“Covid-19 терроризмын зэвсэг болж хувирч байна"

Хуучирсан мэдээ: 2020.04.22-нд нийтлэгдсэн

“Covid-19 терроризмын зэвсэг болж хувирч байна"

“Covid-19 терроризмын зэвсэг болж хувирч байна"

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж байна. Тус хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төслийн танилцуулгыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийв. Тэрбээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх төмөр зам, авто зам, барилга байгууламж, газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц зэрэг томоохон төсөл, хөтөлбөрт зэвсэгт хүчний барилга инженерийн анги байгууллагуудыг татан оролцуулж, амжилттай хэрэгжүүлж байна. Энэний жишээг хүмүүс мэдэж байгаа байх. Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн авто замын даацыг манайхан хүч тавин ажиллаж, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Тавантолгой Зүүн баянгийн төмөр замын суурь бүтцийг угсрах зэрэг бүтээн байгуулалтыг зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Жанжин штаб хариуцан, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна.

Ийм бүтээн байгуулалтад оруулахдаа үндсэн үүргээ биелүүлэх, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр цэргийн барилга, инженерийн ангийг цэргийн захиргааны удирдлагаар шууд хангах, цэргийн бие даасан төрлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжоор хангах шаардлага байна. Эндээс үүдэн мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлдэх, гүйцэтгэх чиг үүргийг нь хуулиар нарийвчлан тогтоолгох, харьцангуй биеэ даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах шаардлага байгаа юм" хэмээн танилцуулав.

Мөн тэрбээр орчин үед цахим кибер халдлага хурдтай өсч, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлэх болсонтой холбогдуулан зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг хуулиар бий болгох асуудал тавигдаж байна. НҮБ-аас 2013 онд гаргасан кибер аюулгүй байдлыг хангах зөвлөмжийн дагуу 193 гишүүн орноос 115 оронд үндэсний кибер аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. Үүнээс 47 оронд кибер аюулгүй байдлын хөтөлбөрийг зэвсэгт хүчин, батлан хамгаалах байгууллага нь хариуцан хэрэгжүүлж байгаа мэдээлэл бий.

Засгийн газар 2019 онд тогтоол гаргасан. Энэ тогтоолоор Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Кибер аюулгүй байдлыг хангах төв байгуулсан. Энэ төвийн үзйл ажиллагаа эхнээсээ нэлээн эрчимтэй явж байгаа. Цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд улсын төсвөөс авч байгаа төсөв мөнгөний хүрээнд алхам алхмаар энэ асуудлуудыг шийдээд явж байгаа. Цаагдаа биш энэ эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоож, Монгол Улсын зэвсэгт хүчний бүтцэнд батлан хамгаалахын салбарын, цаашилбал улсын кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий бүтэц зохион байгуулалтын нэгжийг бий болгох шаардлага тулгарч байгаа юм. Эдгээр асуудлуудыг анхааралдаа авч, харгалзаж үзээд, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж танилцуулж байна.

2019 онд Монгол Улсын Засгийн газраас зэвсэгт хүчний бүтцэд улс орны кибер орон зайг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх кибер аюулгүй байдлыг хангах байгууллагыг байгуулж, ажилд нь оруулсан. Мөн Жанжин штабын дэргэд бүтээн байгуулалтыг дэмжих бүтэц бий болгоод, тэр нь өнөөдөр зөвхөн цэргийн байгууллагуудын хүрээ хязгаарт биш, улс орны хэмжээнд явуулж буй бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцоод явах ажлыг удирдаж байна. Тэгэхээр энэ байдлуудын эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, статусыг нь дээшлшүүлэх үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх үүднээс ийм төрлийн мэргэжлийн цэргүүд бий болгох, төрлийн цэргүүд бий болгох хуулийн төслүүд дээр ажилласан. Хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.

Энэ хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтөөр төсвөөс одоохондоо ямар нэгэн нэмэгдэл зардал гарахгүй. Бид батлагдсан төсвийн хэмжээнд ажиллаж байна. Түрүүн цухас дурдсан. Гадаад орнуудтай хамтарч хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэмжээ нь бас энэ чиглэлд зарцуулагдаж байна. Улсын хэмжээнд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтуудын төсөв мөнгөнөөс энэ ажлыг хийхдээ цэргийн байгууллагууд тодорхой төлбөр мөнгийг нь авч, энэнээсээ хүмүүст технизк төхөөрөмжөө шинэчлэх ажлыг давхар хийгээд явж байна. Асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвлөлдсөн, дэмжиж байгаа. Асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

XXI ЗУУН КИБЕР ОРОН ЗАЙН УЛС ТӨР

Ж.ЭНХБАЯР:

Хуулийн төслийг дэмжиж байна. Дэлхийн улс орнууд кибер орон зайг бие даасан талбар гэж үзэж байна. Хуурай замын, далай тэнгисийн, сансрын, агаарын гээд орон зай дээр нэмэгдээд тав дахь орон зай буюу кибер орон зай үүслээ. Үнэхээр XXI зуун кибер орон зайн улс төр. Эдийн засаг, нийгмийн бүхий л үйл явдал энэ орон зайд өрнөж байна.

Ийм ч учраас дэлхийн улс орнууд кибер цэрэг армийг бүрдүүлж, түүндээ бодлогын хувьд маш том анхаарал тавьдаг болоод байна. Өнөөдөр Монгол Улсад кибер аюулгүй түвшин маш хүнд байгаа нь мэргэжлийн бүх тооцоо, судалгаан дээр гарч байна. Өнөөдөр нүдэнд үл үзэгдэж буй вирусийн асуудал, бактериалог, биологийн зэвсгийн төрлүүд дэлхийн эдийн засгийг хэрхэн өөрчилж буйг харж байгаа биз ээ. Үүнтэй адилхан кибер орон зайн томоохон талбар бас л XXI зууны гол чиглэл болчихсон. Монгол Улс кибер орон зайгаа хамгаалах эрх зүйн үндсийг бий болгох, улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүх салбарыг гадаад кибер довтолгооноос хамгаалах, аюулгүй байдлыг сахих бодлогын арга хэмжээ авах ёстой. Энэ ачааллыг Монгол Улсын зэвсэгт хүчин үүрэх ёстой.

Миний санал гэвэл төрлийн цэргийн түвшинд авч үзэж, ирээдүйг бодож хийх ёстой. Тэрнээс ЗХЖШ-ын дэргэд нэгж хэмжээнд байж болохгүй гэж үздэг. Энэ дээр сайд ямар байр суурьтай байна вэ? Бие даасан төрлийн цэргийг бие даасан командлалтайгаар зохион байгуулж болохгүй байна уу? Хоёрдугаар асуудал, тусгай хүчний асуудал байна. НҮБ-аас бидэнд хүсэлт тавьж байна. Монгол Улсын тусгай хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах, Монгол Улс НҮБ-ын ажиллагаанд оролцох эхний үе шатуудыг маш нэр төртэй, амжилттай гүйцэтгэж байгаа. Цаашид энэ үйл ажиллагааг гүнзгийрүүлэх, НҮБ-ын мандат дор тусгай хүчнийг ашиглах зайлшгүй шаардлагууд байна. Иймд Монгол Улсыг энэ чиглэлээр оролцооч гэсэн урилга заллага байнга ирж байгаа. Бид ч гэсэн тийшээ тэмүүлэх учиртай. Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт орж байгаа үед тусгай хүчин гэдэг нэр томъёоллыг мөн оруулаад хийгээд явчихвал, Их хурлын бүрэн эрхийн хариуцлага энэ үед энэ асуудлыг шийдчихвэл зэвсэгт хүчний салбарын эрх зүйн бүх өөрчлөлтүүд үндсэндээ амжилттай хэрэгжиж дуусах гэж байна.

МАНАЙ УЛСЫН КИБЕР ОРОН ЗАЙН ХАМГААЛАЛТ ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ХЭМЖЭЭНЭЭС 15-20 ЖИЛЭЭР ХОЦОРСОН

Н.ЭНХБОЛД:

-Кибер орон зайн талаар ярьж байгаа зүйлүүдтэй бүрэн дүүрэн санал нэгтэй байна. Өнөөдөр үнэхээр дайн зөвхөн газар, агаар дээр бус кибер орон зайд болж байна. Маш хортой, хөнөөлтэй дайнууд, мөргөлдөөнүүд гарч байгаа. Янз бүрийн байгууллагаас хийсэн судалгаа их. Дунджаар аваад үзэхэд, өнөөдөр манай улсын кибер орон зайн хамгаалалт, тэндээс ирсэн ямар нэгэн халдлага довтолгоонд эсрэг үйлчлэл үзүүлэх чадамжийн хэмжээ дэлхийн хөгжлийн хэмжээнээс 15-20 жил хоцорсон явж байна гэсэн судлаачдын дүгнэлт байдаг юм билээ. Бид энийг хойноос нь дагаад гүйцэх маягаар явах биш, аль болохоор хамгийн сүүлийн үеийн арга хэрэгсэл, техник, программ хангамжийГ хэрэглээд, угтаж зэрэгцэж очих зорилт тавьж, юуны өмнө Кибер аюулгүй байдлыг хангах төв байгуулсан, ажиллаад эхэлсэн.

Би ч гэсэн кибер цэргийг төрлийн цэргийн хэмжээнд байх ёстой гэж үздэг. Бид ярьж байгаад хуулиараа эхний ээлжинд барилга, инженерийн цэрэг, кибер цэрэг хоёроо хоёуланг нь төрлийн цэргийн хэмжээнд тавьчихвал маргааш бүгд энэ хэмжээнд оччихно гэсэн үг биш л дээ. гэхдээ бидний өнөөдөр эхлүүлсэн, хийгээд явж байгаа, цаашид төлөвлөсөн, хэрэгжих баталгаа нэлээн өндөр болсон ийм ажлыг үргэлжлүүлээд явахад ойрын үед нэг их олон жилийн дараа биш кибер цэргийнхээ статусыг төрлийн цэргийн хэмжээнд аваачиж чадна гэсэн итгэлтэй байна. Мэргэжлийн хүмүүсээ бэлдэж байгаа. Хамгийн гол нь хөрөнгө мөнгөтэй холбоотой, боловсон хүчин бэлтгэх асуудал байна. Өнөөдөр үнэхээр энэ чиглэлийн боловсон хүчин маш өндөр түвшинд, маш үнэтэй бэлтгэгддэг, өндөр хангамж, цалин шаарддаг болсон байна. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Бид алхам алхмаар төлөвлөж хийж байгаа, чадна гэсэн итгэлтэй байгаа. Тэгэхээр аль алиныг нь төрлийн цэргийн хэмжээнд байлгах нь зүйтэй. Одооноос эрх зүйн үндсийг нь тавьж өгөөд, тэр лүүгээ алхам алхмаар дөхөөд, төрлийн цэрэгтэй байх шаардлага байгааг хэлэх байна.

Энэ дээр Энхбаяр гишүүнтэй санал нэг байна. Бид тусгай хүчнээ төрлийн хэмжээнд аваачих талаар тусгайлан яриагүй байгаа. Гэхдээ орчин үеийн дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн явагдаж буй бүх арга барил, орчин өөр болсон. Энэ дотор янз бүрийн чиглэлээр бэлтгэгдсэн тусгай хүчний гүйцэтгэх үүрэг асар өндөр ач холбогдолтой болж байгаа. Манайд орон нутгийн хамгаалалтын тухай хууль гарсан. Утга санаа нь өөрсдөдөө байгаа хязгаарлагдмал боломж, хүчээ ашиглаад бэлтгэл сайтай байж байж төр засаг, зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чадавхиа дээшлүүлэхэд тусгайлан бэлтгэгдсэн хүчин, тусгайлан бэлтгэгдсэн сургагч нар бусдыгаа дагуулах, үлгэр жишээ болох орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай сургалтуудыг явуулахаас эхлээд бусад чиглэлээр ч гэсэн тусгай хүчний анги нэгтгэл, нэгжүүдийн шаардлага их байгаа.


ВЬЕТНАМ УЛСЫН НЭГ ИРГЭН МОНГОЛ УЛСАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА

УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар мөн “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг соёрхон батлах тухай хэлэлцэв.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр Гэрээ байгуулахаар 2007 оноос ажиллаж эхэлсэн. 2019 оны зургадугаар сард энэ гэрээний төслийг Хууль зүйн болон Аюулгүй байдлын байнгын хороонд урьдчилан танилцуулаад, үзэглэх зөвшөөрөл авсан. Үүний дараа 2019 оны долдугаар сард Нийгмийн аюулгүй байдлын сайд Монгол Улсад айлчлах үеэр энэ гэрээнд эцэслэж гарын үсэг зурсан. Энэ гэрээг эцэслэн батлах саналыг оруулж байна.

Яг өнөөдрийн байдлаар вьетнам улсын нэг иргэн манай улсад ял эдэлж байгаа. Манай улсын иргэн тэнд ял эдэлсэн, шийтгүүлсэн тохиолдол хараахан гараагүй байна. Вьетнам улсад Монгол Улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг гэсэн тооцоо байгаа. Цаашдаа энэ улстай улс иргэд хоорондын харилцаа улам нэмэгдэх хандлагатай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, гэмт этгээд шилжүүлэх тухай хоёр улсын хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа” гэв.


300 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭХИЙГ ХҮСЭВ

Тус байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс Азийн хөгжлийн банк хоорондын шуурхай хариу авах санхүүжилтийн хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцууллаа.

Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засгийн нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Улсын онцгой комиссийн коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих, коронавирусийн халдварын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан шуурхай хариу арга хэмжээ авах, санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг байгуулаад байна.

Хөтөлбөр нь Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн наймдугаар зүйлийн 1.2-т заасны дагуу гадаад улсын болон олон улсын банк санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцлийн талаарх олон улсын гэрээ тул УИХ-аар заавал соёрхон батлуулах шаардлагатай юм. Энэхүү хөтөлбөрийг соёрхон батлуулснаар коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тул энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.


СЭЛЭНГЭ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ "МИНИ ХӨСҮТ" ШИГ АЖИЛЛАЖ БАЙНА

Н.Оюундарь:

-Чухал хуулийг яг “Covid 19” цар тахалтай тэмцэж буй үед Ж.Энхбаяр гишүүн, Х.Нямбаатар гишүүн шуурхай Их хуралд оруулж ирж байгаад талархаж байна. Монгол Улс "Covid-19" цар тахалтай тэмцэхийн тулд юуны түрүүнд эв санаагаараа нэгдсэн байх ёстой. Нөгөө талаас иргэн бүрийн хариуцлага үнэхээр чухал. Ялангуяа хил орчимд байгаа аймгийн иргэдийн хариуцлага, дээрээс нь тэднийг хамгаалах дээр төрөөс онцгой анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар дамжиж орж ирсэн тээврийн хэрэгслийн жолоочийн эрүүл мэндийн асуудал яригдаж байна. Үүн дээр бид ялангуяа ариутгалын дэглэм, тэдэнтэй харьцаж буй хилийн ажилтнууд, сумын захиргааныхан гэх мэт асуудалд хуулин дээрээ онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Манай Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг "мини ХӨСҮТ" шиг л ажиллаад байгаа. Тэнд ОХУ-аас тусгаарлагдан чөлөөт бүсээр дамжин орж ирж байгаа бүх оюутны асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй.

Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. БНХАУ-ын Ухань хотод энэ аюултай цар тахал хүчтэй дэлгэрч байх үед, 2020 оны нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын чуулган дээр энэ аюулт тахалтай холбоотой арга хэмжээг цаг алдалгүй авч, хөрш зэлгэлдээ улс орнууд хилээ хааж байна, хилээ яаралтай хаа гэж би хэлж байсан. Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Нэгдүгээр сарын 31-ний үдээс хойш Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаад, улсын хилийг хэсэгчлэн хаах шийдвэр гаргасан. Монголчуудын заяа их гэж ярьдаг. Хүн төрөлхтөнд тохиолдсон гамшгийн үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, онцгой байдлын асуудлыг хариуцаж байсан сайд, Шадар сайдаар хоёр удаа ажилласан ийм туршлагатай хүн байсан тулдаа шуурхай арга хэмжээнүүд авсан байх аа.

УИХ-ын үйл ажиллагаа явуулж буй танхим дотор дэглэм журмыг сахиулах гээд би барахгүй байна. Зарим нь масктайгаа ярьдаг, зарим нь маскгүй ярьдаг. Энэ бүгдийг журамлах хэрэгтэй. Гишүүд маскаа зүүж өгдөггүй, зүүсэн ч домоглоод буруу зүүдэг. Зай барьж суулаа гээд, зарим нь маскаа авч ярьдаг. Энэ бүгдийг журамлаж, үйл ажиллагааны стандартыг хэрхэн батлах вэ?

Ж.ЭНХБАЯР:

-Хуулинд УИХ-ын эрх үүргийг тодорхой заасан. Бүхий л үйл явцад УИХ хяналт тавьж, байнга бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаар орсон. Засгийн газар, Улсын онцгой комисс, бусад байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгосон. Ажлын хэсэг ажиллах хугацаанд хэн шийдвэр гаргах вэ, хэн арга хэмжээ авах вэ гэхчилэн эрх зүйн зөрчилтэй асуудал нэлээн байсныг шийдэрлэсэн. Жишээлбэл, улсын хил хамгаалах байгууллагын дарга улсын хил дээр ийм ийм боомтын асуудлыг ингэж шийдвэрлэнэ гэсэн асуудлыг хариуцахаар болж байна. Эрүүл мэндийн бүх л оношлох баталгаажих, тусгаарлах дүрэм журмуудыг Эрүүл мэндийн яам засгийн газрын холбогдох гишүүн хариулсан. Аль сайд нь яг юу хариуцах вэ гэдэг нь тодорхой болсон. Одоо энэ дотроос асуулт эзэнгүй үлдэхгүй, бүгд эзэнтэй болсон. Засгийн газрын хариуцах гишүүнтэй, холбогдох эзэнтэй болгосон. Тухайлбал, шүүх, прокурорыг 24 цагаар ажиллуулахаар болж байна. Яагаад гэвэл тэнд байнгын асуудал шийдвэрлэгдэж байдаг.

С.БАТБОЛД:

-Маш шуурхай авч хэрэгжүүлж, зохицуулах хууль юм гэж би дэмжиж байна. Коронавирустэй тэмцэж, бага эрсдэлтэй байгаа улсуудын жишгийг харахад тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ харьцангуй сайн авч чадаж байгаа улс орнууд гайгүй байна. БНХАУ, БНСУ, Япон зэрэг Ази тивийн улс орнуудын төр засаг нь хариуцлагатай байж, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ, хязгаарлалт хөл хорио нь нэлээн системтэй, төрөөсөө сайн зохицуулалттай хийгдэж чадаж байгаа учраас илүү үр дүнтэй болж байна.

Нэлээн эрт, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралыг боломжийн хэвийн нөхцөл байдалд байлгаж чадаж байна. Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, улсын онцгой комисс болон төрөөс авч байгаа арга хэмжээнүүд зохих үр дүнгээ өгч, хязгаарлаж чадаж байна. Гэхдээ үүнийг цааш нь улам баталгаажуулах, улам хариуцлагажуулах, хуульчлах асуудал туйлын чухал юм. Бусад орнуудын жишээнүүд, сургамж, алдаануудаас авч хариуцлагын заалтууд хийсэн үү гэсэн нэгдүгээр асуулт байна. Хоёр дахь нь, энэ тахлын үед гол тэмцэж, эхний эгнээнд явж байгаа улсууд мэдээж эрүүл мэндийн салбарынхан, төрийн бусад тусгай чиг үүргийн хүмүүс байгаа. Тийм учраас эдгээр хүмүүсийг урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлууд хуульчлагдаж орж ирэх үү, эсвэл тусдаа байх уу?

Дэлхийд цар тахалтай зэрэгцээд эдийн засгийн уналтууд хүчтэй явагдаж байгаа учраас ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг хэт доошоо унагахгүй байлгах, ажилгүйдлийн асуудлууд гарч ирж байна. Засгийн газраас эхний шатны зарим арга хэмжээнүүдийг авч байна. Эдийн засгаа дэмжих, ажлын байрыг хамгаалах, бусад чиглэлүүдээр авч байгаа арга хэмжээнүүд байна. Цаашид эдийн засгаа хамгаалах, уналт, эрсдэлийг зөөллөх багц арга хэмжээнүүдийн талаар тодорхой хөтөлбөр яригдаж байгаа юу?

Ж.ЭНХБАЯР:

-Монгол Улс цар тахалтай тэмцэж байгаагаараа дэлхийд үлгэр жишээ болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, хяналтад байлгаж чадаж байгаа. Гэсэн хэдий ч бид нийгэм, эдийн засгийн болон улс төрийн томоохон сорилтыг зайлшгүй даван туулах болж байна. Энэ сорилтыг хохирол багатай даван туулахад төр бэлэн байх ёстой. Төрийн тусгай чиг үүрэг бүхий, яг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин баталгаажсан, нийгмийн асуудал нь хангагдсан мөн хүлээх хуулийн хариуцлага нь тодорхой байх ёстой.

Энэ хуулийн гол зорилго бол Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхой байх, сахилга баттай, зохион байгуулалттай байх, ил тод байх. Бусад орнуудад учирч байгаа олон муу жишээ байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал их байна. Шашин шүтлэгээр ялгаварлаж буй байдал бий болж байна. Ялангуяа өвдсөн, халдвар тээж буй улсуудыг ялгаварлан гадуурхдаг. Зарим газар гаднаас нь галдсан, буудахыг шаардаж байгаа, шатаасан тохиолдлуудыг та бид мэдэж байгаа. Монгол Улс энэ нөхцөл байдлыг хариуцлагатай давж гарах ёстой. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд нэг талдаа төр бэлэн байх, нөгөө талдаа ард иргэд, аж ахуйн нэгж бэлэн байх чухал. Энэ зорилгоор хариуцлагыг нэлээн чангатгасан зүйлүүд орж ирж байгаа. Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудад өөрчлөлт орж байгаа.

Төрөөс тавьж буй шаардлагуудыг биелүүлэхгүй байх, хорио цээрийн дэглэмийг зөрчих, мөн олон газар шүлсээ хаях, санаатайгаар өвчин тарааж байгаа асуудал гарч байгаа. Зарим улс оронд төр засгийнхаа эсрэг жагсаал цуглаан хийх, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхэд ашиглагдаж эхэлж байна. Терроризмын тодорхой зэвсэг болж хувирч эхэлж байна. Зарим улс энэ тахлыг биологи, бактериалогийн зэвсэг, зориудаар гаргаж авсан гэж үзэж байна. Энэ мэт олон талаасаа улс төржсөн амаргүй нөхцөл байдал үүсч байна. Хамгийн гол нь Монгол Улсад бүхий л нөхцөл байдалд бэлэн байж, хохирол багатай, гуравхан сая хүнийхээ эрүүл мэндийг авч гарах төрийн бодлого байх ёстой. Эдийн засгийн бодлогууд дээр УИХ-ын бусад ажлын хэсгүүд ажиллаад, томоохон санхүүгийн арга хэмжээнүүд авагдаж байна. Миний хариуцаж байгаа ажил бол тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа тодорхой ойлгомжтой ажлын уялдаатай, холбоотой, үүрэг хариуцлага нь тодорхой байх, иргэд аж ахуйн нэгжийг хариуцлагажуулах, тэмцэх агуулга юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж