Нэмэлт:
Монгол Улсын сайд асан М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо “Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох ёстой гэрч, шинжээчид ирээгүй. Шүүх хуралдааныг хойшлуулж, тавдугаар сарын 5-ны өдөр хийхээр боллоо. Шүүх хурал хойшилсонтой холбоотой цагдан хорих саналыг прокурорын зүгээс тавьсан. Тиймээс дараагийн хурал болох хүртэл М.Энхсайханыг хорихоор боллоо. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Саналаа ч хэлсэн. Прокуророос М.Энхсайханыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд идэвхтэй байр сууриа илэрхийлж байгаа нь шүүхэд нөлөөлөх үндэслэлтэй гэж үзсэн. Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь бидний талаас зарим гэрч, шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьсан. Үүнийг ч шүүх хүлээн авсан” гэлээ.
М.Энхсайханыг цагдан хорилоо
Нэмэлт:
Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал дөнгөж сая дууслаа. Шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулав. Түүнийг бусад хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон гэж эх сурвалж мэдээлэв. Мөн шүүх хуралдаанд гэрчийг байлцуулах хүсэлтийг хүлээн авчээ.
М.Энхсайханыг шүүх хурал эхэллээ
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.04.23/ Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт товлогдсон. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүх хурал болохын өмнө Монгол Улсын сайд асан М.Энхсайхан энэ талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Болж буй үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа байх. Тавантолгойн гэрээний төсөл дээр Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын хэсэг ахлан ажиллаж, уг гэрээний төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан нь өөрөө гэмт хэрэг болчхоод байна. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан олон хүнийг буруутгах хэлбэр рүү орж байгаа нь ноцтой үйл явдал юм. Тавантолгойн гэрээ бүтээгүй шалтгаан нь цэвэр улстөржилтөөс үүдсэн. Үнэн хэрэгтээ маш амжилтай төсөл байсан. Энэ төсөл дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм бол өмнө нь ажиллаж байсан төслүүдийг давхар шалгаж өгөөч. Давхар шалгасан байдлыг олон нийтэд зөв мэдээлэхийг би Ерөнхий прокурорт хэлж байгаа юм.
Хэрвээ хорлон сүйтгэгч хэмээн намайг буруутгаж байгаа бол ийм сэдэл санаа бусад үйл хэрэгт байсан байж таараа гэж үзэх ёстой. Монголчууд олон том төслийг хэрэгжүүлэх л болно. Тиймээс мега төслүүдэд ажиллах дараагийн хүмүүсийн зоригийг мохоох вий гэсэн үүднээс УИХ-ын даргад хандсан.
Төмөр замын 267 км газар, өргөн, нарийн зам барих уу гэж байгаад Чингис бондоос мөнгө гаргаад бид овоолсон шороотой үлдсэн. Миний мэдэхээр цагдаагийн байгууллага хэргийг боосон байсан. Ер нь бол мэдэхгүйн зовлонгоор ийм том хохирлыг учруулсан байж магадгүй. Энэ хэргийг миний ажиллаж байсан хэрэгтэй давхар шалгаад өгөөч гэж хүсэлт тавьсан. Одоогоор хариу байхгүй байна. Надад олон хуульч саналаа хэлж байна. Өмгөөлөгчөөр ажиллаж буй хоёр хүн бий. Тэд юу гэж байна уу гэхээр “таны асуудлыг уншихаар хэрэг гээд байх юм байхгүй. Улс төрийн хэрэг болчихсон байна” гээд мухардалд орчихлоо. 1992 оноос хойш ийм хэрэг анх удаа зүйлчлээд яваа юм билээ. Надад нэг хэргээр хоёр ял төлөвлөөд байгаа. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүх хурал явагдана. Миний зүгээс шүүх хурал нээлттэй ил тод яваасай гэж хүсч байна” гэв.
Э.АРИУН
Холбоотой мэдээ