Дэлхийн эрүүл мэндийн байгууллага covid-19 вирусийн халдвараар дэлхийн 2.6 сая хүн өвчилсөн тухай мэдээллээ. Үүний зэрэгцээ, covid-19-ийн дэгдэлт Африк, Өмнөд болон Төв Америк болон Зүүн Европын улс орнуудад эрчимтэй тархаж байгааг онцлон тэмдэгдэв. Мөн дэлхийн ихэнх улс орнуудад covid-19-ийн цар тахал өнөөдрийг хүртэл эхлэлийн шатандаа явж байгаа гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэв.
Дэлхийн 213 оронд бүртгэгдээд буй covid-19 вирусийн халдвараар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны 08.00 цагийн байдлаар 2 сая 635 мянга 85 хүн өвчилж, 717 мянга 317 хүн эдгэж, 184 мянга 40 хүн хорвоог орхилоо.
Covid-19 вирусийн тархалт АНУ-д өндөр байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 29 мянга 927 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2340 хүн нэмж нас барлаа. Өнөөдрийн байдлаар АНУ-д нийт 848 мянга 671 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 47 мянга 658 хүн амиа алдаж, 84 мянга 8 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч эдгэсэн байна.
Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ цагаачлалыг түр хугацаагаар зогсоох зарлигт гарын үсэг зурсан байна. Ингэснээр нийгмийн бүхий л давхаргын ажилгүй байгаа америкчууд ажилтай болж тэр хэрээр эдийн засаг нь өснө гэж харж байгаа ажээ. Мөн АНУ-ын эрүүл мэндийн салбарын нөөцийг хэмнэхэд ач тустай гэв.
Мөн covid-19 вирусийн цар тахлын хоёрдугаар үе шат АНУ-д нэгдүгээр үе шаттайгаа адилгүй, өргөн хүрээг хамрахгүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.
Харин ОХУ-д өнгөрсөн 24 цагийн байдлаар covid-19 вирус маш эрчимтэй тархаж байна. Тус улсад 5236 шинэ тохиолдол бүртгэгдэж, 57 хүн нэмж нас баржээ. ОХУ-д нийтдээ 57 мянга 999 хүн халдвараар өвчилж, 513 хүн амиа алдаж, 4420 хүн эдгэсэн байна.
Тус улс Туркийн Антальи болон Истанбул хотоос дөрөвдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 242 иргэнээ авчирсан байна.
Турк улсад ч мөн адил коронавирусийн тархалт өндөртэй оронд тооцогдож байна. Туркэд 24 цагийн байдлаар 3083 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 98 мянга 674-д хүрлээ. Харин өнгөрсөн шөнө 117 хүн нэмж нас барснаар, нас барсан тохиолдол 2376-д хүрэв.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдол олноор бүртгэгдсэн улс орны жагсаалт
Эх сурвалж: worldometers
Холбоотой мэдээ