Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.04.22/ коронавирусийн цар тахлын талаарх дэлхий дахин болон дотоодын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хйилээ. Мэдээллийн эхэнд дэлхийн дахинд коронавирусийн халдварын талаар мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 5242-оор нэмэгдэж, 53 мянга болж, 51 хүн нас барсан байна. Мөн Буриадад 163, Эрхүүд 168 тохиолдол бүртгэгджээ. Бүх бүртгэгдсэн 3000 гаруй тохиолдол нь Москва хотод бүртгэгдсэн учраас өнөөдрөөс тус хотод шинэ дэглэм тогтоож эхэлжээ.
Манай улсад ажиглалтад 1222 хүн байгаа бөгөөд шинээр 38 хүн нэмэгдэж, 43 хүн ажиглалтаас гарчээ.
Сүүлийн 24 цагийн дотор Шуурхай утсанд 246 дуудлага ирсэн бөгөөд ОХУ, Ирландаас монгол иргэд холбогдож мэдээлэл авсан байна. Утасны гол дуудлага нь коронавирусийн урьдчилан сэргийлэх чиглэлээр байгаа бөгөөд өсвөр насны хүүхдүүд гадаа олноороо тоглох, маск зүүхгүй байгаа талаар гомдол ирж байгаа гэв. ДЭМБ-аас цар тахал бидний өмнө байгаа учраас дэлхий даяар хамтран ажиллахгүй бол биднийг хамгийн хүнд үе хүлээж байгааг анхааруулсан байна.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
-Хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч, тандалт хийж байна. Ингээд 25 шинжилгээ хийж үзэхэд коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн тохиолдтой хамт байсан гэр бүлийн хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн коронавирустэй нь тогтоогдсон тээврийн жолоочтой хамт явсан жолоочийн эхнэрээс давтан шинжилгээгээр коронавирусийн 35 дахь тохиолдол илэрлээ. Ингэснээр Монголд 35 тохиолдол илэрч, найм нь эдгэрсэн бөгөөд бусад нь эмчлэгдэж байна.
КОРОНАВИРУСИЙН ШИНЭ ШИНЖ ТЭМДЭГ ХҮҮХДҮҮДЭД АРЬСАН ДЭЭР НЬ ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Дэлхий дахинд коронавирусийн цар тахлын тархах хүрээ их байна. Халдварлалтын зэрэг өндөр байна. Коронавирус илэрсэн хүнтэй ойрын хавьталд орсон бүх хүн толгой дараалан өвдөж байгааг сүүлийн үед ОХУ-аас ирсэн оюутнууд болон сүүлчийн тохиолдлоос харж байгаа байх. Гэсэн ч эдгэх процесс халдвар тархах үетэй харьцуулбал маш удаан явцтай байна. Өвчтөнүүдийн биеийн байдлыг харж байхад дунджаар 21-45 хоног хэвтэн эмчлүүлж буй дэлхийн жишиг байна. ДЭМБ-аас коронавирустай холбоотой шинэ шинж тэмдгийг танилцуулсан. Хамрын үзүүр, хөл болон гарын хуруу орчмоор улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өвчлөл ихэвчлэн хүүхдүүдийн биед илэрч байгаа тул коронавирусийн халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж анхааруулсан. Халдвар эрчтэй тархаж буй Москва хот өнөөдрөөс эхлэн шинэ дэглэм мөрдүүлж байгаа юм байна. Хэрвээ иргэд машинтай замын хөдөлгөөнд оролцох бол цахимаар бүртгүүлэх, нийтийн тээврээр зорчих бол билетээ цахимаар бүртгүүлэх, томуу томуу төст өвчин хүрсэн тохиолдолд коронавирусийн халдвартай адил гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлаж, эмчийн бичиж өгсөн эмийг хэрэглэх, өөртөө тохирсон 10 мянган алхамтай тэнцэх дасгал хийхийг зөвлөжээ. Мөн үйлчилгээний байгууллагууд иргэдэд кофе цайгаа үйлчлэхгүй, үйлчлүүлэгч хоорондын зай 1.5-2 метрийн зайд байх, 30 минут тутамд агаар сэлгэлт хийхийг анхааруулж байна гэлээ.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Tuesday, April 21, 2020
Холбоотой мэдээ