О.Баасанхүү: МАХН-даа амжилт хүсье, надгүйгээр ялаарай

Хуучирсан мэдээ: 2020.04.23-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: МАХН-даа амжилт хүсье, надгүйгээр ялаарай

О.Баасанхүү: МАХН-даа амжилт хүсье, надгүйгээр ялаарай

Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, үнэмлэхээ гардан авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-МАХН-аас гарч та Ардчилсан намд албан ёсоор элслээ. МАХН-аас яагаад гарах болов. О.Баасанхүү МАХН-ын ачаар УИХ-ын гишүүн, улстөрч болсон гэх шүүмжлэл ч сонсогдож байна?

-Миний намаас гарч, орох нь хэнд ч хамаагүй зүйл. Би ямар гэр бүлээсээ салж байгаа биш. 2016 онд МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Харамсалтай нь, явцын дунд МАХН-ын удирдлагууд намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Тиймээс  2020 оны сонгуульд бие дааж эсвэл аль нэг улс төрийн намд орох хоёр сонголт байсан. Хоёрдугаарт, 1994-2011 он хүртэл би АН-ын гишүүн байсан. Тэгэхээр шинэ намд элссэн биш намын гишүүнчлэлээ сэргээсэн гэсэн үг.

Өнөөгийн  сөрөг хүчин АН-ын нөхцөл байдал ямар байна вэ гэхээр УИХ-д бүлэггүй. Тиймээс яаралтай бүлэг байгуулах шаардлагатай. Ингэхийн тулд найман гишүүнтэй байх ёстой. Бүлэг байгуулж, хүчтэй сөрөг хүчнийг оруулж ирэхгүй бол Монголд коммунизм тогтох нь. Коммунизмын хамгийн аюултай нь итгэл үнэмшил, шашин шүтлэг, үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлэх боломжгүй болно.

 –УИХ-д хүчтэй сөрөг хүчин бий болж чадах уу. Сонгууль хаяанд ирчихлээ, арай л оройтож АН-д элсэх шийдвэр гаргачихав уу гэж харагдаж байна?

-Оройтоогүй ээ. Энэ жилийн сонгууль маш онцлогтой болно.Коронавиустэй үеийн сонгууль ямар ч сурталчилгаа хийгдэхгүй, зөвхөн зурагт, нийгмийн сүлжээгээр явагдах хэмжээнд л болно. Сонгууль болох хүртэл коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байхыг хэн ч мэдэхгүй. Ард түмэнд өөрийгөө таниулах боломж нь хаагдсан ийм үед эрх баригч нар дураараа дургиж байна. Энэ дураараа үйлдлийг нь таслан зогсоохын тулд хүчтэй сөрөг хүчин мэдэгдэл гаргаж, байр сууриа илэрхийлэх  цаашлаад бүлгээс ажлын хэсэг гаргах боломжтой. Монгол Улсын хуульд УИХ дахь зөвлөл гэсэн хуулийн заалт, статус байхгүй. Бүлэгтэй болох нь өнөөдөр  хамгийн чухал алхам. Сөрөг хүчин нь хүчтэй байвал эрх баригчид давардаггүй юм. Сөрөг хүчин бол эрх баригчдыг бодитой хянах ёстой. Би бодит хяналтыг тавина. Би хуульч хүн. С.Зориг агсныг хэн хөнөөсөн талаарх  надад таамаглал байдаг. Гэвч, надад эрх мэдэл алга. Би хэрэв ХЗДХ-ийн сайд байсан бол олж илрүүлж зарлах байсан. Хэрэв  би эрх мэдэлтэй, байнгын хорооны дарга байсан бол Оюутолгой руу бичиг бариад гүйхгүй. Харин Оюутолгой төслийн гэрээг нь засах байсан. Эрх мэдэл бол боломж. Би АН-ыг  УИХ-д багадаа 39 суудалтай болгохын төлөө ажиллана.

-Танд  улс төрийн олон намаас санал цөөнгүй ирсэн гэсэн. Яагаад заавал Ардчилсан намыг сонгов. АН танд юу амалсан бэ?

-2012-2016 онуудад МАХН, АН хамтдаа засаг барьж байсан. Муу засаг барьсан гэж хамтдаа бид буруутгагдлаа. 1996 оныг эргээд харахад одоогоор коронавирусийн үеийнх шиг эдийн засгийн хүндрэл, бэрхшээл учирсан. 2012-2016 оныг мөн л коронавирусийн эдийн засаг гэж нэрлэж болно. Ийм хүнд  эдийн засгийг тухайн үеийн засаг хүлээж авсан гэсэн үг. АН дангаараа нэг ч удаа 39 суудал УИХ–д авч байгаагүй. Тиймээс аль нэг улс төрийн хүчинтэй хамтардаг байсан. Харамсалтай нь, 2016 оны сонгуулиар ард түмэн муу дүн тавьж, АН-ын ес, МАН-ын 65 гишүүнийг сонгосон. Дөрвөн жил эрх баригч намыг харлаа, юу ч хийсэнгүй. Орон нутаг, УИХ-ын аль, алинд нь үнэмлэхүй олуулаа, дээр нь байнгын алдаа гаргах бүртээ л МАХН эсвэл АН-ын алдаа гэж бухдаг.

49 ЖДҮ-чинтэй МАН-д удахгүй ард түмэн дүн тавина, энэ үед болдогсон бол сөрөг хүчингүүд бүгд нэгдээд МАН-аас хариуцлага нэхмээр байгаа юм. МАН өмнө нь 45 суудал, 72 суудалтай засаг барьж байсан, 2016 оны сонгуулийн үр дүнгээр  65 суудалтай засаг барьж байна. 2020 оны УИХ-ын сонгуулиар өөр улс төрийн хүчний орон зайг гаргаж  ирж үзье л дээ. Бүх намд муу хүмүүс бий. МАХН, МАН, АН-ын аль алинд нь муу хүмүүс бий. Гэхдээ төрийн эрхийг барина гэдэг нь хариуцлага. МАН-ын хүмүүс нь намаасаа уучлалт гуйгаад намаасаа гарахгүй байна. Зарим нь УИХ-аас уучлал гуйгаад гарлаа. Ийм тохиолдолд би МАН-д орох уу. Нөгөө хүмүүстэй чинь нийлээд МАН-д хоол идээд, цай уугаад явах уу. Тийм учраас АН-ыг сонгосон. Жишээ нь "Эрдэнэт" үйлдвэрийг гэхэд  100 хувь төр авчихсан атлаа яагаад онцгой дэглэм тогтоосон хугацааг дахиад зургаан сараар сунгав, ямар зорилгоор сунгаад байгаа зэрэг ойлгомжгүй асуудлууд их байна. Мөн 22 жил болоход яагаад С.Зориг агсны амиа алдсан хэргийг МАН илрүүлэхгүй байгаа юм. 22 жилийн турш МАН төр барилаа, МАН-аас Хууль зүйн сайд хийлээ, одоог хүртэл илрүүлсэнгүй.

-Улс төрийн энэхүү сонголтдоо та хэр итгэлтэй байгаа вэ. Амьдрал баялаг хойно, магадгүй нэг өдөр үзэл бодол тань өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй?

-Ирээдүйн тухай өнөөдөр ярих нь утгагүй биз дээ. Би тууштай хүн. АН-аас урваж эсвэл хаяж би нам, намыг дагаагүй. Хэрэв би Иргэний хөдөлгөөн гэдэг нам байгуулж эсвэл Хүн намыг байгуулж тэндээсээ гараад ШИНЭ намд орчхоод дараа нь АН-д орж байгаа бол хүмүүс намайг тогтворгүй, буурь суургүй гэж хэлэхсэн. Гэтэл би 1994-2011 он хүртэл буюу 17 жил АН-ын гишүүн байлаа. Бусдыг хавчин гадуурхах ямар байдгийг би өөрөө мэддэг  учраас  Н.Энхбаяр гэдэг хүнийг өмөөрч, өмгөөлж хамгаалсан. Дараа нь тэр хүн надад улс төрийн боломж өгснийг нуухгүй.  Гэхдээ өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүн бие дааж улс төрөө хиймээр байна, О.Баасанхүү хэрэггүй гэж хэлэхийн оронд надад нэг удаа боломж өгье, чадахыг нь харъя гэсэн бол өөр байлаа. Сонгуульд ороогүй буруугаа надад тохохоор би гайхаж, гомдсон. Үүний оронд над дээр ирээд “Миний дүү, ахыг нь сонгуульд оруулахгүй гэж хавчин гадуурхдагийг чи сайн мэднэ, наадуул чинь ингэхэв, тэгэхэвгээд санаа зовоод анхаарч байх ёстой атал эсрэгээрээ О.Баасанхүү намайг сонгуульд оруулаагүй гээд Эрдэнэт даяар ярьж байна шүү дээ. О.Баасанхүүг унагаая гэсэн бүхэл бүтэн хөтөлбөр хэрэгжүүлж байх жишээний. Э.Эрдэнэжамъяанг эсвэл Босоо Ганбаатарыг явуулж  жирийн гишүүдийг миний эсрэг болгох гэж худал гүтгэлэг тараагаад байхад хүн тэсэх үү.

-Өмнө яагаад АН-аас гарсан юм?

-Н.Энхбаярыг өмөөрч, хамгаалахын тулд гарсан. Одоо Н.Энхбаяр дарга маань өөрөө надаас явлаа. Би нам дагаж явсан хүн биш учраас АН-ын удирдлагуудад “1994 онд элсэж байсан намдаа буцаж оръё, 1994 оны гуравдугаар сарын 7 ны өдрийн үнэмлэхээ авъя” гэж хэлсэн. Яагаад гэвэл  1994 оны гуравдугаар сарын 7-нд Ардчилсан намын түүхэн үйл явдал болж байх үед би гишүүнээр элссэн. Тэр үед би 19 настай, хоёрдугаар курсийн оюутан байлаа. МУИС-ийн Философийн танхимд Должинсүрэнгийн Баттөмөр багштай С.Зориг агсан шатар тоглож байхдаа намайг АН-д  элсээч гэж хэлж байсан юм. Тухайн үед би  улс төр  огт сонирхдоггүй байлаа.

Өнгөрсөн хугацаанд би ганц Н.Энхбаярыг биш хэлмэгдлээ, хэцүүдлээ гэсэн хүн бүрийг өмгөөлдөг байсныхаа хувьд хүний эрх, ардчиллыг би дээдэлдэг. Тийм ч учраас миний сонирхол гэхээс илүүтэй энэ нь нийгмийн эрх ашгийн төлөө сонголт гэж ойлгож болно.  Мэдээж, МАХН-даа амжилт хүсч байна. Та нар минь надгүйгээр ялаад гараад ирээрэй.

-Та одоо бол  АН-д шинэ хүн. Танд улс төр хийх дэмжлэг болоод орон зайг хэр өгөх бол?

-Би ямар жаахан хүүхэд биш. Эсвэл хэн нэгэн айлд өргүүлж байгаа юм шиг сонин асуулт асуулаа.

-Таны анх элсэж байсан үеэс АН өөрчлөгдсөн шүү дээ. Хүмүүс нь ч, дүрэм нь ч?

-Шинэ намд биш хуучин намдаа ирж байна.

-Та 2020 оны сонгуульд хуучин тойрогтоо нэр дэвших үү?

-АН-ын дүрмээр явна. Дүрмээр нь бол өмнө дэвшиж байсан тойргоосоо дахин дэвшдэг юм билээ.

-Намаа солиод  тойрогтоо очиход сонгогчид чинь хэрхэн хүлээж авах бол?

-Эрдэнэтийн иргэд намайг муугаар үзэхгүй. Тэд бол ардчиллын төлөө байдаг хүмүүс. Эрдэнэтчүүд МАН, АН-д гомдчихсон. Яагаад гэвэл өнгөрсөн 30 жил боломж өгөөд,  иргэдээ хаячихсан. Би сонгогчдодоо худалч, хулгайч хүнийг битгий сонго гэж хэлдэг.  Худалч, хулгайч бол ямар ч сайн намаас байсан сонгохгүй  гэдэгт нь би итгэлтэй байна. Эрдэнэтчүүд маш ухаантай ард түмэн. Би тойргийн иргэддээ тайлангаа тавина. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би Эрдэнэтэд 129 удаа ажиллаж, 17 мянган хүнтэй биечлэн уулзсан. Тийм учраас тэр хүмүүс намайг ойлгож байгаа. О.Баасанхүү гэдэг хүн эрдэнэтчүүдийн  ирээдүйг баталгаажуулахын тулд явж байгаа гэдгийг сонгогчид маань сайн мэднэ.

Н-ын рейтинг та судалж үзсэн байх. Нам дотроо толхилцоонтой, намын залуучууд нь даргынхаа эсрэг мэдэгдэл хийх зэргээр дотоод хагарал хэвээрээ, та сонголтдоо харамсахгүй юу?

-МАН, АН-д нэг онцлог бий. МАН залуу нам. 100 жилийн түүхтэй намыг залуу гэж хэлэхээр гайхах байх. МАН  1996 онд 40 шинэ залуу оруулж, дараа нь  2016 онд дахиад шинэ залуучуудаар намаа сэлбэсэн. Харин АН бол хөгшин нам. Яагаад гэвэл 25,30 настайдаа АН-д орсон хүмүүс 30 жил төрд байсан. Доороо зөв бодлогоор, системтэйгээр залуучуудаа оруулаагүй. Байгаагаа дотроо хэмлэчихсэн. Хаана байна, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Р.Эрдэнэбүрэн, С.Баярцогт нар. Харин одоо АН шинэчлэгдэж байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр АН-ын даргын  эсрэг хэвлэлийн хурал хийгээд байгаа залуучууд МАН-аас жаахан ажил авсан төдий. Би үүнийг тоохгүй. МАХН-ыг УИХ-д 11 суудалтай байхад МАН юу хийж байсныг санаж байгаа байх. Өдөр бүр хэвлэлийн хурал хийж байсан. Энэ технологи шинэ зүйл огт биш. Хуучин буюу МАХН дээр хийдэг байсан технологийг нь гайхахгүй. 100 жилийн түүхтэй намын онцлог нь бусад улс төрийн намыг яаж хагалан бутаргах вэ, эсвэл худалдаж авах уу гэдгээ тэд сайн мэднэ.

Хоёрдугаарт, АН-ын хуучин түүх, хуучин байсан буруу хүмүүс одоо удирдагчаар нь тойрсон улс төр хийж байгаа нь надад таалагдахгүй байна. С.Эрдэнэ гэдэг хүнийг намынхаа бүх гишүүд дундаас сонгосон шүү дээ. Хэдхэн хүн хоорондоо шивнэлдэж байгаад дарга болгоогүй атлаа одоо араас нь янз бүрийн юм ярьж байгаа бол жудаггүй л үйлдэл.

-АН сонгуульд нэр дэвших квот олгохын тулд 100 саяын дэнчин төлөхийг шаардсан. Таныг төлсөн гэж ойлгоод байгаа?

-Надад 100 сая төгрөг өгөх мөнгө байхгүй. Би өгнө, өгөхгүйн тухай ч яриагүй. Надаас одоохондоо 100 сая төгрөг нэхэж шаардсан зүйл ч алга. Бүх намд гишүүнчлэлийн дүрэм гэж бий. Бодлогоор гишүүн авах, дүрмээр гишүүн байх гэж.  АН өөрийн гэсэн хандивтай, дүрэмтэй намын тогоо руу өнгийхийн оронд хажууд нь жинхэнэ цавчаа хийж байгаа МАН-ыг тоохгүй байна, хэвлэлийнхэн та нар.

-“Усыг нь уувал ёсыг нь дагана" гэдэг. АН-ын дүрмээр бол 100 саяын дэнчингээ төлж л сонгуульд нэр дэвших эрх нь бүрдэнэ?

-Би 100 сая төгрөг  өгөхгүй. Надад байхгүй.

-Таныг ингэж хэлбэл 100 сая төгрөгөө төлсөн хүмүүс нь барьцах биш үү?

-Тэр бол намын асуудал. Би АН-д бодлогоор орж, УИХ-д бүлэгтэй болгож байна. АН-ын 100 сая төгрөг гээд л та нар ач холбогдол өгөөд байх юм. МАН-ынхан  300 хүнээс 50 сая төгрөг авсан гээд сошиалаар гарсан байна. Энийг хэн нь ч анхаарахгүй байгаа биз дээ.

-Ингэхэд та АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой хэр таарамжтай вэ?

-Намайг айлд өргүүлсэн юм шиг асуух юм. “Таныг өргүүлсэн айлд нэг ах байгаа, таныг очихоор зодно” гэж хэлж байгаатай л адил сонсогдож байна. Би хуульч хүн. Бүх зүйл зарчмаараа явна. Би нэг байгууллагад ажилд ороогүй эсвэл айлд хүргэн ороогүй, улс төрийн намд орсон. З.Энхболд гэдэг хүн ажлаа хийгээд л явна биз. Нам шийдвэрээ гаргаж хэнээр юу хийлгэхээ шийдвэрлэнэ шүү дээ. Дүрэмтэй намд дүрмээр нь л явна.

-Таныг өчигдөр АН-д элссэний дараа С.Эрдэнэ гишүүн та хоёрын байнгын хороон дээр маргалдаж  байх үеийн бичлэг сошиал орчинд нэлээд түгсэн, та ч  харсан  байх?

– Маргалддаг гэвэл би хамгийн их Ц.Нямдорж сайдтай маргалддаг, мөн Ж.Батзандантай. Асуудлын гол нь С.Эрдэнэ гэдэг хувь хүнийг бодож би АН-д ороогүй. С.Эрдэнэ дарга ч гэсэн хувь хүнийг нь бодож намайг намдаа аваагүй. Гагцхүү шударга үнэний төлөө хамтдаа явахаар нэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
10
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж