бат-Эрдэнэ нар эргэж тойрон, усалдаг байсан ч нэг нь Covid-19-ын дэглэм зөрчихийг оролдсон үйлдлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол нөгөө нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан хэргээр мөн “гудамжинд” гарч улс төрийн дэмжлэг авах боломжгүй болсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан бол 2012 онд намын нэрсийн жагсаалтаар УИХ-д шууд сонгогдож, өмнөх дөрвөн удаагийн сонгуульд Увс аймгаас сонгогдож байв.
Энэ удаад тойргоо сольж Эрдэнэтэд очвол Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээгээд байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй халз тулна. Жинхэнэ тулаан хоёр нэр дэвшигч дунд өрнөнө гэсэн үг. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүг тангараг өргөн УИХ-д ажиллаж эхэлсэн үеэс сайд Ц.Нямдорж “Хүрэн оймсны хүчинд УИХ-д орж ирээ биз дээ” гэж тавласаар дөрвөн жилийг үдсэн бол улиран сонгогдсон ч маргаанаа үргэлжлүүлсээр нэг ёсны парламент дахь “Хонь, чоно хоёр болсон” гэж хэлж болно.
Мөн дээрх тойрогт өнгөрсөн хоёр ч удаагийн сонгуулийн гол тулаан АН, МАН хоёрын дунд өрнөж, дундуур нь МАХН-аас нэр дэвшигч сонгогчдоос хамгийн олон санал авч, сонгогддог байсан бол энэ жилийн хувьд О.Баасанхүү гишүүн намаа өөрчилснөөр тоглоомын дүрэм ч өөрчлөгдөх болоод буй.
Хэдийгээр О.Баасанхүү гишүүн “Ардчилсан намаас хаана нэр дэвшихийг үүрэг болгоно, тэр тойрог руу явна” гэдэг мэдэгдлийг хийгээд байгаа ч хуучин тойрогтоо буюу Орхонд бусад хоёр нэр дэвшигчээ дагуулан оролцох нь тодорхой болоод байна.
Харин хоёр нэр дэвшигч нь хэн бэ гэдэг нь тодорхой болоогүй ч УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн дарга, Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ц.Батхуяг, “Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуяг, МоАХ-ны гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Ойдов нараас сонгон зүтгүүлэх болов уу гэх таамаг бий. Гэхдээ УИХ-ын сонгууль болоход хугацаа бас бий. Ардчилсан нам эрх баригч хүчин болохын төлөө дахиад ч нэр дэвшигчид дундаа сэлгээ хийн, мэдлэг боловсролтой залуучуудыг дээрх тойрог руу сойх тактик барьж мэдэхээр байгаа.
Одоо яригдаж байгаа дээрх горилогчдоос “Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуяг өмнө нь уг тойрогт нэр дэвшээд ялагдсан бол хоёр нь шинэ хүмүүс, харин УИХ-ын гишүүн асан Д.Одхүү нь "Эгийн гол" төслийг удирдаж байснаар нь олон нийт андахгүй. Эл төсөл Ардчилсан намыг Засгийн эрх барьсан жилд амжилттай урагшилсан ч МАН Засгийн эрхийг авснаар хөдлөлгүй таг зогссон юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр Орхон аймагт ач холбогдол өгч ажиллаж байна. Намын даргынх нь суудлыг ганхуулах оролдлого хийснээс хойш О.Баасанхүү гишүүнд хатуурхах болсон тэрбээр эл тойрог руу Ерөнхийлөгчийн сонгуульд сойж байсан, УИХ-ын гишүүн асан Р.Ганбаатар, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Э.Эрдэнэжамъян нарыг илгээх болсон нь хоёр ч давхар санаа агуулсных гэж үзэх улстөрчид бий.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дээрх тойрогт нэр дэвших боломж олгохгүй байх, хоёрдугаарт намаа ялуулах гэсэн давхар тактик явж байгаа гэж үздэг. Намд нь 2016 оны УИХ-ын сонгуулиар суудал авчирч, парламентад төлөөлөлтэй гэдгээ харуулж байсан ганц дайчин нь Ардчилсан нам руу “урвасан”-аар сөргүүлээд хэнийг сойх вэ гэдэг нь хамгийн их анхаарал татсан сэдэв рүү хөтлөөд байна.
УИХ-ын гишүүн асан Р.Ганбаатарын хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан бол 2016 онд даагаа нэхээд ялагдсан. Харин энэ удаад Орхон аймгийг зорьж мэдэхээр байгаа нь ганцаарчилсан тоглолт хийсэн гэх УИХ-ын гишүүн О.Баасанхүүд “шавар хааж” санал хувааж мэдэхээр байгаа юм.
Орхон аймгийг төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүд:
- 1992 онд: Ж.Жадамбаа МАХН, Ж.Дэлгэрцэцэг МАХН, Ш.Чунаг МАХН
- 1996 онд: Л.Лувсан-Очир АХ эвсэл, Д.Энхтайван АХ эвсэл
- 2000 онд: Ё.Баярсайхан МАХН, Ц.Ням-Осор МАХН
- 2004 онд: Д.Одхүү АН, Г.Адъяа МАХН
- 2008 онд: Д.Дамба-Очир МАХН, Д.Одхүү АН
- 2012 онд О.Содбилэг МАН, Л.Цог МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл
- 2016 онд: О.Содбилэг МАН, Д.Дамба-Очир МАН, О.Баасанхүү МАХН
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ