“АИ-80 бензиний чанар муудаж, хуучны АИ-76 шиг болсон”

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

“АИ-80 бензиний чанар муудаж, хуучны АИ-76 шиг болсон”

“АИ-80 бензиний чанар муудаж, хуучны АИ-76 шиг болсон”

Нефть импортлогч компаниуд дөрөвдүгээр сарын 13-наас шатахууны үнийг бууруулаад буй. Тодруулбал, шатахууны жижиглэнгийн үнийг 280-300 төгрөгөөр бууруулсан. Гэвч иргэдийн зүгээс үнэ буурсан ч,  ШТС-ууд АИ-80-ын оронд АИ-92 шахаж байна гэсэн шүүмжлэлийг хэлэх болсон. Иймээс шатахуун түгээх станцуудад АИ-80 бензин худалдаалж байгаа эсэхийг сурвалжиллаа.

“АИ-80 БЕНЗИНИЙ ЧАНАР МУУДАЖ, ХУУЧНААР АИ-76 ШИГ БОЛСОН”

Олны хэлж заншсанаар 1000 оюутны байрны дэргэдэх “Сод монгол” шатахуун түгээх станцад очлоо. Тэнд ихэвчлэн АИ-92 шатахуун авч буй суудлын авто машинууд ар араасаа эгнэжээ. “Манай шатахуун түгээх станцад АИ-80 шатахууныг 1 литрийг нь 1430 төгрөгөөр зарж байна. Жолооч нар их худалдан авдаг. Ихэвчлэн орос авто машинтай жолооч нар үйлчлүүлнэ. Хүмүүсийн дунд АИ-80 шатахууныг хольж зарж байна гэдэг хардлага их байна. Бодит байдал дээр тийм асуудал байхгүй” гэдгийг түгээгч залуу хэллээ.

Харин тус колонкоор үйлчлүүлж буй жолооч Г.Энхтөр “Өмнө нь АИ-80 шатахуун 1720 төгрөг байсан бол одоо 1430 төгрөг болж, 300 төгрөгөөр буурсан. Би хуучин орос ачааны машин барьдаг. Тийм учраас байнга АИ-80 шатахуун худалдан авч, хэрэглэдэг. Уг бензиний чанар их тааруу болсон юм шиг санагддаг. Хэдэн км газар яваад л амархан дуусчихдаг болсон. Орос машин чинь цэвэр АИ-80 бензин биш бол эд ангид нь дуу ороод эхэлдэг. Хуучнаар бол АИ-76 юм шиг л байдаг” гэв.

Үргэлжлүүлэн Хил хамгаалах ерөнхий газрын замын хойно байрлах “Магнай трейд” компанийн шатахуун түгээх станцад очив. Тэнд АИ-80 бензин худалдаалдаггүй гэдгийг түгээгч бүсгүй хэлсэн юм.

Тэрбээр “Манай шатахуун түгээх станцад АИ-80 шатахуун зардаггүй. Хотын захад байрлах станцуудад ихэвчлэн худалдаалдаг. Хүмүүс “Яагаад АИ-80 шатахуун зарахгүй байгаа юм бэ. Хольж зарж байна уу” гэж их асуудаг. Тийм зүйл огт байхгүй” гэдэг хариултыг өгч байв.

“Хэдийгээр шатахууны үнэ буурсан ч авто машины идэлт нь нэмэгдсэн. Холбогдох байгууллагууд нь худалдаалж буй шатахууныхаа нягтрал, чанарыг шалгаж үзэх хэрэгтэй байна. Жишээлбэл, АИ-92 шатахуун нь 1490 төгрөг мөртлөө АИ-95 бензин нь 2000 төгрөгийн үнэтэй байна. Нягтралын зөрүүгээрээ тэнцүүлчихээд байна шүү дээ. Монголд нефть импортлогч компаниудад хяналт шалгалтыг тогтмол хийж чадахгүй байна.

Миний машинд АИ-92 бензинээс 10 литрийг хийгээд 40 км яваад шар гэрэл нь асч байна. Машины эд анги их амархан эвдэрч байна. Миний бодлоор энэ шатахуун түгээх станцууд АИ-92 гээд АИ-80 шатахуунаа хийгээд, “АИ-80 бензин байхгүй” гээд борлуулаад байгаа гэж хардаж байна” хэмээн шатахуун худалдан авч буй жолооч М.Баатарсүрэн хэлж байлаа.

Улаанбаатар хотод ойролцоогоор 250 орчим шатахуун түгээх станц бий. Эдгээрээс хотын зах хэсэгт байрлах 20-30 станцад АИ-80 бензинийг худалдаалдаг. Хотын төвийн бүсүүдэд АИ-80 бензинийг худалдан авагч байдаггүй учраас зардаггүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлсэн юм.

“ДӨРӨВДҮГЭЭР САР ГАРСНААС ХОЙШ АИ-80 БЕНЗИН ИМПОРТООР ОГТ ОРЖ ИРЭЭГҮЙ”

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа. ТэрбээрИргэдийн хардаж байгаа шиг АИ-80 бензинийг АИ-92 болгон худалдаалж буй асуудал байхгүй. Дөрөвдүгээр сар гарснаас  хойш АИ-80 бензин импортоор огт орж ирээгүй. Даваа гаригаас хойш МХЕГ, АМГТГ, ШӨХТГ-тай  хамтран шатахууны чанарын асуудалд хяналт шалгалтыг хийсэн. Уг шалгалтаар хийсэн инжилгээний хариу маргаашнаас гарна” гэв.


-Өнөөдрийн байдлаар нефть импортлогч хэчнээн компани шатахууны үнээ бууруулаад байна вэ?

-Улсын хэмжээнд нефть импортлогч бүх компани жижиглэнгийн шатахууны үнээ литр тутамд 280-320 орчим төгрөгөөр бууруулаад байна. Шатахууны нэр төрөл бүр дээр үнэ буурч, дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд жигдрээд явж байна. Импортын тусгай зөвшөөрөлтэй 102 орчим аж ахуй нэгж байдаг. Үүнээс 50 орчим аж ахуй нэгж шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг.

-Ирэх саруудад дахин шатахууны үнэ буурах уу?

-Дэлхий дахинаа тархаад буй цар тахалтай холбоотойгоор “АПЕК” болон “Роснефть” компанийн худалдааны зөрчилтэй холбоотойгоор шатахууны үнэ түүхэнд байгаагүйгээр унаж байна. Бид шатахууны үнийг буух бүрт нь бууруулаад явж байна. Ирэх тавдугаар сард шатахууны үнэ дахин буурна гэж харж байна. Эргээд долдугаар сараас үнийн өсөлт явагдах болов уу гэж харж байгаа. Уржигдар гэхэд Хойд Америкийн бүс нутгийн улсуудад газрын тосны үнэ тэгээс доош хувьд орсон. Гэтэл урьд шөнийн байдлаар өсч, 9-10 ам.долларт хүрсэн. Ер нь таамаглахын аргагүй газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр маш их савалж байна. Бид шатахууны үнэ буурсан энэ хугацаанд Олон улсын бирж дээрх хэрэгслүүрүүдийг ашиглан он дуустал үнийг тодорхой түвшинд барих зорилгыг тавиад байна. Шатахууны үнэ буурахад бууруулчихаад өсөхөд нь эргээд нэмбэл тогтвортой бус байдал үүснэ. Шатахууны үнэ эдийн засгийн гол хөшүүрэг болж явдаг учраас бид аль болох тогтвортой үнийг барих ажлыг авч хэрэгжүүлж байна.

-Улсын хэмжээнд шатахууны хэд хоногийн нөөц байна вэ?

-Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байгаа. Ойролцоогоор 40 орчим хоногийн нөөц бий. Ямар нэгэн асуудал, доголдол гараагүй. Учир нь нефть импортлогч компанийн орлого 30-40 орчим хувиар буураад байна. Тийм учраас нөөц хэвийн байгаа гэсэн үг.

-Иргэдийн дунд шатахууны үнэ буурсантай холбоотойгоор АИ-80 бензинийг АИ-92 шатахууны оронд шахаж байна гэж хардаж байна. Энэ асуудалд ямар хяналтыг тавьж ажиллаж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд АИ-80 бензиний нэр төрлийн бүтээгдэхүүн маш багассан. Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл хотын төвийн бүсэд энгийн хэрэглэгч АИ-80 шатахуун хэрэглэдэггүй. Ихэвчлэн мотоцикль, оросын авто тээврийн хэрэгслүүд ашиглаж байгаа. Хөдөө орон нутагт энэ төрлийн бензин харьцангуй ихээр худалдаалдаг.

Иргэдийн хардаж байгаа шиг АИ-80 бензинийг АИ-92 болгон худалдаалж буй асуудал байхгүй. Бүтээгдэхүүн хольж зарж буй асуудал огт байхгүй. Шатахууны үнэ буурахаас өмнө нь ч гэсэн АИ-80 шатахуун хотын төвийн бүсүүдэд байхгүй байсан. Дөрөвдүгээр сар гарснаас  хойш АИ-80 бензин импортоор огт орж ирээгүй. Зөвхөн “Улаанбаатар төмөр зам” компани өөрийн хэрэгцээндээ зориулан 100 гаруй тонн АИ-80 бензинийг оруулж ирсэн.

Даваа гаригаас хойш МХЕГ, АМГТГ, ШӨХТГ-тай  хамтран шатахууны чанарын асуудалд хяналт шалгалтыг хийсэн. Ерөнхийдөө шинжилгээний хариу маргаашнаас гарчихна. Бензин нь зөвхөн актоноор тодорхойлогддог зүйл биш. Авто бензин дээр 63 шинжилгээ хийдэг. Дизелийн түлш дээр 35 орчим шинжилгээг хийж, стандартад хүрч байна уу гэдгийг шалгадаг. Манайд одоо ашиглаж буй MNS-216:2017 гэсэн стандарт өөрөө евро-5 шатахууны стандарт. Гэвч өнгөсөн 2019 онтой харьцуулахад Монгол Улсын хэмжээнд 13 орчим хувь евро-5 импортоор орж ирсэн байна. Үлдсэн хувьд нь евро-2 стандартын бүтээгдэхүүн орж ирсэн. Гол шалтгаан нь шатахууны гол нийлүүлэгч “Роснефть” компани евро-5 стандартыг нийлүүлж чадахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

“18 АЖ АХУЙ НЭГЖИЙН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦАД ДӨРВӨН ТӨРЛИЙН ШАЛГАЛТ ХИЙСЭН”

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч даваа гаригт /2020.04.20/ шатахууны чанар, дүүргэлтэд Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газартай хамтран шалгалт хийж буй талаар мэдээлэл хийсэн.

Уг хяналт шалгалтын талаар тус газрын дэд дарга Н.Бямбадоржоос тодрууллаа. Тэрбээр “Манай байгууллагаас ахлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Ашигт малтмал газрын тосны газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтыг хийлээ. Уг хяналт шалгалтын гол зорилго нь олон нийтээс шатахууны үнэ буурсантай холбоотойгоор хуурамч шатахуун түгээж байж магадгүй гэдэг хардлага маш их явж байгаа. Ер нь манайхаас болон мэргэжлийн хяналтын байгууллагаас үе үе гэнэтийн шалгалтыг хийдэг. Энэ удаа олон нийтэд зарлаж байгаад гэнэтийн байдлаар хоёр өдрийн шалгалтыг хийлээ. Шалгалт үндсэндээ нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Бидний зүгээс нийтдээ жижиглэнгээр шатахуун борлуулдаг 18 аж ахуй нэгжийн шатахуун түгээх станцуудыг түүвэрлэн, шалгалт хийх ажил маань дөрөвдүгээр сарын 20, 21-нд яваад дууссан. Үндсэндээ нэг байгууллагын нэг станц гэдэг маягаар дээж авч, дөрвөн үзүүлэлтийг хэмжиж, шалгах юм. Нэгдүгээрт, нефть импортлогч компаниудын шатахуун түгээх станц дээр байх ёстой гааль, шинжилгээний бичиг баримт нь бүрэн эсэх. Хоёрдугаарт, бүгд Стандарт хэмжил зүйн газраас жилд хоёр удаа баталгаажуулж, лацаддаг тэрийг хөндсөн байна уу гэдгийг шалгасан. Гуравдугаарт, газар дээр нь шатахууны шахалт нь хэмжээндээ байна уу. Дөрөвдүгээрт, бүх шатахуун түгээх станцуудаар худалдаалж буй шатахуунуудаас дээж авсан.

Хамгийн гол нь нэг сарын хугацаа шаардана гэсний учир нь дээж авч, шинжилгээний хариу гарахад бага зэрэг хугацаа шаарддаг. Гэхдээ арай нэг сар болохгүй байх. Ойролцоогоор 10 гаруй хоногийн дараа дүгнэлт нь гарчих байх. Лабораторийн мэргэжилтнүүд хамт явсан. Иргэдийн дунд хардлага их байгаа учраас бид урьдчилан сэргийлэх үүднээс нууцлалын кодыг гаргасан. Тэр кодыг шалгалт хийж буй нэг л мэргэжилтэн мэдэж байгаа. Өөр бусад хүмүүс мэдэхгүй. Жишээлбэл, тэр кодоороо шинжилгээнд орж, хариу нь гарсны дараа мэргэжлийн байцаагч дүгнэлт өгдөг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн актон гэж яриад байгаа. Бид актоноос гадна 10 гаруй үзүүлэлтийг шалгаж, шинжилдэг. Шинжилгээ хийдэг багаж маань бас тоотой. Нэг шинжилгээ хийж дууссаны дараагийн шинжилгээг хийдэг. Тийм учраас олон дээжийг шинжилэхэд хугацаа шаардана. Хоёр өдрийн шалгалтын эхний өдрүүдэд Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хөндлөнгийн хяналт тавьж, дагаж явсан. Газар дээр нь хийсэн шалгалтаар ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй. Шатахууны лац ломбо, шахалт хэмжээндээ байлаа. Гэхдээ эцсийн байдлаар дүгнэлт хараахан гараагүй байна. Бидний зүгээс хоёр өдрийн шалгалтаа нэгтгээд, Шадар сайдад танилцуулах гэж байна” гэдгийг хэлж байв.

 “УЛСЫН ХЭМЖЭЭНД АИ-80 БЕНЗИН БАЙХГҮЙ БОЛСОН НЬ ИЙМ ХАРДЛАГА ГАРАХАД ХҮРГЭСЭН”

Шатахуун хэрэглэгчдийн холбооноос дөрөвдүгээр сарын 13-нд мэдээлэл хийхдээ “Салбар яамны боддог аргачлалаар бодохоор АИ-80 бензиныг 500 төгрөгөөр, АИ-92-ыг 500, дизель түлшийг 650 төгрөгөөр буулгаж байж, бодит үнийн бууралт болно” гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Тус холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяраас шатахууны үнийг дахин буулгах боломж бий юу, хуурамч шатахууны талаарх иргэдийн санал гомдлын талаар тодруулсан юм.


-Шатахууны үнийг 280-300 төгрөгөөр буулгаад байна. Холбооны гаргасан тооцооллоор шатахууны жижиглэнгийн үнийг дахин буулгах боломж бий юу?

-Засгийн газраас шатахууны үнийг 280-300 төгрөгөөр буулгасныг манай холбооны зүгээс хангалтгүй гэж үзэж байгаа. Учир нь нефть импортлогч компаниудын гаргасан аргачлалаар шийдвэр хэрэгжсэн гэж харж байна. Монгол улсад шатахуун түгээх станц дээр очиж байгаа өртөг үнийг ашигт малтмал газрын тосны газар, нефть импортлогчдын гаргасан тооцооллын дагуу бодоход АИ-80  1025 төгрөг, АИ-92 1123 төгрөг, дизель түлш 1500 төгрөг байна. Энэ тооцооллоос харахад АИ-80 хувьд 375 төгрөг, АИ-92 хувьд 377 төгрөг, дизель түлш 500 төгрөгний ашигтай ажиллаж байна.

Манай холбооны зүгээс АИ-80-ийг 1200 төгрөгөөр АИ-92-ийг 1350 төгрөг, дизель түлшийг 1750 төгрөгөөр худалдаалах бүрэн боломж байна гэж харж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн түүхий нефть 70 ам.доллартой тэнцэж 2020 оны нэгдүгээр сараас даруй 400 ам.доллараар буугаад байхад Монгол улсад 300 төгрөгөөр бууж байгаа нь зах зээлийн зарчим биш луйвар гэж харж байгаа.

-Иргэд шатахуун хямдарсан энэ үеэр хуурамч шатахуун шахаж байж магадгүй гэх хардлага байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Шатахуун хэрэглэгчдийн холбоонд гомдол санал ирсэн үү?

-Манай холбоо 2016 оноос хойш Монгол улсад чанарын шаардлага хангахгүй буюу хуурамч шатахуун худалдаалагдаж байгааг 2018 оны дөрөвдүгээр сараас эхэлж олон нийтэд мэдээлсэн. Гэвч нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта зэргээр үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн багасах биш улам бүр нэмэгдсээр байна. Монгол улс хэзээ нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг татвартай болгоно тэр цагт хуурамч шатахуун үгүй болно гэж харж байгаа. Энэ хугацаанд манай байгууллагад 1000 гаруй жолоочийн гомдол ирсэн байгаа.

-Мөн АИ-80 бензинээ АИ-92 шатахууны оронд шахаж байгаа гэх хардлага иргэдийн дунд байна. Ийм тохиолдол гарч байсан болов уу. Сая ШӨХТГ-аас хийсэн шалгалтын үеэр холбооны зүгээс хэрхэн хяналт тавьж ажиллав?

-Манай холбоо 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран үнэ буулгах талаар хэвлэлийн бага хурал хийсний дараа шатахуун импортлогч компаниуд үнээ буулгасан боловч Монгол улсын хэмжээнд АИ-80 бензин байхгүй болсон нь жолооч нарыг ийм хардлага гаргахад хүргэсэн болов уу. Холбооноос дөрөвдүгээр сарын 18-ны өдөр фэйсбүүк лайв хийсний хүчинд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар олон түмэнд зарлаж байгаад шалгалт хийх шиг боллоо. Одоогоор бидэнд шалгалтаар  ямар нэгэн зөрчил илэрсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Уг шалгалтын ажлын хэсэгтэй дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хамт явж хөндлөнгийн ажиглалт хийсэн.

 Гэрэл зургийг Л.Энх-Оргил

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж