З.Энхболдоор заалгавал АН ялагдана!

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

З.Энхболдоор заалгавал АН ялагдана!

З.Энхболдоор заалгавал АН ялагдана!

Энэ гурван хүн бол АН-ын том улстөрчид. Гэвч, тэд өнөөдөр үзэл бодол, үнэт зүйлээрээ ялгарчээ.  Хотын дарга асан Э.Бат-Үүл твиттертээ өчигдөрхөн ингэж бичсэн бий. АН-ын залуус “жинхэнэ намын дарга” З.Энхболдыг зайлуулах хэрэгтэй! гэж. Өөрөөр хэлбэл, албан ёсны бүртгэл дээрээ С.Эрдэнэ дарга нь болохоос энэ намын дарга нь З.Энхболд гэдгийг Э.Бат-Үүл хэлжээ.  Үнэндээ, хаа явсан газартаа "жинхэнэ" дарга  болох том амбиц З.Энхболдод бий.  Ямар сайндаа л, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчөөсөө "том" харагдаж,  Монгол Улсын жинхэнэ Төрийн тэргүүн нь хэн бэ гэж ард түмэн асуухад тулж байв.

Тураг ядрахаараа уулаа барааддагчлан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаасаа “огцорсон” З.Энхболд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөхөөр ажиллаад хоёр сар гаруй болж байна.  Төрийн ордноос "гудамжинд" гарсныхаа дараахан Тавантолгойн хувьчлалыг эсэргүүцсэн тэрбээр Ерөнхийлөгчөөс сануулга авснаас хойш нам жим болсон нь намын нэр дэвшилт дээр голчлон ажиллаж байгаа бололтой, АН-ын ахмад гишүүн Э.Бат-Үүл “Сонгуулийн нэр дэвшилт, мөн нам эвсэх эсэх зэргийг Энхболд шийдчихэж, намын дээд байгууллагын өмнөөс” гэх жиргээнээс нь харвал.

Энэ үнэн бол Ардчилсан нам  ахиад дөрвөн жил гудамжинд лааз өшиглөнө гэсэн үг. З.Энхболдод намаа удирдаж, ялалт байгуулсан түүх байхгүй. Эрх барьж байсан намаа гудамжинд гаргачихаад, өөрөө Төрийн ордонд Ерөнхийлөгчийн тамгыг бариад суусан намтар бол түүнд бий.

З.Энхболдоор удирдуулсан Ардчилсан нам УИХ-ын 2016 оны сонгуулиар, 35 суудлаас ердөө есөн кноптой үлдэж, бараг үсгүй арчуулах дөхсөн. Тамга барьсан намын даргын хувиар тэр АН-ын өнгөрсөн сонгуулийн ялагдалд өдгөө ч хариуцлага хүлээх хүн мөн.

Даанч, “дайн”-д яагаад ялагдсан шалтгаанаа одоо ч ойлгодоггүй.  Хэрэвзээ, АН пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулсан бол өнөөдөр ядаж л "зөвлөл"-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахгүй байлаа.  Учир нь, З.Энхболдын зүтгүүлж батлуулсан жижиг тойргийн тогтолцооноос болж АН-ыг дэмжигч олон хүний санал гээгдсэн.  Тэрбээр сонгуульд ялагдсан шалтгаанаа Ардчилсан намын VI их хуралд тайлбарлахдаа "Магадгүй, манай нам түүхэндээ анх удаа ийм увайгүй, шударга бус нөхцөл байдлын дунд сонгуульд оролцсон байж мэднэ. Цаашдаа ийм байдлыг давтахгүйн тулд тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүний эрх, ардчиллын бэлгэ тэмдэг болсон Ардчилсан Нам тууштай ажиллах нь нийгмийн захиалга болж байна.Дээрх үйлдэл нь тухайн үед баримт нь дэлгэгдээд байсан “МАН-ын албан тушаал наймаалцах 60 тэрбум төгрөгийн төслийн” тухай асуудлаас сонгогчдын анхаарлыг холдуулах гэсэн МАН-ын башир арга байсан юм. МАН “Эрдэнэт үйлдвэрийг Ардчилсан намынхан  сонгуулийн өмнө яаран хувьчилж авлаа” гэдэг гүтгэлэг явуулсан" гэж дүгнэж байв.

Одоо харин Ч.Сайханбилэгээс болж ялагдсан гэж ярьдаг. Өөрийнх нь өнөөдөр хэлж буй үндэслэл нь  “Сонгуулийн өмнөх саруудад рейтинг харьцангуй гайгүй байсан. Аль нэг нам нь УИХ-д 65 суудал авах тийм шинж тэмдэг байгаагүй.Сонгуулийн эцсийн өдөр  “Эрдэнэт”-ийг Худалдаа хөгжлийн банканд өгснөөс болоод бид ялагдсан” гэх тайлбар.

Товчхондоо, З.Энхболд улс төрийн хатуу самар мөн боловч сайн удирдагч, лидер байж чадахгүйгээ УИХ-ын 2016 оны сонгуулиар харуулчихсан. Түүний хэт хатуу, хэт яхир зан нь сонгогчдыг төдийгүй намын дэмжигчдээ алдахад хүргэсэн. Тиймээс Ардчилсан намыг С.Эрдэнэ, З.Энхболд хоёр биш АН-ын залуучууд ялуулна гэх Э.Бат-Үүлийн үг үнэн.  Үнэндээ, өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа АН-ын үнэт зүйлтэй харшилдах Ерөнхийлөгчийн бодлогыг хамгийн их дэмжиж, АН-ыг хамгийн их харлуулсан хоёр хүний нэг бол З.Энхболд.  Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх, цаазын ялыг сэргээх, Ерөнхийлөгчийн засаглалтай болох Ерөнхийлөгчийн амбицийг сурталчилж явсны хувьд З.Энхболдод АН-ын асуудалд хошуу дүрэх эрх баймааргүй. Өнгөрсөн хоёр жилд З.Энхболд АН-ыг өмөөрч дуугарсан нь цөөн.  Эсрэгээрээ энэ намд нэртэй, зүстэй болгоныг Ерөнхийлөгч Х.Баттулгатай нийлж, харлуулж, гүтгэж, шүүх цагдаагаар айлгаж, ичээлгэж ирсэн.

Үнэндээ С.Эрдэнэд АН-ыг ялуулах сонирхол байгаа бол З.Энхболдыг дэргэдээсээ холдуулах өөрт нь болон намд нь хэрэгтэй. Нэр цэвэр залуусаараа өөрийгөө хүрээлүүлж, нэр дэвшилт дээрээ  фракц, бүлэглэлийн бодлогоос ангид байж чадвал С.Эрдэнэ ялж мэднэ. 

Өөрөөр хэлбэл,  АН-ын албан ёсны жинхэнэ дарга С.Эрдэнэ өөрөө мөн бол тойрог хуваарилалт, нэр дэвшүүлэлт дээр З.Энхболдын үгээр явах нь "нөхөж баршгүй" алдаа болж мэднэ. Учир нь,  АН-ын төдийгүй Монголын ардчиллын хувьд чухал хийгээд хариуцлагатай сонголт ирсэн.

МАН-ын залуусыг бодвол АН-ынхан харьцангүй нэр цэвэр. Тэдэнд ЖДҮ идсэн, жаран тэрбумаар төрийн эрхийг авахыг оролдсон гэх нэр, хоч байхгүй.  Тиймээс С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн, З.Энхболдын, Шонхорын гэж амбицалгүй, зөв хүмүүсээ нэр дэвшүүлбэл АН есөн кнопынхоо тоог нэмж чадна.

Ардын намын хувьд  энэ удаагийн сонгуульд ялна гэдэгтээ итгэл төгс бардам байна, яг л дөрвөн жилийн өмнөх АН шиг. Сонгуулийн хууль болон тойргоо өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлээд баталчихсан. Дээр нь цар тахлын хорио цээр эрх баригчдад илүү “гоё” боломж олгож буй. Олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан, эсэргүүцэл илэрхийлэх аргагүй болсон. Ийм хэцүү хүнд нөхцөлд эрх барьж буй Ардын намтай яс үзэхэд С.Эрдэнэ даргын тулах цэг нь З.Энхболд биш залуус нь юм.

 

 

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж