Вагоны хөдлөх бүрэлдэхүүний гол зангилаа эд анги болох хос дугуйн бүрэн бүтэн байдал галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэгэн гол хүчин зүйл нь. Ашиглалтын үед хос дугуйн өнхрөх гадарга, чиглүүлэгч дэл нь зам төмөртэй үүрэлцсэний улмаас элэгддэг. Элэгдлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их болох үед дугуйг зорох шаардлага үүсдэг бөгөөд нэг удаагийн зоролтоор дугуйн диаметр 6-8 мм багасдаг. Ашиглалтын хугацаанд хос дугуйг 3-4 удаа зорох боломжтой, үүнээс цааш дугуйг шинээр солих буюу их засварт оруулах шаардлагатай болдог аж.
Хос дугуй элэгдэж гэмтсэнээс вагон замаас гарах, цаашлаад осол аваар гарах шалтгаан болдог байна. УБТЗ-ын хэмжээнд 13888 ачааны, 1697 зоригчийн вагоны хос дугуй байдгаас 90 хувь нь ашиглалтад, үлдсэн 10 хувь нь засварт байна.
Өнөөдөр УБТЗ-д хос дугуйн нөөцийн дутагдалд оржээ. Жилд дунджаар хос дугуй 4-5 мм элэгдэж байдаг тул засвар хийх зайлшгүй шаардлагатай. Хос дугуйн их засварыг ОХУ-ын хос дугуй угсардаг үйлдвэрүүд рүү явуулж, засдаг бөгөөд жилдээ 500-600 хос дугуйд их засвар хийх ёстой ч санхүүгийн боломжоос хамааран 100-200 хос дугуйг засварлаж иржээ. Уг нь нөөцөд хос дугуйтай бол сэлгэх байдлаар тээврийн үйл ажиллагааг хэвийн хангах боломжтой юм байна.
Өнөөдрийн байдлаар засвараас гарсан 18 вагон хос дугуйгүйгээс тээвэрт орж чадахгүй сул зогсож байгааг албаныхан хэлж байна.
Өмнө нь нэг хос дугуйд их засварт дунджаар 13-14 сая төгрөг зарцуулагддаг байсан бол дэлхийн зах зээл дээр металлын үнэ өссөнтэй холбоотой хос дугуйн засварын үнэ 3 дахин нэмэгджээ. Жилдээ тээврийн тарифаас үүдэлтэй 30-40 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг УБТЗ-ын тээврийн тарифыг чөлөөлж, тус нийгэмлэг үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжийг олгох шаардлага зүй ёсоор тулгарсан.
УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны Ерөнхий инженер Б.Доржбат “Жилдээ 500-600 хос дугуйг ОХУ-ын үйлдвэр рүү явуулж, их засвар хийлгэн парк шинэчлэлт хийх ёстой боловч хөрөнгө хүрэлцээгүйгээс дээрх хэмжээний хос дугуйнд их засвар хийлгэж чаддагүй. Ингэснээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан хос дугуйн хомстолд орж эхлээд байна. Жилд дунджаар 100-200 хос дугуйн их засвар хийлгэж, тухайн дугуйнууд нь бэлэн нөөцөд орохгүй шууд вагонд тавигдаж байна. Манайд ашиглагдаж байгаа хос дугуйн 60 гаруй хувь нь ОХУ-д үйлдвэрлэгдэхээ больсон учир сэлбэгийн олдоц муу” гэлээ.
2018 оноос хос дугуйн их засвар үйлчилгээг дотооддоо хийхээр Зүүнхараагийн ачааны вагон депогийн дэргэд дугуй угсрах цех байгуулжээ. Цех ашиглалтад орсон бөгөөд тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 60 орчим хувьтай байна. Цех энэ жилдээ бүрэн багтаад ашиглалтад орсноор УБТЗ дотооддоо хос дугуйг засварлах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн тус цехэд ажиллах боловсон хүчин бэлтгэгдсэн гэдгийг тодотголоо.
Энэ жилийн хувьд 1 тэрбум гаруй төгрөгийг зөвхөн ачааны вагоны хос дугуйны их засварт төсөвлөжээ. Энэ нь дөнгөж 150 хос дугуйг засварлахад хүрэлцэх юм байна. Уг нь УБТЗ жилдээ 500-600 хос дугуйг засварлах шаардлагатай.
Цаашид төмөр замын тээврийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд төрөөс төмөр замын тээврийн тарифыг чөлөөлж, зах зээлийн ханшаар нь ажиллуулбал нийгэмлэг өөрийн хөрөнгөөр тээвэрт шаардлагатай хөдлөх бүрэлдэхүүн, дэд бүтцийн салбарын их засвар, хөрөнгө оруулалтад шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх боломж нь бүрдэх юм.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ